Гэсэн хэдий ч Раднаа далдуур дарга нарыг шахсаар, надад мэдэгдэлгүй шийдвэр гаргуулж, 1998 оны төлөвлөгөөнд оруулан батлуулж дөнгөв. Манай дарга нар Ерөнхий сайдуудын “хувь заяанд” их санаа зовоод байгаа бололтой. Тийм учир энэ марк хэвлэгдэж гарахаар боллоо. Нэгэнт шийдвэр гарсан учир би захирагдахаас өөр замгүй болов.
Ийм нэг Монгол марк бий. Гарсан түүх нь, хөшигний ард юу болж өнгөрсөн нь хэрэндээ сонирхолтой. Би бээр өмнөх “Ардчилсан Холбоо Эвслийн “дарамт” гарчигтай нийтлэлдээ “Энэ салбарт янз бүрийн сэдвээр цаг үеийн улс төр ханхлуулсан маркууд хийх саналууд ч дээр доороос гардаг, шахдаг тал бий. Бүр хатуу үүрэг тулгаж хийлгэж байсан жишээ ч бий” гэж бичиж байсныхаа баримтат жишээ болгож энэ дурсамж-нийтлэлийг бичлээ.
1997 он дөнгөж гарангуут тухайн үеийн Монгол марк компани (ММК) “Монгол Улсын Ерөнхий сайдууд” сэдэвт марк гаргахаа албан ёсоор зарлав. Оны өмнө ММК-ийн нэг ажилтантай Марк сонирхогчдын клуб дээр тааралдан ойр зуурын юм ярьж байтал, манай захирал Г.Раднаабазар, танай М.Энхсайханыг Ерөнхий сайд болсонд их баяртай байгаа, түүний гарын үсгийг алтан дардасаар хэвлэсэн ч гэнэ үү, их сонин юм надад ярьдаг юм. Манай, танай байдаг нь юу ч билээ гэсэн шүү юм би бодож байж билээ.
Г.Раднаабазар, М.Энхсайхан хоёр бүр 1970-аад оны танилууд гэж сонсогдоод байдаг. М.Энхсайхан, шинэхэн төгсөгч тэр үеийн БНМАУ-ын Гадаад Худалдааны Яаманд ажиллаж эхлэх үед Раднаа Холбооны Яамны Шуудан холбооны хэлтэст маркийн мэргэжилтэн-зураач байсан бөгөөд маркийн эх зургуудыг тус яамаар дамжуулан Унгар улсад хэвлүүлэхээр илгээдэг систэмтэй байсан. Тэд тэнд танилцсан биз.
Одоо түүний хуучин танил нь шинэ Ерөнхий сайд болов. Чухам ийм хувийн харьцааны үндсэн дээр энэ марк гаргах санаа Раднаабазарт төрсөн байх гэж надад хар сэр надад төрж байв. Энэ чинь юу болж байна өнөө авилга, хээл хахуул нь уу? (Энэ нэр томъёо тэр үед нийтийн хэрэглээнд орж байсан шиг санагдаж байна).
Харин өнөө М.Энхсайхан нь тээр дор юу болж байгааг, хэн нэгэн өөрийн нь гарын үсгийг алтдаад, маркийг нь гаргаад, түүнийгээ барьж орж ирэх, түүнийхээ хариуд янз бүрийн санаа өвөрлөөд, “Ерөнхий сайд аа, та минь…” гээд сайхан тайлбар толгойдоо боловсруулаад явж байгааг, түүний “урхинд орж” болзошгүйг яахин мэдэх билээ. Угаасаа ийм жижиг, дунд түшмэдийн хор найруулгаар хөөрхий том сайд дарга нарын нэр сэвтэж, зарим нь бүр суудлаасаа унадаг нь жам билээ. Надад энэ маркийг зарлах үед ийм бодол төрсөн.
Олон улсын жишгээр тухайн улс нь Төрийн тэргүүн, Их удирдагчиддаа (Ерөнхийлөгч, Хаан, Хатан хаан, Эмир, Султан, Рахбар, Дээд Удирдагч, “Батька”, Их жолоодогч, "Түркменбаши”, Ататүрк, Махатма, Mzee …) маркандаа мөнхөлдөг л дөө. Маркийн ертөнцийн ийм бичигдээгүй хууль байдаг юм. Харин Ерөнхий сайдуудын тухайд бол маркууд цөөхөн гарах нь гардаг, гэхдээ шалгуур нь арай өөр.
Манай тэр үеийн улс төрийн нөхцөл байдлыг тунгаан үзвэл гай нь таарч Ерөнхий Сайд нь байнга солигдож байдаг Япон, Итали, Британи шиг болчихвол яах вэ? Тэр үед Монголд хэн гээч мэргэн түргэн нь тийм олон засгийн газар унаж Ерөнхий сайдууд солигдоно гэж тааж мэдэх билээ. Чи л мэдэж байсан болж таарав уу гэж хэн нэгэнийх нь инээд нь хүрч болох л юм. Гэвч юманд учир бий.
М.Энхсайханы Засгийн Газар удахгүй унах болов уу гэсэн таамаг, зөн совин надад байсан нь сонин. Уг нь тэр үеийн хамгийн доод түвшинд ч над мэтийн улс төрд хутгалдаж явсан, учрыг гадарладаг хүнд бол сонинсоод байх юмгүй л дээ. Яагаад гэвэл “Ардчилсан Холбоо Эвсэл” байгуулагдахад түүний даргаар нь МҮАН-ын дарга Ц.Элбэгдорж сонгогдсон юм. Хэрэв сонгуульд ялвал тэр Ерөнхий сайд болох учиртай. Тухайн үедээ ингэж ойлгогдож байснаар барахгүй ерөөс олон улсын жишиг нь тийм.
Гэвч хачин хуйвалдаан наймаа болж М.Энхсайхан Ерөнхий сайд боллоо! Түүнийг энэ өндөрт гаргаж ирсэн хүн бол Ерөнхийлөгч байсан П.Очирбат, АХЭ-ийн дэд дарга, МСДН-ын дарга Р.Гончигдож хоёр гэнэ. Ийнхүү АХЭ сонгуулийн дүн гарсныхаа маргаашаас, М.Энхсайханыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн тухай сонсогдож эхэлсэн үеэс задарч эхэллээ. МҮАН-ынхан, түүн дотроо МоАХ фракц дэлбэртлээ уурлаж, томилогдоогүй байхад нь “огцруулна” гээд орилж байсан хүнийг Драмын Театрт болсон нэгэн хурал өөрийн нүдээр харж, түүнээс болоод бөөн хэл ам болж байсныг тэнд сууж байсан би мэдэлгүй дээ.
Эхлээд дээрхи үндэслэлийг би бээр дарга, захиралуудад хэлж тайлбарлаад 1997 он хэвлэгдэх маркийн төлөвлөгөөнд хасах санал оруулсанд компаний удирдлага юу ч хэлсэнгүй баталчихсан юм. Маркийн хэлтсийн дарга Л.Балганшош гуай, хэ хэ, чи яагаад ингэж өөрийнхөө намын хүнийг унана гэж яриад явж байдаг билээ гэж гайхсан бас тавлаж инээд нь хүрсэн бололтой асууж байсан. Энд ямар ч манай танай, сайн муу ёр, таамаг таавар байхгүй. Би асуудалд прагматик хандаж байна гэж хэлсэн.
Гэтэл 1998 оны төлөвлөгөө боловсруулж эхлэх үед энэ асуудал удирдлагын зүгээс дахин босоод ирдэг байгаа. Би нөгөө тайлбараа хэлээд дарга нар “оруул” гэж шахаад л... Цаана нь нөгөө Раднаабазар суугаад байна л даа. Мэдэж ядах юм алга. Тэснэ тэснэ гэхэд хэцүү болсон тул тэр бээр “нуувч”-наасаа гарч “Энэ маркийг гаргамаар байх юм” гэсээр ил цагаан над дээр ирлээ.
Мань эр манай дарга нарыг шахаж шаналгаад байхаар, нөгөөдүүл нь аргаа бараад, чи тэр Отгонбаяртайгаа өөрөө учраа ол гэсэн бололтой юм. Би түүнээс, та ямар үндэслэлээр энэ маркийг гаргах нь зүйтэй гэж та үзэж байгаа юм бэ гэж асуухад тэрбээр “нутаг нутгийн хүмүүс энэ албыг хашиж байсан гэдэг үндэслэлээр” гэж ёстой марзан хариулт өглөө.
Юу гэнэ үү? Улсын марканд жалга довны үзэл шургуулах нь, мань эр. Яаж болох билээ! Хачин юм ярих юм. Ямар нутаг нугийнхаа бөх, морьны тухай ярьж байгаа биш дээ. Хэрэв энэ маркийг гаргаад, тэгж тайлбарлавал Ерөнхий сайдгүй аймаг нутгийнхан яах болж байна? Манай Монголчууд шиг нутаг ус ярьж, эхий ахай болоод уянгалаж явдаг хүмүүс чинь бөөн гомдол болдог юм байгаа биз дээ гэж бодоод, түүнд хэрэггүй ээ, ийм марк гаргахгүй байсан нь дээр гэлээ.
Гэсэн хэдий ч Раднаа далдуур дарга нарыг шахсаар, надад мэдэгдэлгүй шийдвэр гаргуулж, 1998 оны төлөвлөгөөнд оруулан батлуулж дөнгөв. Манай дарга нар Ерөнхий сайдуудын “хувь заяанд” их санаа зовоод байгаа бололтой. Тийм учир энэ марк хэвлэгдэж гарахаар боллоо. Нэгэнт шийдвэр гарсан учир би захирагдахаас өөр замгүй болов.
Раднаа юунд тэгтлээ их улайрав? Том амлалт өгчихсөн, өнөөхөд нь хүлээлт үүсчихсэн байсан юм болов уу? М.Энхсайханыг хөндлөнгөөс нь харж байхад хөгжлийн том том бодлого, стратеги ярихаас биш тийм жижиг асуудал ярихаар, тоохоор хүн биш шиг харагддаг. Гэхдээ, мэдээж хүн л юм хойно, өөрийнх нь марк гарах гэж байгаад Ерөнхий сайд байсан бүх хүмүүсийн нэгэн адил таатай л байсан биз. Үүнийг буруутгах аргагүй. Гэтэл цаана нь, маркийн бодлого гэж нэг юм байдгийг тэд төдийлөн сайн мэдэхгүй л болов уу.
Раднаа, хувь хүнийээ болон зураачийн хувьд найздаа зориулж том бэлэг барьж бололгүй л яахав. Хөрөг зургийг нь зураад дурсгаж болно шүү дээ. Түүнийг хэн ч буруутгахгүй. Харин тэр “бэлгээ” төр засгийн харьяа байгууллагаар ( “Монгол шуудан” компани тэр үед “Төрийн өмчит Улсын Үйлдвэрийн Газар” гэдэг статустай байсан юм), дүрэм журам зөрчиж байгаад хийлгэх нь арай л даварчихсан явдал бус уу?
Ингэж их улайран дайрч, хувийн ашиг сонирхлоо тулган хүлээлгэсэн нь надад анх төрсөн “Энэ чинь юу болж байна өнөө авилга, хээл хахуул нь уу?” гэсэн бодлын нэг ёсны тайлал болсон юм. Түүнийг 1993-94 оны үед “Төрийн шагнал”-д өөрийгөө нэр дэвшүүлээд, түүнийг нь Марк компанийн ажилтан, фоточин Я.Нармандах ажлын цагаар албан ажил мэт хөөцөлдөөд гүйж байсныг нь манай маркийнхан мэддэг юм. Тэр ч өөрөө надад ярьж байсан. Нутгийн “ах” Ерөнхийлөгч П.Очирбатыг байгаа дээр нь тэр шагналыг авчих гээд зүтгэсэн хэрэг байх. Гэхдээ уг лобби нь бүтээгүй. Янзын гоё, өнгөт альбом шиг, баахан маркийн зурагнууд бүхий цомог хэвлүүлчихсэн байсныг үзсэн тухайгаа зохиолч, яруу найрагч Г.Аюурзана надад шогшрон байж ярьж байсныг санаж байна.
