sonin.mn

САН-ПАУЛУ, 2025 оны есдүгээр сарын 23 /AP/. Бразилд төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр энэ сард 27 жилийн хорих ял сонссон Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг мөрдөн шалгах ажиллагааг удирдаж байсан тус улсын Дээд шүүхийн шүүгчийн эхнэрт АНУ-ын Засгийн газар даваа гарагт хориг тавьжээ.


Д.Трампын засаг захиргаа мөн Бразилын Ерөнхий прокурор Хорхе Мессиад олгосон АНУ-ын визийг хүчингүй болгосон бөгөөд тэрбээр нийгмийн сүлжээний хаягуудаараа дамжуулан уг шийдвэрийг шүүмжилсэн байна.


Дээд шүүхийн шүүгч Александр де Мораесийн эхнэр Вивиан Барси де Мораест хүний ​​эрхийг зөрчигчдийг эсэргүүцдэг АНУ-ын хуулийн дагуу хориг тавьжээ. Түүний нөхөрт мөн Ж.Болсонаругийн эсрэг хэргийг хариуцаж байсантай холбогдуулан ижил арга хэмжээ авсан байна. Бразилын бусад албан тушаалтанд хориг арга хэмжээ авах, тус улсаас АНУ-д экспортолж буй олон тооны бараа бүтээгдэхүүнд 50 хувийн татвар ногдуулах зэргээр Д.Трампын засаг захиргаанаас Бразилын эсрэг авсан олон арга хэмжээний хамгийн сүүлчийнх нь энэ болж байна.


Мөн Дээд шүүхэд А.Мораестай хамт ажиллаж байсан бусад шүүгчдэд олгосон визийг хүчингүй болгосон гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. АНУ-ын хуулийн дагуу А.Мораесийн гэр бүлийн нэгэн холдинг компанид мөн хориг тавьжээ.


Үүний хариуд А.Мораес мэдэгдэхдээ, Бразилын институциуд “хүчтэй, эрүүл” гэдгийг дурдаад, эхнэрийнх нь эсрэг авсан арга хэмжээнүүдийг “олон улсын хууль тогтоомж, Бразилын бүрэн эрхт байдал, шүүхийн хараат бус байдалд халдсан явдал” гэж тодорхойлжээ. А.Мораес шүүхийг зэвсэг болгон ашиглаж, дур зоргоороо баривчлах зөвшөөрөл олгож, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дарангуйлсан гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдсэн байна. “Эдгээр хориг арга хэмжээ нь эрх мэдлээ урвуулан ашигласан, улс төрийн өрсөлдөгчдийг илт онилсон, хүний ​​эрхийг ноцтой зөрчсөн А.Мораестай хариуцлага тооцоход чиглэсэн” гэж мэдэгдэлд дурджээ.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг