sonin.mn

Монгол Улсад сууж байсан Элчин сайдыг тус албан тушаалд дэвшүүлсэн нь дипломат үйл ажиллагааны арга барилд өөрчлөлт гарч буйг илтгэх боловч энэхүү өөрчлөлт нь тодорхой хязгаартай юм.




2026 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оноос хойш тус улсад суугаа БНХАУ-ын Бүрэн эрхт Элчин сайдаар ажилласан Шэнь Миньжуанийг гадаадын иргэдэд олгодог төрийн хамгийн дээд шагнал болох "Алтан гадас" одонгоо шагнав. Үүнээс ердөө долоо хоногийн дараа буюу 7 дугаар сарын 29-нд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны (ГХЯ) албан ёсны бүтэц, бүрэлдэхүүний жагсаалт шинэчлэгдэж, Шэнь Миньжуань нь Лю Жинсонгийн халааг авч, Азийн асуудал эрхэлсэн газрын захирлаар томилогдсон байна.


Энэхүү албан тушаал ахисан хурд нь анхаарал татсан төдийгүй гүнзгий бэлгэдлийн чанартай байлаа. Шэнь Миньжуанийн бараг гурван жилийн бүрэн эрхийн хугацааг ойроос ажигласан Монголчуудын хувьд түүнийг Хятадын гадаад бодлогын хамгийн нөлөө бүхий гүйцэтгэх албан тушаалын нэгд томилсон явдал нь зөвхөн хүнд суртлын ээлжит сэлгээ төдий зүйл биш байв.


Энэ нь Бээжин өөрийн ойрын хөршүүддээ хандах хандлагадаа өөрчлөлт оруулж, сүүлийн таван жилийн хугацаанд зонхилж байсан хатуу, хэт түрэмгий хэв маягаас татгалзаж, илүү ул суурьтай, гео-эдийн засагт тулгуурласан “уян хатан”загвар руу шилжиж байгааг харуулсан хамгийн тод дохио юм.




Монголын өнцгөөс харвал энэхүү зохицуулалт нь Хятад улсын хувьд стратегийн хувьд маш ухаалаг алхам юм. Олон жилийн турш хэрэгжүүлсэн "Чонон дайчны дипломат ажиллагаа" нь хөрш орнуудад үзүүлэх өгөөж, нөлөөгөө алдахад хүргэсэн. Илүү хатуу, үл буулт хийх дипломат арга барил нь ялангуяа Зүүн Өмнөд Азийн орнуудын эрсдэлээс сэргийлэх хандлагыг хурдасгаж, Вашингтон болон түүний бүс нутгийн холбоотнуудын хоорондын аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутгийн жижиг улсуудад тэнцвэртэй, прагматик харилцааг хадгалахад улам хүндрэлтэй болгосон байна.

Шэнь Миньжуанийн Улаанбаатарт ажилласан туршлага нь түүнийг энэхүү геополитикийн нарийн динамикийг маш сайн ойлгож байгааг харуулдаг. Түүний одоогийн гол зорилго бол харьцангуй удирдаж болохуйц хоёр талт харилцаанаас олж авсан туршлага, амжилттай загвараа бүс нутгийн хамаагүй илүү нарийн төвөгтэй асуудлуудад нутагшуулан хэрэгжүүлэх явдал юм. Түүний оронд Монголд хэн ирж элчин сайд хийх нь энэхүү шинэ хандлага цаашид хэр өргөн хүрээнд, хэрхэн хэрэгжих вэ гэдгийг харуулах эхний чухал дохио байх болно.

Энэхүү өөрчлөлт нь урьд өмнө ч гарч байсан түүхтэй. Хятадын хөршүүдтэйгээ харилцах дипломат ажиллагаа нь ойролцоогоор 5-7 жилийн давтамжтайгаар илүү хатуу ба илүү хамтын ажиллагаанд тулгуурласан хэв маягуудын хооронд шилжиж ирсэн бөгөөд үүний хамгийн тод жишээ нь 2013 оны Хөрш орнуудын дипломат ажиллагааны ажлын бага хурлын дараа, мөн 2018 болон 2025 онуудад АНУ-тай хийх стратегийн өрсөлдөөн ширүүсэх үед тус тус ажиглагдаж байсан.


Лю Жинсунгийн эрин үе



Энэхүү халаа сэлгээний ач холбогдлыг бүрэн ойлгохын тулд хамгийн түрүүнд 2021 оноос 2026 оны дунд үе хүртэл Азийн асуудал эрхэлсэн газрыг удирдаж байсан Лю Жинсун(Liu Jinsong)-ийн үйл ажиллагааг үнэлэх шаардлагатай. Япон, Энэтхэг, Афганистан, Их Британи зэрэг орнуудад ажиллаж байсан туршлагатай мэргэжлийн дипломатч Лю уг албан тушаалд хатуу чанга дипломат мэдрэмжтэйгээр ирсэн. Түүний ажиллах хугацаа нь бүс нутгийн хурцадмал байдал эрчимжсэн үетэй давхацсан бөгөөд түүний арга барил нь тодорхой анхааруулга өгөх, тусгаар тогтнолын асуудлаар хатуу байр суурь баримтлах, мөн олон нийтэд шийдэмгий байдлаа харуулахыг чухалчилж байв. Энэхүү өнгө аяс нь Хятадын дотоодын үндсэрхэг үзэлтэй олон нийтэд таалагдсан боловч бүс нутгийн хэмжээнд улам бүр өсөн нэмэгдэх эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Хамгийн их олны анхаарал татсан үйл явдлын нэг бол 2025 оны 11 дүгээр сард Японы Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн товчооны Ерөнхий захирал Канай Масаакитэй хийсэн хоёр талын зөвлөлдөх уулзалтын үеэр болсон байна.


Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын индэр дээрээс “Тайванийн болзошгүй хямралыг Японы аюулгүй байдалд заналхийлж буй бодит аюул” хэмээн мэдэгдсэнээс үүдэлтэй дипломат шуугианы дараа уг уулзалт болсон юм. Уулзалтын үеэрх гэрэл зургуудад Лю Хятадын албан ёсны эсэргүүцлийг илэрхийлэхдээ хоёр гараа өмднийхөө халаасанд хийж, харилцагч руугаа харцаа доошлуулан харж байгаагаар буусан байдаг.



Бүс нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөнөөр тархсан энэхүү зургийг олон улсад ноёрхол, дургүйцлээ зориудаар илэрхийлсэн үйлдэл гэж тайлбарласан.



Улаанбаатарт иймэрхүү үйл явдлыг хөндлөнгөөс ажиглахын сацуу чимээгүй түгшүүртэйгээр хүлээж авдаг. Монгол Улс Зүүн Хятадын тэнгис эсвэл Өмнөд Хятадын тэнгисийн маргаанд шууд оролцдоггүй ч Хятадын дипломат байр суурийн ерөнхий дүр зураг маш чухал ач холбогдолтой юм. Бээжин олон нийтийн өмнөх сөргөлдөөн, шатлан захирах хандлагыг илт илэрхийлэх үед бүс нутгийн жижиг улсууд харилцаагаа төрөлжүүлэх хүчин чармайлтаа хурдасгах хандлагатай болдог. Монголын хувьд энэхүү динамик нь Хятад, Оросоос хамааралтай байдлаа тэнцвэржүүлэхийн тулд АНУ, Япон, Европын Холбоо, Герман, Франц, Өмнөд Солонгос, Турк зэрэг бүс нутаг улсуудтай харилцаагаа хөгжүүлэх урт хугацааны стратеги болох "Гуравдагч хөрш"-ийн бодлогын үндэслэлийг улам бататгаж өгдөг.

Люгийн хандлага нь Бээжингийн Тайвань болон газар нутгийн бүрэн бүтэн байдлын талаарх хэлэлцээ хийх боломжгүй байр суурьтай бүрэн нийцэж байсан хэдий ч олон улсад олон чиглэлт тэнцвэржүүлэх бодлого(multivector balancing)-ыг үндсэн байр суурь болоход хүргэсэн бүс нутгийн уур амьсгалыг бий болгосон. Лю Хятадаас Австралид суух дараагийн Элчин сайдаар томилогдож магадгүй гэх мэдээлэл нь дипломат зан чанарыг тухайн нөхцөл байдалтай нийцүүлэх тодорхой логиктой нийцэж байна. Хятад улс Люгийн хандлагыг үгүйсгэхийн оронд түүнийг өөр орон зай бай руу чиглүүлэхийг зорьж байна. Бүтцийн хувьд гүн гүнзгий үл итгэлцэл, AUKUS-аас үүдэлтэй аюулгүй байдлын зөрчилдөөн, үнэт зүйлийн ялгаагаар тодорхойлогддог Хятад, Австралийн хоёр талын харилцаанд хатуу, үл буулт хийх элч төлөөлөгч хамгийн тохиромжтой хэрэгсэл хэвээр байна.

Гэвч эдийн засгийн харилцан хамаарал илүү гүн гүнзгий бөгөөд геополитикийн хувьд туйлширсан сонголтыг идэвхтэй эсэргүүцдэг Хятадын ойрын хөршүүдийн хувьд өөр үйл ажиллагааны өнгө аяс, уян хатан бодлого шаардлагатай болж байна. Энд л Шэнь Миньжуань чухал үүрэгтэйгээр гарч ирж байгаа юм.


Монгол дахь загвар туршилт


Шэнь Хятадаас Монгол Улсад суух Элчин сайдаар ажилласан түүх нь түүний бүс нутгийн илүү өргөн хүрээний асуудлуудад хэрэгжүүлэх магадлалтай дипломат загварыг харах цонх болж өгч байна. Тэрээр өмнө нь Малайз, Индонезид ажиллаж байсан, мөн Зүүн Өмнөд Азийн асуудал эрхэлсэн азийн газрын дэд захирлын туршлагатайгаар 2023 оны 10 дугаар сард Улаанбаатарт иржээ. Мэргэжлийн болон боловсролын хувьд – Шэнь эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй – түүний суурь нь аюулгүй байдлын сөргөлдөөн гэхээсээ илүү худалдаа, хөрөнгө оруулалт, зөвшилцлийг бий болгох тал дээр ихээхэн чиглэгдсэн байдаг.

Монголд тэрээр олон нийтийн сөргөлдөөн гэхээсээ илүүтэй практик үр дүнг чухалчилсан арга барилыг хэрэгжүүлсэн. Тухайлбал, Бараг хорин жилийн турш гацсан, Монголын ашигт малтмалын экспортын амин чухал судас болох Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл түүний ажиллах хугацаанд идэвхтэй бүтээн байгуулалтын шат руу шилжиж, 2027 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөв. Мөн хоёр орны худалдааны эргэлт үндэсний удирдагчдын тогтоосон 20 тэрбум ам.долларын зорилт руу тууштай урагшилж байна.

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах зорилготой Хятадын хөрөнгө оруулалттай хайгуул олборлолтын төслүүдийг багтаасан хамтын ажиллагааг тасралтгүй дэмжиж ажилласан. 


Өвлийн хатуу цас зудын гамшгийн үед үзүүлсэн зорилтот хүмүүнлэгийн тусламж нь Монголын улс төрийн хүрээнд ажлын харилцааг бэхжүүлж, дээд түвшний солилцоог тогтвортой байлгахад дэмжлэг үзүүлэв.


Хамгийн чухал нь эдгээр үр дүнд хүрэхийн тулд Монгол Улсаас "Гуравдагч хөрш"-ийн чиг баримжаанаасаа татгалзахыг шаардсангүй. Хоёр том гүрний дунд оршдог далайд гарцгүй ардчилсан улсын хувьд харилцаагаа төрөлжүүлэх үйл явц зайлшгүй үргэлжлэх ёстой бөгөөд Шэнь Монгол Улсыг хоёр туйлт сонголт хийхийг тулгах гэж оролдоогүй юм.

