Улаанбаатар хотын "Буянт-Ухаа" спортын ордонд гадаах арваннэгдүгээр сарын тачигнасан жавар Монголын эрх баригч Монгол Ардын Нам (МАН)-ын 2200 төлөөлөгчийн хөл хөдөлгөөн, шуугианд дарагдсан байлаа. 11-р сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан МАН-ын 31-р Их хурал нь "Эв нэгдэл-Шийдэл-Хөгжил" уриан дор явагдсан бөгөөд энэ нь зөвхөн намын удирдлагыг сонгох ээлжит санал хураалт бус байв.
Энэ бол бүтэн жил орчмын турш үргэлжилсэн авлигын дуулиан, улс төрийн дотоод тэмцэл, эдийн засгийн биелээгүй амлалтуудын дараа сонгогчдын алдагдсан итгэлийг сэргээх гэсэн цөхрөнгөө барсан оролдлого байлаа.
Энэхүү чухал цугларалтын төвд Монгол Улсын Тэргүүн шадар сайд, 38 настай Ням-Осорын Учрал байсан бөгөөд тэрээр 94.95 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулж, МАН-ын шинэ даргаар сонгогдов. Энэхүү “технократ” залуу МАН-ыг сэргээж чадах уу, эсвэл түүний өгсөлт нь одоогийн нөхцөл байдлыг (status quo) хадгалж үлдэх гэсэн гоёмсог оролдлого уу?
Орос, Хятад гэсэн геополитикийн хоёр том гүрний дунд хавчуулагдсан 3.5 сая хүн амтай Монгол Улсын хувьд МАН-ын энэ сонголт маш том үр дагаврыг дагуулж байна. Тус нам 2016 оноос хойш бараг тасралтгүй засаглаж байгаа ч сүүлийн жилүүдэд хууль ёсны байдал нь ганхаж эхэлсэн юм. 2025 оны нүүрсний нөөцийн авлигын дуулиан нь улсад олон тэрбумын хохирол учруулсан 2022 оны Тавантолгойн нүүрсний хулгайтай ижил төстэй байсан бөгөөд үүний улмаас УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр огцорч, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ элитүүдийн хэт тансаглалыг эсэргүүцсэн жагсаалын улмаас 6-р сард огцорсон билээ.
Намын их хурал хуралдах үед МАН-ын рейтинг 30 хувиас доош унаж, сөрөг хүчин болох Ардчилсан нам (АН) авлигын эсрэг мессежээрээ байр сууриа бэхжүүлж байв.
Дижитал бодлого, эдийн засгийн дипломат ажиллагаанд туршлагатай, "дажгүй" нэр хүндтэй Н.Учрал нь МАН-ын "дахин эхлүүлэх нэр дэвшигч" (reset candidate) болон гарч ирэв. Тэрээр фракцуудын хуваагдлыг намжааж, шинэчлэлт өөрчлөлтийн төлөө тус нам нухацтай хандаж байгаа гэдгийг сонгогчдод итгүүлэх дүр төрх болсон юм. Гэвч төлөөлөгчид түүний ялалтыг баяртайгаар хүлээн авч байх зуур шүүмжлэгчид эргэлзсээр байлаа.
Энэ нь өнгөрснөөсөө жинхэнэ утгаараа салж буй хэрэг үү, эсвэл МАН-ын хямрал ба гоо сайхны шинэчлэлийн мөчлөгийн ээлжит нэг үзэгдэл үү?
МАН-ын эрсдэлтэй тооцоолол: Яагаад Н.Учрал гэж, яагаад одоо гэж?
Н.Учралын сонголтыг ойлгохын тулд эхлээд 2025 онд МАН-д нүүрлэсэн оршин тогтнохын хямралыг ойлгох хэрэгтэй. Намын бэрхшээл 2025 оны эхээр Л.Оюун-Эрдэнэ, түүний хүүгийн найз бүсгүй тансаг зэрэглэлийн машин, брэндийн цүнх, нисдэг тэргийн аялал зэргээр гайхуулж буй бичлэг, зураг цахим орчинд тархсанаар эхэлсэн юм. Энэ нь 9.2 хувийн инфляц, 27.1 хувийн ядууралтай тэмцэж буй жирийн монголчуудын хувьд доромжлол мэт санагдсан. Улаанбаатарт эсэргүүцлийн жагсаал дэгдэж, Л.Оюун-Эрдэнэ 6-р сард итгэл үзүүлэх эсэх УИХ-ын санал хураалтад ялагдал хүлээснээр сонгуулийн дараа МАН-ын АН-тай байгуулсан эвсэл задран унасан юм.