Тэгэхээр мань Раднаа Ерөнхийлөгчийн “баруун гар” М.Энхсайханаар үүнийгээ л гүйцэлдүүлэх санаатай байсан юм болов уу? Уг хүнийх нь зан байдлыг мэддэг хүмүүсийн хувьд надад тийм бодол төрсөн л дөө.
Түүнээс гадна, энэ шийдвэрийг дагаад үе үеийн Парламентийн (Ардын Их Хурал, Ардын Их Хурлын Тэргүүлэгдийн дарга, Улсын Их Хурал, Улсын Бага Хурал) дарга нарын зурагтай багц марк гаргах асуудал босвол яах билээ? Төрийн зэрэглэл зиндаагаар тэд чинь Ерөнхий сайдаасаа дээгүүр байдаг шүү дээ. Бид ингэж ярьцгааж байлаа.
Энэ маркийг зураач Цэрэнгийн Цэнгэл бүтээж, түүхийн ухааны доктор Д.Идшинноров агсан зөвлөхөөр нь ажилласан билээ. Марканд Манзушир хутагт Цэрэндорж гэдэг хүний хөргийг оруулаагүйн учир нь түүхэндээ их маргаантай байдаг гэх. Энэ хүн 1921 оны 4-р сараас 7-р сар хүртэл ажилласан гэх ч Д.Бодоо 1921 оны 4 сараас 1922 оны 1 сар хүртэл Ардын Засгийн газрын Ерөнхий сайд байсан ажилласан байдаг. Ийм үндэслэлээр доктор Д.Идшинноров гуай хассан санагдана.
Магадгүй “Тамга хадгалагч” байсан байх гэж ярьж байсан. Ийм явдал манай эдүгээ цаг үед, миний л санахаар хоёронтоо тохиосон. Нэг нь Н.Туяа 1999 онд, Д.Тэрбишдавга 2014 онд тус тус Засгийн газрууд огцроход “Тамга хадгалагч”-аар түр үүрэг гүйцэтгэж байжээ.
Хожим, Баабар бээр энэ талаар өөр байр суурь илэрхийлсэн байдаг. Тэрээр Манзушир хутагт Цэрэндоржийг түүхээс орхигдуулсан нь буруу бөгөөд "үүрэг гүйцэтгэгч биш, Богл хааны зарлигаар жинхэнэ Ерөнхий сайдаар томилогдсон, тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд нарын жагсаалтад түүхэн залгамж чанарыг баримталсан дараалалаар Т.Намнансүрэн (1912–1919), Г. Бадамдорж (1919–1920) нарын дараа, гуравдугаарт бичигдэх ёстой гэж үзжээ.
Түүнийг хожмын Зөвлөлтийн үеийн түүх бичлэгээс улс төрийн шалтгаанаар хассан гэж үздэгээ тэрбээр мөн онцлон тэмлэглэсэн байна.
Манзушир хутагт 1921 оны 4 дүгээр сард Богд хааны зарлигаар Ерөнхий сайдын албыг Жалханз хутагт Дамдинбазараас хүлээн авч “хамаарсан” Ерөнхий сайд хэмээн дуудуулж байгаад 1921 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагт засгийн газрын тамгаа Ардын засгийн Ерөнхий сайд Бодоод шилжүүлсэн билээ” гэж түүний намтарт (Wikipedia) бичжээ.
Эргээд маркийнхаа тухай ярихад, энэ “Монгол Улсын Ерөнхий Сайдууд” марк маань түүхэн үнэнийг гуйвуулсан болж таарч байна. Энд, гурав дахь марканд Д.Чагдаржавыг оруулсан нь бас бөөн будлиан. Энэ тухай Баабар бээр, “Монгол Түүх” номын II ботийн № 485-486 хуудсанд бичсэнээс ойлгосноор бол “Улаан” Орос” Барон Унгернийг дарахаар Монголд цэргээ оруулахын тулд манай хууль ёсны Богд Хааны Засгийн газрын зөвшөөрөл хэрэгтэй боловч тэд нар нь Бароныг талархагчид байсан учир өгөхгүй нь ойлгомжтой тул Монголын хилийн гадна Тройцкосавскт “хууль бус хуурамч” Засгийн газар байгуулж, тэргүүнээр нь сахил хүртсэн лам хүн, Ардын Намын анхны долоогийн нэг мөнөөх Д.Чагдаржавыг “томилсон” байдаг юм байна.
Тэгэхээр №3 марк дээрхи “хууль бус хуурамч Ерөнхий Сайд” Д.Чагдаржавын оронд Богд хааны зарлигаар жинхэнэ Ерөнхий сайдаар томилогдсон, Манзушир хутагт Цэрэндорж байх ёстой гэж Баабар бээр үзэж байна.
Гэтэл Манзушир хутагтын намтарт (Wikipedia)-д “Манзушир хутагт 1921 оны 4 дүгээр сард Богд хааны зарлигаар Ерөнхий сайдын албыг Жалханз хутагт Дамдинбазараас хүлээн авч “хамаарсан” Ерөнхий сайд хэмээн дуудуулж байгаад 1921 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагт засгийн газрын тамгаа Ардын засгийн Ерөнхий сайд Бодоод шилжүүлсэн билээ” гэж бичжээ. Үүгээр бол №3 нь Жалханз хутагт Дамдинбазар болж таарах гээд байдаг. Манзушир хутагт Цэрэндорж нь №4 болох нь.
Намтар (Wikipedia)-г баримтлан дараалалд оруулвал №1 Т.Намнансүрэн, №2 Г. Бадамдорж, №3 С.Дамдинбазар, №4 Цэрэндорж, №5 Д.Бодоо нар болж таарах гээд байдаг.
Баабарынхаар бол №1 Т.Намнансүрэн, №2 Г. Бадамдорж, №3 Цэрэндорж... Эндээс аль зөв юм бэ гэсэн асуулт гарна. Дамдинбазарын намтар (Wikipedia)-г хэн бичсэн нь тодорхойгүй. Маш товчхон. Үндэслэл муутай санагдсан. Баабар бээр, эрдэмтэн-судлаач хүн тул асуудлыг угт нь тултал шалгадаг гэж би итгэдэг. Ер нь намтар түүхийг нь сайн судлаж цэцэлмээр хүн байна даа л гэж бодож сууна.
Зөвлөлтийн “сургагч”-эрдэмтэдийн заавраар бичигдсэн “БНМАУ-ын Түүх” номонд бүхнийг “1921 оны Ардын хувьсгалаас эхэлсэн” болгодог байсан албан ёсны хуучин жагсаалтаар Д.Бодоог анхны Ерөнхий сайд байсан мэтээр тоолж, Т.Намнансүрэн, Г. Бадамдорж, Цэрэндорж нарыг оруулдаггүй байсан нь ийнхүү түүхийг гуйвуулж засахдаа гарамгай “Улаан” Оросын тарьсан ээлжит будлиан юм. Тэдний хийсэн будлианыг бичвэл ёстой нөгөө “Дуусашгүй яриа...” гээч болох биз. Харамсалтай нь, тэдний бичиж өгсөн “түүх” гэгчид итгэгчид одоо ч манайд түм бумаараа язагнаж, “манай Монгол л аймаар “тэмбүү”-тэй байсан, “Орос ах” минь салгаж өгсөн гэж улигласаар л байна. Угтаа бол тэр өвчин нь пенициллин, улаан тариа гэдэг эм тариануудыг гарахаас өмнө даян дэлхийг, түүний дотор Орос орныг ч эзэлчихсэн нэг ёсны “даян дэлхийн бренд” нь болчихсон байсан юм билээ л, хөөрхийс.
