
Манай улс Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны есдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж буй. Хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаа болон хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилт, бусад асуудлаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрхийн хууль тогтоомж, бодлого төлөвлөлт хариуцсан шинжээч Ж.Азжаргалтай ярилцлаа.
-Өнгөрсөн жилүүдэд хүүхэд хамгааллын төсвийн зарцуулалт тодорхойгүй, үр дүн нь бодит биш гэх шүүмжлэл дагуулсаар ирсэн. Харин энэ жил улсаас хүүхэд хамгааллын зардалд 20.6 тэрбум төгрөг төсөвлөсөн. Санхүүжилтийг ийн нэмснээс гадна шаардлагатай зардлыг Сангийн яамнаас шууд орон нутагт хуваарилдаг боллоо. Энэ мэт шинэчлэлийн талаар яриагаа эхэлье?
-Хүүхэд хамгааллын тухай болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хэчнээн хэмжээний зардал шаардлагатай вэ гэдэг судалгааг НҮБ-ын Хүүхдийн сангаас хийсэн байдаг.
Дээрх хуулийг бүхэлд нь хэрэгжүүлэхэд эдийн засгийн өсөлттэй үед 21 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гаргасан. Харин эдийн засгийн дунд өсөлттэй үед ойролцоогоор 14 орчим тэрбум төгрөг зарцуулахыг тооцсон.
2021 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийн давхардал, хийдлийг арилгах, бусад хууль, тогтоомжид нийцүүлж боловсронгуй болгох талаар Засгийн газрын тогтоол гарсан. Үүний хүрээнд манай яамны зүгээс Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Энэ хууль болон даган гарсан бусад холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран хийсэн юм.
Үнэлгээгээр хүүхэд хамгааллын тогтолцоо, хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний кейс менежментийн үе шат, оролцогч талуудын чиг үүргийг тодорхой болгох, хүний нөөц, төсөв, санхүүжилтийг бүрэн гүйцэд шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнэсэн.
Иймд Хүүхэд хамгааллын хуулийг шинэчлэн боловсруулж, батлуулсан. Тухайлбал, хүүхэд бүрийг эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхэд бүрд үйлчилгээг бүрэн хүргэхээр хуульчиллаа. Хүүхдийг Ивээх сангийн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслөөс хүүхэд хамгааллын төсвийн талаар "Мэдэж, оролцож, хамтдаа хяная" нөлөөллийн аяныг орон даяар явуулж байна.
-Хүүхэд хамгааллын зардлын санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн тодорхойлсон бол?
-Энэ хуулийн нэг онцлог нь санхүүжилтийн эх үүсвэр, зохицуулалтыг тодорхой болгож өгсөн. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 52 дугаар зүйлд санхүүжилтийн эх үүсвэрийг улсын, орон нутгийн төсөв, үндэсний болон олон улсын төсөл, хөтөлбөр, дотоод гадаадын хуулийн этгээд болон олон улсын байгууллага, хувь хүнээс өгсөн хандив тусламж гэсэн дөрвөн эх үүсвэртэй байхаар заасан. Мөн Засгийн газрын гишүүн бүр эрхлэх асуудлын хүрээнд хүүхэд хамгааллын зардлыг төлөвлөж, хэрэгжүүлэх шинэ зохицуулалттай болсон.
Төрийн бүх байгууллага хүүхэд хамгааллыг хэрэгжүүлэх, дэмжих болон хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээрх хууль тогтоомжийг хуулийн этгээд бүр сурталчлах үүрэгтэй. Энэ чиг үүргийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж, зардлыг улсын төсөвт тусгах арга хэмжээ авч ажиллах юм.
Түүнчлэн нутгийн өөрөө удирдах байгууллага хүүхэд хамгааллын санхүүжилт, хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажил, үйлчилгээний зардлыг орон нутгийн төсөвт тусгаж батлах зохицуулалттай болсон. Аймаг, дүүргүүд хүүхдийн эсрэг хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэл, бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлийн талаарх судалгаа, статистиктаа дүн шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хэтийн болон ойрын зорилтоо тодорхойлж, аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичиг, хөгжлийн төлөвлөгөө, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаж, санаачилга гарган ажиллах шаардлагатай. Энэ талаар мөн Хүүхэд хамгааллын тогтолцооны зураглалын судалгаа болон бусад судалгаанд зөвлөмж өгсөн байгаа.
Хамтарсан багийн гишүүний урамшууллыг сараар тооцож, улирал бүр олгодог
-Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, хүүхэд хамгааллын үйлчилгээний нэг хүүхдэд ногдох дундаж зардлын нормативыг баталсан. Тус бүрийнх нь онцлогийн талаар тайлбарлахгүй юу?
-Хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэхэд шаардагдах зардлын аргачлал болоод нэг хүүхдэд ногдох зардлын дундаж нормативыг Засгийн газрын 2024 оны 236 дугаар тогтоолоор баталсан.
Санхүүжилтийг төлөвлөхдөө өмнөх онд хэрэгжүүлсэн хүүхэд хамгааллын үйлчилгээний тоо, чанар, үр дүнд үндэслэн дараа оны зардлын тооцооллыг төлөвлөн, батлуулж, хэрэгжүүлэх юм.
Уг аргачлал, нормативаар хүүхэд хамгааллын шуурхай тусламжийн, хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээ болон урьдчилан сэргийлэх үйлчилгээг зохион байгуулахад шаардагдах зардлын ангиллыг ялгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, үйлчилгээ авч байгаа хүүхдийн тоо болон нэг хүүхдэд зарцуулж буй төсвийг тооцох болон хүүхэд хамгааллын батлагдсан төсвийг захиран зарцуулах, хэнд олгох, хэрхэн зарцуулах зохицуулалтыг тодорхой болгохыг зорьсон.
Мөн бусад салбарын хувьд жишиг болно. Жишээлбэл, шуурхай тусламжийн үйлчилгээний хүрээнд гарах анхан шатны тусламжийн багцын зардал 20 мянган төгрөг байхаар тусгасан. Үүнд эм, ариун цэврийн хэрэгсэл, зөөлөн эдлэл, шаардлагатай тохиолдолд хувцас гэх мэтийг багтаасан.
Мөн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэхэд гарсан бичиг хэрэг, харилцаа холбоо, шатахууны зардлуудыг маш тодорхой зааж өгсөн. Кейсийн онцлогоос шалтгаалан анхан шатны багцад багтаагүй бусад зардлыг кейс төлөвлөгөөнд тусгасныг үндэслэн нэмэлт санхүүжилтийн хүсэлт гаргах гэх мэт үйлчилгээ тус бүрээр зохицуулалт тодорхой болсон. Түүнчлэн эрүүл мэнд, сэтгэл зүй, хууль, эрх зүйн үйлчилгээний зардлыг тухайн салбарын сайдын баталсан нормативын дагуу тооцно. Аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтэс, хамтарсан багийн ирүүлсэн санхүүжилтийн хүсэлтэд үндэслэн үйлчилгээний зардлыг аргачлалын дагуу тооцон олгож байна.
-Хамтарсан багийн гишүүн бүрд урамшуулал олгож байна уу?
-Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдэд урамшуулал олгох асуудал маргаан их дагуулдаг байсан. Тухайлбал, хамтарсан багийн гишүүд нөхцөл байдлын үнэлгээ хийж, хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлыг хамтарсан багийн гишүүдэд бус, тухайн сум, хорооны засаг захиргааны нэгжид шилжүүлдэг байсныг энэ удаагийн аргачлал, нормативаар тодорхой болгосон. Хүүхэд, гэр бүлд нөхцөл байдлын үнэлгээ хийж кейс нээх, төлөвлөгөө боловсруулахад оролцсон Хамтарсан багийн гишүүнд олгох урамшуулал болох 63 мянган төгрөгийг сараар тооцож, улирал бүр тухайн гишүүний дансаар олгож байна.
-Хамтарсан багийн урамшуулал, тээврийн зардал зэргийг шийдсэнээр хүчирхийлэл, гэмт хэрэгт өртсөн хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ илүү шуурхай болж, үр дүнд хүрэх байх. Энэ онд зарцуулах хүүхэд хамгааллын зардлын гүйцэтгэл ямар байгаа бол?
-Хүүхэд хамгааллын хамтарсан багийн томилолт, тээврийн зардлыг Сангийн сайдын баталсан нормативын дагуу тооцон олгож байна. Хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрийн зардлын гүйцэтгэл наймдугаар сарын байдлаар өссөн дүнгээр 51.4 хувьтай байна.
Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнаар 770 гаруй хүн ажиллаж байна
-Ниргэсэн хойно нь хашхирах бус, урьдчилан сэргийлэх ажил нь хүүхэд хамгаалалд хамгийн чухал. Үүнд мэргэжилтнүүдийн үүрэг, оролцоо ямар байна вэ?
-Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчлэлээр анх удаа сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах зохицуулалттай болсон.
2024 онд Засгийн газраас сум, хороонд 833 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах орон тоог тогтоосон. Энэ дагуу 2025 оны хоёрдугаар сараас сум хороонд 770 гаруй хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллаж эхэлсэн. Зарим хороо, сумдад сул орон тоо бий.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэгтэй.
Мөн бусад салбарууд ч тодорхой үүрэг хүлээсэн. Уг хуулиар Хамтарсан баг хэд хэдэн чиг үүрэгтэй. Тухайлбал, тухайн орон нутагтаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, илрүүлэх, судалж тандах, таслан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээ авч ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Эдгээр үйл ажиллагааны зардлыг тухайн орон нутаг төсөвтөө тусгахаас гадна, зарим санхүүжилтийг нь Хууль зүйн яам шийдвэрлэх боломжтой. Харин Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчлэлийг дагалдан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон орон нутгийн байгууллага нь Хамтарсан багийг хүүхэд хамгааллын чиглэлээр мэргэжил, арга зүй, удирдлагаар хангах үүрэгтэй болсон.
-Хүүхэд хамгааллын зардлыг анх удаа боловсролын төсөвт суулгасан гэж сонссон. Энэ нь 20.6 тэрбум төгрөгөөс тусдаа асуудал уу?
-Салбар бүр эрхлэх асуудлынхаа хүрээнд хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх зардлыг улсын төсөвт тусгуулах талаар би өмнө нь дурдсан. Боловсролын салбарынхан хуулийн хүрээнд томоохон үүрэг хүлээж байгаа.
Өөрөөр хэлбэл, эрсдэлт нөхцөлд байгаа суралцагчийг илрүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, шаардлагатай бол мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах, хүүхдийн эрхийн чиглэл, гэмт хэрэг, хүчирхийллийн эсрэг гомдол, мэдээлэл хүлээн авах нээлттэй суваг ажиллуулах, сургуулийн орчинд эрх нь зөрчигдвөл кейс нээж ажиллах, аливаа эрсдэл, зөрчил, үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлэх, өртсөн бол хүүхэд, гэр бүлтэй ажиллах гэх мэт зохицуулалтыг Хүүхэд хамгааллын хуульд тусгаж өгсөн. Иймд Боловсролын сайдын багцад эдгээр үйлчилгээнд зарцуулах зардлыг тусган төлөвлөсөн гэж ойлгож болно. Хууль зүйн, эрүүл мэнд, соёлын гээд хуулиар үүрэг хүлээсэн бусад салбаруудад ч хуулиа хэрэгжүүлж ажиллах болов уу.
-Түр хамгаалах байрны зардлыг хэрхэн зохицуулж байна вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар “Засаг даргын өргөн мэдүүлснээр харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардал, нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны урсгал зардал, хамтарсан багийн үйл ажиллагааны зардал, хохирогчид үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон зардлыг тухайн орон нутгийн төсөвт тусган батлах, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх” чиг үүрэгтэй байгаа.
Харин түр хамгаалах байраар үйлчлүүлсэн хүүхдийн хоолны хувьсах зардлыг хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын аргачлал, нормативын дагуу тооцож Хүүхэд хамгааллын зардлаас санхүүжүүлнэ.
Мөн түр хамгааалах байранд байрлах хугацаанд хүүхдэд үзүүлсэн хамгааллын үйлчилгээний зардлыг аргачлал, нормативын дагуу санхүүжүүлж болно. Хууль, дүрэм, журмыг хэрэгжүүлэхгүй байгаа газар цөөнгүй бий. Ирэх онд хууль хэрэгжүүлэхэд илүү сайн анхаарч, мэргэжилтнүүдэд зөвлөгөө өгч, сургалт, мэдээлэл хийх шаардлагатай байна.
