
НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 23 /Kazinform/. НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал Нью-Йорк хот дахь Ерөнхий Ассамблейн танхимд даваа гарагт боллоо. Хүндэтгэлийн хурал залуучуудын найрал дууны “Sing for Hope” хамтлаг, "Метрополитен" дуурын дуучид, мөн удирдаач Тильман Михаэль, төгөлдөр хуурч Дэвид Уоткинсын хамтарсан тоглолтоор эхэлжээ.
Ерөнхий Ассамблейн дарга Анналена Бербок хэлсэн үгэндээ "Өнөөдөр баяр ёслолын өдөр биш, харин өнгөрсөн түүхээс сургамж авч, итгэл найдварын замыг дахин сонгох цаг мөч” хэмээн мэдэгдээд, НҮБ-ыг байгуулах үед цаг үе хүнд бэрх байсныг дурджээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мөн үг хэлж "дайны шарх сорвитой байсан" тус байгууллагын анхны ажилтнуудын дурсгалыг хүндэтгэхийг уриалсан байна. "Тэд үхлийн хорих лагерууд, дайн тулааны харгислал, сүйрсэн хотуудыг харсан. Тийм ч учраас тэд энх тайвны тусын тулд хүчин зүтгэхээр шийдсэн юм.
Энх тайванд тэмүүлэх нь гэнэн хэрэг гэсэн буруу ойлголт байсан хэдий ч "энх тайвны төлөө тэмүүлэх нь хамгийн зоригтой, хамгийн бодитой хүсэл эрмэлзэл гэдгийг тэд мэддэг байсан" гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлжээ.
2021 оны Нобелийн Энх тайвны шагналт Мария Ресса үг хэлэхдээ, цахим эрин үед хүний эрх, мэдээллийн салбарт тулгарч буй сорилтуудыг онцолсон байна. Тэрбээр 80 жилийн өмнө НҮБ-ын Дүрмийг “фашизмын үед геноцид ба дэлхийн дайныг зөвтгөхийн тулд мэдээллийг мушгин гуйвуулж, үнэнээс холдуулж, бүхэл үндэстнийг хүнлэг бус болгосны” дараа эмгэнэлт явдал давтагдахаас сэргийлэх амлалт болгон баталсан" гэдгийг дахин сануулсан байна. Түүний хэлснээр, өнөөдөр хүн төрөлхтөн “мэдээллийн армагеддон”-ыг туулж байна. Энэ үед худал мэдээлэл баримтаас хурдан тархаж, алгоритмууд нь “хайр энэрлийг бус бухимдлыг” өдөөж, биднийг “айдас, уур хилэн, үзэн ядалтаар дүүргэсэн хортой мэдээллийн урсгал”-д өртүүлэх байдлаар ажиллаж байна.
Худал мэдээлэл нь баримттай бодит мэдээллээс 6 дахин хурдан тархдаг болох нь судалгаагаар тогтоогдсон бол дэвшилтэт хиймэл оюун хөгжихийн хэрээр нөхцөл байдал улам дордож байна гэж Ресса анхааруулжээ.
Үүнтэй холбогдуулан тэрбээр дижитал аварга том компаниуд шийтгэл хүлээдэггүй байдлыг халж, мэдээллийн орчныг хамгаалах олон улсын стандартыг нэвтрүүлэх, хараат бус сэтгүүл зүйд суурилсан итгэлцлийн өөр дэд бүтцийг бий болгох, ардчиллын институцийг бэхжүүлэх, энх тайвныг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг эмэгтэйчүүдийн хүчин чармайлтыг дэмжих зэрэг цогц санаачилгад хөрөнгө оруулах гэсэн гурван шийдлийг танилцуулсан байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 жилийн ойн чуулганы ерөнхий санал шүүмжлэл өнөөдөр эхлэх бөгөөд нийт 97 улсын төрийн тэргүүн нар үг хэлэх төлөвтэй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Нэгдсэн үндэстний байгууллага, хүний эрхийн байгууллага нь ардаа санхүүжүүлдэг эзэдтэй хувийн байгууллагууд. Эдгээр байгууллагууд эзэдийнхээ эрх ашгийн төлөө ажилладаг байгууллагууд.
НҮБ ийн гишүүн улс руу дайран орж газар нутгийг нь өөртөө нэгтгэсэн Орос ах нарыг маань НҮБ с хасна гэнэ үү
Ардаа жүүд эзэдтэй НҮБ чинь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй байсан шүү.