sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /Anadolu/. Геополитикийн өөрчлөлтүүд, Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ бууруулах магадлал, Төв банкуудын алт худалдан авалтын нөлөөгөөр алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна.


Оны эхэнд нэг унц алтны үнэ 2623 ам.доллар байсан бөгөөд 2025 оны турш гол төлөв өссөн үзүүлэлттэй байлаа. Төв банкуудын эрэлт, ХНС цаашид хүүгээ бууруулна гэсэн хүлээлт, геополитикийн нөхцөл байдал зэрэг нь алтны үнэ өсөхөд нөлөөлж байна.


Энэ оны нэгдүгээр сард алтны үнэ өмнөх сарынхаас 6.67 хувь, хоёрдугаар сард 2.17 хувь, гуравдугаар сард 9.26 хувь, дөрөвдүгээр сард 5.26 хувиар өсжээ. Харин тав, зургаа, долоодугаар сард тодорхой хязгаарт хэлбэлзсэн бол наймдугаар сард өмнөх сарынхаас 4.8 хувь, есдүгээр сард 11.9 хувь, 10 дугаар сард 3.7 хувь, 11 дүгээр сард 5.4 хувиар тус тус өссөн байна. Ингэснээр энэ онд нэг унц нь 4381.6 ам.доллар буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрч, оны эхэн үеэс хойш хөрөнгө оруулагчдад 60 хүртэлх хувийн ашиг авчирчээ.


Зах зээлийн мэргэжилтэн Зафер Эргезен “Anadolu” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлэхдээ, алтны үнэ дахин өсөхөөсөө өмнө тогтвортой түвшинд хадгалагдах үе шатандаа орсон бололтой гэв. “Алтны ханш өсөх гол шалтгаан бол ХНС хүүгээ бууруулах магадлал нэмэгдсэн явдал юм.


ХНС-гийн тэргүүн хүүг бууруулах хандлагатай байгаа нь ам.долларын индексийг бууруулсан хэдий ч үнэт металлын ханшийг өсөхөд хүргэсэн” гэж тэрбээр хэлжээ. Түүнчлэн алтны үнэ 4000 ам.доллароос дээшилж өссөн нь түүхэн дээд үзүүлэлтэд дахин хүрч магадгүй гэсэн үг боловч энэ эрч ойрын ирээдүйд тодорхой хэмжээгээр буурч магадгүй гэдгийг З.Эргезен хэлжээ. Хэрэв сүүлд 10 дугаар сард ажиглагдсан үзүүлэлтүүд эргэн сэргэвэл алтны үнэ шинэ дээд үзүүлэлтэд хүрч магадгүй гэж тэрбээр нэмж хэлсэн байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг