sonin.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2026.06.02/ хуралдаанаар П.Сайнзориг нарын УИХ-ын 19 гишүүний 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.Хуулийн төсөлд Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой тохиох жилүүдэд 1024 бөхийн барилдаан зохион байгуулах асуудлыг Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч тухай бүр шийдвэрлэдэг байх, улмаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт аймгийн наадамд зургаа давсан бөхөд “аймгийн харцага” цол олгох асуудал орхигдсон байгааг нэмж оруулах зохицуулалтыг тусгасан байна.


Мөн 2003 оны 6 дугаар сарын 13-ны өдөр баталсан Үндэсний баяр наадмын тухай, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан Үндэсний баяр наадмын тухай хууль (Шинэчилсэн найруулга) батлагдаж хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнөх үеийн 1987 онд болон Монголын бүх ард түмний спартакиад, 1995 оны Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн баяр наадам, 1989 он, түүнээс хойших улсын баяр наадамд үзүүрлэж, шөвгөрсөн болон Ардын хувьсгалын тэгш ойн баяр наадамд шөвгөрч тухайн үеийн дүрэм, уламжлал, жишгийн дагуу цол олгогдох амжилт үзүүлсэн боловч цол нь олгогдоогүй бөхчүүдийн өөрийн, эсхүл гэр бүлийн гишүүний хүсэлтийн дагуу цолыг нөхөж олгох асуудлыг Монголын Үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн


Үндэсний их баярын наадмын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан нэг удаа шийдвэрлүүлэх болон Ардын хувьсгалын 100 жил, Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдсаны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннесийн номд бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан 2021 онд зохион байгуулсан хүчит бөхийн барилдаанд 5, 6, 7, 8, 9 давж амжилт үзүүлсэн бөхчүүдэд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.3 дахь хэсэгт цолыг Монголын Үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн Үндэсний их баярын наадмын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан шийдвэрлүүлэх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай гэж үзэн уг хуулийн төслийг боловсруулсан байна.


Хэлэлцүүлгийн эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Уг хууль хэрэв батлагдвал Монгол Улсын Аварга О.Балжинням Даян аварга болох, улсын гарьд П.Сүхбат агсан Улсын Арслан болох, Улсын Гарьд Б.Гантогтох Улсын Арслан болох, Улсын начин С.Эрхэмбаяр Улсын заан болох зэрэг боломжууд нээгдэх ажээ.


Н.Отгончимэг