МАДРИД, 2026 оны тавдугаар сарын 6 /Reuters/. Хантавирусний аюултай халдвар дэгдээд байгаа тансаг зэрэглэлийн аяллын хөлөг онгоцыг хүмүүнлэгийн үүднээс боомтдоо зогсохыг Испанийн эрх баригчид зөвшөөрсний дараа уг хөлөг онгоц Кабо-Верде улсаас Канарын арлуудыг чиглэн хөдлөхөөр болсныг албаны хүмүүс лхагва гарагт мэдээлэв.
Испанийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон Европын Холбооноос тавьсан хүсэлтийн дагуу хууль эрх зүйн болон хүмүүнлэгийн үүрэг хариуцлагын хүрээнд уг шийдвэрийг гаргажээ.
Нидерландын далбаан дор аялдаг, "Oceanwide Expeditions" компанийн эзэмшлийн "MV Hondius" хөлөг онгоц боомтод ирмэгц зорчигчид болон багийн гишүүдийг эмнэлгийн үзлэгт хамруулж, шаардлагатай эмчилгээг хийсний дараа эх оронд нь буцаах ажлыг зохион байгуулна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр халдвар дэгдсэнээс хойш Нидерландын хоёр иргэн, ХБНГУ-ын нэг иргэн, нийт гурван хүн нас бараад байна. Их Британийн нэг зорчигч Өмнөд Африкт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа бол багийн хэд хэдэн гишүүнийг яаралтай нүүлгэн шилжүүлж, эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа аж.
Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр, одоогийн байдлаар 23 орны 150 орчим хүн хөлөг онгоц дээр байгаа аж. Кабо-Верде улс нөхцөл байдлыг зохицуулах боломж хязгаарлагдмал гэсэн шалтгаанаар зорчигчдыг эрэг дээр буулгахаас татгалзаад байсан юм.
Уг хөлөг онгоц ойрын хэдэн өдрийн дотор Гран-Канариа эсвэл Тенерифе арлын боомтод зангуугаа хаях төлөвтэй байна. ДЭМБ олон нийтэд учрах эрсдэл бага байгааг хэвээр байгааг мэдэгджээ. Гэсэн хэдий ч нэг бүхээгт хамт байсан зорчигчид зэрэг ойрын хавьтлуудын дунд хүнээс хүнд халдвар дамжих ховор тохиолдол гарч болзошгүйг анхааруулжээ. Хантавирус нь ихэвчлэн халдвар авсан мэрэгч амьтдаар дамждаг боловч шинжээчдийн үзэж байгаагаар халдвар анх хөлөг онгоцонд суухаас өмнө эсвэл Өмнөд Америкийн боомтуудад зогсох үеэр гарсан байх магадлалтай байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 05 сарын 06,
2026
Сэтгэгдэл0