sonin.mn

Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого хоёр дахин нэмэгдэж, 19 тэрбум долларт хүрчээ. Энэ тухай Олон улсын эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/ мэдээлэлд дурдсан байна. Дайны өмнө буюу хоёрдугаар сард тус улс нефтийн экспортоос 9.75 тэрбум доллар олсон нь Орос-Украины дайн эхэлснээс хойших хамгийн доогуур үзүүлэлт юм.


ОУЭХА-ийн тооцоолсноор, гуравдугаар сард Оросын газрын тосны экспорт хоногт 270 мянган баррелиар нэмэгдэж, 4.6 сая баррельд хүрсэн байна. Украины нутгаар дамждаг нефть дамжуулах “Дружба” хоолой эвдэрсэн тул нефтийн ихэнхийг далайгаар тээвэрлэжээ. 


The Financial Times сонинд бичсэнээр, дайны улмаас нефтийн үнэ өссөнөөр Орос улсын төсөвт өөр бүр 150 орчим сая долларын нэмэлт орлого орж байна. Учир нь, Оросын нефтийг түр хугацаанд хоригоос гаргахаар гуравдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп шийдвэрлэсэн бөгөөд үүнийг дэлхийн зах зээлийн үнийг тогтвортой байлгахад чиглэсэн гэж тайлбарласан юм. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент тухайн үед мэдэгдэхдээ, хоригийг түр хугацаагаар цуцалсан нь Оросын талд төдийлөн их ашиг авчрахгүй гэж байв.


ОУЭХА-ийн мэдээлэлд дурдсанаар, гуравдугаар сард Орос улс хоногт 8.96 сая баррель нефть олборлосон нь хоёрдугаар сарын үзүүлэлттэй харьцуулахад /8.67 сая баррель/ бага зэрэг өссөн үзүүлэлт юм.


Харин Украины тал нефть боловсруулах үйлдвэрүүд, боомтын ба эрчим хүчний дэд бүтцүүд рүү дайралт хийсээр байгаа тул олборлолтыг цаашид нэмэгдүүлэхэд хүндрэл учирна.  Үүний сацуу тус агентлаг дэлхийн зах зээлийн талаарх таамаглалаа өөрчилжээ. Тухайлбал, 2026 онд эрэлт хоногт 640 мянган баррелиар нэмэгдэнэ гэж тооцоолж байсан бол одоо 80 мянган баррелиар буурна гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Мөн нийлүүлэлт 1.1 сая баррелиар өснө гэж үзэж байсан бол одоо 1.5 сая баррелиар буурах тул дэлхийн зах зээлд хомсдол үүсэж, үнэ өндөр хэвээр байх ажээ.

  



Б.Адъяахүү