Энэ мэтээр будлиантай түүх нь маниусын байтугай манай нэрт эрдэмтний ч толгойг эргүүлчихэж байсан юм биш үү? Тэр нь явсаар ийнхүү марк болон гарч дэлхийгээр нэг таран манай “хуурамч” түүхийн нэгэн гэрч болоод байгаа нь харамсмаар.
Эсэргүүцэж байсан зүйлээ буюу “Монгол Улсын Ерөнхий Сайдууд” маркийг өөрөө гардан хариуцаж хийлгэсэн миний энэ инээдтэй ч, гунигтай ч “түүх” нь Монголын автономит засгийг устгах тухай Хятадын тухайн үеийн эрх баригчидын тулгалтыг эсэргүүцэж байсан хэдий ч хүчинд автан, албан үүргийн дагуу хэлэлцээ хийхээс өөргүй замгүй болж, түүнээсээ болоод эвгүй “цол хүртсэн” Ерөнхий Сайд Бадамдоржийн түүхтэй агаар нэгэн буй нь гайхмаар. Ийм юм болдог л юм байна.
Намайг энэ маркийг хийлгэх гээд бариад гүйж явсныг мэдэх хүмүүс “Энэ маркийг Т.Отгонбаяр л хийлгэх гээд гүйгээд байсан даа” гэж хэлэх нь ойлгомжтой, хэрэв би үүнийгээ тайлбарлаж бичихгүй бол шүү дээ. Түүнээс биш”заавал хий” гэж тушаасан Ж.Баатархүү, далдаас турхирч байсан Г.Раднаабазар хоёрыг хэн ч дурсахгүй. Мэдэх ч үгүй. Одоо ч амьд сэрүүн байгаа энэ хоёр эрхэм, үнэнийг хэлэх нь байтугай эсрэг талд л дуугарах хүмүүс гэдгийг би эрх биш мэднэ.
За ингээд, 17 Ерөнхий сайдын хөрөг бүхий энэ маркийн эх зургуудыг 1997 оны 10-р сард Бээжинд хэвлүүлэхээр шийдэж шуудангаар даруй илгээлээ. 1998 оны 4-р сар зураач Ц.Цэнгэл бид хоёр Хятадын маркийн талаар туршлага судлах, хэвлүүлж байгаа маркууд, түүний дотор “Ерөнхий сайдуудаа” эргэж тойрох, шинэ эх зургууд хэвлэлд шилжүүлэх зэрэг ажлаар Бээжин явлаа.
Нэг өдөр Улаанбаатараас Ерөнхий захирал Ж.Баатархүү ярьж байна “За чи, МШК-ны өмнөөс уучлал гуйгаад манай оронд Засгийн газар солигдон Ерөнхий сайд өөрчлөгдлөө. Иймд энэ марканд зохих өөрчлөлт засвар хийсний дараа дахин хүргүүлье гэж мэдэгдээд эх зургуудаа аваад ир гэсэн удирдамж өглөө. Бээжингээс ирээд Ерөнхий захиралд ажлаа тайлагнахдаа ер нь энэ маркийг хэвлэхээ больчихвол яасан юм бэ гэж саналаа хэлсэн ч зөвшөөрөөгүй.
Яаралтай шинэ Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн хөргийг зуруулаад хэвлэлд шилжүүл” гэж тушаав. Ингээд түүний фото зурагны эрэлд гарлаа. Маркийн эх зурагт эх сурвалж материал болохуйц шаардлага хангасан маш сайн фото байх ёстой байдаг. Гэтэл цаг нь болохоор тэр тийм амар олддоггүй юм байна. Олдсон нь гологдоно, цаг яваад байдаг, дарга нар шахаад байдаг.
Арай гэж нэг фотог шинэхэн Ерөнхий сайдаар томилогдоод байсан Ц.Элбэгдоржоос өөрөөс нь олж авлаа. Ингээд 1998 оны 6-р сард 18 Ерөнхий сайдын хөрөг бүхий маркийг дахин хэвлэлд шилжүүллээ. Шилжүүлэхийн өмнө би дарга нарт бас “нөгөөхөө” хэлээд авлаа шүү. Хэлтсийн дарга Л.Балганшош болохоор, би мэдэхгүй, Ерөнхий захиралд хэл гэх. Ерөнхий захирал Ж.Баатархүү, За, чи олон юм ярилгүй хэвлэлд яаралтай шилжүүл гэж хатуу үүрэг өглөө. Манай Раднаа Монгол маркийн “дарга” хэвээр байгаагаа, нутгийн дүү Ж.Баатархүүгээ зандрахтайгаа байгаагаа, “Отгоо, чи бол хэн ч биш” гэж хэлэхтэйгээ байгаагаа ийнхүү ил тод харуулав. Мань эр юунд тэгж их улайрсан юм бол гэж бодогдохоор, миний анхдагч сэтгэгдэл рүү л яваад байсан даа.
Уг нь марк дахин нэмж зурагдах болоход маркийн зургийн тоог цөөлөх, тухайлбал “Ерөнхий сайдуудыг” олноор нь нэгэн зэрэг “огцруулж”, хэвлэлийн зардлыг хэмнэхээр Л.Балганшош дарга бид хоёр бас нэг оролдсон юм. Үүн дээр бид өөр өөрийнхөө үндэслэлүүдийг хамгаалаад “огцруулах” Ерөнхий сайд олдохгүй болж байдаг шүү. Тэгэхээр нэг бол бүгдийг хэвлүүлэх, эсхүл бүгдийг болих ийм л хоёрхон зам үлдэж таарсан. Уншигч та, манай Ерөнхий сайдуудаас 4-6 хүн сонгох гээд үз дээ. Сонирхолтой шүү.
Инээдтэй ч гэх үү, харамсалтай гэх үү, энэ марк хэвлэгдээд ирж байхад 1998 оны 8-р сард Элбэгдоржийн Засгийн Газар унаж, тэр огцорч байлаа. Ийм явдал болноо гэж миний бодож, ярьж явсан маань бодит явдал боллоо. Монгол орон даяр шинэ Ерөнхий сайдын эрэлд хатлаа. Өнөөх нь олдоогүй ээ. “За дараагийн Ерөнхий сайдын марк гаргах бэлтгэлээ хангаж байя” гэж би даргаа нараа даапаална, Цэнгэлийг “хөөе чи зурах будаг бийрээ бэлдэж байгаарай” гэж наргина.
Энэ марзан явдлын дараа шинээр Ерөнхий сайд “төрөх” бүрд үүнийг үргэлжлүүлж хийх эсэх тухай яриа дэгдэнэ. Би болохоор, янзыг нь үзэх гээд, дарга аа, аавын хөвгүүдийг алаг үзээд юухэв, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал хоёрын маркийг гаргачихъя гэж даапалдаг, өнөөх чинь хулмалзаад тэрүүхэндээ мушийж суудагсан. Тэгж тэгж чинь Л.Балганшош гуай “Ер нь Ерөнхий сайд нарыг 4 дөрвөөр нь багцалж гаргаж байя” гэж нэг “мэргэн” санаа гаргаснаас хойш тэгсгээд чимээгүй болсон.
Одоо энэ маркийг үргэлжлүүлдэг юмаа гэвэл он цагийн дараалалаараа Ж.Наранцацралт, Р.Амаржаргал, Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Н.Учрал гээд цувчихна. Иймд энэ сэдвийг үргэлжлүүлэх нь утга учиргүй хэрэг болчихлоо. Тэгэхээр миний хэлж байсан зөв болж таарч байх шиг байна.
Дэлхийн бусад улс орнууд Ерөнхий сайдуудын тухайд бол маркууд цөөхөн гарах нь гардаг, гэхдээ шалгуур нь арай өөр” гэж дээр бичснээ одоо тодруулъя. “Монгол Улсын Ерөнхий Сайдууд” маркийн тухай асуудал анх үүсэхээс эхлээд л гаргана, гаргахгүй гэж бид маргалдаж байхдаа л би бээр, орон орны маркуудыг дэлхийн маркийн каталогуудаас эрж хайн тодорхой судалгаа бас чиг гэж хийсэн юм шүү.
Тэрнээс Раднаагийн санал болохоор нь унагах гээд байсан ч юм биш. Энэ бол огт өөр асуудал. Баримттай, судалгаатай л ярья. Миний олж мэдснээр Канад, Австрали, Энэтхэг, Шинэ Зеланд, Израил, Сингапур, Малайз, Пакистан, Бангладеш, Шри Ланка, Итали, Их Британи улсууд тийм марк гаргасан. Гэхдээ голчлон ганц нэг номиналаар гаргадаг. Энэ дэлхийд бараг 200 улс байдаг гэхээр ийм цөөхөн улс энэ сэдвээр гаргахаас цэрвэж байх шиг санагддаг. Учир нь энэ алба бараг аль ч улсад маш “хэврэг” гэдгийг уншигчид маань мэдэхийн цаагуур мэдэж буй биз ээ. Тэгэхээр энэ бол тийм түгээмэл, сонирхолтой бие даасан сэдэв ч биш юм.
Гаргадаг юмаа гэхэд маш чанга цэнзүүртэй байдгийн нэг жишээ бол Их Британи улс юм.
Жишээлбэл, Их Британийн Ерөнхий сайдын албыг Robert Walpole 1721 онд анх хашсанаас тооцвол 300 гаруй жилийн хугацаанд давхардсан тоогоор 80-аад эрхэмүүдээс үнэхээр тус улсын түүхэнд тэмдэглэгдэх гавьяат үйлс бүтээсэн 8-хан Ерөнхий Сайдын хөрөг бүхий марк гаргажээ. 10-аас нэг нь гэхээр шалгуур нь чанга байгаа биз? Эдгээрээс бидний сайн мэдэх 4 нь ХХ зуунд хамаарна. Sir Winston Churchill (1940–1945, 1951–1955), Дэлхийн II дайны үеийн удирдагч, ClementAttlee (1945-1951), Дайны дараах сэргээн болголтыг удирдсан, Harold Wilson (1964–1970,1974-1976), Modern Britain-ы автор, MargaretThatcher (1979–1990), Их Британийн анхны эмэгтэй Ерөнхий сайд, эдийн засгийн томоохон шинэчлэлүүдийг хэрэгжүүлсэн зэрэг нийгмийн олонхи нь хүлээн зөвшөөрөх өндөр магадлалтай, тодорхой гавьяатай гэдэг үндэслэлээр сонгон авсан байдаг нь миний дээрхи хэлсний нэг нотолгоо буй заа.
Тайлбар: “Монгол маркийн далд түүхээс.1924-2024” гэдэг номын форматаа томруулахгүй гээд нилээн хассан юм. Тэгээд, энд бүтнээр нь, дээр нь тэр үед олддоггүй байсан одоо бол олддог болоод байгаа бусад баримтуудыг нэмж бичээд нийтлэж байна. Номон дээрхи бичвэрээс бараг тал хувиар нэмэгдсэн буй.
Тодын Отгонбаяр (Лондон зураач)
2026.07.05-06
Даваа - 07 сарын 06,
2026

Сэтгэгдэл16
Buzaruudiin zurag yaahaaraa mark boldog yum be? ene bol doromjlol
⛽️ ОХУ шатахууны нийлүүлэлтийн асуудлаа шийдвэрлэхийн тулд Хятадад Сибирийн томоохон ойн бүсүүдийг урт хугацаагаар мод бэлтгэх зориулалтаар түрээслэх, мөн Оросын газрын тосны үнийг хөнгөлөх санал тавьжээ. Үүний хариуд Бээжин Хятадаас шатахуун нийлүүлж, Өвөр Байгалын хязгаар, Буриад, Эрхүү муж дахь шатахуун түгээх станцуудын урт дарааллыг богино хугацаанд арилгахыг Оросын Засгийн газар зорьж байгаа гэх мэдээлэл гарчээ. 🤦♀️