Гэхдээ Шэнь Хятадын язгуур ашиг сонирхол буюу "улаан шугам"-ыг ч хэзээ ч орхигдуулаагүй. 2024 оны 10 дугаар сард гарсан Тайванийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Хятадын Элчин сайдын яам орон нутгийн эрх баригчдад шахалт үзүүлж, Тайванийн "Хоёр арав"(Double tenth)-ын баярын хүлээн авалтыг хязгаарлах, түүнчлэн Богд Жибзундамбатай холбоотой арга хэмжээг хяналттай байлгахыг шаардсан гэжээ. Эдгээр мэдээлэл нь Бээжингийн "Нэг Хятад" зарчмыг баримтлах урт хугацааны шаардлагатай нийцэж байгаа хэдий ч голчлон Тайванийн эх сурвалжаас гарсан бөгөөд Монголын эрх баригчдын зүгээс албан ёсны, бие даасан мэдээлэл гараагүй байна. Гэсэн хэдий ч энэ нь илүү өргөн хүрээний бодит байдлыг онцлон харуулж байна. Шэнь Хятадын язгуур ашиг сонирхол, ялангуяа Тайвань болон тусгаар тогтнолын эмзэг асуудлуудад хатуу байр суурьтай байх нь эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааны тогтвортой ахиц дэвшилтэй зэрэгцэн оршиж болохыг харуулсан.

Монголын өнцгөөс харвал энэхүү хосолмол хандлага нь амьдрал дээр хэрэгжих бүрэн боломжтойг батлан харуулсан. Энэ нь Улаанбаатарын хадгалж үлдэхийг зорьдог стратегийн үндсэн бие даасан байдлыг алдагдуулахгүйгээр шаардлагагүй үл ойлголцлыг бууруулсан үр дүнтэй алхам болов. Хамгийн чухал нь энэхүү загвар нь Хятадын ашиг сонирхлоос ухарсан хэрэг биш, харин түүнийг урагшлуулах илүү боловсронгуй хэрэгсэл юм. Бээжин эдийн засгийн үр ашгийг урьтал болгосноор Монголын удирдагчдын хувьд тэдний хүсэлд нийцүүлэх дотоод улс төрийн зардлыг бууруулж, харин үндсэн "улаан шугам"-аас хазайх далд үнийг өсгөж байна.


Гэсэн хэдий ч судлаачдын тэмдэглэж байгаагаар энэхүү тохиролцоонд суурилсан прагматик хандлага нь урт хугацаандаа тодорхой сул талуудыг бий болгож болзошгүй юм. Нийгэм, боловсрол, соёлын гүнзгий солилцооноос илүүтэйгээр дэд бүтэц, түүхий эдийн үр ашгийг чухалчлах нь хоёр талын харилцааг цэвэр эдийн засгийн наймаа болгон явцууруулж, стратегийн итгэлцлийн үндэс болсон олон нийтийн эерэг хандлага, сайн сайхан хүлээлтийг сулруулах эрсдэлтэй.


Хамрах хүрээг тэлэхэд тулгарах сорилт: "Монголын загвар"-ын хязгаарлагдмал байдал



Шэнь одоо зөвхөн Хятад-Монголын хоёр талын харилцаанаас ч давсан, боловсон хүчнийг солиод ч бүрэн шийдэгдэхээргүй гүн гүнзгий систем бүтэц бүхий асуудлуудыг өвлөн авч байна. Тухайлбал, Өмнөд Хятадын тэнгис нь хамгийн тогтворгүй мөргөлдөөний цэг хэвээр байна. Хятад болон Филиппин улсууд Фердинанд Маркос Жуниорын засаг захиргааны үед удаа дараа сөргөлдөөнтэй нүүр тулсан бөгөөд үүнийг АНУ, Япон, Австралийн хоорондох тэнгисийн цэргийн бага оврын хамтын ажиллагааны өргөжилт дэмжиж байна. Мөн Хятад, Японы харилцаа гүн хямралын байдалд байгаа бөгөөд Японы үргэлжилж буй батлан хамгаалах салбарын өргөжилт болон аюулгүй байдлын түншлэлээ гүнзгийрүүлж байгаа нь даван туулахад бэрх бүтцийн томоохон саад бэрхшээл болж байна. Хятад-Энэтхэгийн хилийн мухардмал байдал үргэлжилсээр байна; ерөнхий харилцаанд бага зэрэг дулаарал ажиглагдсан ч Шинэ Дели хилийн дэд бүтцээ бэхжүүлж, "Quad"-ын оролцоог гүнзгийрүүлсээр байна. Солонгосын хойг тогтворгүй байдлыг бий болгосоор байгаа бөгөөд Умард Солонгосын эрчимжиж буй цөмийн хөтөлбөр, Оростой хийж буй түншлэлээ гүнзгийрүүлж буй нь Бээжингийн маневрлах орон зайг хязгаарлаж байна.

Шэнь Миньжуанийн бүрэн эрхийн хугацаанд тулгарах гол сорилт бол "Монголын загвар"-ыг Хятадын хөрш зэргэлдээх орнуудын өргөн хүрээний дипломат харилцаанд амжилттай нэвтрүүлж чадах эсэх явдал бөгөөд үүнд эргэлзэх бүрэн үндэслэл бий.


 Монгол бол харьцангуй удирдахад хялбар тохиолдол байсан. Хоёр улсын хилийн асуудал өнгөрсөн зуунд шийдэгдсэн маргаангүй, эдийн засаг нь бүтцийн хувьд Хятадын зах зээл, дэд бүтцээс хамааралтай.



Түүнчлэн "Гуравдагч хөрш"-ийн бодлого нь Хятадын бүс нутгийн нөлөөлөлтэй сөргөлдөх бус харин зарим талаар түүнийг нөхөхөд чиглэгдсэн байдаг. Ийм нөхцөлд эдийн засгийн үр ашгийг нэн тэргүүнд тавьж, нээлттэй сөргөлдөөнийг бууруулах нь эрсдэл багатай, өгөөж өндөртэй стратеги юм.

Гэвч энэхүү логикийг Өмнөд Хятадын тэнгис, Зүүн Хятадын тэнгис болон Хятад-Энэтхэгийн хилийн нөхцөл байдалд шууд хуулбарлан хэрэглэх боломжгүй. Эдгээр бүс нутаг дахь улс орнууд нь АНУ-тай аюулгүй байдлын идэвхтэй эвслийн харилцаатай, нутаг дэвсгэрийн талаарх өрсөлдөөнт, маргаантай байдаг төдийгүй эсэргүүцэл үзүүлэх дотоодын үндсэрхэг үзлийн хүчтэй сэдэлтэй байдаг. Эдийн засгийн дипломат ажиллагаа нь сөргөлдөөний өртгийг нэмэгдүүлж чадах ч аюулгүй байдалд суурилсан эрсдэлээс сэргийлэх хандлагыг орлож чадахгүй. Зарим тохиолдолд эдийн засгийн арга хэрэгслийг эсрэг тал "эдийн засгийн дарамт шахалт" хэмээн тайлбарлаж, улмаар байр сууриа улам хатууруулах эрсдэлтэй. Иймд Шэнь Миньжуанийн хүрч чадах хамгийн боломжит үр дүн нь зөвхөн бүс нутгийн дипломат харилцааны хурцадмал байдлыг намжаах төдийгөөр хязгаарлагдаж магадгүй юм.


Мөн Шэньийн эрх мэдлийн хязгаарыг тодорхойлох нь чухал юм. Хятадын ГХЯ-ны Азийн газрын даргын хувьд тэрээр дипломат үйл ажиллагааны хүнд суртлын хурд, өнгө аяс болон функциональ хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлд нөлөөлж чадах боловч стратегийн ерөнхий чиг хандлагыг тодорхойлох эрхгүй. Бүрэн эрхт байдлын улаан шугамыг тогтоох, Тайванийн бодлого, АНУ-ын эвслийн бүтэцтэй холбоотой хариу арга хэмжээ зэрэг үндсэн шийдвэрүүд нь Хятадын Гадаад хэргийн яамны хэлтэст бус харин Намын Төв хорооны Гадаад харилцааны комиссын түвшинд гардаг. Тиймээс Шэнь тушаал дэвшсэн нь гүйцэтгэлийн хэв маягийн өөрчлөлтын дохио буюу ижил язгуур ашиг сонирхлыг урагшлуулахын тулд гео-эдийн засгийн урамшуулал, чимээгүй дипломат ажиллагаанд илүү найдаж буйг илтгэж байна. Энэ бол стратегийн шинэчлэл биш харин тактикийн түвшний тохируулга юм.


