
Халхын голын байлдаан, Аугаа их Эх орны дайн, Чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралтыг мэнд сайн давсан, ялалт байгуулсны түүхт ойнууд ар араасаа цуварч, Дайчин тугийн аялал, уулзалт өдөрлөг, цэцэг өргөлт гээд л бэлгэдлийн чанартай хүндэтгэл ёслолын үйл ажиллагаанууд шил дараалан өрнөсөөр байна.
Тэр бүхэндээ гарын арван хуруунд багтахаар цөөхөн үлдсэн ахмад дайчдаа “үзмэр” аятай хоймор голлуулж, хүндэтгэлийн суудалд зална.
Ялалтын ой тэмдэглэхэд 2014-2015 онд 400 хол давж байсан дайн, байлдаанд оролцсон ахмадуудын маань тоо 2021 он гэхэд 100 гаруйхан болж буурсан байсан бол ар араасаа бурхны оронд дэвшсээр өдгөө дайн байлдаанд оролцсон ердөө 16 дайчин үлдсэн гэх харуусам мэдээ чих дэлслээ. Өөрөөр хэлбэл, дайн байлдааныг гэрчлэн үлдсэн ахмад дайчид, эгэлхэн баатрууд маань жил жилээр бус өдөр өдрөөр биднээс алсран одож буй гашуун үнэнтэй бид нүүр тулж байна.
Ямартаа л төр засгаас арав арван жилээр сүр дуулиантайхан ёслон тэмдэглэдэг байсан ялалтын ойгоо ахмад дайчдын насжилттай холбоотойгоор тав таван жилээр тэмдэглэхээр болсон ч хүний нас, ертөнцийн жамыг яалтай билээ.
Дайнд оролцогчдын Монголын хорооны өнгөрсөн жилийн бүртгэлээр “Халхын голын байлдаанд оролцсон нэг, Чөлөөлөх дайнд оролцсон 31, Баруун хилийн тулгаралтад оролцсон 20 ахмад дайчин эсэн мэнд байгаагаас хоёр нь эмэгтэй” гэсэн хамгийн сүүлийн албан ёсны мэдээлэл байдаг ч түүнээс хойш өм цөм цөөрсөн үү гэхээс бүл нэмж, нэмэгдээгүй нь лавтай.
Бид “Баяндунгийн 16 охин”-ы нэг Ц.Чимэдцэрэн, олноо “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмид, Чөлөөлөх дайны ахмад дайчин Г.Шагдар, Д.Санжид, Н.Пүрэвжалба гэсхийгээд л олны хараанд өртөж, сэтгэлд үлдсэн ахмад дайчдаа ялалтын ойн үеэрх ёслолын үйл ажиллагаа, Орос, Монголын батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагуудын хүлээн авалт, медаль гардуулж, гарын бэлэг хүртээх үеийн мэдээ сэлтээс л хардаг.
Харин залуу халуун насаа эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө зориулж, суман мөндөр, шуурган галын дунд байлдаж явсан ахмад дайчдын маань нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмж, амьдарч буй нөхцөл байдал ямархан байдаг юм бол?! Дайн байлдаанд оролцож, халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй зүтгэсэн ч гавьяат зүтгэлээ үнэлүүлсэн нь хэр хангалттай байдаг юм бол?!
Цагтаа эх орныхоо өмнө гавьяа байгуулсан гэж өөртөө омогших ч засаг төрийнхөө амласан халамж тэтгэмж, хэдхэн метр квадрат орон сууцны түлхүүрийг хүлээсээр хэд нь тэнгэрт одоо бол?! Өнөө цагт музейн үзмэр шиг, үзэсгэлэнгийн үзүүллэг шиг болтлоо цөөрсөн ахмад дайчин аав, ээжээ тэргэнцэртэй нь зөөж яваа үр хүүхэд, ар гэрийнхэн хэр сэтгэл ханамжтай байдаг бол?!Ялалтын ойгоор ахмад дайчдаа гэнэт санаж, утас цохихдоо “... гуай амьд уу?” гэж асуудаг төрийн албан хаагчийн харилцаа хандлагад эгдүүцэж, баяраар ирж энгэрт нь медаль зүүж, цаасан тортой дурсгалын зүйл, цайны ганц сүү гардуулах, ялалтын өдрөөр амьдарч буй гудамжинд нь тугтай цэргийнхэн ирж ёслох нь тэдний нийгмийн тулгамдсан асуудлыг нь шийдэж буй хэрэг огтоос биш талаар ахмад дайчдын үр хүүхдүүд өгүүлдэг нь бодууштай л асуудал.
