sonin.mn

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа дархан хилийн амь, дайчин хилчдийн үргэлжлэл дэслэгч О.Ууганбаярыг урилаа. Тэрээр хүндэт хилчин, хошууч генерал Чогын Сандрын нэрэмжит Цэргийн гавьяаны одонт хилийн цэргийн 0131 дүгээр ангийн эх оронч З.Жигжидсүрэнгийн нэрэмжит дугаар салбарын захирагчаар ажиллаж байна. О.Ууганбаяр нь 2020-2024 онд ДХИС-ийн Хилийн албаны сургуулийг цэргийн сэтгэл судлал мэргэжлээр сурч, төгсөөд тус салбарт хуваарилагджээ. Бид түүнтэй Монгол Улсын урд захын цэг, торгон хилийн багана орох урт холын аян замдаа ярилцсан юм.


 


-Туурга тусгаар Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист үргэлжлэх торгон хилийн офицер болох сонголтыг хийсэн түүхээс тань яриагаа эхэлье. Юу таныг ингэтлээ татав?


-Аз нь шовойсон аавын хүү хил манадаг гэж ярьдаг шүү дээ.


Би бага балчир байхаасаа цэргийн хүн болно гэж мөрөөддөг байлаа. Гэхдээ дотроо яаж салбарлаж, ямар үүрэг гүйцэтгэдгийг нь мэдэхгүй байж. Удалгүй 2017 онд ахлах сургуулиа төгсөөд цэргийн хүн болох тухайгаа ээждээ хэлтэл дургүйцсэн. Тэгээд ээжтэйгээ хамт Хөвсгөл аймагт очиж ЭЕШ-аа өгөөд СУИС-ийн маркетинг, менежментийн ангийн хуваарь авлаа. Гэхдээ суралгүйгээр аравдугаар сард нь цэрэгт явчихсан. Ингээд Эрдэнэтийн зэвсэгт хүчний ангид хугацаат цэргийн албаа хаасан юм.


Манай аав, ах нар хилийн цэргийн хүмүүс. Тэр ч утгаараа юм уу хилийн цэрэг гоё санагдаад 2019 онд Хөвсгөлийн 0257 дугаар ангид гэрээт хилчнээр орсон. Ингээд дараа жилийнхээ зургаадугаар сард ДХИС-д дэвшин суралцахаар томилогдсон юм.


-Үнэхээр хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэж, энэ албыг сонгожээ. Тэгвэл өмнөд хилд ирэх нь томилгоо байв уу. Эсвэл таны хүсэлт үү?


-Эх орныхоо хилийг манана гэдэг нэр төртэй, сайхан алба. Өглөөний мандах нарыг эх орныхоо торгон хил дээрээс харна гэдэг хэр баргийн аавын хүүд олдоод байдаггүй аз хийморь, хувь завшаан гэж боддог. Энэ бүхнийг үгээр хэлж, үзгээр бичиж барамгүй сайхан санагддаг.  


Би сонсогч байхдаа Сэлэнгэ, Увс гээд дандаа хангайн бүсэд дадлага хийдэг байлаа. Ингээд дөрөвдүгээр курстээ ороод “Би офицер болоод амьдрал дээр гарах гэж байна. Хаашаа явах уу. Хаанаас эхлэх вэ” гэж бодож эхэлсэн. Хүмүүс бол наран мандах нутаг Дорнодоос эхэл гэж зөвлөж байлаа. Тэгэхээр нь бас явчихдаг ч юм уу гэж бодож байгаад Монгол орныхоо өмнөд хилийг хамгаалж байгаа отрядаас эхлэхээр шийдсэн. Үүнээс гадна хангай нутгийн хүүхэд говьд очоод яах бол, өөрийгөө сориод үзье гэдэг үүднээс Өмнөговь руу явах саналаа сургуульдаа өгсөн. Хилийн цэрэгт ажиллаж байгаа хүн бүхэн Монгол орныхоо дөрвөн захын цэгийг хамгаалж, хариуцсан отрядад алба хаахыг хүсдэг болов уу.




-Өргөсөн тангарагтаа үнэнч эх орны хүү болоод явж байхад омогшиж, бахархмаар зүйл олон тохиолддог болов уу?


-Би спортын хүн болоод ч тэр үү сэтгэлийн хөөрөл ихтэй. Анх 0131 дүгээр ангид ангийнхаа гурван найзтай дөрвүүлээ хуваарилагдлаа. Их догдолсон. Гэхдээ түүнээс илүү 2024 оны долоодугаар сарын 31-нд 17 цагийн үед энэ застав дээрээ шинэхэн дэслэгч заставын орлогчоор томилогдож ирсэн тэр үе байна. Заставын даргадаа тушаалаа танилцуулаад илтгэх тэр мөчид хамгийн ихээр омогшиж, догдлоод хоолой зангиран нулимс цийлгэнэж байсан. Хамт олон, цэргүүд харж байхад уйлж болохгүй шүү дээ. Дараа нь Өмнөговьд ирснээс хойших анхны хилийн манаандаа яваад “Энэ хилийн баганаас цааш нэг алхахад хүний нутгийн газар шороо” гэж бодоход өөрийн эрхгүй бас их омогшсон. Тэгээд тухайн үеийн тэр мэдрэмжээ шүлэг болгон буулгасан байдаг. Заримдаа урлагийн бүлгийнхэн ирэхээр тэр шүлгээ уншдаг юм. Ер нь хилийн багана дээрээ очих бүрд омогшил, бахархал төрдөг дөө.


-Хангай нутгийн хүү говийн байгаль, цаг уурыг хэрхэн төсөөлж байв. Төсөөлөл, бодит байдал хоёрт зөрүүтэй тал үүсэв үү?


-Говийг битүү элс, халуун нар хоёроор төсөөлж байлаа. Аймгийн төв дээр ирэхэд халуун байсан ч төв суурин газар болохоор хүйтэн ус аваад уучихна. Хүсвэл толгойгоо норгочихно. Харин застав дээрээ ирсний маргаашаас нь халуун гэх зүйлийг биеэрээ мэдэрч эхэлсэн дээ. Толгойгоо усаар норгосон ч таван минут болохгүй хатчихна. Тэгээд үнэхээр шандас сорьсон, тэсвэр тэвчээр шаардсан зүйл байна даа гэж бодож билээ. Удалгүй хоёр сар гаруй болоод дасаад одоо халуунд байгаад сурчихсан.


Харин байгалийн хувьд төсөөлснөөс өөр байсан. Хүмүүс говийг усгүй гэж боддог санагдсан. Гэтэл энд гоё сайхан цогцолсон баян бүрд, уул ус тэгширсэн байгалийн сайхан бүгд байна. Энэ бүхнийг найз нөхөд, гэр бүлийнхэндээ бас дуулгаж байгаа.


-Та хилчин байхын хамгийн үнэ цэнтэй зүйлийг юу гэж боддог вэ?


-Та бүхэн бүтэн нойртой хонож байгаа нь хилчин байхын хамгийн үнэ цэнтэй зүйл юм даа. Монгол Улс одоо тайван цагийн байдалд байна. Хэрэв ямар нэгэн зүйл болбол бидний хамгаалж буй 8252,658 км үргэлжлэх Монгол Улсын хилээр нэвтэрнэ. Эсвэл агаарын хилээр орж ирнэ. Тиймээс ард иргэд та бүхэн тайван сайхан хонож байгаа нь хамгийн том бахархал юм.


-Энэ газар нутгийг авч үлдэхийн тулд үе үеийн хилчдийн хийсэн тулалдаан, тэднийг дурсах түүх агуу байдаг. Танай застав ч бас нэг төлөөлөл нь шүү дээ?


