sonin.mn

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И, Ираны гадаад харилцааны сайд Аббас Аракчит нар 5-р сарын 6-ны өдөр Бээжин хотноо хэлэлцээ хийв.

Аббас Арагчи Иран–Америкийн хэлэлцээний сүүлийн үеийн нөхцөл байдал болон Ираны талын дараа дараагийн төлөвлөгөө, санаа оноог танилцуулж, улс төрийн хямралыг цэргийн аргаар шийдвэрлэх боломжгүй нь бодитоор нотлогдсон гэж мэдэгджээ. Тэрээр Ираны тал үндэсний бүрэн эрх, нэр төрөө тууштай хамгаалах бөгөөд энхийн хэлэлцээний замаар зөвшилцлийг тасралтгүй нэмэгдүүлж, иж бүрэн, урт хугацааны шийдэл эрэлхийлэх болно гэдгийг онцоллоо. Мөн Ормузын хоолойн нээлттэй байдлын асуудлыг аль болох хурдан шийдвэрлэх шаардлагатай гэж тэмдэглэв.




Арагчи Хятад улсын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах дөрвөн заалтыг өндрөөр үнэлж, Хятадын тал үргэлж түүхийн зөв талд зогсож, нөхцөл байдлыг хурцатгахгүй байх, мөргөлдөөнийг даамжрахаас сэргийлэх чиглэлд бүтээлч үүрэг гүйцэтгэж ирснийг сайшаалаа.


Тэрээр Ираны тал Хятадад итгэж буйгаа илэрхийлээд, энх тайвныг дэмжиж, дайныг зогсоох чиглэлд Хятадын тал цаашид ч идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв. Мөн дайн дараах бүс нутгийн хөгжил, аюулгүй байдлыг уялдуулсан шинэ бүтэц байгуулахыг дэмжиж байгаагаа хэлэв.


Арагчи хэлэхдээ, Хятад бол Ираны иж бүрэн стратегийн түнш бөгөөд Ираны тал “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Хятадын үндсэн ашиг сонирхлоо хамгаалахыг дэмждэг. Энэ жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буйг ашиглан бүх түвшний харилцааг идэвхжүүлж, хамтын ажиллагааны боломжийг нээн, харилцан дэмжлэгээ бэхжүүлэн, бүх салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэлээ.



Ван И Ираны асуудлаарх Хятадын талын үндсэн байр суурийг дахин нотолж, мөргөлдөөн эхэлснээс хойш Хятадын тал эвлэрэл, хэлэлцээг дэмжих чиглэлд идэвхтэй ажиллаж ирснийг онцлоод, дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн Ойрх Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах дөрвөн заалт олон улсын хамтын нийгэмлэгийн эерэг дэмжлэгийг хүлээж байгааг тэмдэглэлээ.


Тэрээр бүс нутгийн нөхцөл байдал дайн ба энхийн зааг дээр ирээд байгааг онцлоод, бүрмөсөн гал зогсоох нь нэн яаралтай шаардлага бөгөөд дайныг дахин эхлүүлэх нь бүр ч зохисгүй гэж мэдэгдэв. Мөн үндэсний бүрэн эрх, аюулгүй байдлаа хамгаалах Ираны талын байр суурийг дэмжиж, улс төрийн шийдлийг дипломат аргаар эрэлхийлж буйг өндрөөр үнэлжээ.


Ормузын хоолойн асуудлаар, олон улсын хамтын нийгэмлэг хоолойн аюулгүй, хэвийн тээврийг сэргээхийг хүсэж байгаа бөгөөд холбогдох талууд олон улсын хүчтэй шаардлагад аль болох хурдан хариу өгөх ёстой гэж Ван И мэдэгдлээ.


Цөмийн асуудлын тухайд, Иран цөмийн зэвсэг хөгжүүлэхгүй гэсэн амлалтаа өгч буйг Хятадын тал өндрөөр үнэлж байгаа ч Иран энхийн зориулалтаар цөмийн эрчим хүч ашиглах хууль ёсны эрхтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Ван И мөн Персийн булан болон Ойрх Дорнодын орнууд хувь заяагаа өөрсдийн гараар шийдэх ёстойг онцолж, Иран болон Персийн булангийн бусад орнуудыг яриа хэлэлцээ өрнүүлж, сайн хөршийн харилцаа тогтоохыг дэмжиж байгаагаа хэлэв. Мөн бүс нутгийн орнууд хамтран оролцож, хамтын ашиг сонирхлоо хамгаалж, хамтын хөгжлийг хэрэгжүүлэх энх тайван, аюулгүй байдлын тогтолцоо байгуулахыг дэмжинэ гэв.



Ван И хэлэхдээ, Хятадын тал дарга Ши Жиньпиний дөрвөн заалтын үзэл санааг баримталж, Ойрх Дорнодын орнуудыг “хамтын энх тайван, хамтын аюулгүй байдал, хамтын хөгжил, хамтын сэргэлт”-ийн орон гэр байгуулахыг дэмжих зорилгоор нөхцөл байдлыг намжаах, дайныг зогсоох, энхийн хэлэлцээг эхлүүлэхэд үргэлжлүүлэн туслалцаа үзүүлж, бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг сэргээхэд илүү их үүрэг гүйцэтгэхэд бэлэн гэжээ.


Тэрээр мөн Хятад бол Ираны итгэлтэй стратегийн түнш гэж онцлоод, улс төрийн харилцан итгэлийг улам бэхжүүлж, дээд түвшний харилцааг хадгалан өргөжүүлж, бүх салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад–Ираны иж бүрэн стратегийн түншлэлийг цаашид урагшлуулахад бэлэн байгаагаа мэдэгдэв.


Хоёр тал мөн олон улсын болон бүс нутгийн анхаарал татсан асуудлуудаар санал солилцсон байна.


Г.Бямба