
Эрхэм Олимпын их гэр бүлийн гишүүд та бүхэндээ “Олимпын өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Өнөөдөр дэлхий даяар Олон улсын “Олимпын өдөр”-ийн 131 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлж ирсэн түүхэн замналаа эргэн дурсаж, олимпын хөдөлгөөний ирээдүйн талаар хэлэлцэж байна.
Монгол Улс 1962 онд ОУОХ-ны бүрэн эрхт гишүүн болж, 1964 оноос эхлэн өвөл, зуны Олимпын наадамд тогтмол оролцож, энэ хугацаанд нийт 31 медаль хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дурсгасаар ирлээ.
МҮОХ нь спорт холбоод, тамирчид, дасгалжуулагчдыг чадавхжуулах олон улсын сургалт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, олимпын боловсролыг түгээн дэлгэрүүлэх замаар хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.
Ирэх жилүүдэд биднийг хүлээж буй “Бахрейн 2025”, “Милан-Кортина 2026”, “Айчи-Нагояа 2026”, “Дакар 2026” зэрэг олон улсын тэмцээний бэлтгэл ажил ид өрнөж, өндөр амжилт үзүүлэх итгэл дүүрэн хичээн ажиллаж байна.
Мөн Улаанбаатар хотноо ОУОХ-ны чуулган болон Залуучуудын Олимпын наадмыг зохион байгуулах эрхийг авахын төлөө нийтээрээ нэгдэн зүтгэж буйгаа дуулгахад таатай байна.
Хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайвны бэлгэ тэмдэг болсон олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хамтран зүтгэж буй нийт тамирчид, багш, дасгалжуулагчид, спорт холбоодын удирдлагууд, олимпын зүтгэлтнүүд, хамтран ажиллагч түнш байгууллагууддаа талархал илэрхийлж, олон улсын олимпын өдрийн баярын мэндийг дэвшүүлье.
Олимпизмын гэгээн туг Монгол оронд минь үеийн үед мандан бадрах болтугай.
Хүндэтгэсэн: ОУОХ-ны гишүүн, Монголын Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгч Б. Баттүшиг
Сэтгэгдэл1
Tolgoigoo undiilguj exellee Svgiin ger bvl