sonin.mn

Энэ оны 10 дугаар сарын 28-нд Стокхолмд болсон Нордикийн орнуудын сайд нарын зөвлөлийн уулзалтад Европын Холбооны Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайн уригдан оролцсон нь Украинд үзүүлэх Европын дэмжлэгийг дахин баталгаажуулсан үйл явдал байв. Уулзалтын төгсгөлд оролцогчид Украиныг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлж 2026–2027 онд Киевт эдийн засаг, батлан хамгаалахын тусламж үзүүлж, шаардлагатай бол төсвийн хэрэгцээг хангах амлалт өгсөн нь ЕХ-ны стратегийн тууштай байр суурийг илтгэнэ.[1] Энэхүү амлалтыг хэрэгжүүлэх нэг арга нь Оросын хилийн чанадад царцаасан хөрөнгийг ашиглах тухай санаа байв.


Украины ерөнхийлөгч Зеленскийн Европын удирдагчидтай хийсэн уулзалтуудын үр дүнд энэ мэт тодорхой ахиц гарч байгаа ч эдгээр амлалтыг хэрэгжүүлэх тодорхой механизм, тэр дундаа Оросын хилийн чанадад царцаасан хөрөнгийг дайны зардалд ашиглах асуудал одоогоор бүрэн шийдэгдээгүй байна.[2]


Үүний зэрэгцээ Европын орнууд 2035 он гэхэд ДНБ-ний 5 хувийг НАТО-д зарцуулах зорилт тавьж, ялангуяа Герман, Польш, Балтын улсууд батлан хамгаалахын зардлаа эрс өсгөж байгаа нь Украинд үзүүлж буй тусламжийг системчилж, Украиныг Европын улс төр, аюулгүй байдлын бүтцэд нэгтгэх стратегийн тууштай байдлыг бататгаж байна. Энэ үйл явц нь Москвагийн хувьд үндсэн аюул занал болж, геополитикийн шинэ хуваагдлын гол цэгт Европыг улам ихээр татан оруулж байгаа юм.


Бодит байдал дээр Орос–Украины дайн нь зөвхөн Украины нутаг дэвсгэрийн хязгаарт өрнөж буй уламжлалт зэвсэгт мөргөлдөөн бус, харин Европ тивд өрнөж буй өргөн хүрээний, олон түвшний дайны илрэл хэмээн зарим судлаачид үзэж байна.


Кибер халдлага, мэдээллийн дайн, эдийн засгийн дарамт зэрэг “саарал бүсийн” арга хэрэгслүүд нь нийтлэг стратегийн зорилготой, Европын аюулгүй байдлын орон зайг бүхэлд нь хамарсан сөргөлдөөний бүрэлдэхүүн хэсэг болж байна.[3] Энэ нөхцөлд Европ “тогтоон барих” байр сууринаас татгалзаж, өөрийгөө идэвхтэй оролцогчийн хувиар ухамсарлах шаардлагатай гэж Кеннан институтын захирал Майкл Киммаж онцолжээ.


Европ уг дайныг өөрийн нутаг дэвсгэрийн аюулгүй байдалд заналхийлж буй бодит дайн гэж бодитоор хүлээн зөвшөөрвөл дипломат, эдийн засаг, батлан хамгаалахын нөөц боломжоо илүү оновчтой ашиглах, стратегийн давуу байдал бий болгох боломж бүрдэнэ.


Гэвч нийгмийн түвшинд байдал илүү төвөгтэй байна. Дайн сунжирч дүрвэгсдийн урсгал, эдийн засгийн дарамт нэмэгдэж буй нь олон нийтийн дунд “дайнаас залхах” үзэгдлийг бий болгож, Оросын хуурамч, төөрөгдүүлсэн мэдээллийн кампанит ажлын нөлөөг нэмэгдүүлж байна.[4] Үүнээс шалтгаалан Европын засгийн газрууд түр зуурын арга хэмжээнээс системчилсэн бодлого руу шилжиж, иргэдийн дунд дүрвэгсдэд илүү таатай нөхцөл бүрдэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, нийгмийн дотоод хуваагдлыг гүнзгийрүүлж байна.[5]


Мөн залуусын дунд хамтын үүрэг хариуцлагын ухамсар суларч, цэрэгт сайн дураар элсэх сонирхол буурч байгаа нь Европын батлан хамгаалах бодлогын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байна.[6]


Ийм нөхцөлд Европын Холбоо 2026 оноос Оросын эсрэг илүү идэвхтэй, шийдвэртэй алхмуудыг хэрэгжүүлэх магадлалтай байна. Хэрэв Европ дайныг өөрийн аюулгүй байдлын хүрээнд хамаарах асуудал гэж үзэж, бодлогын хандлагаа өөрчилбөл, Оросын эсрэг арга хэмжээ илүү довтолгооны шинжтэй болж, энэ нь дайныг богино хугацаанд тогтворжуулахад тодорхой түлхэц үзүүлж болзошгүй. Энэ хувилбар нь АНУ-ын ерөнхийлөгч Трампын сонирхолд ч нийцэж, Европын стратегийн хариуцлагыг нэмэгдүүлэх үр дагавартай. Гэсэн хэдий ч Оросын цэргийн болон эдийн засгийн чадавхыг дутуу үнэлэх нь бодлогын алдаа болох бөгөөд энэхүү сунжирсан дайн аль нэг талын стратегийн бүрэн ялалтаар дуусах магадлал бага байна. Эцэст нь, 2014 онд Хенри Киссинжерийн онцолсончлон, талуудын “сэтгэл ханамжгүй байдал тэнцвэржсэн” буюу өөрөөр хэлбэл бүх талд хүссэнээс нь бага гэхдээ тэвчиж болохуйц нөхцөл үүссэн тохиолдолд л энэхүү дайн зогсож, тогтвортой байдал бий болох магадлал хамгийн өндөр байна.


Аюулгүй Байдал судлалын хүрээлэн бэлтгэв