sonin.mn

Хүн бүрийн намтар түүх дахин давтагдашгүй. Яг л алганы хээ мэт. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа биеийн тамир спортын хороо болон Монголын спортын хорооны мастер, Соёлын тэргүүний ажилтан Д.Сүхбаатарыг урилаа. 


 


Эдээ хуваахад бэрх атал энэ хорвоод төрсөн үрээ хүнд өгнө гэдэг юутай ч зүйрлэмгүй

 


Өгөөмөр нинжин сэтгэлийн эсвэл хэлсэндээ хүрдэг эр хүний гэх үү сонирхолтой нэгэн түүхээс нийтлэлээ эхэлье.

Биокамбинатын онцгой байдлын газрын гал унтраах машины жолооч Д.Дамдинсүрэн эхнэрийн хамт амьдардаг. Тэрээр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул. Бусдын адил сэтгэл зүрх нийлээд хувь заяагаа холбож үрийн зулай үнэрлэсэн боловч бурхан бяцхан үрд нь дэндүү богино нас заяажээ. Ийнхүү хосууд хоёр биеэ түшин хорвоогийн өдөр хоногийг эрээнтэй бараантай өнгөрүүлж байв.

Нэг өдөр Д.Дамдинсүрэн Улаанбаатар хотын төв орж ажил амжуулаад буцаж явтал халмагхан нэг эр ардаас нь өшиглөв.


Юу билээ гээд эргээд хартал чухамдаа нөгөө эр хүн андуурсан нь тэр. Ийнхүү эрчүүд болсон хойно нударга зөрүүлээд сууж явсан машиныхаа ачаан дээрээс хамтдаа унаад цагдаа сэргийлэх болж гэнэ.



Аав Гончигжав, ээж Сэржээ болон ах, дүү нарын хамт. 


Гэтэл нөгөө хоёр чинь “Бид хоёр найзууд. Нэг дор амьдардаг юм. Тэврэлдэж байгаад уначихлаа” гэж хэлээд тэндээс гарчээ. Тэрхүү хүн андуурдаг нөхөр бол ЗХУ-д малын их эмчээр сурч ирээд Биокамбинатад мэргэжлээрээ ажиллаж байгаа өнөр өтгөн айлын өрхийн тэргүүн Гончигжав гэх хүн аж.Тэрээр Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул.


Ийнхүү шинэхэн найзууд Гончигжавын мал эмнэлгийн газар ирээд спирт найруулж уусан шигээ амьдралын хатуу хүтүү, жаргал зовлонгоо хуваалцав. Энэ их ярианы дараа Гончигжав “Та хоёр өдий насан дээрээ хүүхэдгүй үлдсэн. Би өрөвддөг. Сая төрсөн хүүгээ танайд өргүүлнэ” гэх чихэндээ итгэмгүй мэдээг дуулгажээ. Тэгэхээр нь Д.Дамдинсүрэн эхнэртээ ирээд энэ баярт мэдээг дуулгатал “Согтуу хүмүүсийн аль солиорохыг тэр гэх үү” гээд итгэсэнгүй. Гэтэл хэлсэндээ хүрдэг эр хүний аугаа өгөөмөр сэтгэл гаргаж бяцхан үрээ Дамдинсүрэнд өргүүлсэн гэдэг.

Жавар хургасан гэрт жаал хүүгийн инээд цалгиж, хатсан булаг эргээд урсах шиг болов. Эдээ хуваахад бэрх атал энэ хорвоод төрсөн үрээ хүнд өгнө гэдэг юутай ч зүйрлэмгүй. Энэ бол тэртээх 1952 оны үед болсон бодит түүх юм. 73 жилийн өмнө хоёр аав, хоёр ээжтэй болсон хүү бол манай нийтлэлийн баатар Д.Сүхбаатар билээ. Тэрээр төрөхөөсөө өтлөх хүртэл хүн зонд инээмсэглэл бэлэглэсээр байна.


Д.Сүхбаатар гуай төрсөн эхээсээ есүүлээ. Өнөр өтгөн энэ айлын дунд хүү нь. Хэдийгээр өөр айлд өргүүлсэн ч үргэлж ах дүүстэйгээ холбоотой байдаг байсан тухайгаа дурсана. Мэдээж бяцхан хүүг аав ээж нь дагуулан явж уулзуулна. Харин одоо Д.Сүхбаатар гуай өөрөө өнөр өтгөн гэр бүлийг цогцлоож, нэг хүү, хоёр охиноосоо салаалсан ач, зээ олонтой. Гэхдээ түүний амьдралд нэгэн түүх дахин давтагдсан юм.

Түүний бага нас Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчмоор өнгөрчээ. “Би багийнхаа зургийн цомгийн нүүрэнд “Тулгийн гурван чулуу шиг туждаа хамт явах юм сан” гэж бичсэн байдаг. Тэр ч утгаараа айлын ганц өргөмөл хүү ижий аав хоёртоо эрх танхи өссөн” гэж ярихад л харцнаас нь үнэн гэдэг асгарч байв.


 


“Авьяас билгийн чинь өмнө амьсгаа дарав ... Би ...”


 


Тэрээр Толгойтын 12 дугаар сургуулийг 1970 онд тун сайн дүнтэй дүүргэжээ. Ингээд тухайн үеийн их сургуульд элсэх журмын дагуу цэргийн сургуулийн хуваарь авах гэтэл байсангүй. Долоодугаар ангидаа хэдэн нөхдийн хамт түүхийн камбинатаа тохижуулж байсан удаатай тул энэ авьяасдаа тулгуурлаж Дүрслэх урлагийн сургуулийн хуваарь авах гэсэн бас байсангүй. Тэгэхээр нь ангийнхаа хоёр хүүгийн хамт гурвуулаа нөхдөөрөө үдүүлж цэргийн албанд татагдсан гэдэг. Тэдний нэг нь Ардын жүжигчин Т.Гүрсэд аж.


18 настай Д.Сүхбаатар хүү холбооны 013 дугаар ангид хуваарилагдаж, очсон цагаасаа зураг зурах авьяасаа улам хөгжүүлжээ. Бага дарга нарын дууны дэвтэр дээр шүлэг бичиж, зураг зурж чимэглэнэ. Угтаа сургуульд ороогүй бяцхан хүү хятад номын хавтасны зураг дуурайж зурж эхэлсэн гэдэг. Унаган энэ авьяасаа тордож, өнгөлсөөр шог зургаараа нэрд гарсан юм. Тэр ч байтугай “Өөр инээмсэглэл 1” шог зургийн үзэсгэлэнгээ 1991 онд “Офицеруудын ордон”-д үнэ төлбөргүй анх гаргажээ. Харин удахгүй “Өөр инээмсэглэл 7” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Ингэхдээ тэрээр хар тосон юм уу үзгэн балаар зурдаг. Харин энэ удаагийн үзэсгэлэндээ дээл хувцсыг нь өнгөтөөр зурж байгаа аж.


Тэрээр дан шог зураг зураад зогсохгүй элэглэл бичнэ. Элэглэхдээ уран яруу хийгээд хурц тод. Гайхам энэ авьяас билиг нь түүнийг энэ зууны суутнуудтай нөхөрлөхөд саадгүй гүүр болж байсан гэнэ. Тэр ч байтугай Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай түүний зурсан шог зурган дээр “Авьяас билгийн чинь өмнө


Амьсгаа дарав ... Би ...” гэж бичээд гарын үсгээ зурж бэлэглэсэн байдаг. Энэ тэргүүтэй энгийн нэгэн ардаас эгэлгүй нэгний хүртэл хөргийг үзгэн балаар зурж явна. Одоо тэрээр “Тэнгисийн өвөө” гэдгээрээ алдаршсан. Бидний хэн нэгэн Тэнгис кино театрт шог зураг зураад сууж байдаг шляп малгайтай өвөөг харж байсан байх. Цаашлаад өөрийгөө зуруулж ч байсан байж магадгүй.


Түүнчлэн тэрээр бүх найрагчид ордог “Эх орны цэрэг”, “Болор цом” зэрэг яруу найргийн наадамд оролцдог байжээ. Энэ тухайгаа “Тухайн үед “Болор цом”-той эн тэнцэх “Найрагчийн хурим” гэж наадам болдог байлаа. 1991 онд З.Дорж гуайн урилгаар анх тайзан дээр элэглэл уншиж байсан” гэв. Түүний элэглэл хийх болсон түүх нь 1982 оноос эхлэлтэй аж. Ардын уран зохиолч П.Бадарч гуайг зурж, элэглэл бичин “Улаан од” сонинд анх хэвлүүлсэн гэдэг. Удаагаар нь Тоншуул, Хөдөлмөр, Үнэн, Утга зохиол-Урлаг зэрэг сонинд хэвлүүлж байсны нэг нь манай “Зууны мэдээ” сонин юм. Ингэхдээ “Зууны мэдээ” сонины эрхлэн гаргадаг “Өөр мэдээ” сонины “Өөр инээмсэглэл” буланд нөхөрсөг шог зураг, элэглэлээ хоёр жил гаруй гаргажээ.


Мөн найрагч маань ая хийсэн найман дууны шүлэгтэй. Тэр дундаас түмэнд хамгийн их хүрсэн нь “Хайрын бурхан хань” дуу билээ. Нэгэн эрхэм түүнийг зорин ирж, “П.Адарсүрэнд зориулсан шүлэг чинь их сайхан юм. Миний ханьд зориулаад нэг шүлэг тэрлээд өгөөч” гэж хүссэний үндсэн дээр бүтсэн түүхтэй.


 


Зураач хүүгийн офицер болох мөрөөдөл


Өвөө Дорж, аав Д.Дамдинсүрэн, ээж Д.Мягмар нарын хамт.  


Нийтлэлийн баатар маань энэ амьдралаа зөвхөн зураг зурж, шүлэг бичихэд зориулсангүй. Цэргийн албаа нэр төртэй хааж, офицер болох хүсэл мөрөөдөл тээн МАХН-ын орлогч гишүүнээр элсжээ. “Тэр үед намд элсэнэ гэдэг алдар гавьяаны хэрэг байлаа” гэж суусан юм. Ийнхүү тэрээр офицерын түр курст сурч, бага дэслэгч цол хүртэж мөрөөдлийнхөө захаас атгаж эхлэв. Дараа нь Баянчандманийн засмал зам тавьдаг цэргийн ангид зургаан жил ажиллаад Улаанбаатар хотод танкийн ангид хуваарилагдсан байна. Түүнчлэн 197 дугаар ангийн холбооны баталлионд салбарын улс төрийн орлогчоор ажиллаж байхдаа Цэргийн нэгдсэн дээд сургуулийн дэргэдэх Марксизм, Ленинизмийн оройн их сургуулийг төгсжээ. Ийнхүү дээд боловсролтой офицер болох мөрөөдлөө биелүүлж, 20 гаруй жил ажилласны эцэст хошууч цолтой гавьяаны амралтдаа гарсан юм. Угтаа түүнд дэд хурандаа цолоо аваад орон нутагт томилогдож ажиллах санал тавихад үр хүүхдээсээ хол амьдармааргүй байна гээд татгалзсан юм гэнэ лээ.


Тэтгэвэрт гарсныхаа дараа “Sky” худалдааны төв байгуулагдахад хамгаалалтын албаны даргаар ажилд оров. Мөн түүний зэрэгцээ арваад жил загас барих хоббигоо хөгжүүлсэн нэгэн. Харин нэг удаа Туул голын салаанд ороод загасчилж байтал эмэгтэй хүн орилжээ. “Юу болов гээд хартал нэг хүү урсаж байна. Тэгэхээр нь хамаг юмаа хаяад нөгөө хүүг аврах гээд ус руу орчихсон. Тэр хүүгийн ганц авралын од нь би байсан учир хаа гуяыг нь бараг ханзартал шүүрээд авлаа. Гэтэл хөлгүй гүнзгий усанд усны гутлаа дийлэхээ байсан. Тэгээд сэлж болдоггүй. Яаж ч болдоггүй. Хоёулаа урсаад хамтдаа үхэх шахсан. Эцэст нь арай хийж нэг эрэг дээр гарсан” гэх түүхийн эзэн бол мөн л манай нийтлэлийн баатар Д.Сүхбаатар юм. Тэрээр өөрийн зурсан зураг, бичсэн элэглэлээс гадна алдрай бяцхан хүүд амьдралын инээмсэглэл бэлэглэжээ.


 




Бокс тулааны спортын 16 төрөл шүүж, 38 удаа шилдэг шүүгчийн шагнал авчээ



Түүнийг цэргийн алба хааж байхад бокс, байлдааны самбоор хичээллэдэг хоёр хал цэрэг байж. Тэдэнтэй эр хүний ёсоор нөхөрлөж, мэддэг чаддаг зүйлсээ нэгэндээ хуваалцаж тамирчны замналаа эхлүүлэв. “Айлын ганц хүү зодоон нүдээн, архи тамхинаас хол томоотой өссөн. Бараг лам шиг нөхөр байж билээ” гэж ганц нэгхэн наргиан хийнгээ яриагаа үргэлжлүүлнэ.


Ийнхүү боксын спортод зүрх сэтгэлээсээ татагдаж, тууштай хичээллэж эхэлжээ. Гэтэл 1977 онд харамсалтайгаар машины осолд орж түнхээ мулталж, дөрвөн хавиргаа хугалаад зургаан сар завсарласны эцэст спортдоо эргэн оржээ. Удалгүй дараа жил нь арван хоёр нугалаа гэдэс, ходоодны шархтай болж, цус алдаж байв. Гэвч тэрээр шархаа сэтлэн байж дөрвөн жил тулалдсаны эцэст спортын мастер болсон юм. Хүү С.Шинэбаяр нь нэгэн ярилцлагадаа “Манай аавыг ид бокс тоглож байхад Оросын тамирчид жийрхдэг байсан гэж үеийнхэн нь ярьдаг юм” гэв. Залуу насандаа боксын спортоор халгиж залгиж явсан тэрээр аажимдаа тус спортынхоо төрлүүдийг шүүх болжээ. Тухайлбал, бокс тулааны спортын 16 төрөл шүүж, нийт 38 удаа шилдэг шүүгчийн шагнал авсан юм. Ийнхүү 2000 онд мэргэжлийн боксын олон улсын шүүгч болсон билээ.


Түүнчлэн энэ спортдоо хийх ажлаа өргөжүүлсээр тулааны спортоо тайлбарлах болов. Үүгээр зогсохгүй 2008 онд Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарын олимпын медаль хүртэж байхад “25” дугаар телевизээр бүтэн тайлбарлаж байснаараа ихэд бахархдаг аж. Мөн 2012 оны Лондоны гээд олон тэмцээн тайлбарлаж, үзэгч түмэндээ өөрийн дуу хоолойгоо хүргэж байв. Энэхүү спортын тайлбарлагчийн замналыг нь Д.Баяр гэх багш нь заажээ. Сонирхолтой нь тэд анх боксын ринг дээр тамирчин шүүгчийн хувиар танилцаж, Д.Сүхбаатар гуайг дүрмийн бус цохилоо гэж торгож байсан нэгэн аж.


Тэрээр мөн орос бялард, цэнгээнт бүжгийн мастер. “Би долоодугаар ангид байхдаа хоккей тоглож яваад таван шүдээ цөмлөсөн хүн. Саваагүй гэх юм уу даа. Дараа нь мотоциклын спортоор уралдана гэтэл аав ээж хоёр аюултай гээд зөвшөөрөөгүй. Гэхдээ дуртай зүйлээ орхилгүй явсаар хожим мото спортоо шүүсэн. Монголд бартаат замын уралдаан анх болоход тайлбарласан” гэх дурсамжаа дэлгэнэ. Одоо тэрээр Монголын боксын холбооны ахмадын зөвлөлийн нарийн бичгийн сонгуульт ажилтай ажээ.


 


 “Миний шүтээн бол аав ээж минь”

Эхнэр Оюуны хамт.



Д.Сүхбаатар гуайн ханийг Оюун гэдэг. Тэд Баянчандманьд ажиллаж байхдаа танилцсан аж. Түүний гэргий Багшийн дээдийн хэл, уран зохиолын ангийг төгсөж, олон шавь төрүүлсэн алтан гарт багш юм. Тэд ханилан суугаад охин, хүү хоёртой болсон дараагаа эхнэрийнхээ дүүгээс 11 настай охин өргөж авч, ам бүл тавуулаа болжээ. “Хадам дүү маань хоёр дахь амьдарлаа зохиоход 11 настай охин нь хойд аавыгаа хүлээн зөвшөөрөөгүй юм. Тиймээс бид ярилцаж байгаад санал тавиад өргөж авсан. Одоо миний охин сайн ханьтай, сайхан ажилтай амьдарч байна. Би өөрийн эхнэр, үр хүүхдээс гадна эхнэрийнхээ тэнгэрт харьсан дүүгийн охиныг сайхан өсгөсөндөө баярлаж явдаг” гэсэн юм.


Том охин С.Шинэцэцэг аялал жуулч­лалын компанийн гүйцэтгэх захирал. Гадаад, дотоодын олон дээд сур­гууль төгсөж, мэргэжилдээ эзэн бол­сон нэгэн аж. Багад нь түүнийг аавынхаа “Үлгэр загвар” гэж хочилдог байс­ан нь усны дусал мэт адилхан болохоор тэр шүү дээ” хэмээн хүмүүс хэлдэг гэнэ. С.Шинэцэцэг аавынхаа авьяасыг өв­лөж, монгол зураг зурж, арьсан урлал хийдэг аж.


Харин хүү С.Шинэбаяр нь аавынхаа спортын замналыг үргэлжлүүлжээ. Одоо Английн иргэншил аваад Ман­честер хотод өөрийн клубыг байгуулж, эхнэр хоёр хүүгийн хамт амьдарч байна. Багаасаа аавыгаа дагаж боксын тамирчны замналыг сонгосон тэрээр “Shinny” нэрээр олон улсад алдаршжээ. С.Шинэбаяр нь боксын спортын ОУХМ, Зүүн Азийн спортын наадмын хүрэл, Монгол Улсын аварга юм. Мөн Английн аварга болсон манай улсын анхны төдийгүй цорын ганц боксчин гэдгээр нь түүнийг хүмүүс сайн мэднэ. “Английн иргэн болоогүй бол тэр аваргын бүсийг зүүх эрхгүй болох байсан. Тиймээс иргэншлээ солиход нь дургүйцээгүй. Энэ бол спортын төлөө хийсэн түүний сонголт учир хүндэтгэдэг” гэж ярих төдийд түүнийг хүүгээрээ ямар их бахархдаг мэдрэгдэж байв. Ач хүү Ш.Авид нь одоо 16 настай. Хөл бөмбөгчин. Английн насныхаа ангиллын лигт жилдээ 30 гаруй гоол хийж яваа гэнэ. “Миний шүтээн бол аав ээж минь. Ээж минь үгүй бол би яаж төрөх вэ. Аав минь үгүй бол би яаж хүн болох вэ. Мөн төрүүлэхээс бусдыг хийсэн ижий аав минь бас байна. Тэр олон жил миний дэргэд байж намайг хүн болгохдоо хэрэлдэж үзээгүй. Манай аав ээжийг нясалж ч үзээгүй. Би тийм л хайр дүүрэн гэр бүлд өссөн. Халуун дотно энэ хандлага намайг их зүйлд уриалсан гэж боддог. Мөн манай аав хэрэгцээнээс гарсан галын машиныг засаад ажилд оруулаад гавьяа байгуулж байсан хүн. Тэр бол мундаг. Мөн дөрөвдүгээр анги төгссөн хүн мөртөө хими мэддэг. Цаашлаад гэрийн нөхцөлд толь цайрдаж, цаг засна. Тэгж нэмэлт орлого олдог байсан. Ийм хүнийг харж өссөн би “Цалин миний эцсийн хангамж биш юм байна. Өөрөө өөрийгөө нээж, хөгжүүлэх хэрэгтэй юм байна” гэж бодсоор өдийг хүрсэн” гэсээр бидний яриа өндөрлөв.


Өөр инээмсэглэл бэлэглэгч “Тэнгисийн өвөө”-гийн амьдралын хүрд ийнхүү эргэсээр байна.


  

П.ЛХАГВАЖАРГАЛ


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин