sonin.mn

Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам лхагва гарагт мэдэгдэхдээ, өөрийн нас барсны дараа дахин төрнө гэж баталж, хойч дүрийг нь тодруулах цорын ганц эрх бүхий байгууллага нь өөрийн байгуулсан Гаден Подрангийн сан байх болно гэжээ. Энэ нь түүний хойч дүрийг Хятад улс сонгоно гэх Бээжингийн мэдэгдлийг эрс няцаасан хэрэг юм.

Нобелийн энхтайвны шагналт Далай лам энэ долоо хоногт 90 нас хүрэх гэж байгаа бөгөөд энэхүү мэдэгдэл нь түүнийг нас барсны дараа Далай ламын институци үргэлжлэх эсэх талаар олон жилийн турш яригдсан таамаглалуудыг эцэслэж байна. Түүний төрсөн өдрийн баярыг АНУ, Энэтхэг, Хятад зэрэг улс орнууд хойч залгамжлагчийн асуудлаар анхааралтай ажиглаж байгаа ажээ.


“Далай ламын институци цаашид оршин тогтноно гэдгийг би албан ёсоор баталж байна,” хэмээн тэрээр Хималайн нурууны бэлд орших Энэтхэгийн Дарамсала хотод болсон Төвөдийн шашны 15 дахь удаагийн шашны бага хуралд илгээсэн видео илгээлтдээ хэлжээ.


Энэхүү арга хэмжээнд 100 гаруй төвөд лам хувраг, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сэтгүүлчид болон Холливудын жүжигчин, Далай ламын ойр дотны дэмжигч Ричард Гир зэрэг зочид оролцсон байна.


Далай лам 1959 онд Хятадын эрх баригчдын эсрэг бослого бүтэлгүйтсэний дараа Төвөдөөс дүрвэж Энэтхэгт ирсэн. Бээжин түүнийг салан тусгаарлагч хэмээн үздэг. Тэрбээр өмнө нь хойч дүр нь Хятадын хилээс гадуур төрнө гэж мэдэгдэж байсан ба Бээжингийн томилсон хойч дүрийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг шүтэн бишрэгчдэдээ уриалж байв. Зарим үед бүр дахин Далай лам төрөхгүй байж магадгүй гэж хэлж байжээ.

“Сан болон төвөдийн шашны уламжлалт удирдлагууд хамтран өнгөрсөн үеийн заншлын дагуу хойч дүрийг хайх, тодруулах үүргийг гүйцэтгэнэ. Үүнд гаднын хэн ч хөндлөнгөөс оролцох эрхгүй,” хэмээн тэр онцоллоо.


Төвөдийн уламжлалд ахмад лам нас барах үед түүний сүнс дахин төрж, нэгэн хүүхдийн биед шингэн төрдөг гэж үздэг. Одоогийн 14-р Далай лам нь 1935 оны 7-р сарын 6-нд Чинхай мужид тариачин айлд мэндэлж, хоёр настайд нь түүнийг урьдын Далай ламын хойч дүр болохыг тэмдэг илрүүлсэн лам нарын баг тодруулсан байдаг.


Хойч дүрийн талаар бичгээр заавар гараагүй


Гаден Подрангийн Сангийн ахлах албан тушаалтан Самдхун Ринбоче сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Далай ламын биеийн байдал сайн байгаа ба хойч дүрийн талаар одоогоор ямар нэгэн бичгээр өгсөн заавар байхгүй гэжээ. Тэрбээр хойч дүр нь аль ч хүйсийн хүн байж болох бөгөөд заавал Төвөдийн иргэн байх шаардлагагүй гэв.

Харин Хятад улс Далай ламын хойч дүрийг сонгох эрхийг түүхэн уламжлалаас улбаалан өөрсдөдөө хадгалдаг хэмээн мэдэгдсээр ирсэн. Тэд 1793 онд Чин гүрний үед үүссэн “алтлаг ваарны заншил”-ыг баримталж, хойч дүрийг Хятадын хил дотроо тодруулах ёстой гэдэг байр суурьтай байдаг.


Төвөдийн удирдлага шинэ санхүүжилтийн эх үүсвэр хайж байна


Төвөдийн засгийн газрын (дүрвэгсдийн) удирдагч Пенпа Цэрэн мэдэгдэлдээ, хэрэв эрүүл мэндийн байдал нь зөвшөөрвөл Далай лам Төвөд рүү зорчиход бэлэн хэмээжээ. Тэрээр мөн АНУ төвөдийн дүрвэгсдэд олгох санхүүжилтийн зарим хязгаарлалтыг цуцалсан талаар дурдаж, одоо шинэ санхүүгийн эх үүсвэр хайж буйг хэлэв.


АНУ-ын зүгээс Хятадын нөлөөг эсэргүүцэж, Төвөдийн хүний эрхийг дэмжих байр сууриа бататгасан хэвээр байгаа бөгөөд Америкийн хууль тогтоогчид ч бас Далай ламын хойч дүрийг сонгох асуудалд Хятадын оролцоог хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн хэвээр байна.


Эх сурвалж: reuters.com


Орчуулсан М.Чойжал