Түүний оронд томилогдсон туршлагатай улстөрч Г.Занданшатар ч төдийлөн дээрдсэнгүй. 9, 10-р сарын үе гэхэд тэрээр тухайн үеийн УИХ-ын дарга бөгөөд намын “Бага хурал”-аар МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгалантай зөрчилдөж эхлэв. Үүний шалтгаан нь Амарбаясгаланг Тавантолгойн улсын нүүрсний нөөцөөс завшиж байна гэсэн хардлага байв.
10 сарын дундуур, Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр огцорч, харин Г.Занданшатар Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн “шүүх”-ийн их суудлын хуралдаан болон цэцийн дүгнэлт оролцоотойгоор парламентад итгэл үзүүлэх эсэх санал хураалтад унасан байдлыг арайхийн давж гарав.
11-р сар гэхэд МАН-ын удирдлага эмх замбараагүй байдалд оров. Г.Занданшатар болон хуучин албан тушаалтнуудаар төлөөлүүлсэн намын хуучин ахмад зүтгэлтнүүд дуулианд холбогдсон байсан бол залуу гишүүд нь бэхэжсэн ашиг сонирхлыг цэвэрлэхийг шаардаж байв. Энэ үед Н.Учрал төгс тохирох буулт (compromise) болж гарч ирсэн юм.
2016 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж буй Н.Учрал нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайд (2022-2024), ЗГХЭГ-ын дарга (2024-2025), 2025 оны 6-р сараас хойш Тэргүүн шадар сайдаар ажилласан туршлагатай. Хамгийн чухал нь өмнөх удирдагчдаасаа ялгаатай нь тэрээр Монголын авлигын голомт болсон нүүрсний салбартай магадгүй “шууд” холбоогүй юм.
Түүний гэр бүлийн үүсгэн байгуулсан Их Засаг их сургуульд менежмент, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан, Орос болон Малайзад (мөн Их Британид зарим хөтөлбөрүүдэд хамрагдсан гэх) суралцсан олон улсын туршлага нь түүнд Монголын Евроазийн уулзвар дахь байр суурийг чиглүүлэхийн зэрэгцээ Баруунтай "гуравдагч хөрш"-ийн харилцааг хөгжүүлэх боломжийг олгож байна.
Н.Учралын намтарт практик ялалтууд бий. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын хувиар тэрээр "Чингис Сат" төслийг санаачилж, SpaceX болон Францын Thales Alenia Space компаниудтай хамтран 2027 онд хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж буй нь алслагдсан бүс нутгийг өргөн зурвасын интернетээр хангаж, цахим засаглал болон гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх зорилготой юм.
Эдийн засгийн хувьд тэрээр 2025 онд ОХУ-аар тэргүүлсэн Евроазийн эдийн засгийн холбоотой худалдааны гэрээ байгуулж, 367 нэр төрлийн барааны татварыг бууруулан, хоёр талын худалдааг 3 тэрбум долларт хүргэхээр зорьж байна. Мөн Францын "Орано Майнинг" компанитай Зөөвч-Овоо зэрэг ураны төслүүдэд 1.6 тэрбум долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нь олон зуун ажлын байр бий болгож, нүүрснээс хараат байдлыг төрөлжүүлэх амлалт болж байна.