Цахим орчин дахь дарамт, хүчирхийллийн дуудлага хоёр дахин өссөн
-Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлага буурахгүй байна гэлээ. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудал манай улсад ямархуу түвшинд байна вэ?
-Хүүхдийн тусламжийн 108 утсанд жилд 110-120 мянган дуудлага ирдэг. Энэ оны хувьд нийт дуудлага өсөөгүй. Гэхдээ зорилтот дуудлага нэмэгдсэн нь сайн. Зорилтот дуудлага гэдэг нь хүүхэд заавал хүчирхийлэлд өртсөн хойноо хандах бус, өөрт хэрэгтэй мэдээ, мэдээлэл авах, зөвлөгөө авах болон хүчирхийллийн дуудлага мэдээлэл багтдаг. Яагаад гэхээр хүүхэд аливаа мэдээллийг мэргэжлийн зөвлөгч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдээс авснаар зөв шийдвэр гаргахад эергээр нөлөөлнө.
Хүүхэд хүчирхийлэлд өртсөнийг мэдсэн, ажигласан, таамагласан насанд хүрсэн бүхий л хүн 108 утсанд хандаж, мэдээлэл өгөх үүрэгтэй.
Манай улсад хүүхдийг үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэл давамгайлж байна. Эцэг, эх нь хүүхдээ шаардлагатай хоол хүнсээр хангах, өвдсөн үед нь эмчид хандахгүй байх, цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байх, ярилцахгүй байх зэргээр, зүй бус харьцаж, бие махбод, сэтгэл зүйн хувьд хохироож байгаа нь үл хайхарч буйн хэлбэр юм.
Эцэг, эхээс гадна хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллага, байгууллагын ажилтан тусламж, үйлчилгээ хэрэгтэйг нь мэдсээр байж холбон зуучлаагүй бол хүүхдийг үл хайхарсан гэж үзнэ.
Энэ оны наймдугаар сарын байдлаар цахим орчны дарамт, хүчирхийлэлд өртсөн гэх 80 гаруй дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оныхоос хоёр дахин өсжээ. Энэ нь хүүхэд өөрсдөө “Би ийм төрлийн хүчирхийлэлд өртөж байна” гэдгээ таньж мэдээд дуудлага өгсөн тоо. Мэдэхгүй хүүхэд ч бий. Тиймээс хүүхдэд цахим орчны дарамт, хүчирхийлэлд өртөж буйг таних, мэдээлэх талаар ойлголт, мэдлэг олгох нь чухал.
-Хүүхэд хамгааллын зардалд тавих олон нийтийн хяналт сул байна. Үүнийг яаж сайжруулах боломжтой бол?
-Хүүхэд хамгааллын тухай хуульд оролцогч талуудын оролцоо чиг үүргийг тодорхой болгосон. Эцэг, эхчүүд хүүхдийн байгууллагад хандаж хүүхэд хамгааллын үйлчилгээ авах хүсэлтээ гаргах, хандах эрхтэй. Хүүхэд нь аливаа гэмт хэрэг, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд аав, ээж нь тухайн кейс төлөвлөгөө гаргахад оролцох тухайн үйлчилгээг үзүүлэхэд хамтран ажиллах боломжтой.
Гэхдээ эцэг, эх нь хүүхдийнхээ эрх, ашгийг зөрчсөн бол кейс төлөвлөгөөний оролцогч болох боломжгүй. Тиймээс аав, ээж, асран хамгаалагчийн зан үйлд нөлөөлөх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, гэр бүлийн ээлтэй орчин бүрдүүлэхэд эцэг, эх, хүүхэдтэй нь нь хамтад нь ажиллана.
Урьд нь хамтарсан багийнхан зөвхөн хүүхэдтэй ажилладаг байсан бол хуулийг шинэчилснээр хүүхэд, гэр бүлтэй хамтад нь ажиллаж, нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлж байна. Иргэд төрийн аль ч байгууллагаас мэдээлэл авах эрх нь нээлттэй. Мөн тухайн байгууллагын Шилэн дансанд хандаж, мэдээлэл авч болно.
Б.БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0