sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байденын хүү Хантер Байден нэгэн подкастын үеэр Ерөнхийлөгч асан Дональд Трампыг “новшийн дээрэмчин” хэмээн шүүмжилж, түүний цагаачлалын хатуу бодлогыг 19-р зууны Америкийн арьс өнгөний ялгаварлал, Ку Клукс Кланы хүчирхийлэлтэй зүйрлэжээ.

“Channel 5” подкастын хөтлөгч Эндрю Каллахантай хийсэн гурван цагийн ярилцлагад Хантер Байден өөрийн хар тамхины хэрэглээ, уран зурагтай холбоотой маргаан, Трампын мэтгэлцээний алдаа зэргийг дэлгэрэнгүй хуваалцсан байна. Гэхдээ хамгийн анхаарал татсан хэсэг нь түүний цагаачлалын талаар хийсэн хурц шүүмжлэл байв.


Байден түүхэн жишээг дурдан, 1873 онд Луизианагийн Колфакс хотод Ку Клукс Клан болон хуучин Конфедерацийн цэргүүдийн оролцоотойгоор олон хар арьст иргэдийн аминд хүрсэн хэргийн тухай ярьжээ. Тэд тухайн үед Бүгд Найрамдах намын сонгогдсон албан тушаалтнуудыг хамгаалж байсан бөгөөд шүүхийн байрны гадаа олон хүн амь үрэгдсэн байна.


“Тэр үеийнхтэй адил өнөөдөр ч цөөнхийн эрхийг устгах, хүчирхийлэл үйлдэх үзэгдэл Америкт давтагдаж байна. Улс орон маань "байнгын Жим Кроу давталтад" орчихсон мэт санагдаж байна” хэмээн Байден дурдав.


Тэрбээр Трампын 2016 оны кампанит ажлын үеэр хэлсэн “Мексико шилдэг хүмүүсээ илгээдэггүй” гэх үгийг эш татан, түүнийг үндэсний цөөнхийг “ажлыг булаагчид” болгон харуулж, айдас түгшүүрээр улс төр хийдэг хэмээн буруушаажээ.


“Тэд масктай хүмүүсийг илгээнэ. Тэдгээр цөөнхийн бүлгийг барьж, онгоц, автобус, галт тэргэнд суулгаад гадаадын хорих лагер руу илгээнэ. Энэ яг л хорих лагерь. Хэрвээ чи Сальвадорт байрлаж буй тэр шоронтой лагерь биш гэж бодож байвал, чи солиорсон байна” хэмээн тэр уурлан ярьсан байна.

Мөн тэрбээр цагаачдыг гэмт хэрэгтнүүд гэж үзэх нь үндэслэлгүй гэж үзэж, “хууль бус цагаачдаас илүүтэйгээр цагаан арьст эрчүүд хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэх магадлал 4-5 дахин өндөр” хэмээн онцолжээ.


Ярилцлагын үеэр Хантер Байден Трампын засаг захиргааг шүүмжлэхээс гадна Ерөнхийлөгч асан Барак Обамагийн гол зөвлөхүүд, тэр дундаа “Pod Save America” подкастын хөтлөгчид, Дэвид Акселрод, Рам Эмануэль нарыг ч шүүмжилсэн байна. Тэрбээр Акселродын “ард түмний уур бухимдлыг ойлгож, тэдэнд хандах хэрэгтэй” гэсэн санааг үгүйсгэн:

“Тэр цагаан арьст сонгогчдод хэн хандсан юм бэ? 81 настай Жо Байден л хандсан. Тэр хүмүүсийн уур хилэнг биш, харин хүнийг хүндлэх сэтгэлийг нь сэрээж чадсан” гэж хэлжээ.


Ярилцлагын төгсгөлд тэрбээр хэрвээ өөрөө Ерөнхийлөгч байсан бол Сальвадорын Ерөнхийлөгч Найиб Букелетэй хатуу хариуцлага тооцно гэж мэдэгдсэн байна.

“Чи тэр хүмүүсийг буцаахгүй бол би Сальвадорт цэргээ оруулна гэж хэлэх байсан. Тэр бол дарангуйлагч. Энэ бол гэмт хэрэг” хэмээн тэр хэлжээ.


Подкастын хөтлөгч түүнээс "Та Трампыг хэлсэн үү, эсвэл Букелег үү?" гэж асуухад, “Хоёуланг нь” гэж хариулсан байна.


Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Абигейл Жэксон энэ талаар мэдэгдэл гаргаж:


“Америкийн ард түмэнд аз тохиожээ. Учир нь гэрийн муур ч Хантер Байденээс илүү Ерөнхийлөгч болох магадлалтай. Хэрэв хүмүүс түүний солиотой үгэнд итгэдэг байсан бол одоо Камала Харрис Ерөнхийлөгч болсон байх байлаа. Харин ард түмэн Дональд Трампыг дахин сонгосон нь Жо Байдены нээлттэй хил, эмх замбараагүй бодлогыг зогсоох гэсэн шийдэмгий хариу үйлдэл юм” гэжээ.


М.Чой


Эх сурвалж: foxnews.com