sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-гийн төрийн айлчлал үргэлжилж байна.

Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Дамбадаржаа дахь “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т зочлон, гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.


Хүндэт зочдыг Монголын Улаан загалмай нийгэмлэг (МУЗН)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, орлогч Т.Баярчимэг нар угтан авч, цогцолбор болон менежментийн талаар танилцууллаа.


Цогцолборыг 2001 оны 10 дугаар сард Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, нийслэл хот, МУЗН, Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран байгуулсан юм.


Дэлхийн II дайны дараа японы 14,000 гаруй олзлогдсон иргэнийг Сибирээс авчирч, Засгийн газрын ордны суурь, Дуурийн театр, Гадаад явдлын яамны барилга болон 23 айлын орон сууц, “Элдэв-Очир” кино театр, Улсын төв номын сан, Намын Төв Хорооны 12 айлын орон сууц, Намын сургуулийн хичээлийн байр, Нэгдүгээр амаржих газар, МУИС-ийн байрны өргөтгөл, Их тэнгэр, Сонгино, Нүхт зэрэг газар дахь барилгын бүтээн байгуулалтад ажиллуулсан түүхтэй.



Цогцолборын хадгалалт, хамгаалалтыг гэрээний дагуу Монголын Улаан загалмай нийгэмлэг, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцаж байна.