
Япон улсын нийслэл Токио хотод зуун буудалт даамны блиц, рапид төрлийн Ази тивийн багийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-7-ны өдөр зохион байгуулагдсан билээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн их мастер Ц.Сүхбат, дэлхийн даамын холбооны мастер Э.Даариймаа, спортын мастер Н.Хангай, Б.Эрмүүнзаяа нарын бүрэлдэхүүнтэй баг оролцож алт, мөнгөн медаль хүртжээ.
Ингэхдээ түргэвчилсэн буюу рапид төрөлд манай даамчид Тайваний багийг 8:0-ээр, Японы I, II багийг тус бүр 8:0-ээр, Макаогийн багийг 7:1-ээр, Хонконгийн багийг 8:0-ээр, Хятадын багийг 5:3-аар буулган авснаар аваргын алтан медаль хүртсэн байна.
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Э.Даариймаа, Н.Хангай, Б.Эрмүүнзаяа нарыг онцолсон юм. Оюуны спортын нэг төрөл болох зуун буудалт даам нь XVII зуунд Францад үүссэн гэж үздэг. Олон зууныг дамжин хөгжсөн энэ спортын холбоо 1947 онд байгуулагдсан бөгөөд манай улс 1991 онд гишүүнээр элсжээ.
“Алтын төлөөх сүүлийн өргөө Хятадтай тоглож хожсондоо баяртай байна”
Э.Даариймаа нь нийслэлийн Нэгдүгээр сургуулийн аравдугаар ангийн сурагч, “Алтанхүү” клубийн тамирчин юм. Түүний хувьд долоон настайгаасаа энэ спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд өөрийгөө хөгжүүлж, тэмцээн уралдаанд орж үзье гэх хүслээр сурч эхэлжээ. Энэ сонголтыг нь гэр бүлийнхэн ихэд дэмжсэн тухай тамирчин маань хуваалцаж байсан юм. Э.Даариймаа өсвөрийн дэлхийн аваргын гурван алт, нэг хүрэл, Азийн аваргын “U17” насны ангилалд нэг алт, нэг мөнгө, дэлхийн аваргын “U14” насны ангилалд хоёр алт тэргүүтэй олон улсын чансаа өндөр тэмцээнд удаа дараа амжилттай оролцож байжээ. Мөн Монголын өсвөрийн улсын аваргаас зургаан алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл хүртсэн юм. Тэрээр “Олон улсын тэмцээнд багадаа гурваас дөрвөн цаг суух шаардлага гардаг. Тиймээс тэр хугацаанд залхахгүй, нягт нямбай, тооцоололтой тоглож байж өрсөлдөгчөө ялдаг” гэв. Үргэлжлүүлэн энэ удаагийн тэмцээнийхээ талаар “Анх удаа багийн төрлөөр Азийн аварга боллоо. Алтын төлөө сүүлийн өрөгтөө Хятадтай тоглож хожсондоо баяртай байна” гэж төлөв даруухнаар ярьсан юм.
“Төрийн дууллаа эгшиглүүлэх хамгийн сайхан байсан”
Б.Эрмүүнзаяа нь Архангай аймгийн Нэгдүгээр сургуулийн тавдугаар ангийн сурагч, “Даам Месси” клубийн тамирчин юм. Тэрээр зургаан настайгаасаа энэ спортоор хичээллэсэн бөгөөд аав, ээж нь сурахыг санал болгосон гэнэ. Түүний хувьд сонгомол байрлалаар тоглохыг илүүд үздэг бөгөөд удаан эсвэл хурдан нүүж өрсөлдөгчөө өөрийнхөө хэмнэлд оруулж, тоглолтоо удирдаж тоглодог гэнэ. Б.Эрмүүнзаяа энэ арга барилаараа өсвөрийн дэлхийн аваргын дөрвөн алт, нэг мөнгө, Азийн өсвөрийн аваргын хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл, Монголын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс есөн алт, нэг мөнгө, нэг хүрэл, Хүүхдийн спортын наадмаас нэг мөнгөн медаль хүртэж байсан юм. Харин энэ удаагийн тэмцээнээр төрийн дууллаа эгшиглүүлэх хамгийн сайхан байсан гэж сэргэлэн цовоогоор асуултад хариулж байв. Мөн Хятадын баг хамгийн хүчтэй өрсөлдөгч нь байсан аж. Тэрээр “Би зуун буудалт даамаар хичээллэж эхэлснээсээ хойш илүү төлөв даруу болсон мэт санагддаг. Бас ирээдүйд эмч болохыг зорьж байгаа” гэсэн юм.
“Сайн бодоод тогловол хэнийг ч хожно”
Н.Хангай нь нийслэлийн Монгени сургуулийн тавдугаар ангийн сурагч, “Ирээдүй” Монголын даамын академийн тамирчин юм. Түүний хувьд зуун буудалт даамаар долоон настайгаасаа хичээллэсэн бөгөөд хамгийн анх сургуулийнхаа тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн нь цааш өөрийгөө хөгжүүлэх урам зориг болсон аж. Тамирчин Н.Хангай мөн сонгомол байрлалаар тоглодог байна. Ингэхдээ удаан, нухацтай бодож шийдвэр гаргаж тоглодог талаараа хуваалцсан юм. Орсон тэмцээн, тоглосон өрөг бүрээсээ туршлага хуримтлуулдаг тэрээр дөрөв дэх олон улсын тэмцээндээ орсон нь энэ аж. Тухайлбал, 2023 онд өсвөрийн дэлхийн аваргаас гурван алт, 2024 онд өсвөрийн Азийн аваргаас нэг мөнгө, нэг хүрэл, Монголын өсвөрийн аваргаас хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, Сонирхогчдын улсын аваргаас нэг алтан медаль хүртэж байжээ. Түүний багш нь энэ удаагийн Азийн аваргад нэг баг болж хамтдаа орсон их мастер Ц.Сүхбат юм. Багш нь шавьдаа “Сайн бодоод тогловол хэнийг ч хожно” гэж үргэлж захидаг ажээ.
П.ЛХАГВАЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0