-Монгол Улсын нутаг дэвсгэр бүр өөрийн гэсэн түүхтэй. Тэр ширхэг чулуу, алга дарам хөрсөн дор хүртэл нэгэн эрэлхэг аавын хүүгийн бүлээн цус урсаж байгаа. Энэ дунд намайг хамгийн их омогшуулж, бахархуулсан зүйл бол эх оронч З.Жигжидсүрэн гэх хүний буун дуу гаргалгүй 120 зэвсэгтэй хил зөрчигчийг барьсан түүх байна. Та бүхний мэддэг баруун хилийн тулгаралт Байтаг Богдын тулаантай дүйцэх зүйл юм. Тэр их эр зориг, уран ухаан хэр баргийн аавын хүүгээс гарахгүй. Үүний дараа мэдээж Монгол Улсын урд захын цэг байна. Олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн, энэ багахан газрыг хариуцан хамгаалж байгаагаараа их бахархдаг.



-Ярианы эхэнд дурдлаа. Аав нь бас хилийн цэргийн хүн бололтой?


-Миний төрсөн аав ээж хоёр 2017 онд хоёр тийш болсон юм. Ээжийн маань сүүлд ханилсан хүн буюу аав маань насаараа хойд хилийг хамгаалж, тэр отрядад ажилласан хүн байдаг. Намайг төрсөн хүү шигээ хайрладаг болохоор би хойд аав гэж дуудах дургүй.


Би мөрөн дээрээ мөрдэстэй, малгайн дээрээ соёмботой хүн бүрийг хүндэлдэг. Малгайных нь соёмбо ногоон байх юм бол бүүр их хүндэлж, өөрийнхөө ах, дүү шиг хайрладаг.


-Хугацаат цэргийн алба хаагчид эр цэргийн тангаргаа өргөх гэж байна. Энэ үед мөн таны тангараг өргөж байсан торгон агшин тодхон санагдаж байгаа болов уу?


-Би 2017 оны арваннэгдүгээр сарын 24-нд “Эх орноо батлан хамгаалагч дайчин би өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ” гээд цэргийн тангараг өргөж байлаа. “Би эх орноороо овоглосон эх орны хүү боллоо” гэж бодоод өөрийн эрхгүй уйлсан. Бас ээж минь “Миний хүү” гээд нүдэндээ нулимстай хараад зогсож байгаа нь бүр их уйлуулсан.


18 нас хүрээд эцэг эхийнхээ өврөөс дөнгөж гараад цэргийн албанд татагдаад тийм мэдрэмж аван зогсож буй хөвгүүд нялхаараа байдаг юм аа. Энд бид эх оронч үзэл, хилч ухаан, эр зориг, тэвчээр хатуужлыг суулгадаг юм. Тангараг өргөнө гэдэг чинь бас сайхан зүйл шүү дээ.


-Та салбарын захирагч болоод анхны хугацаат цэргийн алба хаагчдаа хүлээж авах гэж байна. Шинэ цэргүүдтэйгээ ямар арга барилаар ажиллах вэ?


-Хэн хэнийх нь л анхных болж байна. Тэр цэргүүд анх удаа заставд ирэх гэж байна. Би заставын дарга болоод анх удаа цэрэг хүлээж авах гэж байна. Хоёр талдаа л сандралтай байгаа болов уу. Шинэ цэргүүдээ яаж хүлээж авдаг байсан тэр уламжлалын дагуу хүлээж авна. Харин арван сарын дараа отряд руу буцахад нь нэгийг бодож хоёрыг тунгаадаг. Эх орон, эцэг эхээ хайрладаг. Хамгийн гол нь айлын сайхан аавын үр, ээжийн охиныг гомдоочихгүйгээр амьдралаа аваад явах хэмжээний хүмүүжлийг олгоод буцаах нь миний нэн чухал ажил, үүрэг гэж бодож байна. Тийм болгохын тулд мэдээж ур ухаан зарна. Хичээл зүтгэлээ зориулна.


П.ЛХАГВАЖАРГАЛ


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин