
Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээний бүгд хурал Улаанбаатарт болж байна.
Энэ хурлыг “Цахим хөрөнгийг буцаан авах ажиллагаа болон хөрөнгийн менежментийн эрх зүйн зохицуулалт” үндсэн сэдвийн хүрээнд цахим хөрөнгийг буцаан авахад AI технологи хэрэглэх арга туршлага, сайн жишээ, яллахгүйгээр хөрөнгө хураан авах эрх зүйн зохицуулалт, бүс нутгийн хамтын ажиллагаа, хөрөнгийн менежментийн шинэ тренд зэрэг асуудлаар Австрали, Тайланд, Малайз, Филиппин, Папуа Шинэ Гвиней, Энэтхэг, Фижи, Шинэ Зеланд улсын төлөөлөгчид илтгэл мэдээлэл хийж, гурван салбар хуралдаанаар хэлэлцүүлэх ажээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус хурлын нээлтэд оролцож үг хэлэхдээ санхүүгийн болон мөнгө угаах гэмт хэрэг, авлига, терроризмын санхүүжилттэй тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтын нэг хэсэг болох арга хэмжээ эхэлж байна.
Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ-аас гаргасан тайланд дурдсанаар хөрөнгө буцаах байгууллагуудын сүлжээ нь улс орнуудын хууль сахиулах байгууллагуудын хооронд мэдээллийг хурдан шуурхай солилцох гүүр болж, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг илрүүлэх, царцаах, хураах, буцаах үйл явцыг дэмжиж байна.
Тиймээс энэхүү арга хэмжээ нь зөвхөн хууль сахиулах чиглэлийн хамтын ажиллагаа төдийгүй бүс нутгийн улс орнууд болон тухайн улс орнуудын хууль сахиулах байгууллага хооронд итгэлцэл бий болгох, шударга ёсыг бэхжүүлэх чухал үйл хэрэг юм гэдгийг онцлоод Монгол Улс бүс нутгийн энэ чухал санаачилгад хувь нэмрээ оруулж, сүлжээний гишүүдийн хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгохын төлөө тууштай дэмжиж ажиллана гэлээ.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйл ажиллагааны шинэчлэлийг хэрэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, үндэсний хөгжлийг хангахаар идэвхийлэн ажиллаж байгааг тэмдэглэлээ. Энэ удаагийн хурлаас зөвхөн үйл ажиллагааны шинжтэй шийдэл, шийдвэр төдийгүй хамтын итгэлцэл, хамтын үйл ажиллагааны өргөн боломж нээн гаргаж ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа, “Хууль бус хөрөнгийн урсгал улам бүр цахим хэлбэрт шилжиж, виртуал хөрөнгө, криптовалютын гүйлгээ, хил дамнасан цахим шилжүүлэг хэлбэрээр тэлж байна. Энэ нөхцөлд бид зөвхөн хууль, эрх зүйн арга хэрэгслээр хязгаарлагдахгүй шинэ технологи, ялангуяа хиймэл оюун ухааны боломжуудыг өргөнөөр ашиглах шаардлагатай болсон. Хиймэл оюун ухаан болон дэвшилтэт дижитал технологи нь хууль бус хөрөнгийн гүйлгээг илрүүлэх, санхүүгийн сэжигтэй урсгалыг мөрдөн шалгах, өгөгдөлд суурилсан дүн шинжилгээг түргэн шуурхай хийх шинэ гарц юм гэлээ.
Авлига болон хууль бус хөрөнгийн урсгалтай тэмцэхэд олон улсын хамтын ажиллагаа нэн чухал. Бүс нутгийн хэмжээнд авлигатай тэмцэж, шударга ёсыг бэхжүүлэх, хууль бус хөрөнгийн урсгалыг таслан зогсоох улс орнуудын хамтын ажиллагаанд Авлигатай тэмцэх газар хувь нэмэр оруулан ажиллаж байна. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар Хөрөнгө буцаах сүлжээний Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, улмаар 2025 оны даргалагч улсын статусаар олон улсын хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа ажээ.
Сэтгэгдэл0