
БРЮССЕЛЬ, 2025 оны тавдугаар сарын 21 /Reuters/. Сирийн эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдээ Европын Холбоо /ЕХ/ цуцлахаар шийдвэрлэсэн тухай тус холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Каллас мягмар гарагт мэдэгджээ.
“Өнөөдөр бид Сирид тавьсан эдийн засгийн хоригоо цуцлах шийдвэр гаргалаа. Бид Сирийн ард түмэнд шинэ Сирийг сэргээн босгоход нь туслахыг хүсэж байна” гэж К.Каллас X хуудсандаа нийтэлсэн байна.
Арав гаруй жилийн турш иргэний дайнд нэрвэгдсэн Сирийн эдийн засгийг богино хугацаанд сэргээхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлж байсан тус холбоо хориг арга хэмжээг цуцлах асуудлыг өнгөрсөн хоёрдугаар сард хэлэлцжээ. Гэхдээ ЕХ бүх хоригийг цуцлахгүй юм. Тодруулбал, Б.Асадын дэглэмтэй холбоотой хувь хүн, байгууллага, түүнчлэн харгис хэрцгий хавчлага үйлдэж, хүний эрхийг зөрчиж байсан гэм буруутай этгээдүүдийн эсрэг хоригуудыг хэвээр үлдээх ажээ.
Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Сирийн эсрэг авсан АНУ-ын хоригийг цуцална гэж мэдэгдсэн юм. Хэдийгээр мягмар гарагт дээрх шийдвэрийг гаргасан боловч Сирийн шинэ засгийн газар зөв чиглэлд явж чадахгүй байна гэсэн болгоомжлол Брюссельд байсаар байна.
Сүүлийн үед янз бүрийн бүлгүүдийн хооронд дэгдсэн мөргөлдөөн үүнийг харуулж байна. Шинэ засгийн газрыг “Хайят Тахрир аш-Шам” бүлэглэлийн босогчид өнгөрсөн 12 дугаар сард байгуулж, Б.Асадын гэр бүлийн олон арван жил үргэлжилсэн ноёрхлыг эцэс болгосон нь гэнэтийн үйл явдал болсон юм. Тус бүлэглэлийн лалын үзэл суртал Европт түгшүүр төрүүлж ирсэн хэдий ч олон жилийн турш үргэлжилсэн мөргөлдөөнөөс гадна бүс нутагт тогтворгүй байдал улам бүр нэмэгдэж байгаа нь маневр хийх боломжийг хязгаарлажээ.
Хоригуудыг цуцлах шийдвэрийн талаар К.Каллас хэлэхдээ “бидэнд сонголт байхгүй гэж бодож байна" гэжээ.
Германы Гадаад хэргийн сайд Иоханн Вадефуль мэдэгдэхдээ "бид Сирийн дэглэмд боломж олгож байгаа бөгөөд эрх баригчид бүх иргэд, шашны бүлгүүдийг хамарсан хүртээмжтэй бодлогыг явуулна хэмээн найдаж байна" гэжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Америкийн зэвсэг үйлдвэрлэгчид зэвсэгээ борлуулж ашиг олохын тулд олон улсад ялангуяа исламын орнуудад дайн үймээн дэгдээж цус урсгасан түүхтэй. Жишээбэл Ливи, Ирак, Афганистан, Сири гэх мэт.