Гэвч маргаан дагуулах асуудлууд ч бас бий. Түүний гэр бүлийн "Их Засаг" конгломерат болон "Хүннү групп"-тэй холбоотой асуудал шүүмжлэл дагуулдаг. 2024 онд БНХАУ-ын Боловсролын яамнаас Учралын гэр бүлийн 'Хүннү' группийн эзэмшдэг 'Их Засаг' их сургуулийн(Тус сургуульд тухайн үед Хятадаас ирж суралцах оюутны тоо эрс нэмэгдсэн) зэрэг олгох хөтөлбөрүүдийг 'чанар болон ил тод байдал'-д эргэлзэж буй шалтгаанаар нарийвчилсан хяналтад оруулсан байна.
Мөн тэрээр 2023 онд "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" тодорхойгүй хуулийг парламентаар 72 цагийн дотор яаран батлуулсан нь цахим хяналт тогтоох оролдлого гэж шүүмжлүүлж, Ерөнхийлөгчийн хориг болон олон улсын зэмлэлийг хүлээсэн юм. Энэ нь Н.Учрал намын дарамт шахалтад өртөмтгий болохыг харуулсан. Тэрээр одоо уг хуулийг "даруу байдлын сургамж" хэмээн тайлбарлаж байгаа ч энэ нь түүний шинэчлэгч дүр төрх болон намын хуучинсаг үнэнч байдлын хоорондох зөрчлийг илчилсэн хэрэг болсон юм.
МАН-ын Н.Учралыг дэмжих шийдвэр нь үе хоорондын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн алхам байв. 38 настай тэрээр сүүлийн хэдэн арван жилд МАН-ын даргаар сонгогдсон хамгийн залуу хүн болж, намын хөгшин ахмад зүтгэлтнүүдээс ялгарч байна.
Түүний Их хурлын үеэр танилцуулсан намын үйл ажиллагааг оновчтой болгох гишүүн төвтэй "E-4 стратеги" нь залуу төлөөлөгчдийн сэтгэлд нийцсэн юм: Efficiency (Бүтээмж - намын үйл явцыг цахимжуулах), Ethics (Ёс зүй - авлигын эсрэг аудитууд ба "шүгэл үлээгчийг хамгаалах" систем), Empowerment (Эрх мэдэлжүүлэлт - залуу нэр дэвшигчдийг бэлтгэх), Equity (Тэгш байдал - хүйсийн квот болон судалгаанд суурилсан сонгууль). МАН-ын удирдлагын хувьд Н.Учрал нь намын брэндийг шинэчлэх тодорхой сонголт байлаа.
Н.Учралыг юу хүлээж байна вэ? Эрх мэдэл, хязгаарлалт ба Ерөнхийлөгчийн сонгууль гэх мэт асуудлууд
Н.Учралын ялалт нэгэн чухал асуултыг бий болгож байна: Тэр зөвхөн МАН-ын даргын албан тушаалыг хаших уу, эсвэл УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэх мэт өндөр албан тушаалд зүтгэх үү? Одоогоор хариулт нь нарийн тэнцвэрийг хадгалах тал руу чиглэж байна. МАН "хоёрдмол удирдлага"-ын загварыг сонгосон: Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар хэвээр үлдэж, Н.Учрал намыг удирдана. Энэ нь "тогтвортой байдлын фракц" (хурдан өөрчлөлтөөс болгоомжилдог ахмад элитүүд багтдаг) болон "хөгжлийн фракц" (Н.Учралыг дэмжсэн хотын залуу мэргэжилтнүүд г.м багтдаг)-ыг хоёуланг нь тайвшруулах зорилготой зохицуулалт юм.
Г.Занданшатар өдөр тутмын засаглалыг удирдаж, харин Н.Учрал 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль болон 2028 оны УИХ-ын сонгуулийн өмнөх намын сонгуулийн стратегийг тодорхойлох үүрэг хүлээж байна.
Гэсэн хэдий ч түүний хувьд Ерөнхий сайдын албан тушаал бүрмөсөн хаалттай биш байж магадгүй. Хэрэв Г.Занданшатар нийгэм, эдийн засгийн алдаа гаргах эсвэл шинэ авлигын асуудалд орооцолдвол Н.Учрал түүнийг орлож магадгүй юм.
Г.Занданшатарын Монгол Улсын 2026-2030 оны "Шинэ Итгэл - Шинэтгэл" хөгжлийн төлөвлөгөөг (ДНБ-ий өсөлтийг жил бүр 6 хувьд хүргэх, дэлхийн өрсөлдөх чадварын эхний 50-д багтах зорилтуудтай) хэрэгжүүлэх үүрэг нь гол шалгуур болно. Хэрэв тэрээр ажлын байр бий болгож, инфляцыг бууруулж, уул уурхайгаас бусад салбарыг хөгжүүлж чадвал түүний байр суурь ганхашгүй болно.
Ерөнхийлөгчийн тухайд, Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь дор хаяж 50 настай байхыг шаарддаг. Тиймээс одоогоор МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай хүмүүс нь Г.Занданшатар (55), С.Бямбацогт (52, одоогийн ЗГХЭГ-ын дарга) болон бусад ахмад зүтгэлтнүүд байх болов уу. Н.Учралын үүрэг бол 2027 оны сонгуулиас өмнө намаа бэхжүүлж, ирээдүйд магадгүй өөрөө нэр дэвших насанд хүрэхэд(2037 он буюу 12 жилийн дараа гэсэн үг) нам нь түүнийг дэмжих хэмжээний хүчирхэг байлгахад оршино.
Н.Учрал МАН-ын дотоод тойрог буюу албан бус эрх мэдэл бүхий "ахмадын зөвлөл"-ийн (Монгол Ардын Намын даргын дэргэдэх Улс төрийн бодлогын зөвлөл, голдуу нам төрийн өндөр дээд албан тушаалд ажиллаж байсан ахмад зүтгэлтнүүд) эсэргүүцэлтэй тулгарч магадгүй.
Тэдний Н.Учралыг дэмжих дэмжлэг болзолтой. Тэд түүнийг намын нэр хүндийг сэргээх “хэрэгсэл” гэж харж байгаа ч өөрсдийнх нь ашиг сонирхолд заналхийлсэн шинэчлэлийг тэвчихгүй.
Жишээлбэл, Н.Учралын "E-4 стратеги" нь намын удирдах албан тушаалтнуудын бүрэн эрхийн хугацаанд хязгаарлалт тогтоохыг тусгасан нь олон арван жил эрх мэдлийг атгасан ахмадуудад шууд сорилт болж байна. Хэрэв тэр хэт хүчтэй түлхвэл хуучин ахмад зүтгэлтнүүд түүний эсрэг эргэж мэднэ.
"Ахмадууд Учралд уяа зүүж өгсөн" гэж нэрээ нууцлахыг хүссэн нэгэн шинжээч хэлэв. "Тэр уяа нь түүнийг шинэчлэгч мэт харагдуулахад хангалттай урт боловч, хэрэв хил хязгаарыг давбал буцааж татахад хангалттай богино."
“Томчууд” яагаад өнжив: Фракцын тохиролцоо ба тооцоолсон ухралт
Н.Учралын үнэмлэхүй ялалт нэг асуултыг төрүүлэв: МАН-ын бусад “томчууд” буюу улс төрийн капитал оноо өндөр бүхий туршлагатай улстөрчид хаана байсан бэ? Хариулт нь МАН-ын фракцын улс төр, их хурлын өмнөх чимээгүй тохиролцоонд оршино.
С.Бямбацогт (51, их хурлын гол зохион байгуулагч, одоогийн засгийн газрын ЗГХЭГ-ын дарга, УИХ-д олон удаа сонгогдож ЗГ-т хариуцлагатай албан тушаалууд хашиж байсан), Ж.Энхбаяр (52, одоогийн ХХААХҮ-ийн сайд, ҮАБЗ-ын нарийн бичгийн дарга асан, Батлан хамгаалахын сайд асан, дэслэгч генерал Ш.Жадамбаагийн хүү), Г.Тэмүүлэн (44, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга, НАМЗХ, Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Ч. Ганзоригийн хүү) болон С.Амарсайхан (52, Улаанбаатар хотын дарга асан, Шадар сайд асан) нар нэр дэвшихээс татгалзсан.
Н.Учралын цорын ганц өрсөлдөгч нь МҮХАҮТ-ын ерөнхийлөгч, намын дунд шатны зүтгэлтэн “Урбанек” Б.Лхагважав байсан бөгөөд түүнд фракцын дэмжлэг байгаагүй тул ялах боломж хомс байв.
Улаанбаатарын кофены шоп-д яригдаж буй шивнээгээр бол МАН-ын ахмадууд Н.Учралын ялалтыг баталгаажуулахын тулд Занданшатарын үнэнч талынхан болон АН-аас урвагсдыг оролцуулаад илүү хүчтэй өрсөлдөгчдийг замаас нь зайлуулсан гэнэ. "Энэ бол сонгууль биш байсан" гэж шинжээч хэлэв. "Энэ бол өргөмжлөл байсан. МАН-ыхан харьцангуй 'цэвэр' дүр төрхийг хүссэн тул талбарыг цэвэрлэсэн."
Занданшатарын ойрын холбоотон Ховд гаралтай С.Бямбацогтод Н.Учралтай өрсөлдөх сонирхол бага байв. Тэд ЕАЭЗХ-ны худалдааны хэлэлцээр болон "Орано" ураны төсөл дээр хамтран ажилласан бөгөөд С.Бямбацогт ЗГХЭГ-ын даргын хувьд бодлогын хэрэгжилтэд нөлөөлөх эрх мэдэлтэй.
Нэр дэвшээд ялагдах нь түүнийг сулруулах байсан тул тэрээр Н.Учралыг дэмжиж, шинэ удирдлагын багт байр сууриа бэхжүүлэв. Ж.Энхбаярын хувьд хүчирхэг фракц дутагдаж байж магадгүй. Түүний салбар (батлан хамгаалах, аюулгүй байдал, хөдөө аж ахуй) Н.Учралын эдийн засаг, цахим үүрэгтэй харьцуулахад олны анхаарлын төвд бага байдаг бөгөөд төлөөлөгчдийн дунд тодорхой дэмжлэг байхгүй байв. Түүний хувьд өнжих нь ичгэвтэр байдлаас зайлсхийх прагматик сонголт байлаа.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн зэрэг залуу боломжит өрсөлдөгчдийн хувьд нэр дэвших эрсдэл нь шагналаасаа илүү байв. Удирдах зөвлөл болон гол фракцын удирдагчид Н.Учралыг дэмжиж байхад түүнтэй өрсөлдөх нь улс төрийн хувьд гадуурхагдах магадлалтай, үр дүнгүй алхам болох байв. 6-р сард Ардчилсан намыг засгийн эвслээс хөөсөн жишээ нь намаас зөрөх үзэл бодлыг шийтгэдэг МАН-ын түүхийг харуулж, үзэл суртлын ялгаанаас илүү намын шугамд үнэнч байхыг чухалчилдаг соёлыг бий болгожээ.
Хотын дарга асан, Шадар сайд асан С.Амарсайхан цар тахлын үед улсын онцгой комисс удирдаж байх үедээ хөрөнгө мөнгийг буруу зарцуулсан дуулианаас хараахан ангижраагүй байна. Түүнд Н.Учралтай өрсөлдөх итгэл үнэмшил дутмаг байсан тул цагаа хүлээхээр шийджээ.
Хамгийн гайхмаар нь Улаанбаатар хотын одоогийн дарга Х.Нямбаатар байхгүй байсан бөгөөд тэрээр олон нийтийн өмнө Н.Учралыг дэмжсэн юм. 47 настай Х.Нямбаатарт өөрийн гэсэн амбиц бий ч тэрээр Н.Учралд ахмадуудын дэмжлэг байгааг хүлээн зөвшөөрсөн. Түүний эсрэг өрсөлдөх нь намын хотын саналыг хувааж, ирээдүйн сонгуульд Х.Нямбаатарын боломжийг хохироох байв.
Товчхондоо, МАН-ын туршлагатай улс төрчид Н.Учралд зам тавьж өгөхийн тулд зохион байгуулалттай ажилласан. Тэд сонгогчдод “нам хуваагдаагүй” гэдгийг харуулахын тулд нэгдмэл байдлыг хүсчээ. Томчуудын хувьд энэ сарын өрсөлдөөнд оролцоогүй нь сул доройн шинж биш, харин өөрсдийн эрх мэдлийг хамгаалж, Н.Учралд шинэчлэлийг тэргүүлэх боломжийг олгосон тооцоолсон алхам байв.
Ирээдүйн эрсдэлүүд: Шинэчлэл үү, эсвэл халхавч уу?
Н.Учралын даргын үүрэг найдвар дүүрэн эхэлж байгаа ч аюул отож байна. МАН-ын "эв нэгдэл" хэврэг байна: тогтвортой байдлын фракц болон хөгжлийн фракц сонгуульд ялах хэрэгцээ шаардлагаас өөр зүйл дээр санал нэгдэхгүй байна. Н.Учралын шинэчлэлүүд болох бүрэн эрхийн хугацааны хязгаарлалт, цахим ил тод байдал, авлигын эсрэг аудит хяналт шалгалтууд нь эрх мэдлээ хадгалах гэсэн улс төрчидтэй хүсэлтэй зөрчилдөнө. Хэрэв тэр намтын дотоод “энх тайвныг” хадгалахын тулд саналаа зөөлрүүлбэл залуу сонгогчдын итгэлийг алдах эрсдэлтэй. Хэрэв тэр хэт хүчтэй түлхвэл намыг хагалж магадгүй.
Эдийн засаг ч мөн тэсрэх бөмбөг мэт байна. Монголын эдийн засгийн өсөлт уул уурхайгаас (экспортын 80 хувь) хамааралтай тул дэлхийн түүхий эдийн үнийн хэлбэлзэлд өртөмтгий. "Орано" ураны төсөл (2028 онд олборлолт эхлэх төлөвлөгөөтэй) болон ЕАЭЗХ-ны худалдааны хэлэлцээр нь төрөлжүүлэх алхам мөн боловч үр дүнгээ өгөхөд олон жил шаардагдана.
Удаан хугацаанд оршин тогтнож буй сорилтууд ахиц дэвшилд саад болсоор байна. Авлига, хээл хахууль нь цэвэр эрчим хүчний гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсээр ирсэн. 2001 онд нээгдэж, 2023 оноос гүний олборлолтоо нэмэгдүүлсэн Оюутолгойн зэс-алтны уурхай нь 2030 он гэхэд Монголын ДНБ-ий 30 хүртэлх хувийг бүрдүүлэх төлөвтэй байгаа ч хөрөнгө оруулалтын өндөр зардал, богино хугацааны төсвийн өгөөж хязгаарлагдмал байгаад шүүмжлэлтэй ханддаг.
Н.Учрал Монголын хөрөнгө оруулалтын нэр хүндэд сэв суулгахаас болгоомжилж, гэрээг дахин хэлэлцэхийг уриалахаас зайлсхийсэн нь хөдөөгийн сонгогчдыг түлхэх эрсдэлтэй прагматик сонголт юм.
Богино хугацаанд Н.Учрал 11-р сарын 12-нд парламентаар батлагдсан 2026 оны төсвийг хэрэгжүүлэх ёстой. Үүнд багш нарын цалинг 742,000 төгрөгөөр нэмэгдүүлж жилд 2.8 сая төгрөг болгох, эрүүл мэндийн ажилтнуудын цалинг 15 хувиар нэмэх, тэтгэвэр тэтгэмжийг 8.6–20 хувиар нэмэгдүүлэх зэрэг олон нийтэд таалагдах арга хэмжээнүүд багтсан. Гэхдээ эдгээр нэмэгдлийг урсгал зардлаас 990.1 тэрбум төгрөг, хөрөнгийн зардлаас 361.1 тэрбум төгрөг танах, тэр дундаа шинэ дэд бүтцийн төсөл, зам барилгын ажлыг 50 хувиар бууруулах замаар санхүүжүүлж байна.
Геополитик нь эрсдэлийн бас нэг давхаргыг нэмж байна. Монголын "гуравдагч хөрш"-ийн стратеги нь Хятад (худалдааны гол түнш), Орос (түлш эрчим хүчний гол нийлүүлэгч) болон Япон, Өмнөд Солонгос, Баруун (хөрөнгө оруулалт, зөөлөн хүчний эх үүсвэр)-ын тэнцвэрийг хадгалахад оршино. Н.Учралын "Сибирийн хүч-2" байгалийн хийн хоолойн хэлэлцээрт оролцох үүрэг энэ тэнцвэрийг шалгах болно. Уг хоолой нь Монголд жил бүр олон зуун сая долларын дамжин өнгөрүүлэх төлбөр авчрах боломжтой ч Орос, Хятадаас хараат байдлыг гүнзгийрүүлж, Барууныг холдуулж болзошгүй юм.
Гэсэн хэдий ч хамгийн том эрсдэл бол Н.Учралын шинэчлэлийн хөтөлбөр нь ердөө халхавч болж хувирах явдал юм. МАН өмнө нь авлигын эсрэг тэмцэл амлаж байсан ч зөвхөн доод шатны албан тушаалтнуудыг онилж, элитүүдээ хамгаалсаар ирсэн. Хэрэв Н.Учрал нүүрсний дуулиантай холбоотой томоохон албан тушаалтнуудад хариуцлага тооцож чадахгүй бол олон нийтийн итгэл нуран унана. "Монголын ард түмэн 'шинэчлэл' гэдэг үгийг олон удаа сонссон тул үүнд итгэхгүй байна" гэж шинжээч хэлэв. "Учрал жинхэнэ хүмүүсийг, золиосны ямааг биш, шоронд хийх хэрэгтэй, эс бөгөөс тэр зүгээр л МАН-ын ээлжит нэг улстөрч болох болно."
11-р сарын 16-нд Буянт-Ухаа спортын ордон эзгүйрэх үед Н.Учрал Монголын улс төрийн ирээдүйн төвд зогсож байв. Түүний намын даргын албан тушаал нь харьцангуй "цэвэр" технократ элдэв шуугиан дуулианд идэгдсэн намыг сэргээж чадна гэсэн МАН-ын хувьд мөрийтэй тоглоомын бооцоо юм. Монголын хувьд энэ нь тус улсыг хойш татаж буй байгалийн баялгаас хамааралтай байдал, авлигын чөтгөрийн тойргоос гарах боломж юм.
Н.Учралын амжилт хоёр зүйлээс шалтгаална: МАН-ын хуучин улс төрчдийг ухаалаг нүүдлээр давж гарах чадвар, мөн бодит өөрчлөлтийг авчрах хүсэл зориг юм. Хэрэв тэр E-4 стратегиа хэрэгжүүлж, эдийн засагт уул уурхайн бус эдийн засгийг хөгжүүлж, элитүүдэд хариуцлага тооцож чадвал Монголын улс төрийн дүр төрхийг шинээр тодорхойлж чадна. Хэрэв үгүй бол МАН-ын уналт үргэлжилж, Монгол Улс улс төрийн тогтворгүй ирээдүйтэй нүүр тулах болно.
Судлаач Ч.Сумъяа
Тус өгүүлэл The Diplomat сэтгүүлд 2025 оны арваннэгдүгээр сарын 18-нд "Mongolia’s MPP Taps Uchral Nyam-Osor as Chair" нэртэйгээр англи хэл дээр нийтлэгдсэн.
Лхагва - 11 сарын 19,
2025

Сэтгэгдэл2
Учралд Ерөнхий сайд хийх мэдлэг, чадвар, дадлага туршалга байхгүй учраас тэрээр Ерөнхий сайдын албанаас үхтлээ айж, дагжин чичирч зугтаж байгаа юм.
Ханатай бичжээ. Хэнтийн Хүрэлсүх Баруун аймгийнхныг үзэн яддаг гэж Дорнодын Энхбаяраар хуулийн сайд тавьж,Буриад Учралаар МАН-н дарга тавьсан.Ингээд МАН одоо Монгол ардын биш Бурятская народная Партия болж Монголчуудад дайсагнадаг бүтэц болж байна. Занданшатар бол зүгээр утсан хүүхэлдэй хэнд ч сонин биш.