sonin.mn

Монголчууд анх удаа ардчилсан парламенттай боллоо гэж баярлаж байсан нь саяхан. Тэр цагаас хойш ардчилсан парламент нь яаж хувьсаж өөрчлөгдсөнийг мэдэх хүн үгүй шахам. Учир нь монголчууд парламентаа дүгнэхдээ УИХ-ын гишүүдээр буюу ЗГ-аар дүгнэдэг. Сайн муу янз бүрийн үнэлгээ өгдөг. Ингэж болно л доо. Гэхдээ парламентын хууль батлах үед асар их заль мэх гаргаж, хууль нь гууль болдог гэдгийг огт мэддэггүй, бас сонирхдоггүй. Үүнийг мэдвэл Таны парламентын тухай бодол өөрчлөгдөх нь гарцаагүй. Энэ тухай товч өгүүлсү…  


Эхлээд парламентад хуулийн төсөл орж ирнэ. Үүнийг УИХ-ын аль нэг гишүүн, эсвэл ЗГ санаачлан оруулдаг. Парламентыг балчир үед хуулийн төслийг гадаад хуулиас бараг тэр чигээр нь шууд орчуулан оруулдаг байв. Яваандаа хуулийн төслийг давуу мэдэлтний нэн тодорхой эрх ашгийг илэрхийлсэн бүлэг оруулж ирдэг болсон. Одоо бол ард түмний эрх ашгийг илэрхийлсэн хууль гэж бараг байхгүй болсон.


Ямар ч хуулийн төслийн талаар парламентын гишүүд дэмжсэн, түдгэлзсэн, эсэргүүцсэн гэж 3 хуваагддаг зүй тогтолтой. Хуулийн төсөл оруулж ирсэн бүлэг дэмжсэн гишүүдийн тоог олшруулах, түтгэлзсэн гишүүдийг дэмжих тал руу татах, эсэргүүцсэн гишүүдийг үгүй ядаж түдгэлзүүлэх тал руу оруулах үйлдэл хийх ёстой. Зөвхөн ингэж байж хууль батлагдана. Чухам энд ёстойгоосоо парламентаар тоглох заль мэх гарч ирдэг.

Өнгөц харахад хуулийн төслийг ном ёсоор хэлэлцэж буй, хуулийн төслийг шударгаар хэлэлцэж буй мэт харагдах атлаа цаагуураа хамгийн хорлогчинтой заль мэх гаргах үйл явцыг процедурын заль мэх гэнэ. Олон жилийн ажиглалтын явцад бүртгэсэн эдгээр заль мэхийг товч авч үзье:


1. Баяр наадмаар хууль батлах. Манайхан ганцхан энэ аргыг сайн мэддэг ба үглэхээс өөр үйлдэл хийж хийж чаддаггүй. Монголын хувь заяанд онц их ач холбогдолтой хуулиудыг Наадам, Шинэ жил, Цагаан сараар баталдаг “ёс заншилтай”.


2. Намын бүлгийг сахилгажуулах. Эхлээд намын удирдах байгууллага, тодруулбал МАН-ын Удирдах Зөвлөл шийдвэр гаргаж, түүнийгээ УИХ-д тулгана. Өөр нэг хувилбар бол УИХ дахь намын бүлэг хуралдаж, шийдвэр гаргана. Энд улс төрийн нам парламентыг орлох илт хууль бус үйл явц болж байна. Үүнийгээ тэд “намаа сахилгажуулах” гэж нэрлэдэг. “Нам сахилгажуулах” ажлыг өдөр болгон биш, харин жи: ЗГ-ыг сонгох огцруулах, авилгын асуудлыг хэрхэн шийдэх зэрэг онц чухал, эгзэгтэй үед хэрэглэнэ.


3. УИХ-ыг багцлах. Хуулийн төслийг дэмжсэн, түдгэлзсэн, эсэргүүцсэн гишүүдийгтодруулна. Энэ их амархан ч нэлээд нарийн тооцоо шаардана. Хамгийн эхлээд түдгэлзсэн гишүүдийг дэмжих тал руу татна. Энэ нь харьцангуй амархан. Харин эсэргүүцсэн гишүүдийг түдгэлзсэн болон дэмжих тал руу татах нь харьцангуй хүнд. Гэсэн хэдий ч зээл олгох, жи: ЖДҮ, сангаас хөнгөлөлт үзүүлэх, жи: Боловсролын зээлийн сан, тендер олгох, жи: ногоон автобус г.м аргаар дэмжигчдийн тоог олшруулах олон арга байдаг. Үнийгээ давуу мэдэлтнүүд “УИХ-ыг багцлах” гэж нэрлэдэг.


4. Гадаад томилолт. Ингэж УИХ-ыг багцалсны дараа хүчтэй эсэргүүцэх цөөн ч гэсэн хүн үлддэг.Энэ бүр ч амархан. Эсэргүүцэгчдэд гадаад томилолт өгч, гадагш явуулна.Манай Г.Уянгыг УИХ-ын гишүүн байхад өөрөө хүсээгүй байхад нь гадаад томилолт байнга өгдөг байв.Эхэндээ манай хүн мэдэхгүй гадаадаар хэд хэд аялж, араараа тавиулсныхаа дараа гадаад томилолтоос татгалзах болсон юм.     


5. Анхдагч үзэл бодол суулгах. Эхлээд хуулийн төслийг идэвхитэй дэмждэг, маш сайн ярьдаг, бусад хүмүүст хүчтэй нөлөөлдөг заль мэхтэй хүнээр хуулийн төслөө зүтгүүлнэ. Нэг биш хэд хэдэн хүн энэ үүргийг гүйцэтгэх ба тэд ярих дэс дараагаа хүртэл урьдчилан тохирсон байдаг. Ингэж зүтгүүлэх үүргийг Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж хоёр олон жил гарамгай гүйцэтгэсэн. Нам дотроо тэднийг: “авч орсон хуулийн төслөө ганцыг ч унагаж байгаагүй” гэж магтдаг. Бүхэлд нь аваад үзэхэд Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж хоёр ямар гээч новшийн хуулийн систем бүтээсэн нь одоо илт тодорхой болсон. Ингэж зүтгүүлснээр “сэтгэл зүйн хүрээ” (жааз) бүрэлдэж, төслийг арга буюу баталдаг.


6. Хуулийн төслийг цагийг нь тулгаж тараах. Хуулийн төслийн ажлын материалуудыг цагийг нь тулгаж тараах ба УИХ-ын гишүүн түүнийг биет байдлаар уншиж танилцаж амждаггүй. Ялангуяа улсын төсвийн хуулийг цаг ямагт цагийг нь тулгаж шахдаг. Улсын төсвийн хууль асар олон тоотой, маш зузаан цаас байдаг учраас түүнийг бүтэн сараас наана хэн ч уншиж дүгнэж чадахгүй. Ингэснээр давуу мэдэлтнүүд дураараа дургих боломж олж авдаг. Жи: 2025 оны улсын төсвийн мөнгөөр арай дэндүү халгиж цалгисан.      


7. Дахин хэлэлцүүлэх боломжийг хаах. Хуулийн төслийн талаар яаруу сандруу гаргасан шийдвэрийг дахин хэлэлцэх боломжгүйгээр хаадаг.Хэлэлцүүлгийн явцад анхаарвал эцсийн шийдвэрт нөлөөлбөл зохих шинэ өгөгдөл гарч ирсэн ч түүнийг тоолгүй хаядаг.Жи: Зөвлөлдөх ардчиллын хууль”       


8. Түрэмгий хүмүүсээр сэтгэл зүйн уур амьсгалыг хурцатгах. Хуулийн төслийг эсэргүүцэгч хамгийн түрэмгий хүмүүст үг өгч, танхимийн уур амьсгалыг хурцатгадаг.Олон монгол үүнийг “хэрэлдэж байна”, “үнэнийг ёстой сайхан улайтал хэлж байна” гэж ойлгодог. Үнэндээ энэ бол сайтар найруулсан жүжиг юм. Танхимийн уур амьсгал хурцдаж, чинээндээ тулаад ирэх үед: “ингээд хэрэлдээд байх юм уу, “хуулиа батлах юм уу ? гэж хоржоонтой асуулт асуудаг. Энэ новшийн асуултад үгүй гэж хариулах хүн цөөхөн гардаг.


9. Дэвшүүлсэн саналыг дураараа хольж хутгах. Хууль хэлэлцэх явцад УИХ-ын гишүүдээс олон санал гаргадаг. Эдгээр саналыг дэвшүүлсэн дэс дарааллаар хэлэлцэх ёстой. Үүнийг оронд дэвшүүлсэн саналуудыг давуу мэдэлтний таашаалд нийцүүлэн эрэмбэлж, логик дэс дарааг алдагдуулан хольж хутгадаг. Ингээд УИХ-ын гишүүн “үй түмэн” санал хураалтад “тийм”, “үгүй” гэж хариулсаар байгаад толгой эргэж гүйцэх бөгөөд эцсийн дүнд давуу мэдэлтнүүдийн хуулийн төлөө саналаа өгч таарна. 


10. Хүссэн хувилбар дээрээ хэлэлцүүлгийг зогсоох. Хэлэлцүүлэг явагдаж, хамгийн зөв шийдэл рүү дөхөж ирсэн үед хэлэлцүүлгийг зогсоох буюу хаана. Өөрөөр хэлбэл олонхийн санаа бодол төслийн эсрэг эргэх гэж буй яг тэр агшинд хэлэлцүүлгийг зогсооно.


11. Дэг сахих нэрийн дор гишүүдийг ялгаварлах. Дургүй гишүүнийхээ үгийг хааж, дуртай гишүүнийхээ үгийг чөлөөтэй хэлүүлнэ. Өөрөөр хэлбэл нэг гишүүнд сануулга өгөх зэргээр саад учруулна, нөгөөг нь дураар нь байлгана. Энэ новшийн аргыг олон удаа хэрэглэсний дараа “үгээ хаалгахаас айх” үзэгдэл үүсч, төслийг эсэргүүцэх гишүүд эрс цөөрнө.    


12. Мэргэжилтэн, экспертүүдээр халхавчлах. Парламентын хэлэлцүүлэгт саналын ямар ч эрхгүй мэргэжилтэн, экспертүүдийг оролцуулж, тэднээсээ хэлэлцэж буй асуудлын талаар асууна. Энэхүү мэргэжилтэн, эксперт хэмээгчид нь тухайн хуулийн төслийг зүтгүүлэх үүрэг даалгавар авсан, энэ чиглэлийн мэдээ, баримтыг урьдчилан бэлтгэсэн хүмүүс байдаг. Одоо “За харав уу ?! Мэргэжилтэн, экспертүүд ингэж үзэж байна. Одоо саналаа (тэдний үгээр ?!) хураая” гээд л асуудал дуусна. Энд УИХ-ын бүрэн эрхийг мэргэжилтэн, эксперт гэх хүмүүст ацаглаж, гэмт үйлдэл хийж байна.


13. Хэлэлцүүлгийн дундуур завсарлага авах. Энэ бол манайд хэвшиж, нэгэнт “ёс заншил” болсон хамгийн ёрын арга. Хэлэлцүүлгийн явцад байдал эвгүй тийш эргэвэл завсарлага авна. Хуулийн хэлэлцүүлэг УИХ-ын албан ёсны танхимийн гадна гарч, хуйвалдаан тохиролцоо, авилга, сүрдүүлэг зэрэг улс төрийн арилжаа, наймаа хийж эхэлнэ. Үүгээрээ хамгийн хорлогчинтой арга юм.      


14. Жижиг асуудлаар томыг цохих. Эхлээд ач холбогдол багатай, хоёрдугаар зэргийн асуудлыг залхтал удаан хэлэлцүүлнэ. Хэлэлцүүлгийн явцад гишүүд ядран залхаж, толгой нь манарсан үед жинхэнэ, нэгдүгээр зэргийн асуудлыг оруулж ирнэ.  


15. Баримт бичгийг “санамсаргүй” дутаах. Гишүүдэд бүрэн биш баримт бичиг (хуулийн төсөл) тараана. Хэлэлцүүлгийн явцад энэхүү явдал “санамсаргүй” илрэх ба төслийг зүтгүүлж буй хүмүүс энийг “мэдээгүй” байж таарах ба ингэснээр хэлэлцүүлэг хойшилж заваарна.


16. Хэт их мэдээллээр цатгах. Энэ нь өмнөх заль мэхний өөр нэг хувилбар юм.Одоо бол боломжит шийдвэрийн маш олон төсөл, хувилбар бэлтгэж тараах ба ийм олон шийдлийн бүх тоо баримт, үндэслэлийг харьцуулан судлах биет боломж ямар ч хүнд байхгүй. Ингээд давуу мэдэлтний зүтгүүлсэн хувилбарыг сонгох ганц л арга зам үлдэнэ.   


17. Баримтуудыг дарах. Хуулийн төсөлтэй холбоотой мэргэжилтэн, иргэдийн санал хүсэлт, баримт бичиг, захидал, тэмдэглэл УИХ-д олноороо ирдэг. Эдгээрийг урьдчилан ялгаж, “хэрэгтэй, хэрэггүй” гэж ангилаад “хэрэггүй” гэж үзсэн баримтуудыг УИХ-д танилцуулалгүй таг дарна. Энэ нь өнгөц харахад бичиг цаасны асуудал мэт боловч парламентыг ард түмэнтэй тогтоосон холбоо харилцааг нь тасалж буй хамгийн хорлогчинтой арга юм.


х х х


Ингээд Та манай парламентын хэлэлцүүлгийн явцад өргөн хэрэглэдэг заль мэхүүдийг мэддэг боллоо. Мэдээж би үүнийг дэлгэрүүлэн тэдэн оны, тэдэн сарын тэдэнд, ийм ийм хууль хэлэлцэх явцад ингэж тэгэж заваарсан гэж ярьж чадна. Гэвч эхний удаад дээр дурдсан бүхэн хангалттай.


Энэ бүх заваан заль мэхийг ажралгүй даван туулж, өөрийнхөө итгэл үнэмшлийг хамгаалж чадсан цорын ганц УИХ-ын гишүүн манай Г.Уянга байсан юм. Давуу мэдэлтнүүд “санал нэгтэйгээр”, нам харгалзахгүй хуйвалдаж, түүнийг улс төрөөс зайлуулах ажлыг хийж амжсан бөлгөө. Би л лав үүнийг хэзээ ч мартахгүй, бас өршөөхгүй…


Энэ бохир аргуудыг зөвхөн УИХ-д хэрэглэдэг гэж үзвэл тун их эндүүрэл болно. Энэ бохир аргуудыг нийслэл, дүүрэг, аймаг сумын ИТХ-ууд тэр дор нь тусган авч, зарим газарт УИХ-аасаа ч давж гарахаар өргөн бөгөөд байнга хэрэглэдэг болсон.


Чухам ийм учраас УИХ-аас эхлээд манай төрийн аль ч шатны хурлын шийдвэр хачин тэнэг, солиотой гардаг нь эдгээр гаж арга, заль мэхний хүрвэл зохих зүй ёсны үр дүн юм.     

Эдгээр заль мэхний ихэнхийг хөгжингүй орнуудын парламентад өргөн хэрэглэж байгаад ардчилал хөгжихийн хэрээр хуулиар хориглодог болсоор 100 гаруй жил болж байна. Харин манайд бол “дундад зууны” эдгээр бүдүүлэг арга бүрэн чөлөөтэй…

Хамгийн зэвүүн нь давуу мэдэлтнүүд энэ заваан аргуудаа “байх ёстой”, “хэвийн зүйл”, “ухаантай байгаагийн шинж” гэж үздэг. Иймээс тэд засаршгүй…  

Эдгээр аргуудыг нэгэн зэрэг, чөлөөтэй хэрэглэж байгаа тохиолдолд манай хуулийг хууль, парламентыг парламент гэж нэрлэхэд нэн түвэгтэй.

Манай парламент бол давуу мэдэлтнүүдийн тоглоом шоглоом төдийгөөс үл хэтэрнэ. Монголын парламентыг харахаар: “Парламент бол хоёр дахь түүхий эдээр ажилладаг сэтгэл хөдлөлийн фабрик мөн” гэсэн нэгэн ухаантны үг санаанд байнга орж ирэх…


Судлаач Х.Д.Ганхуяг.


2025 оны 06 дугаар сарын 21


Эх сурвалж: https://gankhuyag.com/


Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад бүтээлүүдийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу