sonin.mn

Хүний ертөнцөд үнэн худлын тулаан үеийн үед явагдаж ирсэн.Өнөөдөр Монголд үнэн худлын тулаан явагдаж байна. МАН дотроо үнэн, худал гэсэн хоёр тал болон хуваагдаж үзэлцэж байна. Энэ тулаан улам өрнөж эдүгээ монгол төр дотроо үнэн худал гээд үзэлцэж байна. Саяхан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ.Гишүүд цагтаа ирэхгүй нилээд хүлээлгэв. Нөгөөх шударга ёсыг баримталж сөрөг хүчин болно гэсэн ардчиллын нөхдүүд эдүгээ Занданшатарын талд орж Амарбаясгаланг огцруулна гээд гүйж яваа дуулдах юм. Сөрөг хүчин ч өнгөрчээ. Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан хуулийн үндэслэлээ УИХ-ын гишүүн П.Сайнзориг дараах гол асуудлаар ярив. 1.Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны есдүгээр сарын 30-ны өдөр олон нийтэд мэдэгдэл хийхдээ “Онцгой бүрэн эрхийнхээ дагуу “Хууль зүй, дотоод хэргийн сайдаар нэр бүхий гишүүнийг томиллоо” гэж албан ёсны цахим хуудсандаа нийтэлсэн.


Монгол Улсын Үндсэн хуулийн 39.4 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг шийдвэрлэхээс өмнө УИХ болон Монгол Улсын Ерөнхийлөгч танилцах бүрэн эрхтэй байна.


Нөгөө талаар томилох, чөлөөлөх, огцруулах шийдвэр гаргахаасаа өмнө УИХ-д болон Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах үүргийг Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхий сайдад хүлээлгэжээ. Үндсэн хууль, аливаа хуулийн “Үг, өгүүлбэр төдийгүй, цэг таслал нь хүртэл утгын нарийн уялдаатай.” Үндсэн хуулийг жижгээр зөрчих, томоор зөрчих гэдэг ойлголт байдаггүй бөгөөд бүгд Үндсэн хуулийн зөрчилд хамаардаг. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 70 дугаар зүйлд “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг Монгол Улсын Ерөнхий сайд зөрчсөн үйлдэл гэж үзэж байна 2.Монгол Улсын Ерөнхий сайд нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Засгийн газрын тэргүүн, төрийн өндөр хариуцлагатай албан тушаалтны хувьд олон нийтэд зориулж албан мэдэгдэл хийхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “…Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож үл болно…”, 49.2 дахь хэсэгт “…Ерөнхий сайд, УИХ-ын ба Засгийн газрын гишүүн… хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэснийг тус тус зөрчиж, Монгол Улсын шүүх эрх мэдлийн бүрэн эрхэд халдсан шинжтэй төдийгүй Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх зарчмыг үгүйсгэсэн хэмээн тайлбарлав.Ийнхүү Ерөнхий сайдыг огцруулах хууль зүйн үндэслэл нь тодорхой болжээ. Гишүүд энэ асуудлаар үг хэлэв. Ерөнхий сайд Занданшатар УИХ-ын гишүүдийн тодорхой асуултад тодорхойгүй, бүрхэг хариу өгөв. Тэр өөрийн хэлсэн гүтгэлгээ ямар ч баримтаар нотолж чадсангүй. Бор тээгийн ордыг ашигласан хэмээн давшилсан боловч уг орд нь Засгийн газрын мэдэлд байдаг, ямар ч ашиглалт олборлолт байхгүй, нэг ч хүрз шороо хөдөлгөөгүй орд байв. Хүн алсан гэсэн нь Германий иргэн, Админерал компаний эзэн Хасбаатар чихрийн шижин, зүрхний архаг дутагдлаар нас барсан хүнийг хэлжээ. Амарбаясгалан хэнийг хохироов, ямар байгууллагыг хохироов, улсыг яаж хохироов гээд үзтэл хэн ч хохироогүй, хохирол тэг байв.


Ерөнхий сайд Г.Занданшатар Германд бүртгэлтэй боловч хаана байгаа нь мэдэгдэхгүй хуурамч сайтад 50 000 доллар төлж гаргасан “Монгол улсын УИХ-ын дарга нүүрсний хулгайд холбогдсон” хэмээх хуурамч худал мэдээллийг эх сурвалжаа болгон нотлох баримт хэмээн үзүүлж байгаа нь худал мэдээлэл байв.


Өнөөдөр Монгол улс 6000 лицензийг бусдад өгсөн, Ухаа худаг, Төгрөг нуурын ордоо ч улсдаа буцаан авч чадаагүй 30 жил болчихоод байж Засгийн газрын мэдэлд байдаг ямар ч ашиглалт, олборлолт явагдаагүй Бор тээгийн ордыг яриад байгаа нь хүмүүсийг төөрөгдүүлэх гэсэн олигархиудын ов мэх юм.. Гэвч Ерөнхий сайд Г.Занданшатар дээрхи чухал ажлыг хийхийн оронд УИХ-ын даргыг хүн алсан, нүүрсний хэрэгт холбоотой хэмээн гүтгэж Үндсэн хууль зөрчсөн хэргээ ер хүлээхгүй байгаа нь ард түмний төрд итгэх итгэлийг улам их унтрааж байна. Жирийн иргэнийг бол нөгөөх шударга бусын хонгилоороо тун амархан чирдэг гэдгийг өнгөрсөн 30 жилийн монгол төрийн түүх гэрчилнэ. УИХ-ын Байнгын хорооны энэхүү хуралдаан дээр УИХ-ын залуу гишүүд зөв зүйтэй үг хэлж байна лээ. Ардчилал Монголд арай ч мөхчихөөгүй байгаа юм байна. Ардчилал гэдэг чинь шударга ёс, хариуцлага хоёрыг л хэлээд байгаа юм ш дээ. УИХ-ын зарим гишүүдийн хэлсэн үгийг дурдая.


УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:


-Ерөнхий сайд аа, Та яагаад намын зовлонг төрийн зовлонг болгочихов оо. Намын даргын сонгууль болсон юм шиг байна лээ ш дээ, Бага хруал хуралдсан. Тал бүртээ хүмүүсээ оруулсан тооллогын комисс гаргаад тооллогын дүрмээ тохироод бүгдээрээ батлаад нэг тал нь ялсан юм билээ. Хэрэв зээ Та 56 хувийн санал авч ялалт байгуулаад хамтдаа баталсан дүрмийнхээ дагуу дараагийн шатны сонгууль нь болоод гуравны хоёрын саналаа аваад намын даргаар бүртгүүлэх гээд явж байсан бол өнөөдөр ийм асуудал болох уу. Манай төрийн зовлон өнөөдөр намын даргын суудлаас боллоо. Та ялагдчихаад тахимаа өгч чадахгүй өрсөлдөгчөө хүнээр дамжуулан болон өөрөө хулгайчаар нь дуудаж байгаа нь хэр зохистой вэ. Өдий олон жил өндөр албан тушаал дээр төрийн ажил хийчихээд намын даргын сонгуулиас болж, өрсөлдөгчөө та хулгайч гэсэн. Таныг ард түмэндээ хандан мэдэгдэл хийнэ гэхэд нь “Сайхан өрсөлдлөө, ялагдлаа. Улс орны байдал хүнд байна, хамтарч ажиллая” гэх болов уу гэж бодсон, гэтэл тэгсэнгүй.


УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир: 2023 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхий сайдад асар том эрх мэдлийг өгсөн. Энэ нь Засгийн газрын гишүүдээ Ерөнхий сайд өөрөө томилох, чөлөөлөх, огцруулах эрхийг өгсөн. Та 115 хоногийн өмнө үнэхээр авлига хээл хахууль, хулгайтай тэмцэнэ гэсэн байсан бол УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг тухайн үед яагаад Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилоогүй юм. Намын даргын өрсөлдөөн явагдаж байгаа үед Б.Энхбаярыг гэнэт одоо байгаа Л.Мөнхбаатар сайдад хэлэхгүйгээр нэг өдөр өрөөнөөсөө мэдэгдэл хийсэн. Тэгэхдээ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайтай холбоотой байсан гэж ярьсан. Танд яг одоо УИХ-ын дарга Амарбаясгалан нүүрсний хулгайтай холбоотой гэх нотлох баримт байна уу. Таны хувьд 5, 6 жил УИХ-ын дарга хийсэн хүн. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож үл болно гэдгийг хэнээр ч заалгуулахгүй мэдэж байгаа. Тийм байхад УИХ-ын даргыг тогтоогдоогүй, хэрэг үүсгээгүй байхад нь ямар ч нотлох баримт цагдаа, прокурор, АТГ-аас шалгагдаагүй байхад яагаад ингэж хэлсэн юм бэ. Энэ дээр нэг тайлбар өгөх хэрэгтэй. Бортээгийн уурхайн лиценз хэний мэдэлд байгаа юм. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд байгаа юм уу, "Админерал" гэдэг компанид нь байгаа юм уу. Энэ уурхай хэдэн тонн нүүрсийг гаргасан юм. Монгол Улс яаж хохирсон юм. Энэ асуултад хариулж өгнө үү.


Ерөнхий сайд Г.Занданшатар: 2023 оны есдүгээр сарын 26-ны өдөр Германы нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан даргатай холбоотой ноцтой авлигын мэдээлэл цацагдсан. Одоо энэ мэдээллийн хэрэгслүүдэд байгаа. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол хэн нэгнийг үндэслэлгүйгээр хүний эрхийг зөрчиж, гүтгэж хэрэгт холбож цоллохгүй. Тийм хуультай улс. Энэ үнэхээр гүтгэсэн байлаа гэхэд өнөөдрийг хүртэл яагаад няцаалт өгөөгүй юм. Энэ чинь Монголд төдийгүй, дэлхийд зарлагдсан байна. Үүнийгээ няцаах хэрэгтэй гэж байгаа. Би зөвхөн нэр холбогдлоо гэж хэлсэн шүү. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэдэг заалт бол жирийн иргэнийг төрийн дарамтаас хамгаалсан заалт. Харин төрийн өндөр албан хаагчид бол жирийн иргэн, хувь хүн биш төрийн нэр хүндийг авч байгаа инстуци, субъект учраас төрийн нэр холбогдсон бол заавал шалгуулж нэрээ цэвэрлэх ёстой гэж үздэг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм, УИХ-аар батлагдсан. Энэ бол төрийн нэр хүндээ хамгаалах шаардлагатай юм.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: -Өнөөдрийг хүртэл надтай холбоотой олон гүжир гүтгэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар асар их мөнгө зарж явууллаа. Улстөрч өрсөлдөгчөө намнадаг ийм арга хэлбэр байдгийг би бас өнөөдрийг хүртэл мэдэхгүй явж ирлээ. Өөрийн бие дээр тохиолдохоор аргагүй ойлгодог юм байна. Хууль хяналтын байгууллага, улс төрийн дарамт дарангуйлал гэж юу байдаг юм бэ гэдгийг ойлгож мэдэрч байна.Миний хувьд парламентын ардчиллыг дэмжих, парламент дахь улс төрийн намуудын оролцоог бодитой бий болгох, парламентад байгаа улс төрийн намууд нь институци байж, бодлогын өрсөлдөөн хийдэг, улс орны өнөөдрийн маргаашийн хөгжлийг бодлого болгож төлөвлөж чаддаг байх тэр төвшинд хүрэх ёстой гэдэг зорилгоор ажиллаж ирсэн.Түрүүн Г.Занданшатар сайд хэллээ, гадаадын сайт гээд.Германд бүртгэлтэй мөртлөө хаана байдаг нь тодорхойгүй хуурамч мэдээлэл дамжуулдаг хэрэгсэлд 50 000 гаруй ам.доллар төлж намайг 37 сайтаар гүтгүүлсэн.Тагнуулын байгууллагад гаргасан гомдлын дагуу тагнуулын байгууллагын шинжээч ажиллаад ийм хуурамч сайтаар мэдээлэл тарааж гүтгэсэн байна гэдэг шинжээчийн дүгнэлт ирүүлсэн.


“Адменирал” ч гэнэ үү, Бортээг ч гэнэ үү миний мэдэхгүй, миний оролцоогүй надад огтоос байгаагүй, цаашдаа ч байхгүй зүйлээр намайг гүтгэсэн. Энэ ауудлаар Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандаж, намайг гүтгэсэн мэдээллийн сайттай шүүхдэж ялалт байгуулсан, мэдээлэл нь тогтоогдоогүй.


Энэ мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төрд халдаж араас нь албан тушаалаасаа огцор гэдэг гүжир гүтгэлэг шаардлага тавьж байгаад би гайхаж байгаа. Би Ардчилсан Монгол Улсын иргэн гэж өөрийгөө бодож явдаг. Буруугүйгээ нотол гэж шаарддаг, огт шалгагдаагүй хэргээр өөрийгөө буруугүй гэдгээ нотол гэдэг шаардлагыг тавьдаг энэ нийгэм 21 дүгээр зуун биш гэж би боддог.1937 он байсан бол магадгүй намайг гаргаж аваачаад буудчих юм шиг байна.Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн үзэл санаанд хүний үндсэн эрхэнд гэм буруутай нь аль нэг шүүхийн байгууллагаар тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй гэсэн Үндсэн хуулийн суурь зарчим байдаг. Гэтэл ямарваа нэг хуулийн байгууллагаар шалгагдаагүй намайг аливаа нэг шүүүх байгууллагаар таслагдаагүй намайг гэм буруутай гэж үзэж, огцор гэдэг шаардлага тавьж байгаа улс төрийн энэ үйлдлээсээ ичих хэрэгтэй.Тогтоогдсон бол би юм ярихгүй, ёс суртахууны хариуцлага хүлээгээд асууалд нээлттэй хандаад явах эр зориг, ёс суртахуун надад хангалттай байгаа.Харамсалтай нь, хэвлэлээр яллаж байгаад чи албан тушаалаасаа чөлөөлөгдөж шалгуул гэдэг зүйл 21 дүгээр зууны ардчилсан Монгол Улсад байхгүй зарчмаар шахаж байгаа учраас би дуугаа өргөнө.Нэг хүний удирдлагатай нийгэм биш.


Нэг хүний удирдлагаар хуулийн байгууллага нь ажиллаж хэн нэгнийг улс төрийн ялтан болгодог нийгэмд амьдраагүй. Энэ бол харамсалтай байна, ичих хэрэгтэй хэмээн үнэн бодит байдлыг хэлэв.


