sonin.mn

Энэ дугаарын зочин хоймортоо Сүхбаатарын одонт, МУГТ, ОУХ-ний мастер, хөнгөн атлетикийн дэлхийн гурван удаагийн, Ази тивийн бүх дээд амжилтыг эзэмшигч Ц.Раднаа гуайг урьж ярилцав. Монгол Улсдаа төдийгүй дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан эгэл даруухан, элгэмсэг дулаахан яриатай энэ эрхэм хүмүүн өдгөө 91 насыг зооглосон ч тив, дэлхийн хэмжээний тэмцээн уралдаануудад оролцсоор амжилтын тоогоо ахиулсаар байгаа ажээ.


Ташрамд дурдахад тэрбээр 2019 онд 85 настайдаа Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж дэлхийн дээд амжилтыг тогтоосон анхны монгол хүн билээ. 


Сайн байна уу? Сайхан зусаж байна уу? Дэлгэр сайхан улирлын чимэг дэлхийд ганцхан монгол наадмын уур амьсгал, хөл хөөрцөг татраагүй энэ л өдрүүдэд цаг зав гарган урилгыг маань хүлээн авсан танд баярлалаа. Энэ жилийн наадмын сонин сайхнаар ярилцлагаа эхлүүлье.


-Сайхан зусаж байна аа, өнгөтэй сайхан ч наадлаа. Үр хүүхэд, ач, зээ нараа тойруулаад бусдын адил хөдөө явж наадаад хөвгүүдийнхээ уяж уралдуулсан хурдан хүлгүүдийг айраг, түрүү хүртэхэд нь огшиж, омогшиж хаа нэг баярын нулимс унагасан шиг ээ яваад ирлээ. Гайхамшигт өв соёлтой бахархам ард түмэн шүү дээ манай монголчууд. 


Тийм шүү. Хөдөө гадаа гэснээс та аль нутгийн хүн бэ? Нутаг ус, ижий аавынхаа тухай яриач.


-Би Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт байх алтайн нурууны төгсгөл алдарт Гурвансайхан уулын баруун сайхан уулын өвөр бэлд сарлагийн тугалтай хөөцөлдөн тоглож өссөн хүн. Эрх танил гэж жигтэйхэн хөвгүүн адуу малтай ноцолдож явсаар сургууль соёлын мөр хөөж байлаа. Товчхондоо бол жирийн монгол хүүхдүүдийн адилаар өсөж торнисон гэсэн үг.


Өмнийн шаргал говь төдийгүй Монгол Улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулах хөнгөн атлетикийн тамирчны бэлтгэл сургуулилтыг төрсөн, өссөн ахуй амьдрал нь зөнгөөрөө базаагаад байж дээ тийм үү?


-Тэгэлгүй яах вэ. Шороо тоос бужигнуулаад чийрэг өссөн хүүхдүүд гүйж харайх, чадал тэнхээ шаардсан спортод гарамгай сайн болох нь тодорхой. Сургуульд ороод сургуулийнхаа намрын спартакиадаар хол, ойрын зайн гүйлт, уртын харайлтад хошуучлан оролцсоор байтал сургуулийнхан маань надад “Цагаан зээрийн янзага” гэдэг хоч өгчихсөн байсан сан.



Таны амьдралын түүхийг өгүүлсэн “Цагаан зээрийн янзага” нэртэй баримтат кино 2024 онд олны хүртээл болсныг мэдээ сэлтээс хараад яасан хөөрхөн нэртэй кино вэ. Кино багийнхан тун оновчтой нэр өгчээ гэж бодож байлаа. Таны сурагч ахуй үеийн хоч байсан байх нь ээ.


-Хүн гэдэг амьтны төрмөл араншинд аливаа зүйлийг ажиж хараад яг оносон нэр хоч өгөх, дүгнэн тодорхойлох чадвар байдаг юм билээ л дээ. Би энэ хоч нэрдээ дуртай. Би говь нутгийн хүү мөн үү, мөн. Цагаан зээр гэгч хурдан шалмаг, сэргэлэн цовоо амьтан говь, тал нутгийн минь эзэн мөн үү гэвэл мөн. Тэгэхээр бас л учир холбогдолтой хөөрхөн нэр байгаа биз дээ (Инээв).


Та сурагч байхаасаа л спортод элэгтэй байж ирээдүйд ямар мэргэжилтэй болохоо тодорхойлжээ. Таныг сургууль соёлын мөр хөөж явсан тухайн цаг үеийн байдал ямар байсан бэ?


-Малчны хүүхэд малчин, багшийн хүүхэд багш болдог тийм цаг үе байлаа. Миний хувьд 1950 онд Төв аймгийн Сөгнөгөр Баянголын мал аж ахуйн техникумыг зоотехникч мэргэжлээр төгсөөд Өмнөговь аймгийн ХАА-н хэлтэст ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа нөхдийн хамтаар судалгаа шинжилгээний ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлж говийн болон алтайн уулархаг нутгийн байгаль, цаг уурын нөхцөлд гойд зохицсон ноолуурын чиглэлийн ямааны “Говь гурван сайхан” үүлдрийг малчдын хөдөлмөр зүтгэлтэй нэгтгэн бий болгож байв.


Хөдөө аж ахуйн салбарт ажиллаж багагүй хугацааг зарцуулж гадаа гандаж, хөдөө хөхөрч явдаг ухаант малчин түмнийхээ ажилч хичээнгүй, тууштай зан байдлаас үлгэр дуурайлал авч амьдралын ухааныг олсон гэж болно. Энэ мэтчилэн ажиллаж явсаар нэг намар улсын спартакиадад 400, 800 метрийн зайд гүйж түрүүлэв. Түрүүлэхдээ спортын мастерын болзол биелүүлсэн. Тэмцээний шүүгчид намайг олны дундаас онцлон УБДС-д суралцах санал тавьснаар 1962 онд тус сургуульд биеийн тамир багш, дасгалжуулагч мэргэжлээр элсэж 1966 онд төгсөж байлаа.



Гуч гаруй настай, үеийн нөхдөө бодвол арай хожуу л багын мөрөөдлөө биелүүлсэн гэх үү дээ. Тэр цагаас биеийн тамирын багш дасгалжуулагчаараа 26 жил тасралтгүй ажиллажээ.



Түмний үрст мэддэг чаддаг бүхнээ харамгүй зааж сургах эрхэм мэргэжлийг эзэмшээд түүгээрээ тууштай ажиллахын зэрэгцээ өөрийн хүсэл сонирхлоо орхилгүй явсаар өнөөгийн томоохон амжилтуудын эзэн болж чадсан нууц юунд оршиж байна?


-Хүн бол оюун ухаант амьтан. Тийм ч учраас өөрийнхөө юу хийж, яаж амьдрахаа шийдэж чаддаг давуу талтай. Амжилтын нууц гээд онцолж хэлээд байх зүйл юу байх вэ. Ерөөс туйлын тууштай байх л чухал. Төдийгөөс өдий хүртэлх амьдралынхаа өглөө бүр тав эсвэл зургаан цагт сэрж гүйлтийн бэлтгэлээ базааж, гийр, гантельтай нөхөрлөж ирлээ. Хорт зуршилгүй, хоол ундаа зөв цагт тааруулж идэж уудаг энгийн дадал зуршлаар л өдий зэрэгтэй явж байна.


“Дэлхийн хамгийн хурдан өвөө” хэмээх эрхэм алдар таных шүү дээ. Энэ нэрийг хүртсэн түүхээ хуваалцаач.


-Сурагч ахуй үе, идэр залуу насандаа оролцсон тэмцээн уралдаан, гаргасан амжилт өчнөөн байдаг ч 2014 онд Япон Улсыг зорьж оролцсон тэмцээнээс мөнгөн медаль хүртсэндээ маш их урамшсан. Тэгээд л олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцож эхэлсэн дээ. Бараг гадаад явж үзээгүй надад бол өөрийн эх орноосоо тэс ондоо соёлтой улсад хөл тавьж байгаа нь л нэр төрийн хэрэг байсан юм.


Нэг л мэдэхэд тив, дэлхийгээр тойрч олон сайхан амжилт үзүүлж дэлхийн дээд амжилтуудыг эзэмшин “Дэлхийн хамгийн хурдан өвөө” нэртэй болсон байна. Энэ бүх алдар хүндийг хүртэхэд ард түмэн маань хамгийн их дэм болсон. “Өндөр настай хүн мөртлөө ёстой сүрхий гүйдэг хүн байна шүү” гэлцэж магтаад байхаар нь би хөөрөөд л урамшаад ирнэ шүү дээ (Инээв).



Ажил хөдөлмөр ундарч, амжилтын буухиа тасраагүй тун чиг завгүй амьдралын тань бат ар тал болсон хань, үр хүүхдүүдийнхээ тухай ярихгүй юу?


