sonin.mn

2026 оны Монгол Улсын төсөв улс төрийн бужигнаан, сандал суудлын хэрүүлд дарагдаад байна. Төсвийн талаар УИХ-ын гишүүн О.Саранчулууны байр суурийг сонирхлоо.


-Та Засгийн газарт төсвийг буцаах санал гаргаж байгаа нь ямар учиртай вэ?


-Улсын төсвийн бодлого гэж ярих нь дэндүү том үг болчихжээ. Үнэндээ өнөөдрийн төсөв бол хөгжлийн баримт бичиг бус, улс төрийн тохиролцоо, сандал суудлын төлөөх хэрэгсэл болон хувирсан байна. Засгийн газарт буцаах санал гаргаж байгаа маань ч үүнтэй холбоотой.


2026 оны төсвийн төсөлд “сэхээнд” шахуу байгаа салбаруудын асуудал, хүн амын бодит хэрэгцээ орхигдож, оронд нь “зам”, “бүсийн хөгжил” гэх ерөнхий нэрийн дор хуваарилалт хийгдэж байна.


Энэ удаагийн төсвийн хасалт, шилжүүлгийн дүнг харахад төрийн үндсэн үйлчилгээтэй холбоотой барилга, дэд бүтцийн төслүүдийг өргөн хүрээнд тасалсан нь хамгийн ноцтой. Боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээрх хөрөнгө оруулалтууд бараг л “зогссон” дүр зурагтай. Эхний хэсэгт төрийн байгууллагуудын тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бууруулсан нь шууд ажиллагаанд нөлөөлөхгүй мэт боловч технологийн шинэчлэл, хүчин чадлын өсөлт хойшлохыг илтгэнэ. Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, АТГ, Үндэсний аудит, ШУА-ийн лаборатори гээд олон байгууллагын төсөв тэрбумаар буурсан байна.

-Бүр боловсрол, эрүүл мэндийн салбараас ч хасалт хийхээр яригдаж байна?


-Тиймээ. Илүү хор уршигтай нь боловсролын салбарын хасалт. Улсын хэмжээнд 40 гаруй сургуулийн барилга, өргөтгөл, дотуур байр, цэцэрлэгийн төсөл зогсож байгаа нь гурван ээлжтэй, ачаалалтай сургуулиудын нөхцөл байдлыг улам дордуулна. “Боловсролыг дэмжих жил” гэж нэрлэж байсан 2026 он яг үнэндээ боловсролыг хассан жил болон хувирч байна. Эрүүл мэндийн салбар ч ялгаагүй хүнд цохилт авлаа. Завхан, Булган аймагт шинээр баригдах 100 ортой эмнэлгүүд, Хавдар судлалын төвийн өргөтгөл, Эрхтэн шилжүүлэн суулгах төв зэрэг чухал төслүүд бүгд хасагдсан. Энэ бол тоо биш, хүний амь нас, тусламж үйлчилгээний хүртээмжтэй шууд холбоотой асуудал юм.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд ч нааштай төсөв сонсогдохгүй байна. Та энэ тал дээр хамгийн их дуугарч байгаа?


-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр төлөвлөгдсөн хоёр том төсөл “Өнөр бүл” төв болон Арвайхээр хотод баригдахаар байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв зардал гэх мэт нь хамгийн эмзэг шийдвэр. Улсын хэмжээнд энэ төрлийн үйлчилгээ аль хэдийн хомс байхад ийм шийдвэр гаргах нь бодлого бус, үл хайхрал юм.


Хот, сум, аймаг дахь дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, цэвэр ус, дулааны станц зэрэг орон нутгийн хөгжлийн суурь төслүүд ч мөн хасагдсан. Энэ нь зөвхөн нэг жилийн асуудал биш иргэдийн амьдрах орчин, орон нутгийн хөгжилд урт хугацааны хоцрогдол авчрах эрсдэлтэй.


Нийтлэг дүгнэлтээр, энэ хасалт нь төрийн суурь үйлчилгээ рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг хамгийн хүчтэй цохилтод орууллаа. Хойшлогдсон төслүүдийн 70–80 хувь нь иргэдийн өдөр тутмын амьдрал, хүүхдийн боловсрол, эмзэг бүлгийн хамгаалалтай шууд холбоотой.

-Энэ бүх таналт хасалтын горыг иргэд ирэх жилүүдэд үзэх нь дээ?


-Тоног төхөөрөмжийн бууралт бол богино хугацааны саатал, харин бүтээн байгуулалтын бүрэн хасалт бол урт хугацааны нийгмийн чанартай эрсдэл юм. Энэ бол ирээдүйгээ хойш тавьж байгаа шийдвэр.


Харамсалтай нь, “бүсийн хөрөнгө оруулалт” нэрийн дор 200 гаруй тэрбум төгрөгийг зам, бүсийн хуваарилалтад шилжүүлж байгаа нь зөвхөн улс төрийн тохиролцоо, харилцан наймааны илэрхийлэл мэт харагдаж байна. Энэ бүхний эцэст “боловсролын жил биш, замын жил” болж байгаа нь бодлого алдагдсаны хамгийн тод жишээ юм.


Улсын төсөв бол улс төрийн тохиролцоо биш, иргэдийн итгэлийн баталгаа байх ёстой. Хэрвээ энэ баталгаа алдагдаж, төсвийн мөн чанар нь гишүүдийн тохироо, бүсийн хуваарилалт, замын тендерийн тоглоом болж хувирвал бидний ирээдүйг хэн санхүүжүүлэх вэ. Төсөв бол хүүхдийн боловсрол, өвчтэй хүний эмчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусламж, энгийн айлын амьдрах орчны баталгаа. Тэр утгаараа төсөвт хариуцлага, бодлого, итгэл гэсэн гурван зүйл хамгийн түрүүнд байх ёстой. Тэгвэл өнөөдрийн төсөв энэ гурвын алийг ч агуулж чадахгүй байна.

-Төсвийн байнгын хорооны ажлын хэсгээр тэтгэмж нэмэгдүүлэх асуудал дэмжигдсэн гэсэн үү?


-Миний гүйцээн боловсруулах чиглэл авсан тэтгэмж нэмэгдүүлэх асуудал маань өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн төсвийн байнгын хорооны ажлын хэсгээр орж дараах байдлаар шийдэгдлээ. Үүнд, 


-Нийгмийн халамжийн тэтгэвэр 20 хувь, 

-Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж 20 хувь, 

-Нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж 8.6 хувь, 

-Байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа асаргааны тэтгэмж 8.6 хувиар нэмэгдэх юм. Энэ бол бага ч болов үр дүн.


Гэхдээ одоо УИХ-ын чуулганаар орж санал хураалт авсны дараа 2026 оны төсөвт тусгагдах эсэх нь шийдэгдэнэ. 



Х.Хатан

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин