Эрт дээр үед монголчууд баян чинээлэг улс байсан л даа. Айл бүр өөрийн гэсэн хөрөнгө, мал сүрэгтэй. Малын ашиг шимээрээ хангалуун амьдарч байсан. Сүү цагаан идээ, бэлчээрийн монгол малын мах эрүүл мэндэд тустай элбэг дэлбэг байсан. Малынхаа ноос ноолуур, арьс ширээр хувцас гутал, эсгий хийгээд өмсөх хувцастай, идэх хоолтой, амьдрах эсгий гэртэй хангалуун ард түмэн байсан.
Харин социализмын үед улаантны харгис засаг хувийн өмчийг устгах бодлого барьж ард түмний хамаг мал сүргийг хуу хаман дээрэмдэн авч хүн бүрт эхнэргүйн татвар, хүүхэдгүйн татвар гэх мэтийн үй түмэн дааж давшгүй татвар ногдуулж ард түмэн туйлын ядуу дорой болсон юм.
Социализмын үед БНМАУ социалист орнуудын дунд хамгийн хоцрогдсон улс байлаа. Хувийн өмчийг нь устгачихсан ард түмний амьдрал жилээс жилд доройтсоор байв. Нам засаг баян чинээлэг ардыг үзэн яддаг байлаа. Нам засаг ядуу хүнийг магтдаг байлаа. Тийм учраас монгол хүн бүр өөрийн анкетаа бичихдээ “би ядуу харц ардын гэр бүлд төрсөн” хэмээн бахархдаг байлаа. БНМАУ 70 жил социализмыг байгуулсан гэдэг боловч 1990 онд дэлхийн хэмжээнд хөгжлөөрөө африкийн ядуу орны түвшинд л амь зогоож байлаа. Энэ ядуу гэдэг нь ямар үзүүлэлтээр харагддаг юм бэ? гэвэл нэг хүнд ногдох “GDP” буюу “Дотоодын нийт бүтээгдэхүүн”-ээрээ харагддаг юм. Нэг хүн нэг өдөрт 1.2 долларын зардлаар амьдардаг бол ядуу хүн гэдэг юм. 1990 онд БНМАУ-д нэг хүнд ногдох ДНБ нь дөнгөж 300 ам доллар байжээ. Энэ үзүүлэлт бол африкийн ядуу орнуудын түвшин байлаа. Монгол улс эдүгээ зах зээлд ороод 35 жил өнгөрөөд байхад азийн бар улс байтугай, бамбар улс ч болж чадсангүй. 35 жил гэдэг ямар ч улс хурдан хөгжих боломжтой хугацаа л даа. Хөгжих үү, хоцрох уу гэдэг нь тухайн улсаас өөрсдөөс нь шалтгаална. Тухайн улс эдийн засгийн хувьд хөгжиж чадвал ядуурлаас гарч баян чинээлэг улс болдог.
Ядуу байснаа баян чинээлэг болсон азийн улсууд зөндөө байна. 1 тэрбум 412 сая хүнтэй Хятад улс сүүлийн 40 жилд 800 сая ядуу хүнийг ядуурлаас гаргаж ядуурлыг улс даяар үндсэндээ устгаж нэг хүнд ногдох ДНБ нь эдүгээ 14 730 ам.долларт хүрчээ.
1 тэрбум 476 сая хүнтэй Энэтхэг улс сүүлийн 20 жилд зөв бодлого явуулж ядуурлыг устгаж байна. Энэтхэгт 1977 онд хүн амын 63.5 хувь нь ядуу байсан бол эдүгээ ядуу хүмүүсийн тоо 11.2 хувь болж буурчээ. 102.0 сая хүнтэй Вьетнам улсын ядуурал өнгөрсөн зууны ерээд онуудад хүн амынх нь 70.0 хувийг эзэлж байсан бол одоо ядуурал дөнгөж 5.0 хувийг эзэлдэг болжээ. 51.6 сая хүнтэй Өмнөд Солонгос улс 1950- иад онд солонгосын дайны дараа азийн хамгийн ядуу орны нэг байсан бол боловсрол, аж үйлдвэрлэлийг улсаасаа дэмжиж эдгээ дэлхийн хамгийн 11 баян чинээлэг орны нэг болжээ. 5.4 сая хүнтэй Сингапур азийн хамгийн ядуу улсын нэг байсан бол эдүгээ нэг хүнд ногдох ДНБ нь 99 042 ам.долларт хүрсэн дэлхийн хамгийн баян улсын нэг болжээ. Азийн ядуу орон байсан Тайланд, Малайз улс эдүгээ азийн баян чинээлэг орон болсон. Манай улсын баруун хөрш 20.0 сая хүнтэй Казахстан улс социализын үед нэг хүнд хогдох ДНБ нь 750 ам доллар байсан бол эдүгээ нэг хүнд ногдох ДНБ нь 15 527 ам доллар болж баян чинээлэг улс болжээ.
Яагаад Монгол улс сүүлийн 35 жилийн дотор хөгжиж чадаагүй юм бэ, яагаад 35 жилийн өмнө хүн амын 33.3 хувь нь нэн ядуу байсан бол одоо энэ үзүүлэлт яагаад бараг хэвээрээ үлдсэн юм бэ? Ямар шалтгаан байна вэ?
Монгол улс хөгжөөгүй нь дараах дөрвөн том шалтгаанаас болжээ.
Нэгдүгээрт, Төр засаг нь хууль ёс, шударга ёсыг тогтоож, тогтвортой, ухаалаг хүчтэй болж чадсангүй.
Хоёрдугаарт, Улсаа аж үйлдвэржүүлж экспортын баримжаатай үйлдвэр барьж чадсангүй. Эдийн засгийн өсөлтийг хангаж чадсангүй.
Гуравдугаарт, Гадаадын хөрөнгө оруулалтыг Монголд их хэмжээгээр татаж чадсангүй.
Дөрөвдүгээрт, Монгол улс авилгал, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэж ялж чадсангүй. Монгол улс ядуурлаас гарч чадсангүй.
1991 оноос хойш байгуулагдсан Засгийн газар нь улсын хөгжлийн алсын харааны бодлого байхгүй, тогтворгүй, Засгийн газрын Хөтөлбөр төсөл нь засаг солигдох бүр хаягдаж орхигддог байв. Сүүлийн 35 жилийн хугацаанд Засгийн газар 18 удаа солигдож, Засгийн газрын дундаж наслалт 1.6 жил байлаа.Хамгийн сүүлд огцорсон хоёр Засгийн газрын нас сүүлдээ бүр нэг жил ч хүрэхгүй болж нас нь дөнгөж 9 сар байв.
Төрийн бодлогыг хэрэгжүүлэгч Засгийн газар нь тогтворгүй болохоор бодлого нь ч тогтворгүй байх нь мэдээж. Төрийн бодлого нь тогтворгүй бол хөгжлийн тухай яриад ч хэрэг алга.
Монгол улс 1990 оноос хойш дунд болон урт хугацааны бодлого, стратеги, үзэл баримтлал, мастер төлөвлөгөө зэрэг нийт 480 хөгжлийн баримт бичгүүд баталжээ. Харамсалтай нь эдгээр хөтөлбөр төслийн ихэнх нь эдийн засаг болон үйлдвэрлэлийн нөөц, орчин нөхцөлөө тооцоолоогүй, ТЭЗҮ байхгүй, тооцоолсон сайн төсөл санаачилга нь засаг солигдож, дарга өөрчлөгдөх тутам усанд хаясан чулуу мэт замхардаг байв. Бүр Засгийн газрын хэмжээнд бусад улс оронтой байгуулсан гэрээ хэлэлцээр хүртэл замхардаг байв. Хэлсэн үгэндээ эзэн болдоггүй төр засгийг хулхи төр засаг гэдэг. Монголд хулхи төр, хулгай хоёр энгийн үзэгдэл болжээ. Аль нэг нам нь сонгуульд баахан хоосон амлалт өгч ялдаг. Ялаад хэлсэн үгээ мартдаг, дэвшүүлсэн зорилтоо умартддаг, улсаа хөгжүүлж үйлдвэржүүлж ард түмний амьдралын түвшинг дээшлүүлж чаддаггүй. Төр засгийн улс орноо хөгжүүлэх тухай гаргасан хөтөлбөр төсөл, тогтоол шийдвэр хэрэгждэггүй өдий хүрэв.
Анх 2003 онд төрийн бодлого гарч “Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг баталсан. Улмаар Улсын Их Хурлаас “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг 2009 онд баталсан.
Гэтэл бодлого батлагдаад 21 жил, хууль хэрэгжиж эхлээд 15 жил өнгөрсөн ч одоо хүртэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа үйлдвэрлэл, технологийн нэг ч парк алга байна. 1995 онд "Монгол улсад эдийн засийн чөлөөт бүс байгуулах тухай "УИХ-ын 87 дугаар тогтоол гарч "Монгол улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлалыг баталжээ. Эдүгээ 35 жил өнгөрсөн боловч Монголд нэг ч чөлөөт бүс байгуулагдсангүй. Монгол улс аж үйлдвэржилтийг хийж чадсангүй. Эрчим хүч, ашигт малтмал боловсруулах үйлдвэр, машины үйлдвэр, электрон барааны үйлдвэр, гангийн үйлдвэр, зэсийн үйлдвэр, нефть химийн үйлдвэр байгуулж чадсангүй. Монгол улс зүү тариа, хадаас, буу сумаа ч үйлдвэрлэж чадахгүй өдий хүрэв.
Шийдэж чадаагүй олон асуудлаас хамгийн чухал асуудал болох эрчим хүч, шатахууны талаар жаахан ярья.
Монгол улсын амин чухал тэргүүн асуудал бол эрчим хүчний асуудал юм. Монгол орон бол нүүрс, ус, нар, салхи, уран зэрэг эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд дээгүүр ордог бөгөөд эдгээр эрчим хүчээ ашиглаж чадвал зөвхөн өөрийгөө хангаад зогсохгүй хөрш улсуудыг эрчим хүчээр хангах бүрэн боломжтой юм. Гэвч монголчууд аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ гэгчээр бусдыг эрчим хүчээр хангах бүү хэл, өөрийгөө хангаж чадахгүй эрчим хүчний дутагдалд ороод 100 жил болжээ. Монгол Улсын хэмжээнд эдүгээ цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ жилд дунджаар 11 тэрбум кВт.ц байсан. Үүний 77.7 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 22.3 хувийг импортоор худалдаж авдаг.
Монгол Улсын цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1584 МВт байдаг. 1100 МВт-ыг нүүрсний цахилгаан станцууд үйлдвэрлэдэг. Үүнээс 81.0 хувь нь дулааны цахилгаан станц, 19.0 хувь нь сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр эзэлж байна.
Монгол улс жилд дунджаар ОХУ-аас 938 сая кВт.ц, БНХАУ-аас 1.5 тэрбум кВт.ц буюу нийтдээ 2.4 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг худалдан авдаг. Манай улс импортын цахилгааны төлбөрт жилд 197.0 сая ам.доллар буюу 678 тэрбум төгрөг төлдөг эрчим хүчний хараат орон юм. Монгол улсын цахилгааны нийт хэрэглээ 1,5 ГВт орчим байдаг. Тэгэхээр Багануур, Таван толгойн нүүрсний ордын түшиглэж тус бүр 600 МВт хүчин чадалтай 2 том цахилгаан станц барихад одоогийн болон өсөн нэмэгдэх хэрэглээг бүрэн хангах боломжтой юм,.Одоо манай улсын цахилгаан станцууд тоног төхөөрөмж нь хуучирчихсан бүр тартагтаа тулчихсан, ямар ч нөөцгүй болчихсон байна. Улс 300 МВт-ын нөөцтэй явах ёстой аж. Гэтэл нөөц байтугай зуухны их засварын мөнгө ч байдаггүй. Монголчууд 5-р цахилаан станц барих талаар 40 жил ярьсан боловч хоосон хоцорсон. Монгол улс цаашид эрчим хүчний олон эх үүсвэртэй болох хэрэгтэй. Эрчим хүчний эх үүсвэр гэж түлшний эрчим хүч, усны эрчим хүч, нарны эрчим хүч, салхины эрчим хүч, атомын эх үүсвэрийг хэлээд байгаа юм. Монгол орон бол нүүрсээр дэлхийн хамгийн баян орны нэг тул түлшний эрчим хүч хангалттай гэсэн үг. Манай улс бол нар, салхины орон. Учир иймд нар салхины эрчим хүч хангалттай гэсэн үг.Монгол оронд сэргээгдэх эрчим хүч нь их ирээдүйтэй юм.
Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь байгаль дээр тасралтгүй нөхөн сэргээгдэж байдаг энерги бөгөөд үүнд нарны эрчим хүч, салхины эрчим хүч, усны эрчим хүч, биомассын эрчим хүч, далайн татралт, түрэлтийн эрчим хүч, газрын гүний дулааны эрчим багтдаг.
Дэлхий дээр үйлдвэрлэсэн нийт эрчим хүчний 18.0 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авч байна. Монгол улс хөрш орнуудынхаа эрчим хүчний асуудлаа хэрхэн шийдэж чадсан туршлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бидний баруун хөрш Казахстан улсын нийт 233 цахилгаан станц жилд 21 000 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна. Казахстаны эрчим хүчний эх үүсвэрийг авч үзвэл 70.0 хувь нь нүүрснээс, 14.6 хувь нь усны нөөцөөс, 10.6 хувь нь байгалийн хийнээс, 4.6 хувь нь нефтнээс авч байна. Бидний өмнөд хөрш Хятад улсад жилд 10086.9 тэрбум кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж байна. Хятадад сэргээгдэх эрчим хүч нь 1784,60 ГВт, үүнээс усан цахилгаан станц 377.2 ГВт, салхины эрчим хүчний станц 520.6 ГВт, нарны эрчим хүчний станц 886.6 ГВт байна. Хятадад эдүгээ 18 атомын цахилгаан станц ажиллаж байна. Цаашид Хятадад 30 атомын цахилгаан станц барихаар төлөвлөж байна.
Бидний хойд хөрш Орос улсад жилд 1080.6 тэрбум кВт/ цаг цахилгаан үйлдвэрлэж байна, 11 атомын цахилгаан станц ажиллаж 28.6 ГВт цахилгаан эрчим хүч гаргаж байна.
Ер нь Зөвлөлт Холбоот Улс гэж байхад үлэмж уудам том нутагт олон цахилгаан станц, усан цахилгаан станцуудыг өнгөрсөн зуунд барьж, эрчим хүчний асуудлаа шийдчихсэн улс байсан. Монгол улс атомын цахилгаан станц барих маш том боломжоо өнгөрсөн 35 жилд алджээ Атомын цахилгаан станц ярихын өмнө ураны төслийг ярих хэрэгтэй. Дэлхий дээр 1 кг баяжуулсан ураны үнэ 21 000 ам доллар байна. 2024 онд дэлхийн улс орнуудын ураны эрэлт 93 мянган тонн байсан боловч 50 шахам мянган тонн уран олборлож нийлүүлжээ. 2050 он гэхэд дэлхийд 197 мянган тонн уран хэрэгтэй болно гэж Олон улсын атомын энергийн агентлаг мэдээлжээ. Тэхлээр ураны зах зээл ирээдүйтэй бас эрэлттэй байна гэсэн үг. Иймд Монгол улс энэхүү чухал зах зээлд маш түргэн орох хэрэгтэй болж байна. Францын “Орано Майнинг” компани ураны төслийг хэрэгжүүлэх талаар Монголд хөрөнгө оруулах гэсээр 28 жил болжээ. Гацаанд байсан энэхүү ураны төсөл саяхнаас хөдөлж эхэллээ. Тэхлээр эдүгээ Монгол улс Францын “Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээгээ яаравчлан хийж ураны төслөө хэрэгжүүлж ойрын ирээдүйд атомын цахилгаан станцаа барих нь амин чухал асуудал болоод байна.
Сүүлийн 35 жил Монгол улс шийдэж чадаагүй нэг амин чухал асуудал бол шатахууны асуудал юм. Өнгөрсөн 35 жилд Монгол улсад нефтийн үйлдвэр барих бүрэн боломж байсан. Монгол улс өмнө нь 1950 онд Зүүнбаянгийн нефтний үйлдвэрийг ашиглалтад оруулж 1955 онд нэг жилд 54899 тонн нефть олборлож байжээ.
Гэтэл үйлдвэрлэлээ улам сайжруулж нефть хайгуулаа нэмэгдүүлж олборлолтоо өсгөхийн оронд хүчин чадлыг нь бууруулж 1969 онд нефтийн үйлдвэрээ хаажээ. 1993 онд Монгол Улсад Тамсагийн сав газарт газрын тос олдлоо хэмээн телевизээр шуугиант мэдээ гарч манай улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат тэнд очиж цав цагаан дээлээ тас хар нефтийн тосоор мялааж байлаа. Тэр үед манай ард түмэн энэ мэдээнд баярлаж одоо манай Ерөнхийлөгч болон Засгийн газар нэн яаралтай нефтний үйлдвэр байгуулж монголчууд бид шатахуунаа ганц улсаас импортлохоо больж өөрийн улсын хэрэгцээг бүрэн хангах боллоо хэмээн дотроо ихэд найдаж баярлаж байв. Гэвч Монгол улс өнгөрсөн 35 жилд нефтийн үйлдвэр барих бүү хэл, хамаг нефтээ хятадын Дайчин Тамсаг компаниар дамжуулан Хятад улсад түүхий нефтээ гаргасаар өдий хүрчээ. Монгол Улсын нефтийн жилийн хэрэглээ 2.0 сая тонн юм. Энэ хэрэглээгээ Монгол улс өөрсдөө хангах бүрэн боломжтой. Монгол улс эдүгээ 3.523.0 мянган баррель нефть олборлож байна. Гэвч манай улс газрын тосны үйлдвэрээ барьж чадалгүй, шинээр газрын тосны орд нэмж олоогүй 35 жил болсон нь том эмгэнэл юм. Улсынхаа хэрэгцээгээ хангах гэж газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах хүсэлтээ монголын болон гадаадын компаниуд сүүлийн 30 жилд олон удаа гаргасан юм билээ. 30.0 гаруй сая ам.долларын өртөг бүхий нефтний үйлдвэр байгуулах хүсэлтээ “Хэт” компани төрдөө тавьж байв, ”Оюуны Ундраа” компани нефтний үйлдвэр байгуулах хүсэлтээ гаргаж байв, Оросын иргэн Паушок хүртэл нефтийн үйлдвэр барих хүсэлт тавьж байв. Гэвч монголын төр засаг нэг ч компанид зөвшөөрөл өгсөнгүй. 2015 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол улсад төрийн айлчлал хийсэн юм. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Монгол улсад БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээв. Энэ боломжийг Монгол улс ашиглаж нефтийн үйлдвэртэй болох зорилт тавилаа. Монголын Засгийн газар энэ чухал төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхлэв. Гэвч саад бэрхшээл гарсаар бүтэн 10 жил өнгөрчээ.
Монгол улс нефть химийн үйлдвэр барьж чадалгүй 35 жил өнгөрчээ. Монгол улсын бүх газар нутгийн дөнгөж 5.0 хувьд нь ашигт малтмалын судалгаа хийжээ. Иймд одоо Монгол улс нэн даруй газрын тосны хайгуулыг өргөн уудам нутагтаа хийж газрын тосны том ордыг нээн илрүүлэх шаардлагатай байна.
Газрын тосны үйлдвэрээ хурдан ашиглалтад оруулах хэрэгтэй байна.Учир нь эдүгээ дэлхийд Ираны дайн, Ойрхи дорнод, Персийн булангийн хямрал, зэвсэгт мөргөлдөөн, газрын тосны үнэ хөөрөгдөл, хомсдол, хориг өнгөрсөн зууны тавь, жараад оны үед гарч л байсан, одоо ч гэсэн гарсаар байна. Газрын тосны гол экспортлогч Орос орон дайн өдөөж Украин руу довтолж эдийн засгийн хоригт ороод байна, нефтийн үйлдвэрүүдээ украины дроны дайралтад өртөж алдсаар байна. Иймд Монгол улс газрын тосны асуудлаа нэн даруй шийдэх хэрэгтэй байна. Эрчим хүч, газрын тос хоёр бол улс орны амин чухал асуудал, улс орны хөгжлийн гол хөшүүрэг юм. Монгол улс сүүлийн 35 жил хөгжиж чадаагүйн нэг том шалтгаан бол авилгал, хулгайн гэмт хэргээс болж том төслүүд зогсож хөрөнгө мөнгө их хэмжээгээр шамшигдан үрэгдсэнтэй холбоотой юм. Монгол улсын маш чухал төслүүдийг зогсоосон, гацаасан этгээдүүдэд болон банкнаас үлэмж их хэмжээний валют, төгрөгийн зээл аваад огт төлөөгзй хүмүүст монголын төр засаг ямар ч арга хэмжээ авдаггүй байв. Улс орны эрх ашгийг хохироосон албан тушаалтныг шийтгэх нь аль ч улсын хуулинд байдаг зүйл. Гэтэл Монголд энгийн иргэдийг бол шийтгээд байдаг, албан тушаалтныг бол бараг шийтгэдэггүй. Ганц хоёр жишээ дурдая. Н.Алтанхуягийн Засгийн газар 2012 онд их хэмжээний валютаар бонд босгож 1000 үйлдвэр барина хэмээн мэдэгдэж байсан. Үйлдвэр барина гэдэг зөв л дөө. Гэвч Хөгжлийн банк 60 шахам компанид 1.5 тэрбум ам долларын зээлийн ихэнхийг нь олгож үйлдвэр бариарай хэмээн өгсөн боловч ихэнхи компаний захирлууд зээлийг зориулалтын дагуу зарцуулсангүй эсхүл өөр зүйлд зарцуулах, эсхүл хувьдаа завшжээ. Харин “Монполимент” ХХК-ны ганц бүсгүй захирал Ц.Гарамжав Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулж цементийн 3 үйлдвэр байгуулж гавьяа байгуулжээ. Гэтэл эдүгээ гавьяа байгуулсан Гарамжавын компаний дансыг хааж үйл ажиллагааг нь зогсоожээ.Бусад компаний захирал эрчүүд Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ үйлдвэр барьсангүй. Хөгжлийн банкнаас 2012 оноос хойш 3000 төсөлд 7.5 их наяд төгрөгийн зээл олгожээ. Нийт 83 хүн энэ асуудлаар хэрэгт холбогдож хуулийн байгууллагаар шалгагдаж байна гэсэн мэдээлэл гарч байсан боловч ихэнхи нь ямар ч шийтгэл аваагүй ажээ.
Хөгжлийн банкнаас 38 сая долларын зээлийг үйлдвэр барина хэмээн аваад 1 сая 500 000 ам.долларыг Сингапур, Макаогийн казинод тоглоод алдчихсан, маш их хэмжээний валют бэлнээр нь мөнгөний машинаас өөртөө авсан нь баримтаар нотлогдсон, банкны зээлээ огт төлөөгүй “Бэрэн” ХХК-ний захирал Б.Мөнхтөрд шүүх 30 сая төгрөгний торгууль ногдуулаад өнгөрсөн гэдэг.
Хөгжлийн банкны дарга, даамлууд өөрсдөө 1.5 тэрбум ам долларын зээлийн 50.0 хувийг хуваагаад авчихсан байхад буруутай этгээдэд төр ямар ч арга хэмжээ авсангүй. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт 40 гаруй хятад иргэн, аж ахуйн нэгжид нэг га газрыг нэг тэрбум төгрөгөөр заржээ. Нэхийтийн гэрээс их хэмжээний валют, 13 кг алт гарчээ хэмээн хэвлэлээр мэдэээлж байв. Нүүрсний 40 их наядын хэрэг гарч маш их хохирол улсад учраад байхад анх 61 хүн хэрэгт холбогдсон боловч шүүхээс ердөө Ганхуяг, Аюурсайхан хоёрт ял шийтгэл ногдуулсан болоод бусад нь уснаас хуурай гарсан гэдэг. Энэ мэт олон муу жишээ Монголоор дүүрэн байна.Зөвд зөөлөн, бурууд хатуу байх ёстой төр нь ингэж л олигархиудыг даврааж толгой дээрээ гаргажээ. Өндөр хүүтэй, богино хугацаатай “Чингис” бондыг манай улс 2012 онд аваад зөвхөн зээлийн хүүнд 580 сая ам доллар төлжээ. Өрөнд орсон Монгол өөдлөхгүй явсаар 35 жил болжээ. Өмнөд Солонгос улс өнгөрсөн зууны жараад онуудад Герман, Японоос 100 сая ам.доллар зээлж аваад улс орноо үйлдвэржүүлж хөгжүүлсэн байдаг юм. "Засгийн газрын 29 санг хоосолж гэнэ, ЖДҮ-гийн хэрэг, банкны олон зуун сая долларын зээлийг хувьдаа ашиглаж гэнэ, утаанд нэг их наяд төгрөг зарцуулаад утаа улам их болж гэнэ, дөчин их наядын нүүрсний хулгай, цавчаа ногоон автобусны хэрэг, боловсролын сангийн зээлийн хэрэг, эрүүл мэндийн даатгалын сангийн хэрэг...” гээд эцэс төгсгөлгүй луйвар, хулгайн хэрэг ард олныг цочирдуулж байна. Хэзээ Монгол улс хулгай, луйвар, авилгалааса салах юм бэ хэмээн ард олон цөхөрч байна. Иймд шударга ёс, хууль ёсыг нийгэмд тогтоох хэрэгтэй байна. Авилгалаас ангид хараат бус Шүүх засаглалыг тогтоох хэрэгтэй байна. Монгол улсын хөгжлийн нэг гол эх сурвалж бол гадаадын хөрөнгийг их хэмжээгээр татан оруулах юм. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагч нарт хууль эрх зүйн таатай орчин буй болгож эрхийг нь хамгаалж чадаагүйгээс болж гадаадын хөрөнгө оруулагчдын ихэнхи нь Монголд хамаг хөрөнгөө алдаж Монголоос зугтан гарч явжээ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн, хулгайлсан нийт 58 гэмт хэрэг гарсан боловч шүүх ихэнхи хэргийг хааж хэрэгсэхгүй болгожээ. Дэлхийн том компаниудаас ганц “РиоТинто” л Монголд үлджээ.
Өнгөрсөн зууны ерээд оноос эхлэн Монголд сонгуульд ялсан эрх баригч намынхан “Бидний дайсан ядуурал. Бид ядуурлыг устгана” хэмээн амалж байсан боловч монголын хүн амын 30.0 хувь нь ядуу гэсэн үзүүлэлттэй гучин жилийн турш хэвээр үлджээ.
1 тэрбум 417 сая хүн амтай өмнөд хөрш Хятад улс сүүлийн 40 жилд 800 сая хүнийг ядуурлаас гаргаж. Ядуурлыг үндсэнд нь устгаад байхад гуравхан сая хүнтэй Монгол улс ядуурлыг сүүлийн 35 жилд устгаж чадсангүй. Монголд төгрөгийн худалдан авах чадвар сүүлийн 30 жилд 40 дахин унаж, төгрөг ам.долларын эсрэг 9 дахин суларчээ. Монголын эрх баригчид “Монгол улсыг аж үйлдвэржүүлнэ” гэсэн уриа гаргасан боловч ган, зэс, нефть химийн үйлдвэр, арматурын үйлдвэр, цахилгаан станцаа барьж чадсангүй. Монголд Эрдэнэтийн хүдэр баяжуулах үйлдвэр 1978 онд байгуулагдаж жилд 25 сая тонн хүдэр баяжуулж , 560 000 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг.Харин сүүлд 2009 онд байгуулагдсан “Оюутолгой” компани нэг хоногт 100 000 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай юм. Ийм хоёр том зэсийн ордтой компани байгаа боловч эдүгээ Монголд зэс хайлуулах үйлдвэр алга. Монгол улс жилд 90.0 сая тонн нүүрс, 228 сая тонн зэсийн баяжмал, 8,8 сая тонн төмрийн хүдэр, 3.5 сая баррель газрын тос,1818.1 мянган тонн жонш, 17.0 тонн алт олборлож гадаадад гаргаж байна. Хэдий болтол Монгол улс нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдрээ түүхийгээр нь гадаадад гаргах юм бол. Хэрэв эдгээр ашигт малтмалыг боловсруулах үйлдвэр бариад бүтээгдэхүүнээ гадаадад гаргасан бол ямар их валют олж улс баян болох байсан бол? Улс баян бол иргэн баян болох нь мэдээж.
Хэдий болтол манай улс арьс ширнийхээ ихэнхи хувийг хаях юм бол. Саяхан ковидын үед зүү тариа, эмийн хэрэгслэлээ ч үйлдвэрлэж чаддаггүй Монгол улс их сандарсан даа. Буу сум, зүү тариагаа үйлдвэрлэж чаддаггүй улс Монголоос өөр дэлхийд бараг байхгүй байх даа.
Монгол улс бол хойд хөрш улс шатахуунаа таслах юм бол, өмнөд хөрш улс Эрээн боомтоо хаах юм бол сүйрэх улс шүү. Тусгаар тогнолоо олоод зуун хорин таван жил болчихоод хөгжиж чадахгүй байна гэдэг том эмгэнэл шүү. Энэ бүгдээс дүгнэж үзэхэд Монгол орны хөгжлийг Засгийн газраасаа эхлээд компани, аж ахуйн эзэн, захиралууд гацаажээ. Усан цахилгаан станцын төслөөс эхлээд утааг бууруулах төсөл хүртэлхи олон арван том төслүүдийг гацааж зогсоосон нь хариуцлага, сахилга бат, зохион байгуулалт, эх оронч, ажил хэрэгч чанар, итгэл, зүтгэл байхгүй, төслийг хэрэгжүүлэх бус, төслийн мөнгийг хувьдаа завших гэсэн шуналаас болжээ. Монголчууд бид ардчилал, зах зээлийн замд орсон 35 жилээ ашиглаж хөгжиж чадсангүй, хэрүүл хийж, хулгай хийсээр далд эдийн засагтай ядуу буурай орон хэвээр үлджээ. Ямар нэг гадаадын компани томоохон төсөлд их хэмжээний валют Монголд оруулах үед сайд, дарга, олигархиудын харьяалдаг баахан олон хувийн компаниуд гарч ирээд зөвлөх компани, туслах компани гэсэн нэрийн олон сая долларыг нь хамж аваад алга болдог. Гадаад дотоодын тендерээс холбогдох сайд дарга нар нь баахан мөнгө зувчуулдаг. Тэгээд тендер ч байхгүй, төсөл ч байхгүй өнгөрдөг. Хууль зөрчсөн компаниудад ямар ч арга хэмжээ авдаггүй. Эдүгээ 3.5 сая хүнтэй Монгол улсын 1.0 сая орчим хүн буюу гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Монгол иргэдийн ядуурлын гол шалтгаан бол улсын эдийн засаг нь сул дорой, ажилгүйдэл ихэссэн, ядуу иргэдэд зээл олддоггүй, ажил олдохгүй, халамж хэт хавтгайрсан, цалин орлого муутай, ядуусын боловсрол, мэргэжил доогуур түвшинд байгаатай холбоотой юм. Төрөл бүрийн төсөл, бага хүүтэй хоршооны зээл зэрэг нь ядуу иргэдэд олдохгүй, дарга, албан тушаалтнууд нь булаагаад авчихдаг ажээ. Эдүгээ монголын нийгэм бол олигархиуд болон дарга, захирал нар нь улам баяжаад ард иргэд нь улам ядуурдаг нийгэм болжээ. Монголын төр засаг гадаад орны ядуурлыг устгасан туршлагыг огт хэрэгжүүлсэнгүй. Жишээлвэл, Хятад улс ядуурлыг бууруулах дараах 6 аргаар үр дүнд хүрчээ. Энэ бол цахим арилжаа, экологи, алсын зайн сургалт, барилга, мал аж ахуй, газар тариалан, эмийн ургамал тариалах аргыг ядуусын дунд нэвтрүүлжээ.
Хятадын төрөөс ядуу иргэдэд зориулж жижиг зээлийн сан байгуулж, иргэдийн ажил хөдөлмөрийн онцлогт тохируулж 3 жилийн хугацаатай 50 000 хүртэл юаны хүүгүй зээл олгодог ажээ. Хятадын төрөөс тосгоны ядуу иргэдэд сар бүр 1000 юань, 60-аас дээш насны тэтгэврийн иргэдэд сар бүр 80 юаны халамж олгодог ажээ.
Орчин үеийн монголчуудын нэг том дутагдал бол монголын дарга, захиралууд Өмнөд Солонгос, Сингапурын хөгжлийн туршлага судална, Норвегийн баялгийн сангийн туршлага судална гээд сүүлийн 30 жил олон мянган хүн улсын зардлаар гадаад руу тасралтгүй явсан. Гэвч Монгол хөгжсөнгүй. Монголд сүүлийн 30 жилд олон зуун хүн гавьяат цол хүртэж, докторын зэрэг хамгаалсан. Гэвч Монгол хөгжсөнгүй. Төрийн бодлоглд бүх юм нь уначихсан бус, зарим салбарт ахиц гарсан зүйл буй. Монголчууд уул уурхай, барилгын салбар, зам гүүр, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, холбоо харилцаа, аялал жуулчлалын салбарт ахицтай ажилласан. Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өсөж, ДНБ-ий хэмжээ 89.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Өсөлтийг ХАА (33.2%-ийн тэлэлт), уул уурхай (10.6%-ийн өсөлт), үйлчилгээний салбар голлон бүрдүүлсэн бөгөөд экспортын орлого 15.7 тэрбум ам. долларт хүрч, төлбөрийн тэнцэл 1 тэрбум ам. долларын ашигтай гарчээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 оны эцсээр 6,8 хувийн үзүүлэлтэй гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ. Хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн өсөлтийн 40 хувь буюу 2,8 хувийг эзэлсэн байна. Түүний дараа “Оюутолгой” төслийн үр өгөөж эдийн засгийн өсөлтийн 1,1 хувийг бүрдүүлжээ. Мөн аялал жуулчлалаас олсон орлого 700.0 сая ам.долларт хүрчээ. Монгол улс 2025 онд 90.0 сая тонн нүүрс экспортолж, дээд хэмжээг тогтоожээ. 2025 онд нийт экспортын орлого 15,7 тэрбум ам.доллар болжээ. Энэ бол бага мөнгө биш шүү. Энэ их валютаа Монгол улс төслөө хэрэгжүүлэх, аж үйлдвэрээ барихад зарцуулж чадсан уу? Үгүй л болов уу. Монгол улс ийм их валют олчихоод сургуулийн бүх сурагчид нь үдийн хоолгүй л сууцгааж байна, ард түмэн нь эрүүл мэндийн даатгалын мөнгөгүй л байцгааж байна, гэр хорооллын айлууд модон жорлонгоосоо салаагүй л байна. Олон айл өрх гэр хороололд ядуу амьдарч байна. Төгрөгний ханш навс унаж хүнс, барааны бүтээгдэхүүний үнэ өссөөр байна.
Ажилгүйдэл, ядуурал хэвээрээ байна. Олигархиуд өнгөрсөн 35 жилийн хугацаанд ард түмний хамаг боломжийг хааж хагартлаа баяжжээ. Хүн амын дундаж давхарга гэж бараг байхгүй байна. Хүн амын 0.01 хувийг эзэлдэг олигархиуд баяжаад ард түмэн бүхэлдээ шахуу ядуурчээ.
Ард түмэн 30 гаруй төрлийн дааж давшгүй татварт дарагджээ. Иргэдийн хадгаламжийн мөнгөний хүүгээс хүртэл 10.0 хувийн татвар авдаг аж. Иргэдийн ипотекийн 8.0 хувийн зээлнээс иргэдэд огт хамаагүй хувийн “Миком” компани 2.0 хувийг нь аваад сууж байх аж. Ард түмэн хувийн бизнесээ явуулах гэж монголын банкнаас жилийн 20.0-40.0 хувийн хүүтэй зээл авдаг аж. Гэтэл 120 жилийн өмнө Хятадын Монголд үйл ажиллагаа явуулдаг Даашинхүүгийн пүүс монголын иргэдэд жилийн 6.0 хувийн хүүтэй зээл олгодог байжээ. Хөгжлийн индексээр Монгол улс эдүгээ дэлхийн 200 орны тэг дунд нь л явж байна. Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүн эдүгээ 89 их наяд төгрөгт хүрээд байгаа нь дэлхийд 124 дүгээр байранд жагсаж африкийн Мозамбик, Замби улсын ард оржээ. Манай хөрш зэргэлдээ Казахстан улсын ДНБ эдүгээ 260.5 тэрбум ам доллар болж дэлхийд 48 дугаар байранд, зүүн европын социалист орон байсан Польш улсын ДНБ нь эдүгээ 844.6 тэрбум ам доллар болж дэлхийд 21 дүгээр байранд жагсаж байна.
Харин 3.5 сая хүн амтай, 70 сая мал сүрэгтэй, байгалийн баялгаараа дэлхийд дээгүүр ордог Монгол улсын нэг хүнд ногдох ДНБ нь 2026 оны байдлаар 7000 ам.доллар болж дэлхийд 102 дугаар байрт жагсаж байгаа нь тун хангалтгүй үзүүлэлт юм. Бид эдийн засгийн хөгжлөөрөө доогуур байна гэсэн үг.
Дэлхий эдүгээ маш хурдтай өөрчлөгдөн хөгжиж байна. Хятад, Америк, Япон, Өмнөд Солонгост хүн дүрст роботод бүтээмэл оюун суулгаад үйлдвэрлэсэн роботууд нь бүжиг хийж байна, ушу каратэ хийж байна, агаарт сальто буюу бүтэн эргэлт хийж байна, хоол хийж байна, гэр цэвэрлэж байна, ачаа зөөж байна, гүйж байна, саадны дээгүүр харайж байна, батарейгаа өөрөө солиод үйлдвэрт 24 цагийн турш ямар ч алдаа гаргахгүй ажиллаж чадаж байна, олон үйлдэл хийж өвчтэй хүнд нарийн мэс засал хийж хүний амийг хүртэл аварч байна. Эдгээр роботууд 190 см өндөр, 90 кг жинтэй ажээ. Роботын хамгийн том давуу тал нь ядарна гэж байхгүй, хоол иднэ гэж байхгүй, ажлаас залхуурна гэж байхгүй, алдаа гаргана гэж байхгүй, хэрүүл гомдол гаргана гэж байхгүй, ажил тасална, амралтаа авна гэж байдаггүй ажээ. Сансрын амжилтаас яривал саяхан “Артемис-2” багийн америкийн сансрын нисэгчид цагт 40 000 км хурдалдаг сансрын “Орион” хөлгөөр сар хүртэл нисч дэлхийгээс 407 000 км холдож эсэн мэнд буцаж ирлээ. Хамгийн орчин үеийн бууны сум 3500 км/цагийн хурдтай байдаг бол энэхүү сансрын хөлөг бууны сумнаас 11 дахин их хурдтай байна.Энэхүү нислэг дууссаны дараа одоо NASA шууд л “Артемис-3”–ыг сар руу нисгэх бэлтгэл ажилдаа орлоо.
“Артемис – 3” багийнхан сарны өмнөд туйлын орчим бууж сар мөстэй эсэхийг тогтоож ажиллах юм. 2 жилийн дараа америкчууд саран дээр цөмийн эрчим хүчний жижиг реактор байрлуулж саран дээр суурьшлын бүс бааз байгуулах гэж байна. Удахгүй америкийн сансрын нисэгчид Марс гариг руу нисэхээр бэлтгэж байна.
Хятад улс анх 2003 онд сансарт хүн нисгэж, 2019 онд онд “Chan E-4” хөлөг хөөргөж сарны ар тал дээр зөөлөн буулгаж сарны чулуу авчирч байв. Хятад улс удахгүй саран дээр хотхон байгуулахаар бэлтгэж байна. Сансрын ирээдүй ийм болж байхад энэ дэлхий дээр ч ирээдүй цогцолж байна. Хятадын Шэнжэнь ирээдүйн хот болжээ. Тэндэхийн хүмүүс агаарын дроноор пицца зөөлгөн хооллож, автомашин нь нүхэн дээгүүр харайж, усан дээр хөвж, жолоочгүй автомашин такси зорчигчдыг зөөж байна. Хятадууд дэлхийд хамгийн хямдхан 2000 долларын үнэтэй цахилгаан автомашин бүтээжээ. Эдүгээ Хятад улс робот үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлж байна. Ийнхүү дэлхий хөгжөөд гүйцэгдэхгүй болж байна. Учир иймд Монгол улс хэрүүл, хулгай хийх биш, бүтээн байгуулалт, шинжлэх ухаан, технологийн хувьсгал хийж хөгжих цаг болжээ. Монгол улсын ДНБ-ийг 150 тэрбум ам.долларт хүргэе. Нэг хүнд ногдох ДНБ-ийг 15 000 ам,долларт хүргэе. Алийн болгон Монгол улс хөрш гурван улс болох Хятад, Орос, Казахстан улсаас хоцрогдож төв ази, зүүн хойд азийн бүс нутагтаа хамгийн хөгжил дорой улс хэвээрээ үлдэх юм бэ. Монгол үндэстэн амьд үлдэе гэж л бодож байгаа бол хөгжихөөс өөр зам бидэнд алга. Ард түмэн маань “Төр надад юү өгөх вэ” гээд бэлэнчлэх биш, Би эх орондоо юү бүтээх вэ” гэдгээ бодох цаг болжээ. Төр ард түмний холбоо, төр хувийн хэвшлийн түншлэлээ улам өргөжүүлж бэхжүүлэх хэрэгтэй байна. Монголчууд бид ядаж бүс нутагтаа эдийн засгийн хүчирхэг улс болцгооё л доо. Монголчууд бид хөгжих үү, хоцрох уу гэдэг нь монголын төр, монголын иргэнээс л шалтгаална. Гаднаас хэн нэгэн гадаадын баян хүн ирээд Монголыг хөгжүүлнэ гэдэг үлгэр юм. Монголыг монгол хүн л хөгжүүлнэ.
Монгол улс мандан бадрах болтугай.
Доржийн СҮХБААТАР 2026.04.15
Пүрэв - 04 сарын 16,
2026
Сэтгэгдэл8
Бодьийг нүүрсний цавчаа хийх эрх олгосон албан тушаалтан автор нь хурганы арьс нөмөрсөн чоно Хүрэлсүх өөрөө байсан юм байна. 110 сая долларын ихэнхийг Хүрэлсүх авсан юм байна.Үүнийг З. Энхболд илчиллээ.
Хилээ хаагаад малаа хариулая гэсэн
228 сая тонн зэсийн баяжмал гэнэ үү? эдийн засгийн мэдлэггүй баримжаагүй зөнөг ац. тоогоо нягтлаач зөнөг хүүр ээ
Оршин тогтнох чадваргүй үхмэл улс.
Бодьийг нүүрсний цавчаа хийх эрх олгосон албан тушаалтан автор нь хурганы арьс нөмөрсөн чоно Хүрэлсүх байсан юм байна. Цоохор дээлт тангад тухайн үед ярихдаа Хүрэлсүх гуйсаар байгаад байгаад“Бодь интернэшнл” ХХК-ийг Бодь 1.3 тэрбум санхүүжилттэй болгосон гэж ярьж байсан байна. 110 сая долларын ихэнхийг Хүрэлсүх авсан тодорхой боллоо. .Үүнийг З. Энхболд илчиллээ.
Шүгэл үлээсэн З.Энхболдыг АТГ хамгаалалтандаа авч цоохор дээлт тангад , гамин Хүрэлсүх нарыг яаралтай баривчлахыг АТГ-с шаардаж байна.
Цэдэнбал дарга " хятадын аюул " гэж сануулж хэлдэг байсан нь үнэн байжээ. Олон зуун САА-г хувьчлал нэрээр устгаад хужаагаас хортой хүнс зөөж хүн амаа хорт хавдраар устгаж байгаа төртэй улс хөгжинө гэж юу байх вэ ! Монгол руу илгээх төмс ачихаар зоорь руу орох хятадууд толгойдоо баг угладаг нь химийн хорт бодисоор бордсон төмснөөс өөрсдийгөө хамгаалдаг гэж байгаа. Гэтэл түүнийг нь хямдхан хэмээн баясаж идээд хордож үхэж байгаа Монголчуудыг хараад үхэр монголчууд гэж тавлаж байхад " хятад бол манай юугаар ч сольшгүй сайн хөрш " гэж төрийн тэргүүнүүд нь бөхөлзөж байдаг.
Сүхбаатар аа. 1989 онд БНМАУ - д нэг хүнд ногдох ДНБ 1600 доллар байсан юм. Энэ нь НҮБ - ын Хүний Эрхийн илтгэлд тусгалаа олж бичигдсэн байдаг.