-Би 28 настайдаа Өмнөговь аймгийн Булган сумын унаган охин А.Пүрэв гэдэг сайхан бүсгүйтэй амьдралаа холбосон юм. Хань сайтай хүн хамгийн сайхан амьдардаг гэдэг үг ёстой л үнэн дээ. Хань бүл болсон цагаасаа л ажил албаны хажуугаар тэмцээн уралдаанд орно гээд бэлтгэлээ хийж гэртээ үзэгдэхгүй хэдэн сараар явдаг байлаа.


Тэгээд л амжилт үзүүлж, медаль зүүсэн овгор амьтан гэртээ ирээд ханьдаа магтуулж сая нэг санаа амарна. Өөрийн тань хэлсээр бат ар тал болж түшиж тулах сайн ханьтай учирсан их л азтай хүн дээ би.


Нэгэн дурсамж дэлгэхэд тив, дэлхийн хэмжээний нэлээд хэдэн тэмцээнд оролцож амжилт гаргасныхаа дараахан ахиад нэг тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базаасаар гадаад руу нисэхийн урд шөнө хань маань нэг сайхан зүүд зүүдэлсэн гээд л хуваалцаж байсан нь санаанаас ер гардаггүй юм.



Тэр зүүдэнд нь би дэл нь намирсан цагаан морь унаад үүлэн дээгүүр нисэж яваа харагдсан гэнэ лээ. Ханийнхаа зүүд зөнг нь бэлгэшээгээд духан дээр нь үнэрлээд явж байлаа.



Тэгээд хавийн хүмүүст миний хань сайн амжилт гаргана би мэдэж байна гээд ярьж байсан гэдэг. Тэгэхэд би дэлхийн дээд амжилтыг тогтоогоод ирж байсан (Хоолой нь зангирав)


Хүний хорвоод хоёулаа эхлүүлсэн амьдрал 10 сайхан үрийн ижий аав болцгоож улам баян болсон. Алд бие минь алжааж туйлдах яах вэ, арван хүүхэд минь л эрүүл энх байгаасай гэж залбирч явдгийг минь тэнгэр бурхан ивээж өдгөө бүгдээрээ энх тунх надтай хамт өтлөөд тэтгэврийн хөгшчүүл болоод сууцгааж байна. Хүүхдүүд маань бүгдээрээ эрүүл амьдралын хэв маягтай, маш спортлог, гурван ч хүүхэд маань миний мэргэжлийг өвлөсөн. Одоо бол том хүү маань миний дасгалжуулагч, чиглүүлэгч хийгээд явж байна.



Сайхан дурсамжийг тань сонсоод сэтгэл уярлаа. Аавынхаа хамт редакцад маань зочилсон охиноос нь энэ асуултыг асуумаар байна. Аавыгаа алс хол тэмцээнд явсан хойно хүүхдүүд нь их л санаж хүлээдэг байсан байхдаа.


Охин Р.Баярчимэг: -Тэр мэдээж шүү дээ (Инээв). Аав маань хаашаа ч явсан бидэнд тухайн үедээ ховорхон байсан гоё, гоё хувцас, бэлэг сэлт авч ирж өгдөг байсан. Биднийг бүгдийг нь өглөө эрт дагуулж гүйж бэлтгэл хийлгэсээр байтал гэрээр дүүрэн тамирчинтай айл болсон. Манай аав ээж хоёр хоёулаа их уран хүмүүс, ямар ч хувцсыг эсгээд л, хайчлаад үнэхээр сайхан оёдог.


Тийм ч болохоор бид арвуулаа маш ганган элбэг хангалуун өссөн. Аав ээж хоёр маань тухайн үедээ хамгийн өндөр цалинтай, үнэ цэнтэй ажил, алба эрхэлдэг басхүү өөрсдөө туйлын хөдөлмөрч зан чанартай учраас олон хүүхдийг өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэн гэж боддог.


Хүн дурсамжаар тэтгэгдэж амьдардаг гэдэг дээ. Та бага насны дурсамжаасаа хуваалцаач.


Охин Р.Баярчимэг: -Аав маань багш сурган хүмүүжүүлэгчийнхээ хувьд маш хатуу шаардлагыг тавьдаг байсан. Биеийн тамирын Раднаа багш бэлтгэл сургуулилтыг ч ёстой сөхөртөл хийлгэнэ дээ. Нэгэнт сургуулийн хашаагаар орох л юм бол аав биш багш болж хувирна. Ер нь бол бүх спорт хагас цэрэгжилтийн байдалтай байхыг шаарддаг л даа. Аавын минь ажилласан сумын сургуулиудын хүүхдүүд тэр хэрээрээ маш чадварлаг байсан.


Охины тань хагас цэрэгжилтийн байдалтай гэж хэлснээс улбаатай нэг асуултыг асууя. Цэрэг эх оронч үзлийн талаар та ямар бодолтой явдаг вэ?


-Намайг бага байхад нутгийн ах нарыг цэрэгт яваад ирсэн тухай гол усаар нэг яриад л “Ай мөн сайхан эр болжээ. Бие бялдар нь өв тэгш болсон гэж яав аа” гэж магтдаг байлаа. Надад бусдынхаа адил цэрэгт явах хүсэл байсан ч ажил алба, ахуй амьдрал гэж явсаар сүүлдээ улс орноо төлөөлж тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргадаг тамирчин гээд цэргийн албанаас чөлөөлөгдсөн. Цэргийн тангаргаа өргөөд албаа хааж буй нэгэн, цаг нартай уралдаж ажиллаж хөдөлмөрлөж байгаа хэн бүхэн эх орондоо хайртай, эх орныхоо бахархал болж яваа иргэд мөн, тийм биз. Цэргийн албаа нэр төртэй хааж эх орныхоо төлөө зүтгэж байгаа аавын олон үрсээр би бахархаж явдаг аа.


Та олон амжилт гаргаж эх орныхоо нэрийг дэлхийд хэдэнтээ дуудуулж төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн хүн. Тэр мэдрэмж ямар байдаг вэ?


-Бахархалтай сайхан. Хоёр нүднээс нулимс дуслах, огшиж омогших бүх мэдрэмж зэрэг төрдөг. Яг тэр мөчид сайхан эх орондоо хүн болж төрснийхөө учрыг биелүүллээ, эх орныхоо үнэ цэнтэй иргэн байж чадлаа даа гэж боддог. Хөнгөн атлетикаар хичээллэж амьдралынхаа бүх түүхийг зурсан надад үүнээс илүү бахархал бардамнал гэж юу байх билээ.


Таны цаашдын зорилго юу вэ? Ойрын хугацаанд оролцох тэмцээн уралдаан бий юу?


-Хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үргэлжлүүлэн оролцож, 95 нас 100 нас хүртлээ гүйнэ гэж найдаж байна. Энэ зорилгынхоо төлөө шаргуу бэлтгэл хийж хичээх болно. Бүх спортын хаан гэдэг гүйлтийн спорт миний хувьд агаар ус шиг чухал болжээ. Спортын бүх төрлийн бэлтгэл сургуулилтыг хамгийн сайн тэнцвэржүүлдэг энэ спортоор мэргэжлийн түвшинд хичээллэж амжилт гаргадаггүй юм аа гэхэд эрүүл мэндийнхээ төлөө хүн бүр хичээллээсэй гэж хүсэж явдаг болохоор чадах хэмжээгээрээ бусдадаа үлгэрлэж явахыг зорьсоор байна.


Залуу хойч үеийнхэнд захиж хэлэх үгсээр тань энэ ярилцлагаа өндөрлөе.


-Та яаж ийм өндөр настай байж гүйж харайгаад байдаг юм бэ гэж хүмүүс надаас мэр сэр асуудаг л даа. Аливаа зүйлийг хийхэд нас зүс огтоос хамааралгүй, би урт насалж байгаагийн учир нь спортоор хичээллэснийх, хөнгөн шингэн байгаа учраас би эрүүл чийрэг амьдарч байна. Амжилттай нэгэн байхын тулд эхлээд өөрийнхөө бодол санаа, эд эрхтэн бүрээ удирдаж чаддаг болж төлөвшөөрэй. Хорт муу зуршлаас хол байхыг хичээ, өөрийгөө ялан дийлсэн хүний хувьд мэдэхгүй чадахгүй, ялан дийлэхгүй зүйл гэж байхгүй болдог юм шүү гэж хэлье дээ.


Сайхан яриа өрнүүлсэн танд маш их баярлалаа. Эрүүл энх байж, эзэмших рекордынхоо тоог нэмээрэй хэмээх ерөөлийг өргөе.



П.Сийлэгмаа

"Соёмбо" сонин