
Сүүлийн үед “...Парламентын дархлаа суларч байна” гэх үгс илүү тод яригдах болов. Уг нь, энэ яриа олон жилийн өмнө эхэлсэн ч энэ удаад “...Илүү хүндэрсэн” гэх утгатай болж иржээ. “...Гээндээ ч, гоондоо ч” гэдэг шиг энэ нь УИХ-ын гишүүдээс, мөн гаднах хүчин зүйлээс хамааралтай байна.
УИХ-ын 2024 оны сонгуулиас хойш Монголын парламент анх удаа 126 гишүүнтэйгээр ажиллаж эхэлсэн. Яг нэг жил болж байна. Энэ хооронд сайнаар, муугаар хангалттай л хэлүүлж авлаа. Хараад байхад, 126 гишүүний муугаасаа сайн тал нь илүү жин дарахаар байгаа юм.
Саяхан судалгааны нэгэн байгууллагаас “...Та энэ УИХ-д итгэж байна уу” гэсэн асуултыг иргэдэд тавьж л дээ. Хариулт нь мэдээж “...Үгүй” гэсэн байна. Араас нь “...Энэ 126 гишүүн урьд өмнөх парламентуудын адил стратегийн ордыг хэн нэгэнд өгөх юм уу, нийтийн эрх ашгийн эсрэг ямар нэг хууль бус шийдвэрийг хуйвалдаад гаргах уу. Юу гэж үзэж байна вэ” гэж асуужээ. Мөн л “...Үгүй” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, судалгаанд орсон иргэд УИХ-ын 126 гишүүнд итгэдэггүй гэх атлаа, тэднийг хуйвалдана гэдэгт бас итгэдэггүй байгаа юм. Энэ судалгааны л дүн, гэхдээ сонирхолтой дүгнэжээ.
Гэхдээ асуудалд няхуур хандаж, саналаа оновчтой өгөх дээр энэ 126 гишүүн онцгой анхаарах хэрэгтэйг судлаачид, туршлагатай парламентчид хэлээд л байх болсон. Сая л гэхэд “Алт-3” аяны хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт алтны олборлолт хийхийг зөвшөөрсөн хуулийг гишүүдийн олонх дэмжсэн. Зарим туршлагатай УИХ-ын гишүүд үүний ард гарах үр дагаврыг бусаддаа анхааруулаад байгаа харагдана лээ.
Ерөнхийдөө, олуулаа мөртлөө эмзэгдүү УИХ үйл ажиллагаа явуулж байна. Тэр хэрээр, зөвхөн үгэндээ ч бус үйлдэлдээ ч хийтэй гишүүд ч цөөнгүй байх шиг байна.
Үүнийг “...Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой” гэдэг шиг тайлж болох ч УИХ үүгээр тайвшрал хийж болохгүй юм. Учир нь, улс төрийн цуу ярианууд дунд “...Удахгүй Ерөнхий прокурор зургаан гишүүнийг эгүүлэн татах саналыг УИХ-д оруулна” гэсэн яриа явж байх юм. Энэ үнэн бол ирэх намраас УИХ бужигнахаад л явчихна. Үүнээс гадна, УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар гэж Дээд шүүхээс ял шийтгүүлсэн гишүүн өнөөдөр УИХ дээр хууль яриад, хүн загнаад сууж байх юм. Ийм эсрэг тэсрэг мөртлөө УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудлууд ирэх саруудад цөөнгүй удаа хөндөгдөх шинжтэй. Явж явж энэ нь парламентын дархлаатай холбогдоно.
Тиймээс улайм цайм гэмт хэрэгт шийтгүүлсэн нөхдүүдийг “ар тал”-аас нь айгаад, эсвэл УИХ-ын бүрэн бүтэн байдал хэмээх хийсвэр символ бодож толгойг нь илэх шаардлагагүй байгаа юм. Харин улс төрийн маш тодорхой шалтгаанаар эгүүлэн татуулахаар “шийтгүүлсэн” гишүүдийг бол хамгаалах л ёстой юм. Яг энэ асуудлыг УИХ дээр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хариуцдаг. Тэгвэл, тус дэд хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ТББХ-ны даргаар болсон. Өнгөрсөн долоо хоногт түүний оронд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг сонголоо. Ингэснээр “...Парламентын дархлаа”-г Ц.Даваасүрэнд даалгаж байгаа хэрэг юм.
Б.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл2
Ц.Даваасүрэн шиг үнэн үгтэй шударга гишүүн байгаа нь яамай даа.
Монголын парламентын дархлаа 10%-тай тэнцүү болжээ!!!