sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 26. /ТАСС/. Германы Дортмунд хотын “Боруссиа”, Бразилын "Флуминенсе" багууд клубүүдийн ДАШТ-ий хасагдах шатанд шалгарлаа.

Хэсгийн шатны сүүлчийн гурав дахь тоглолтонд германчууд Өмнөд Солонгосын “Ульсан” багийг 1:0 харьцаагаар хожсон бол бразилчууд ӨАБНУ-ын "Мамелоди Сандаунз" багтай тэнцжээ.




Ингэснээр “Боруссиа” баг 7 оноотой болж F хэсгийг тэргүүлсэн бол Бразилын баг 5 оноотойгоор хоёрдугаарт бичигдсэн байна. "Мамелоди Сандаунз" баг 4 оноогоор гуравдугаарт, оноо аваагүй “Ульсан” баг дөрөвдүгээрт оржээ.




Одоо шөвгийн 16-д “Боруссиа” баг Е хэсгээс хоёроор гарсан багтай, бразилчууд тус хэсгийг тэргүүлсэн багтай тоглоно. Е хэсгийн сүүлчийн тойргийн тоглолтууд болохын өмнө Аргентины "Ривер Плейт" баг 4 оноотой байгаа бөгөөд гоолын зөрүүгээр Италийн “Интер” багийн өмнө бичигдэж байна. Гуравдугаарт, 2 оноо авсан Мексикийн "Монтеррей" баг, дөрөвдүгээрт, одоогоор оноо аваагүй байгаа Японы "Урава Ред Даймондс" баг орж байна.

Герман, Бразилын багуудаас өмнө шөвгийн 16-д найман баг шалгараад байсан бөгөөд Францын “Пари Сен-Жермен” баг АНУ-ын “Интер Майами”-тай, Бразилын "Палмейрас", "Ботафого" багууд хоорондоо, Германы “Бавариа” баг Бразилын “Фламенго”-той, Английн “Челси” Португалын “Бенфика”-тай тус тус тоглоно.




Эдгээр тоглолт 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 1-нд явагдана.




АНУ-ын хотуудад болж буй клубүүдийн ДАШТ-д анх удаагаа 32 баг оролцож, 8 хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд хэсэг тус бүрээс хоёр баг шөвгийн 16-д шалгарч, тоглолтоо үргэлжлүүлнэ.



Финалын тоглолт долоодугаар сарын 13-нд болно. 


Б.Адъяахүү