sonin.mn

Сэтгүүлч, зохиолч Дажсүрэнгийн Лхагвадорж сар шинийн баярын өмнөхөн СОНСОХУЙ/УХААРАХУЙ хэмээр шинэ номоос олны хүртээл болгосон билээ. Тэрбээр уг номоо нэмж засварлан дахин хэвлүүлсэн байна.

Зохиогч номынхоо өмнөх үгэнд “Цаг хугацаа улиран оддог шиг хүмүүний амьдрал ч цахилан өнгөрдөг. Гэхдээ хүн болгон, он цаг бүхэн өөрийн гэсэн түүхээ бичиж үлдээдэг. Энэ утгаараа өнгөрсөн хором мөч бүхэн үнэ цэнэтэй. Өнөөдөр бол өчигдрийн үргэлжлэл. Бас маргаашийн эхлэл. Өнөөдөр өрнөсөн үйл явдал маргааш түүх болдог.


Гэхдээ шинэ үзэгдэл, үйл явц дахиад л эхэлдэг. Амьдрал бол мөнхийн үргэлжлэл юм. Өнгөрсөн жилүүдэд миний бие маш олон ахмадууд, ахмадын байгууллагын дарга, сонгуультнуудтай уулзаж ярилцжээ.


Тэр хүмүүсийн үг болгоноос ухаан нэмэх шиг, урам зориг төрөх шиг болдог. Үүнд л ард үлдсэн он жилүүдийн үнэ цэнэ оршино гэж бодож байна. “Ахмадын сургааль алт” гэдэг эртнээс улбаатай үг бол өөрөө сургааль юм. Ахмад хүн бол тэр чигээрээ ажил амьдралын далай мэт баялаг туршлага. Энэ утгаараа тэд бол яах аргагүй ҮНЭТ БАЯЛАГ. Ахмад настнуудаа хүндэлж, алт шиг үг сургаалийг нь сонсож явах нь төр засагт ч, хүүхэд, хүн бүрт хамаатай асуудал билээ. Өнөөдөр Монгол хүний мөс чанар муудаж байгааг илүү анзаарч, илүү харамсан халаглаж байгаа хүмүүс бол ахмадууд. Тийм учраас л буурлуудын ЖУДАГ шингэсэн үгийг сонсох ёстой гэж миний бие байнга хэлж, сануулж явдаг юм. Учир иймээс энэхүү эмхэтгэл номоо СОНСОХУЙ / УХААРАХУЙ хэмээн нэрийдлээ. Уншсан хэнд бүхэнд нэгийг бодогдуулж, хоёрыг ойлгуулна гэдэгт гүнээ итгэж байна. Номын цагаан буян оршиг. Таалан болгооно уу. Зохиолч, сэтгүүлч Д.Лхагвадорж” хэмээн бичжээ.