sonin.mn

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаад “Sodon Solution” компанийн захирал А.Мягмарыг урьж ярилцлаа. Тэрээр сүүлийн 20 гаруй жилийн турш програм хангамж, тэр дундаа вэб сайт хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллаж салбартаа танигдсан, Монголдоо анхдагч вэб хөгжүүлэлтийн компанийг эрхлэн явуулж байна. Сүүлийн жилүүдэд програмист болох чин хүсэл эрмэлзлэлтэй залууст мэргэжил харгалзахгүйгээр өөрийн туршлагаас зааж сурган, дэргэдээ ажиллуулан мэргэжлийн програмистын ур чадвар олгодог болжээ. 


Монгол Улс Израйл шиг IT-аар хөгжих боломж бий


Блиц:


БОЛОВСРОЛ:


2007 он: ШУТИС КТМС-Компьютерийн програм хангамжийн инженер

 

АЖЛЫН ТУРШЛАГА:


“Содон Солушн” компани


2006-2019: Front-end програмист

2009 – 2015: Ерөнхий менежер

2015 – 2019: Гүйцэтгэх захирал

 

МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ:


MLC Training LLC: Менежер коллеж сертификат

MLC Traing LLC: CEO коллеж сертификат


Мэдээллийн технологи, вэб хөгжүүлэлтийн анхдагч “Содон солушн” компанийн 400 гаруй төслүүдийг гардан хийж гүйцэтгэсэн. Стратеги тактикийг голчлон суралцдаг, үүнийгээ ч ажил дээрээ маш ихээр ашигладаг. Хүний сэтгэлзүйг судалдаг. Энэ маань ажлын хамт олонтойгоо учир зүйгээ ололцоход их тусалдаг. Алдартай хүмүүсийн намтар, хэлсэн үг, эшлэлийг уншдаг. Хамгийн гол давуу чанар маань аль дутагдалтай байгаа газар өөрийгөө зориулж чаддаг. Аливаа ажлыг төгс хийхийг эрмэлздэг маань ажлыг явуулахад их тус болдог.


Монголд IT салбар эрчтэй хөгжиж, хүн болгон энэ салбарыг ойлгодог болчихсон сайхан үе ирчихлээ. Биднийг анх эхэлж байх үетэй харьцуулахад одоогийн залууст маш том боломж байна гэсэн үг.


Гэхдээ нэг үнэн гэвэл, бид технологийг зохиодог хүмүүс биш. Бид бол Silicon valley зэрэг мэдээллийн технологийн өлгий нутагт бий болсон технологийг цаг үеэс нь хоцрохгүйгээр ашиглаж чадаж байгаа л хүмүүс. Тэр утгаараа өнөөгийн бидний түвшин дэлхийтэй харьцуулахад тэргүүн байранд явж чадахгүй. Гэхдээ монголчууд нийтээрээ технологийг өргөн хүрээнд ашиглаж чадаж байгаа цаг үе ирчихсэн учраас бидэнд маш том боломж байна, эерэг давалгаа эхэлчихсэн гэж хэлмээр байна. Энэ давалгаа явсаар байгаад магадгүй бид дараагийн Израйл улс шиг IT-аар мөнгө олж чаддаг болох боломжтой. 


Монголчууд бид Орос Хятадаар хүрээлэгдсэн, ложистикийн хувьд хязгаарлагдмал байдаг нь бизнес хийхэд ч байнга саад учруулж байдаг. Тэгвэл энэ хязгаарлагдмал байдлаас гарах өөр нэг шийдэл нь IT байх боломжтой.


Манай монгол хүмүүс хаана ч очсон удалгүй ахлах болон түүнээс дээш албан тушаалтан болоод явдаг. Бид бусад орны залуучуудтай харьцуулахад бие даах, юмыг хурдан сурах чадвар илүү. Бидний ганц сул тал бол баг болж чаддаггүй. Хүн болгон хувийн тоглолттой, дарга, удирдагч байх хүсэлтэй, тэрнээсээ болоод нэгдэж чадахгүй бутарч унадаг. Нийлээд том юм хийхдээ муу, гэхдээ тус тусдаа жижиг компани байгуулагдаад ажиллахаараа асуудалгүй яваад байдаг. Тэр нь нэгдэж илүү том хэмжээнд ажиллах, магадгүй гадагшаа корпорацийн хэмжээнд ажиллахад гол саад болох жишээтэй. 

Түүнээс мэргэжлийн хувьд манай залуучууд дэлхийн хаана ч очсон нүүр бардам манлайлж ажиллах бүрэн потенциалтай. 


Юм сурдаггүй хүн гэж байхгүй, арга барилаа олоогүй хүн л гэж бий


-Програмист болох хүсэлтэй ч өөрөө чадахгүй байгаа, эвээ олохгүй байгаа олон залуучууд байдаг. Өөрөө хүсэл сонирхолтой мөртлөө сургуульд оръё гээд шалгалт өгөөд тэнцээгүй ч юм уу эсвэл амьдралын шаардлагаар эв нь таарахгүй яваад л байдаг. Гэхдээ өөрөө маш их сонирхолтой, яаж, юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа залуучуудыг дэргэдээ авч, ажлын туршлага дээр зааж сургах нь илүү үр дүнтэй гэж би хувьдаа боддог. Одоогоор сүүлийн таван жилийн хугацаанд гэхэд 100 гаруй залуусыг дэргэдээ авч бойжуулсан байна. 


Манай компанийн хувьд бид програмист биш залуучуудыг өөрсдөө сургаад, байр хоолоор үнэгүй хангаад цалингаас нь ямар нэг суутгалгүй шууд үнэлгээгээр нь бодож цалин олгодог. Гол асуудал нь урт хугацаанд буюу таван жил ажиллах гэрээ хийж байна.


Юм сурахгүй хүн гэж байдаггүй. Сурах арга барилаа олоогүй хүн л гэж байдаг гэж би боддог. Миний зарчим ч тэр. Програмист болж чадахгүй байгаа хүмүүс манай дээр ирэхэд би хамгийн түрүүнд сурах арга барилыг нь ч зааж өгөхийг хичээдэг. Арга барилаа олчихсон хүн юуг ч амархан сурдаг. Их сургууль төгссөн хүүхдүүд ажил дээр гарахаараа наад захын юмаа ч мэддэггүй ирдэг. Нийтлэг ашигладаг зүйлүүдээ л жаахан мэддэг, бусад юмнуудыг бүрэн мэдэхгүй, мэдсэн ч тэрэндээ их эргэлздэг. Яагаад гэвэл их сургуулийн программ ихэнхдээ доктор, магистрын түвшний хэт академик мэдлэг олгодог.


Нэг дор маш олон сэдвээр маш богино хугацаанд боловсрол олгохыг илүүд үздэг. Гэтэл програмист болох гэж байгаа хүн заавал магистр, доктор болох албагүй.


Гол нь мэргэжлийн үндсэн ойлголтуудаа маш сайн ойлгочихвол өөрөө цааш гүнзгийрүүлээд сурах чиглэлээ сонгоод явахаар “Програм сурах чинь тийм ч хэцүү зүйл биш юм байна” гэдгийг ойлгож эхэлдэг. Үнэндээ их сургуульд зааж байгаа тэр олон төрлийн сэдвүүдээс нэг програм дээр 2-3 нь л ашиглагддаг. Ингээд залуучууд тэр болгон амьдрал дээр, практикт хэрэг болохгүй зүйлд их цаг зарцуулаад сүүлдээ бүр толгой нь эргэдэг, төөрөлддөг. Эргээд IT бол хэцүү юм байна гэдэг хаалт босгочих гээд байдаг талтай. Мэдээж их сургуулийн хичээлийг хэрэггүй, буруу гэж хэлээгүй. Нэг дор бүгдийг сурах гэж ойлгох ойлгохгүй олон мэдээлэл авснаас эхний ээлжинд сурсан зүйлээ өөрийн болгоод, ядаж програм бичдэг хүн болчихвол цааш цаашдаа өөрөө учраа олоод ойлгоод ажил дээрээ сураад ялгааг нь мэдээд явчих нь илүү амар гэж хэлж байгаа юм. Мэдээж бид одоо их сургуулийг өөрчилнө гэж байхгүй байх. Гэхдээ практик сургалттай сургалтын төвүүд нь олон болж байж илүү сайн хөгжих болов уу. 


Амьд ур чадвар, эсвэл түүнийг сурсан гэсэн ганцхан хуудас цаас хоёрын аль нь чухал вэ


-Саяхан манайд ажиллаж байгаад цэрэгт яваад ирсэн шавь маань үргэлжлүүлээд ажиллахаар боллоо. Гэтэл ээж нь над дээр хуульчтай цуг ирсэн. Одоо үед үнэгүй байрлуудаад, үнэгүй хоол өгөөд ажиллуулна гэж юу байсан юм бэ гээд итгээгүй л дээ. Ирээд надаас диплом, сертификат нэхсэн.


Би тэр ээжид диплом ч юм уу сертификат гэхээс илүү хүүхэд чинь өөрөө ажиллаж чадаж байвал ажиллуулаад байна гэдэг хамтын ажиллагааны гэрээгээ л санал болгосон. Өөр баталгаа өгч чадахгүй. Харин хүүхэд чинь юм сурахгүй бол би байлгаж чадахгүй.


Ийм ч хариулт хэлсэн. Энэ бол монголчуудад түгээмэл байдаг нэг хандлага л даа. Хүүхэд нь юм чадаж байна уу, юу сурсан бэ гэдгээсээ илүү сурсан гэдгийг баталгаажуулсан цаас л илүү чухал юм шиг хандлагатай. Миний хардаг өнцөг бол хүүхэд нь ажил хийгээд програм бичээд өндөр цалин авч байгаа л бол тэр нь баталгаа гэж ойлгодог. 

 

Математик суурьтай дээр тууштай бол програмист болж чадна 


-Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхэд маань код бичихийг сонирхоод байна. Хаана хандах ёстой вэ, сургалтуудад явуулах нь зөв үү гэж маш их асуудаг болсон. Би бол явуулах нь зөв гэж хэлдэг. Бага насны хүүхдүүдэд мэргэжлийн код заах нь маш хэцүү, сонирхолгүй байдаг. Мэдээж хүүхдүүд маш хурдан сурдаг, гэхдээ хариуцлага гэж мэддэггүй. Тэгэхээр эхлээд сонирхлыг нь өдөөх зорилгоор жижиг сургалтуудад явуулаад, өөрт нь програмист болж чадах юм байна гэсэн итгэл суулгах нь тууштай ажиллах гол суурь болдог. Мэдээж хүүхэд учраас тэр болгон мэргэжлийн юм сурахгүй, тэр дороо програм ойлгодог болохгүй. Гэхдээ хамгийн чухал нь өөртөө итгэх итгэл, би чадах юм байна гэсэн бодол сууна.


Миний харж байгаагаар програм сурах хүүхэд математик суурьтай байвал их зүгээр. Бүр суурьгүй бол шатар ч юм уу оньсон тоглоом зэрэг сэтгэн бодох чадвар шаардсан зүйлсийг амархан ойлгодог хүүхдүүд сайн програмист болох боломжтой.


Тэгээд хамгийн чухал нь тууштай зан, тэвчээр. Би яг л энэ чиглэлээр явах хүн юм байна гэдгээ дотроо өөрөө шийдээд зорьчихсон хүүхдүүд эргэж буцаад байдаггүй. Урдахаа хийгээд урагшилсаар байгаад нэг мэдэхэд 2-3 жилийн дараа гэхэд ямар ч програмын учрыг нь олчихдог, өөрсдөө зохиодог, бичдэг болчихдог. Харин өөрөө дотроо шийдэж чадаагүй хүүхэд дундаас нь өөр юм гоё харагдаад тийшээ ч гүйчихмээр, ийшээ ч үсэрмээр байдаг учраас тууштай байж чаддаггүй. Тэгэхээр сайн суурьтай байхын тулд өөрөө шийдсэн байх нь хамгийн чухал.  


Аюулгүй байдал бол мэдлэг юм


-Мэдээж бүх юм цахимжиж байгаа энэ цаг үед аюулгүй байдал гэдэг хамгийн чухал. Мэдээллийн аюулгүй байдал гэдэг бол хамгаалалтай холбоотой мэдлэгүүдийн л цогц юм. Тэр мэдлэгийг хэр гүнзгий мэдэж чадна, тэр хэрээрээ л хамгаалалт нэмэгдэнэ. Монгол Улсын хэмжээнд өргөн агуулгаар нь харвал кибер аюулгүй байдал маш сайн гэж би хувьдаа үнэлдэг. Гэхдээ дундаж болон жижиг компаниудын хувьд эсрэгээрээ байна.


Жижиг компаниуд тэр болгон аюулгүй байдал талдаа анхаарахаас илүү тэрхэн үеийн ажлын ашиг хонжоо хараад аюулгүй байдлаа орхичихдог. Ингээд одоо яг үнэндээ ихэнх компаниудын тар нь танигдаж хакердуулаад эхэлсэн.


Миний хувьд энэ бүхэн анхнаасаа аюулгүй байдалдаа анхаараагүй учраас цаг хугацааны л асуудал байсан. Манай компанийн хувьд харьцангуй тогтвортой оршин тогтноод ирсэн. Нөгөө талаар бид аюулгүй байдал чухал гэдгийг сайн мэддэг, бүх ажилдаа шингээж авч явдаг учраас манай вэбүүд хакерт өртөх ч юм уу асуудал бараг үүсдэггүй. Гэтэл манай харилцагчдын талаас илүү нь өмнө нь нэгээс хоёр компанид хандаад, болохоо байгаад манайд ирж байна. Тал хувь нь гэхээр энэ маш өндөр тоо. Яагаад бүтэлгүйтээд байна вэ гэхээр хямд компаниуд илүү чанаргүй байгаад байна уу гэж харж байгаа.


IT салбарын нэг онцлог бол харилцагч нь аюулгүй байдлаа тухайн компанид бүрэн итгэж даатгадаг. Гэтэл тэр харилцагчийн итгээд хариуцуулж байгаа мэдээллийг алдах, эсвэл хямд төсрөөр шийдээд харилцагчаа хохирооно гэдэг ганцхан хүний эсвэл компанийн асуудал биш юм.


Тухайн харилцагч нарыг шууд буруутгах, хохь нь гээд орхиж болохгүй. Тийм учраас аажим аажмаар харилцагчид маань өөрсдөө асуудлаа ойлгодог болж боловсроод 2–3 дахь сонголтоороо манайд хандах болсон байна. 


Монголд онлайн худалдаа бол ирээдүйтэй гэдэг тодорхой


-Сүүлийн үед Монголд онлайн худалдаа маш эрчийг авч байгаа. Тэр хэрээрээ манай салбарт ч онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх нь байнгын тогтмол хийдэг ажлуудын нэг болсон. Худалдааны сайтуудын хувьд хэрэглэгчид болхи байна гэж шүүмжлэх тал бий. Гэтэл ажиглаад байхад жижиг компанийн вэб болхи, том компанийн вэб чанартай байдаг. Том компани ажилчдын тоо, хийж байгаа ажил, хүртээмж гээд бүх талаас нь харахад өгөөж өндөр учраас вэбдээ ч сайн анхаардаг.

 

Манайхан гадаадын том сайтуудтай монгол сайтаа харьцуулах хандлага бий. Гэхдээ гадаадад ч бас хүн бага ордог, болхи талдаа сайтууд олон бий. Харин алдартай вэбүүдийн ард маш их хөрөнгө оруулалт байдаг. Тэгэхээр их, бага хөдөлмөрийн л тухай асуудал юм.


Хэн мөнгө хаяж, анхаарч байна эргээд ашиг орлого нь түүгээрээ эргэлддэг, өгөөж нь орж ирдэг. Манай улсад онлайн худалдаанаас ашиг олоод эхэлчихсэн. Shoppy.mn гэхэд их ч хөрөнгө оруулж байгаа, тэр хэрээр өгөөж ч өндөр байгаа. Энэ бол жилээс жилд сайжраад жамаараа хөгжих нь тодорхой асуудал. Манай компанийн хувьд Өвөрмонгол болон Саудын Арабтай хамтраад зургаан хэл дээр онлайн худалдааны вэб хөгжүүлэх том төсөл эхлүүлээд явж байна. Монголоос мах махан бүтээгдэхүүн, ноос ноолууран бүтээгдэхүүн экспортлоод бусад улс орнуудаас манай руу оруулах бүтээгдэхүүнийг бас тэр платформоор дамжуулан худалдаалах боломжтой том төсөл. Одоогоор Монголтой нийлээд дөрвөн улсын бараа бүтээгдэхүүнийг байршуулаад байгаа. Энэ бол бидний хувьд эхлэл.


Бид гадагшаа доллараар ажиллаж байж л манай зах зээл тэлэх боломжтой. Манай салбарын хувьд гадагшаа харилцах боломж байна гэж үзэж байгаа. 


Ний нуугүй хэлэхэд, зарим хүмүүст IT гэхээр гялс ямар нэг компани байгуулаад мөнгө олчихъё гэсэн хурдан баяжих хүсэл эсвэл бүр мөнгө угаадаг хэрэгсэл болчихоод байгаа. гэтэл IT компанийг программын мэдлэг байхгүй хүн удирдахаар нэг л өдөр систем нь нураад уначихдаг. Хамгийн гол нь системээ тогтвортойгоор олон жил хөгжүүлж байж амжилтанд хүрдэг. Манай компанийн хувьд Японы “5С”-ийн зарчим буюу автоматжуулалтыг хэрэгжүүлдэг. Нэг хөгшин хүн ажлаасаа гарахад дараагийн залуу хүн тэр настай ажилтны туршлага дээр босдог. Энэ загварчлалыг бид компанидаа нутагшуулсан. Туршлагатай ажилтнуудаараа ажил хийлгэхээс илүү туршлагыг нь гарын авлага болгож бэлдэж авдаг. Тэрийгээ залуу үеэ сургахад ашигладаг. 

 


Б.НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин