
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 15 /AFP/. Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг дараагийн ерөнхийлөгчийн сонгууль хүртэл хойшлуулахыг дэмжинэ гэдгээ Францын Ерөнхий сайд Себастьен Лекорню парламентад үг хэлэх үеэрээ мэдэгджээ.
“2023 оны тэтгэврийн шинэчлэлийг ерөнхийлөгчийн сонгууль хүртэл түр хойшлуулахыг би парламентад энэ намар санал болгоно. Ингэснээр 2028 оны нэгдүгээр сар хүртэл тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй” гэж С.Лекорню хэлсэн байна.
Гэсэн хэдий ч С.Лекорню төлөвлөгөөг хойшлуулснаас үүдэлтэй алдагдлыг багасгахын тулд зардлыг бууруулах ёстой гэдгийг дурджээ. Ингэснээр 2026 онд 400 сая евро /ойролцоогоор 460 сая доллар/, 2027 онд 1.8 тэрбум евро нэмэлт зардал гарах юм. Хэрэв С.Лекорнюгийн санал дэмжигдвэл бүрэн эрхийнхээ хугацаанд тэтгэврийн насыг нэмэгдүүлэх гэсэн Ерөнхийлөгч Э.Макроны оролдлого бүтэлгүйтнэ гэсэн үг бөгөөд 2027 оны ерөнхийлөгчийн сонгууль болоход Э.Макрон хэдийн хоёр удаа сонгогдсон байх юм. Э.Макрон 2023 онд парламентын санал хураалтаас "бултан" тэтгэврийн шинэчлэлийг хүчээр хийх гэсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, жагсаал цуглаанууд олон сарын үргэлжилсэн билээ.
С.Лекорню Францын нөлөө бүхий социалист болон хэт барууны эвслүүдийн хатуу эсэргүүцэлтэй тулгараад буй энэ үед засгийн газраа үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд 2026 оны төсвийг парламентаар батлуулахыг хичээж байна.
Харин Францын парламент дахь хэт зүүний болон хэт барууны намуудын аль аль нь уг төлөвлөгөөг эсэргүүцэж байгаа ажээ. Зардлыг танах төсвийг баталж чадаагүйн улмаас хэд хэдэн засгийн газар огцорсон бөгөөд С.Лекорню бол сүүлийн хоёр жилийн хугацаанд Э.Макроны томилсон тав дахь Ерөнхий сайд юм. Тэрбээр албан тушаалаасаа нэг удаа огцорч байсан боловч өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Э.Макрон түүнийг албан тушаалд нь эргүүлэн томилсон билээ. Энэ долоо хоногт С.Лекорнюгийн шинэ засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар хамгийн цөөндөө хоёр удаа санал хураалт явагдана.
Ээлжит бус ерөнхийлөгчийн сонгууль зарлах замаар мухардлаас гарахыг зарим хүмүүс Э.Макроноос шаардсаны дараа С.Лекорню тэтгэврийн шинэлчлэлийн талаар бодлоо өөрчилсөн нь Ерөнхийлөгч мөн уг төлөвлөгөөнөөс татгалзахад бэлэн байгааг илэрхийлж магадгүй юм.
Э.Макрон тэтгэврийн насыг 62-оос 64 болгон нэмэгдүүлэхийг санал болгосон бөгөөд энэ нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад хамгийн зөөлөн дүрэм журам юм. “Долоогийн бүлэг”-ийн орнуудаас зөвхөн Японд тэтгэвэрт гарах нас дээр дурдсанаас доогуур буюу 60 байдаг. Европын Төв банк 2025 оны эхний улирлын байдлаар Францын улсын өр ДНБ-ий 114 хувьтай тэнцэж байна гэж тооцоолжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0