sonin.mn

МОСКВА, 2026 оны наймдугаар сарын 20 /РИА Новости/. “Монако” клуб Францын хөлбөмбөгчин, 2018 оны дэлхийн аварга Поль Погбатай байгуулсан гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалжээ.

“Клубийн ерөнхийлөгч, удирдлага, багийн хамт олон болон хөгжөөн дэмжигчид гээд надад итгэж байсан бүх хүнд талархал илэрхийлье. Энэ клуб болон Монакогийн хаант улсыг төлөөлөн тоглож байсан минь гайхамшигтай туршлага боллоо” гэж Погба ярьсан байна.




Өмнө нь хэвлэлүүдэд бичиж байснаар, зүүн ташаандаа гэмтэл авсан Погба бэлтгэлийн баазыг орхин явжээ. Мөн клубийн удирдлагын зүгээс түүнтэй байгуулсан гэрээгээ цуцлах гэж байгаагаа хэдэн долоо хоногийн өмнө мэдэгдсэн байна. Энэ асуудал өнгөрсөн оны сүүлчээр хөндөгдөж байсан боловч Погба цаашид тоглоно хэмээн клубийн удирдлагыг ятгаж чаджээ. 




Өдгөө 33 настай Погба өнгөрсөн оны зун “Монако”-д ирсэн бөгөөд тус клубтэй хоёр жилийн гэрээ байгуулсан байна. Тэрбээр 2023 оны есдүгээр сард сэргээшийн шинжилгээнээс шалтгаалан хэсэг зуур хөл бөмбөгийг орхисон бөгөөд 2024 оны хоёрдугаар сард дөрвөн жилээр эрхээ хасуулжээ. Давж заалдсаны дараа шийтгэлийг жил хагас болгосны дараа 2025 оны нэгдүгээр сараас бэлтгэлд гарч, гуравдугаар сараас тоглолтод оролцож эхэлсэн юм.

Өмнө нь тэрбээр Английн "Манчестер Юнайтед", Италийн "Ювентус" багуудад тоглож байв. Мөн Францын шигшээгийн бүрэлдэхүүнд 91 тоглолтод оролцохдоо 11 гоол оруулсан бөгөөд ОХУ-д 2018 онд болсон ДАШТ-д түрүүлсэн юм. Түүнчлэн 2020/2021 оны улирлын Үндэстнүүдийн лиг аваргалснаас гадна 2016 оны ЕАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ. 



Б.Адъяахүү