Энэ хуралдаанаар маш ноцтой мэдээллүүд гарч байлаа. Ялангуяа Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “MCS” групптэй холбоотой мэдээлэл цухас ярьсан. Ер нь нүүрсний асуудалд холбоотой “MCS”, “Бодь” зэрэг компаниудын талаар тодорхой, ил тод, үнэн мэдээлэл ард түмэнд их хэрэгтэй гэдэг нь харагдаж байв. Ард түмэн саяхан л MCS бүлэглэл ямар ч Засгийн газрын захирамж, тогтоол үгүй, ямар ч УИХ-ын тогтоол үгүйгээр зөвхөн Засгийн газрын 2008 оны 3-р сарын 19 -ний өдрийн ганц протоколоор “Энержи Ресурс” ХХК-д 464 сая тонны нөөцтэй, Монгол улсыг 200 жил тэжээх ордыг хууль бусаар өгчихжээ гэдгийг мэджээ. Протокол бол эрхийн чадамжгүй баримт бичиг болохоос бус, эрхийн акт биш юм. Үүнээс хойш 17 жилийн турш ард түмэнд очих ёстой хэдэн тэрбум долларын ашгийг энэ хувийн ганц компани олсныг хэн ч үл мэднэ. Ард түмэн саяхан л хэвлэл мэдээллээр “MCS” компани 2024 оны УИХ-ын сонгуулийн үед МАН болон АН-аас УИХ-д нэр дэвшсэн олон хүний дансанд нь их хэмжээний мөнгө / сонгуульд нэр дэвшсэн нэр дэвшигчид хувь хүнээс 10 саяас дээш төгрөг, хуулийн этгээдээс нэр дэвшигчид 30.0 сая төгрөгнөөс дээш хандив өгөхийг хориглоно гэсэн хуультай атал МАН-ын нэр дэвшсэн 12 хүнд нийтдээ 1 тэрбум 800 сая төгрөг, үүний дотор Л.Энх-Амгаланд 500.0 сая төгрөг, Б.Батцэцэгт 170.0 сая төгрөг, Н.Наранбаатарт 170.0 сая төгрөг гэх мэтээр өгсөн, АН-ын нэр дэвшигчдэд 730.0 сая төгрөг, үүний дотор Б.Пүрэвдоржид 170 сая төгрөг, Д.Ганбатад 100.0 сая төгрөг, Н.Одонтуяад 100.0 сая төгрөг, Ц.Жадамбаад 100.0 сая төг, Ч.Өнөрбаярт 100.0 сая төгрөг гэх мэтээр өгсөн гэдгийг мэдсэн. Хэн ч мэдэхгүй байсан ХҮН намд хүртэл 50.0 сая төгрөг өгчээ. Энэ мэдээ ядуу иргэдийн дургүйг хүргэв. Энэ бол авилгал. Энэ асуудал дээр АТГ яагаад хөдөлсөнгүй вэ. Монголд олигархиуд хэдий болтол төр засаг, хууль хяналтын байгууллагуудыг гартаа атгах юм бэ, хэдий болтол монголын хамаг байгалийн баялаг, мөнгө, зээл, валютыг халаасандаа хийх юм бэ.


70 сая мал сүрэгтэй, дэлхийд байгалийн баялгаараа эхний аравт ордог Монгол улсад ард түмэн нь яагаад ядуу байдаг юм бэ гэдгийг иргэд ойлгоогүй өдий хүрэв.  

  

Энэхүү хуралдаан дээр УИХ-ын гишүүдийн ярих хугацаа дөнгөж 3 минут байсан нь маш чухал мэдээллийг бүрэн сонсох боломжгүй болгож байлаа. Тэхлээр хуралдааны дэгд өөрчлөлт оруулж нэг гишүүнийг 5 минут хүртэл ярих эрхтэй болгож, шаардлага гарвал нэмэлт 3 минут өгөх хэрэгтэй юм байна. УИХ-ын гишүүд яг ярьж байх үед микрофон тасалдах, үг хэлэх гишүүдийн нэрс дэлгэц дээр гарахгүй байх зэрэг техникийн саад нилээд гарав, эсхүл санаатай саатуулаад ч байгаа юм уу. Ийнхүү үнэн худал, хар цагааны дэнс тодорхой харагдаж байхад монголчууд хоёр хуваагдсан нь харамсалтай. Үнэний талынхан үнэнийг л ярьж байхад худлын талынхан худлаа үгийг чих дөжиртөл ярих аж. Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй бөгөөд байгалийн баялгийг 33 жил хулгайлсан, ашигт малтмалын лицензүүдийг гадаадад үнэ хүргэж зарсан, Засгийн газрын 29 санг хоосолж хувьдаа завшсан  жинхэнэ хулгайч олигархиудтай тэмцэж чадаагүй байж эдүгээ УИХ-ын даргыгаа нүүрсний хулгайч болгохыг оролдож байгаа нь эмгэнэлт явдал юм. Ажлаа зүгээр хийгээд явж байсан УИХ-ын дарга өнөөдөр хүн алсан, нүүрсний хэрэгт холбогдсон, 30 сая долларын авилга авсан, “Админерал” компаниар дамжуулан нүүрс гаргаж хулгайлсан хэмээн гүтгүүлээд зогсохгүй, одоо бүр УИХ-ыг удирдах эрхгүй, ажлаа хийх эрхгүй болжээ. Саяхан л хамт нэг намд нэг сонгуульд зүтгэж явсан зарим нөхөд нь “өөрийгөө шалгуул” гэдэг болжээ. Хэрэг хийгээгүй хүн юугаа ч шалгуулах юм билээ. 


УИХ-ын даргыг гүтгэх явдал хэрээс хэтэрч бүх сайт хэвлэл мэдээллээр түүнийг харлуулж бүр сүүлдээ огцруулах хууль бус шаардлага тавьдаг болов. Парламентийн засаглалтай ардчилсан Монголд сүүлийн 35 жил УИХ-ын даргын бүрэн эрхэд гүйцэтгэх засаглалын тэргүүн халдсан нэг ч тохиолдол гараагүй. 


Саяхан энэхүү байнгын хорооны хуралдаан хийж байх үед УИХ-ын даргыг огцруулах шаардлагад МАН-ын 34 гишүүн, АН-ын 31 гишүүн ,бусад намын 2 гишүүн нийт 67 гишүүн гарын үсэг зуржээ. Төрийн түшээд ёс зүйн хувьд ингэж дампуурна гэж хэн санахав. УИХ-ын гишүүдийн талаас дээш хувь нь хуулийн анхан шатны мэдлэггүй, огцруулах үндэслэл нь хуульд огт нийцэхгүй, гүтгэлгийн чанартай мэдээлэлд итгэдэг байгаа нь даанч харамсалтай. Эсхүл авилгал авчихаад ингэж жүжиглээд байгаа юм болов уу. УИХ-ын гишүүн З.Мэндсайханы гардуулсан УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай тэрхүү хууль бус шаардлаганд “Д.Амарбаясгалан та нэр холбогдоод байгаа нүүрсний хулгай, авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй болзошгүй асуудлаар бүрэн эрхээсээ сайн дураар түтгэлзэж шалгуулах шаардлагыг танд өмнө нь хүргүүлсэн. Гэвч та энэ шаардлагыг хүлээн аваагүй тул Амарбаясгалан таныг УИХ-ыг удирдах улс төрийн болон ёс суртахууны эрхгүй хэмээн үзэж байна. Энэхүү шаардлагыг биелүүлэхийг шаардаж байна” хэмээн бузар гүтгэлгээ давтан балайрчээ. Д.Амарбаясгалан нүрсний хулгайд огт хамааүй гэсэн Цагдаа, хуулийн байгууллагын бүх албан бичгээ гарган үзүүлж баримтаар нотолсон шүү дээ. Өөр тэгээд яах юм бэ. Ёс зүйгүй гишүүд ёс суртахууны хичээл зааж байна, цаана чинь. Хуулиар засаглах бус, хувь хүн засаглаж байна, цаана чинь. Хамгийн том эмгэнэл нь МАН-д бүх насаараа морь нохой мэт хамт зүтгэж өндөр албан тушаал хашиж явсан, Амарбаясгалангийн дэмжиж явсан журмын нөхөд болох Л.Энх-Амгалан, Б.Батцэцэг, Ж.Энхбаяр, Б.Чойжилсүрэн нар УИХ-ын даргыг огцруулах хууль бус шаардлагын бичигт гарын үсэг зуржээ.


Д.Амарбаясгалангийн дэмжиж намдаа хүлээн авч их хурлын сонгуулийн тойрогт нэрийг нь оруулан дэвшүүлж УИХ-ын гишүүн болгож дараа нь Хууль зүйн сайд болгосон УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаяр Амарбаясгаланг “Хүн алж цогцосыг нь шатаасан, Бортээгийн ордыг ашиглаж нүүрс хулгайлсан, 30 сая доллар хятадаас авилгал авсан” хэмээн гүтгэж Д.Амарбаясгаланг “заналт дайсан”-аа болгожээ.


Саяхан л “Хуулийн хулгайтай тэмцэнэ” гэсэн уриатай сонгуульд орж хоёр ч удаа Улсын Их Хуралд нийслэлийн Баянзүрх дүүргээс сонгогдож Хөгжлийн банкны хэрэг болон бусад хэрэгтэй тэмцэж УИХ дээр сонсгол зохион байгуулж ажлаа зөв эхэлж байсан залуу сайд ингэж дампуурах гэж. Хайран нэр төр. Төрийн зарим түшээдэд ямар ч ёс зүй алга. Ёс зүйгүй хүмүүс л хууль зөрчдөг юм. УИХ-ын 126 гишүүний талаас дээш хувь нь хууль зөрчдөг, хов хутгадаг, хүн гүтгэдэг, ашиг сонирхлын зөрчилтэй бол УИХ тарахаас өөр замгүй болно. УИХ-ын зарим гишүүд болон Засгийн газар УИХ-ын даргаа гүтгэж бойкотлож байх хооронд ард түмний амьдрал муудаж, төрийн ажил гацсаар байна.Төр төсвөө баталж чадахгүй байна. Төрөөс хэрэгжүүлэх 14 МЕГА төсөл зогсчээ. Энгийн иргэд цалингаас цалингийн хооронд, өрнөөс өрийн хооронд амь зогоож байна. Төр ард түмний цалин, тэтгэврийг л дөнгөн данган тавьж байна. Эрчим хүчний дутагдал улам нэмэгдэж цахилгаан, дулааны үнэ өсөв. Ухаа худгийг улсад буцаан авах ажил зогсчээ. Баялгийн сангийн ажил бараа сураггүй болов. Аж үйлдвэрийн парк байгуулах ажил ахицгүй зогсчээ. Усан цахилгаан станц барих ажил урагшлахаа больжээ. Ураны төсөл унтарчээ. Газрын тосны үйлдвэр барих ажил гацчихжээ.Гадаадын хөрөнгө оруулалт зогсчээ. Амьдрал нь ядуурсан өндөр настан, багш, эмч нар цалингаа нэмэхийг шаардаж байна.


Эрүүл мэндийн даатгалын мөнгө байхгүй болжээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж төгрөгний ханш унаж амьжиргаа муудсаар байна Ажилгүйдэл, ядуурал сүүлийн 34 жил өссөөр одоо хүн амын 33.3 хувь нь нэн ядуу түвшинд байна Сургуулийн бяцхан сурагчдын үдийн хоолны мөнгө хүрэхгүй байна.


МАН-ын дотоод асуудал төрийн асуудал болжээ. Намын даргын сунгаа төрийн хямрал болжээ. УИХ-ын даргыг гүтгэж байгаа УИХ-ын зарим гишүүд, төрийн сайд нарыг харж байхад бүгд л боловсролтой, бүгд л төрд олон жил өндөр албан тушаалд ажилласан хүмүүс байх юм. Хичнээн ч туршлагатай, хичнээн ч боловсролтой байсан ч ёс зүйгүй бол ямар ч хэрэггүй. Эдгээр хүмүүс ард түмнийг үнэн худлыг ялгаж чадахгүй хоосон цаас хэмээн эндүү боддог бололтой. Улсын баялаг, мөнгийг хулгайлах гэмт хэрэг бүх салбарыг хамарчээ. Ард түмэн хоёрхон зүйлийг хүсдэг. Ажил орлого, амьдрах орон сууц. Гэтэл сүүлийн зуун жилд ард түмний энэхүү хүсэл биелсэн үү. Үгүй л болов уу.  Гүтгэлэг бараг хэвийн үзэгдэл болжээ. Монгол улсын төрийн 3 өндөрлөг- УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан үе үеийн удирдагч нарыг сүүлийн 34 жил гүтгээгүй, нэр төрийг нь харлуулаагүй тохиолдол Монголд байна уу. Ёс зүй, шударга ёс байхгүй бол эв нэгдэл, хууль ёсны тухай яриад ч хэрэггүй. Үнэнийг гутлынхаа үдээсийг үдэх хооронд худал дэлхийг бүтэн тойрно гэдэг. Эрхбиш Монголд үнэн ялах байлгүй дээ.




Доржийн СҮХБААТАР