Дайнд оролцсон ахмад дайчдын нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчид, цаг цагийн Засгийн газар зарлиг шийдвэр, тогтоол журам гаргаж байсан ч хэрэгжилт тааруу, явц удаан байдгаас дайнд оролцсон үйл хэрэг нь үнэн ч “Ахмад дайчин” хэмээх алга дарамхан үнэмлэхээ ч гардаж авч амжаагүй, орон сууцны түлхүүр зүүдэлж хоносоор, сар бүрийн тэтгэмжийн хэдэн төгрөг нэмэгдэхийг хүлээсээр, рашаан сувилал өөр бусад хөнгөлөлт байдгийг ч мэдэлгүй явсаар олон ч ахмад дайчин хохирсон талаар үе тэнгийнхэн нь нулимс дуслуулан, хоолой зангируулан дурсдаг юм билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлиг, Засгийн газрын 2009 оны 212 дугаар тогтоол, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд нарын хамтарсан 2009 оны 108/242/193 дугаар тушаалуудын дагуу 2008-2011 онд 1627 ахмад дайчинд орон сууц олгож улсын төсвөөс 60 шахам тэрбум төгрөг зарцуулсан нь ахмадуудынхаа төлөө дорвитой хөдөлсөн он жилүүд байв.
Түүнчлэн НҮБ-аас 1999 оныг “Олон улсын ахмадын жил” болгосонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Баруун хилийн тулгаралт, Халх голын байлдаан, Чөлөөлөх дайнд оролцсон ахмад настан бүрд 200 мянга, 1939, 1945 оны дайнд оролцсон ахмад настан бүрд 500 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж мөн орон сууцны дэмжлэг олгоход зориулж 35 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгох зэргээр арга хэмжээ авч ирсэн. Түүнчлэн төрөөс ахмад дайчдад сар бүр 200 мянган төгрөг, жилд нэг удаа орон сууцны үнийн хөнгөлөлт, рашаан сувилал, замын зардлыг хөнгөлдөг юм байна.
Ахмад дайчид, тэдний үр хүүхдүүд төр засагтаа, Батлан хамгаалах яамандаа өргөдөл хүсэлт гаргадгийн дийлэнхийг “Ахмад дайчин”-ы үнэмлэх олгуулах, орон сууцны хүсэлт эзэлдэг.
“Ахмад дайчин”-ы үнэмлэхийг холбогдох архивын лавлагаа, нотлох баримтын дагуу олгож шийдвэрлэдэг ч орон сууцны хүсэлтийг тэр бүр биелүүлэх боломжгүй байдаг ажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлигаар тухайн үед амьд сэрүүн байсан Байлдаанд оролцсон үнэмлэхтэй ахмад дайчдад орон сууц, эсвэл түүнтэй адилтгах мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгох ажлыг зохион байгуулж, 2013 онд дуусгавар болсон байдаг. Уг зарлигт нас барсан ахмад дайчдын үр хүүхдэд орон сууц, эсвэл түүнтэй адилтгах мөнгөн тэтгэмжийг нөхөн олгох тухай заалт тусгагдаагүй тул иргэдэд өргөдөлд дурдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүйгээ тайлбарладаг гэнэ.
Алдар цолтон, ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуульд заасны дагуу Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Ардын болон гавьяат цолтон, Төрийн шагналт, Төрийн соёрхолт, Ахмад дайчин, Улсын ударник, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан (1990-1992 он) Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүдэд сар бүр нэмэгдэл олгодог байсан ч Монгол Улсын 2021 оны Төсвийн тухай хуулиар уг нэмэгдлийн санхүүжилтийг нийгмийн халамжийн сангаас хасаж, тухайн ахмад настны шагнагдсан алдар цолны харьяалах салбарын Төсвийн Ерөнхийлөн захирагчийн багцад тусган баталсны дагуу Батлан хамгаалах салбарын харьяаны 90 орчим алдар цолтон, ахмад настанд нэмэгдэл мөнгөн дэмжлэгийг хуулийн хүрээнд олгож байгаа ажээ.
Музейн үзмэрийг арчилж тордоод, зүлгэж өнгөлөх тусам он цагийн түүхийг өгүүлэн үнэ цэн нь өсөн нэмэгдэж байдаг. Харин хүний амьдралын жамаар тархи оюундаа хадгалсан дурсамж, цээжиндээ баринтагласан түүхтэйгээ биднээс алсарч буй цөөхөн хэдэн ахмад дайчнаа толгой дараалан орон сууцжуулж, амралт сувилалд үр хүүхдийнх нь хамт амрааж, нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээнд тогтмол хамруулж байх сан. Дурсамж яриа өрнүүлж, түүхийг гэрчлэн өгүүлж байгааг нь баримтжуулан түүхэн кино уран бүтээл туурвиж, ирээдүйн өмнө үзүүлэх зүйлтэй, үнэн түүхтэй нүүр бардам суухсан даа...
Д.Гүнжилмаа
"Соёмбо" сонин
Сэтгэгдэл0