
“3ууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор усанд сэлэлтийн спортын ОУХМ Э.Эрхэсийг урьж, ярилцлаа. Тэрээр одоо АНУ-ын “Spire academy”-д суралцдаг.
-Сүүлд Малайзад зохион байгуулагдсан тэмцээнд амжилттай оролцож, Монгол Улсаа төлөөлөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан анхны эрэгтэй тамирчин болсон. Энэ тэмцээнийх нь талаар яриагаа эхэлье?
-Малайз улсад зохион байгуулагдсан тэмцээний эхний өдрөө хүссэнээ хийж чадаагүй. Үүнээс болоод сэтгэл зүйгээр жаахан унасан. Гэхдээ сэтгэл зүйгээ хүчтэй байлгаж, маргаашийнхаа гараанд амжилттай оролцож дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхээ авсан.
-Тэмцээний үеэр сэтгэл зүйгээ хэрхэн хурцалдаг вэ?
-Сэтгэл зүйн тогтворгүй зорилгоо, юуны төлөө, юу золиосолж ирсэн гэдгээ боддог. Бас гэр бүлээ бодно. Манай сургууль сэтгэл зүйчтэй. Багш маань долоо хоног бүр тамирчидтайгаа хурал хийж, сэтгэл зүйгээ хэрхэн удирдах ёстой, хэрхэн сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй талаар ярилцдаг.
-Тамирчдын хамгийн чухал зүйлийн нэг бол бэлтгэл байдаг. Бэлтгэлдээ хэр хугацаа зарцуулдаг вэ?
-Өдөрт хоёр удаа бэлтгэлээ хийдэг. Хамт бэлтгэл хийдэг найзуудаасаа маш их урам зориг авдаг.
-Спортын төрөл бүр онцлогтой. Усанд сэлэлтийн спортын сайхан зүйл нь юу вэ?
-Би найман настайгаасаа усанд сэлэлтийн спортоор хичээллэж эхэлсэн. Есөн жил болж байна. Усанд сэлэлтийн спортоор хичээллэх нь үнэхээр гоё мэдрэмж төрүүлдэг. Ус эрх чөлөөг мэдрүүлдэг. Усан дотор байхдаа бүрэн анхаарлаа төвлөрүүлж, хэнээс ч хараат биш, өөрийн гэсэн орон зайг бүтээж чаддаг. Усанд сэлэхдээ нисэж буй мэт хөнгөн, чөлөөтэй мэдрэмж авдаг. Энэ сайхан мэдрэмжүүд усан спортын тамирчин болоход нөлөөлсөн.
-Өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтуудаасаа дурдвал?
-Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд 50 метрт араар даллах сэлэлтээр хүрэл медаль хүртсэн. Мөн Монголын хүүхдийн зуны спортын VII их наадамд амжилттай оролцож арван зайн төрөлд арван алтан медаль хүртсэн. Үүний ес нь Монгол Улсын усан спортын рекорд, долоо нь хувийн рекорд, хоёр нь багийн спортын рекордыг шинэчлэн тогтоосон.
-Өөрт тань ямар төрлийн сэлэлт тохирдог вэ?
-Усан спортын эрвээхэй сэлэлт, өврөөр даллах, араар даллах, мэлхий сэлэлт гэсэн дөрвөн төрөл байдаг. Би өөрийгөө араар даллах сэлэлтээс сайн сэлдэг гэж боддог. Бас холимог сэлэлтээр сайн сэлж чадна. Холимог сэлэлт гэдэг нь бүх төрлөөр сэлдэг гэсэн үг.
-Өөрийнх нь хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ. Тэмцээний үеэр өрсөлдөгч тамирчнаа ялах тактик байдаг уу?
-Би хүн болгонтой л ижилхэн харьцдаг. Надад өрсөлдөгчөө ингэж сэтгэл зүйн хувьд унагана, ингэж харьцана гэсэн тактик байдаггүй. Бассейны гадна ч найзууд, бассейн дотроо ч найзууд байхыг хүсдэг.
-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу. Ойрын зорилго нь ДАШТ-дээ амжилттай оролцох байх?
-Тэгэлгүй яах вэ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцохыг зорьж байна. Мөн дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээндээ ч амжилт гаргахын төлөө өдөр бүр бэлтгэлээ хийж байгаа. Ер нь оролцсон тэмцээн бүрээсээ л медаль авахыг зорьдог.
-Усанд сэлэлтийн спортоор хичээллэхийг зорьж байгаа хүмүүст юу гэж хэлмээр байна?
-Ямар ч спортоор хичээллэхэд эхлэх л хэцүү. Мөрөөдлөө биелүүлээд зорилгоо бодит болгочихвол амжилтынхаа 50 хувьд хүрчихлээ л гэсэн үг. Бас сэтгэл зүй чухал. Тамирчин хүний сэтгэл зүй энгийн хүний сэтгэл зүйгээс өөр гэж боддог. Бүгдэд нь боломж байгаа шүү. Хүн болгонд амжилттай хүрэх цаг ирнэ. Тэр болтол тууштай, зорилготой, тэсвэр, тэвчээртэй байж хичээгээрэй гэж хэлмээр байна.
Э.ОТГОН-ЭРДЭНЭ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0