ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /Kazinform/. Исламабадад болсон хэлэлцээний дараа Техран болон Вашингтоны хооронд зуучлагчдаар дамжсан холбоо харилцаа үргэлжилж байна. Пакистаны өндөр түвшний төлөөлөгчид Иран-АНУ-ын хэлэлцээг үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцэхээр лхагва гарагт Иранд хүрэлцэн иржээ. Үүнээс өмнөхөн Ираны ГХЯ-ны төлөөлөгч Эсмаил Багаи тэднийг хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.
Түүний хэлснээр, өнгөрсөн амралтын өдрүүдэд Исламабадад болсон хэлэлцээ дууссаны дараа талууд Пакистаны зуучлагчдаар дамжуулан мэдээлэл солилцсоор байна.
"Ираны төлөөлөгчид ням гарагт Техранд буцаж ирснээс хойш Пакистанаар дамжуулан хэд хэдэн удаа мэдээлэл солилцсон. Өнөөдөр бид хэлэлцээг үргэлжлүүлэх хүрээнд Пакистаны төлөөлөгчдийг хүлээн авна" гэж тэрбээр хэлсэн байна. Энэ сарын 12-нд Пакистаны нийслэлд болсон АНУ, Ираны хэлэлцээ ямар нэгэн тохиролцоонд хүрэлгүй өндөрлөсөн юм. Талууд цөмийн хөтөлбөр болон дайныг зогсоох нөхцөл зэрэг асуудлуудаар санал зөрөлдөөнтэй хэвээр байна.
Пакистаны төлөөлөгчдийг армийн командлагч, фельдмаршал Асим Мунир тэргүүлж байгаа ажээ. "Al Jazeera" сувгийн мэдээлснээр, тэрбээр АНУ-ын саналуудыг дамжуулах, мөн ойрын өдрүүдэд Исламабадад болж магадгүй шинэ шатны хэлэлцээний нөхцөлүүдийг тохирохоор Иранд иржээ.
Зуучлагчид дөрөвдүгээр сарын 22-нд хугацаа нь дуусах одоогийн гал зогсоох тохиролцоог сунгахаар ажиллаж байгаагаас гадна Ормузын хоолой, цөмийн хөтөлбөр, дайны хохирлын нөхөн төлбөр зэрэг гол асуудлуудаар харилцан буулт хийлгүүлэхийг зорьж байна гэж AP болон Reuters агентлаг мэдээлжээ. Үүний зэрэгцээ Reuters агентлагийн мэдээлснээр, АНУ гал зогсоох тохиролцоог сунгахыг албан ёсоор зөвшөөрөөгүй байгаа аж. Харин Ираны тал яриа хэлэлцээ хийх боломж нээлттэй хэвээр байгааг мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 04 сарын 16,
2026
Сэтгэгдэл0