
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол дахь Америкийн худалдааны танхимын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон Гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх зэрэг асуудлуудаар талууд санал солилцлоо.
Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт чухал ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Тэрээр хөрөнгө оруулалтыг татаж, олон тулгуурт эдийн засгийг бэхжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, бизнесийн орчныг сайжруулах багц хуулийн төслийг боловсруулж байгааг дурдлаа.
Мөн уул уурхайн салбарын орлогоос хамааралтай байдлыг багасгахын тулд Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх, ялангуяа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг дэмжих нь Засгийн газрын зорилтуудын нэг гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Энэ хүрээнд Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний борлуулалтыг Америкийн зах зээлд дэмжих зорилго бүхий Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийн төслийг АНУ баталбал Монгол Улсын үндэсний үйлдвэрлэгчдэд том зах зээл нээгдэнэ гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо.
Монгол Улсад хөрөнгө оруулалт татахын тулд хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах тогтолцоог сайжруулах шаардлагатай байгааг Америкийн худалдааны танхимын төлөөлөгчид хэллээ.
Хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх чиглэлээр Монгол дахь Америкийн худалдааны танхим Засгийн газартай бүх чиглэлээр хамтран ажиллах болно гэдгийг тус танхимын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Жеймс Лиотта мэдэгдлээ.
Сэтгэгдэл2
Ха ха. Оюун Эрдэнэ буусан тул одоо манай компаниудыг дураар нь дургиул гэж шаардаж яваа юм биз дээ. Манай ЗГ т дарамт учруулагч харийн дайснууд ингэж даврах ч гэж.
Монголд патентаа ав. Тэгэхгүй бол та нарын хөрөнгө оруулалтыг хамгаалахгүй, зүгээр зах зээлийнхээ өрсөлдөөнд ороод явцгаа.