sonin.mn

Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонгсак Пантавонг тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 2025 оны  09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.


Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Д.Жаргалсайхан, Монгол Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга Б.Пунсалмаа, Монгол Улсын Их Хурлын гишүүн, бүлгийн гишүүн С.Зулпхар, С.Одонтуяа, Р.Сэддорж нар өнөөдөр (2025.09.30) зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Д.Жаргалсайхан зочдыг манай оронд айлчилж ирсэнд талархал илэрхийлээд, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын найрамдлын бүлгийн уулзалт нь хоёр улс дипломат харилцаа тогтоосны 63 жилийн түүх, Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа байгуулсны 44 дэх жилийн ойн дээр болж байгаад, урьд өмнөх өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалуудын үр дүнг хадгалж, парламент хоорондын хамтын ажиллагааг ахиулахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв.

 

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонгсак Пантавонг үзэсгэлэнт Монгол орондоо урьсан явдалд парламентын бүлэгт талархахын зэрэгцээ ирэх оны эхээр бүлгийн дарга болон гишүүдийг Лаос улсад айлчлан ирэхийг урив. Тэрбээр, Лаос Ард Улс Ковид-19 цар тахлын хор уршгаар эдийн засгийн сорилттой тулгарсан ч хүчин чармайлт гаргасны үр дүнд эдийн засгийн өсөлтөө тогтвортой нэмэгдүүлж эхэлсэн. Цаашид улам өсгөх төлөвлөгөөтэй. Үүнд Транс-Азийн төмөр замын нэгээхэн хэсэг буюу БНХАУ-тай холбогдсон төмөр замын бүтээн байгуулалт сайнаар нөлөөлнө. Өндөр хурдны галт тэргээр бараа таваар тээвэрлэх, улс хоорондын зам тээврийн сүлжээ хөгжил авчирна. Үүнд танай улс хамтрах боломжтой. Хэдийгээр манай хоёр улс 60 гаруй жилийн түүхтэй найрсаг харилцаатай ч зам тээврийн асуудлаас шалтгаалсан бэрхшээл үүсдэг. Цаашид үүнийг арилгах шаардлагатай. Хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хувьд өмнөх найрсаг харилцааг хадгалж, нэгнээ дэмжиж ажиллах, олон улсын түвшинд харилцан дэмжих бодлого баримтлах саналтай байна хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

 

Ноён Вонгсак Пантавонг, Лаос Ард Улс 2025 онд Үндсэн хуулиа шинэчилж, Засгийн газрын 17 яамыг 13 болгон цомхотгохоор болсон. Үндэсний ассамблей 164 гишүүнтэй. Гишүүдийн 21,9 хувь нь буюу 34 эмэгтэй. Хууль батлах, өөрчлөлт оруулах, улс орны эдийн засаг, нийгмийн төлөвлөгөө батлах, шүүх засаглалын үйл ажиллагааг төлөвлөх, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих гэсэн гурван үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах эрх, үүрэг нь гагцхүү Үндэсний ассамблейд хадгалагддаг. Ирэх онд 10 дахь удаагийн сонгуулийг орон нутгийн сонгуультай хамтатган явуулна. Лаос Ард Улс тусгаар тогтнолоо тунхагласны 50 жилийн ойг 12 дугаар сарын 25-ны өдөр тохиож байгаа хэмээн танилцууллаа. Найрамдлын билэг тэмдэг болгож “Монгол-Лаос найрамдал” эмнэлгийг Сиенгхуан мужид байгуулж, нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллуулан, Лаос эмч нарыг чадавхжуулсан явдалд талархдаг гэлээ.

 

Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн гишүүн, Салаван мужийн иргэдийн хурлын дарга Сихенг Хомсумбат, Үндэсний Ассамблейн гишүүн, Эдийн засаг, технологи, байгаль орчны байнгын хорооны орлогч дарга Каммуан Сумсихапаняа, Үндэсний Ассамблей дахь парламентын хоёр талын харилцааны газрын дэд дарга Ниткео Камми, Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн даргын туслах Сайпон Кампенгсай нар багтаж, мөн бизнес, хувийн хэвшлийн салбарын төлөөлөл дагалдан явааг танилцууллаа.

 

Хоёр улсын парламентуудын бүлгийн уулзалтад БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хунгээв Сугсавад, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Манномэг Сулифон, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын төлөөлөл байлцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.