sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 29. /ТАСС/. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ “Лос-Анжелес Лейкерс” багийн гарааны бүрэлдэхүүнд анх удаа тоглохдоо Коби Брайантын өмсөж байсан пүүз SCP Auctions дуудлага худалдааны үеэр 240 мянган долларын үнэд хүрчээ.  


NBA-гийн таван удаагийн аварга К.Брайант 1997 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр тус багийн гарааны бүрэлдэхүүнд багтаж “Даллас” багтай тоглосон бөгөөд лейкерсчүүд 102:83 харьцаагаар хожиж байв. Уг тоглолтод Брайант 12 оноо авч, самбараас 3 удаа бөмбөг авч, 2 оновчтой дамжуулалт хийжээ.


1996 оны NBA-гийн драфтын эхний шатанд “Шарлотт” баг Брайантыг 13 номероор сонгон авч байсан бөгөөд мөн ондоо түүнийг “Лейкерс”-т шилжүүлэн өгчээ. Тэрбээр тус багт сагсан бөмбөгчний бүхий л замналаа өнгөрүүлэхдээ NBA-гийн аваргаар таван удаа /2000, 2001, 2002, 2009, 2010/ шалгарч байв. Мөн 2009 ба 2010 онуудад финалын тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогч, 2008 онд NBA-гийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор тус тус шалгарч байлаа. Тэрбээр АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2008, 2012 оны Олимпын аварга болж, NBA-гийн Бүх оддын тоглолтод 18 удаа оролцож байсан хамгийн агуу сагсан бөмбөгчдийн нэг юм.


2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Брайант ба түүний охин 13 настай Жианна нарын суусан нисдэг тэрэг Лос-Анжелесийн ойролцоо осолдон сүйрсэн билээ.  




Б.Адъяахүү