Шэнь өнгө аясыг өөрчлөх чадварт нь нөлөөлөх дотоодын хязгаарлалтуудтай нүүр тулгарна. Хятадын дотоодын үндсэрхэг үзэлтэй олон нийтийн санаа бодол нь дипломат уян хатан байдлын хязгаар болж өгдөг бөгөөд тусгаар тогтнолын асуудалд зөөлөн хандсан мэт санагдах нь шууд эсэргүүцлийг дагуулдаг. Тэрээр мөн өөр өөрийн байгууллагын тэргүүлэх чиглэл бүхий Худалдааны яам, хилийн хяналтын байгууллагууд болон цэргийнхэн зэрэг хүнд суртлын салбаруудыг хооронд нь уялдуулан зохицуулах ёстой. Хамгийн гол нь Хятад-АНУ-ын стратегийн өрсөлдөөний өргөн хүрээний нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байна. Вашингтон бүс нутгийн эвслийн тогтолцоогоо үргэлжлүүлэн гүнзгийрүүлж байгаа цагт дипломат хэв маяг хэрхэн өөрчлөгдсөнөөс үл хамааран, Бээжингийн зүгээс “тогтоон барих бодлогыг (威慑 - deterrence)” үргэлж нэн тэргүүнд тавих болно.


Дүгнэлт


Шэнь Миньжуанийг Хятадын Азийн газрын даргаар томилсныг бодлогын эрс өөрчлөлт гэхээсээ илүү Бээжингийн дипломат тактикийг зорилтот байдлаар боловсронгуй болгосон алхам гэж ойлгох нь зүйтэй. Түүний Монголд ажилласан хугацаа нь хэмжүүртэй, эдийн засагт чиглэсэн харилцаа нь үндсэрхэг үзлийн эсэргүүцлийг хязгаарлаж, гадаад харилцаагаа идэвхтэй төрөлжүүлж буй хөрш улстай ажлын харилцаагаа хадгалахын зэрэгцээ Хятадын ашиг сонирхлыг урагшлуулж болдгийг батлан харуулсан амжилттай туршилт болсон юм. Энэхүү загвар нь илүү нарийн төвөгтэй, маргаантай бүс нутгийн түвшинд өргөжин хэрэгжиж чадах эсэхийг цаг хугацаа харуулах болно.


Монголын хувьд эхний ээлжинд гарах дүгнэлт нь болгоомжтой байх боломж юм. Улаанбаатарт суух дараагийн Элчин сайдын томилгоо нь энэхүү дипломат шинэ арга барил хэр өргөн хүрээнд хэрэгжих вэ гэдгийн эхний дохио болох юм.


Хэрэв Бээжин Азийн асуудал эрхэлсэн газрын стандартаас прагматик, эдийн засгийн хамтын ажиллагаа төсөл хөтөлбөрт төвлөрсөн өөр нэг элчин сайдыг сонговол энэ нь Шэнь Миньжуаний арга барил бүс нутагт шилжүүлэн хэрэглэж болох практик болон институцжиж байна гэсэн үг юм. Харин аюулгүй байдал эсвэл үзэл сурталд илүү төвлөрсөн хүнийг томилбол, уг өөрчлөлт нь хязгаарлагдмал хүрээтэй байгааг илтгэх болно.

Монгол болон бүс нутгийн бусад жижиг орнуудын хувьд ухаалаг хариу үйлдэл нь хэт өөдрөг үзэл биш, харин болгоомжтой прагматизм байх ёстой. Шэнь Миньжуань тушаал дэвшсэн явдал нь үл ойлголцол багатай хамтын ажиллагаа, төслийн хэрэгжилтийг хурдасгах, хоёр талын харилцааг илүү урьдчилан таамаглахуйц болгох цонхыг нээж өгч байна. Энэ нь бодит өгөөж бөгөөд үүнийг Улаанбаатар ашиглах хэрэгтэй. Гэхдээ хүнд суртлын боловсон хүчний өөрчлөлтөөс стратегийн суурь өөрчлөлтийг хүлээх нь алдаа болно. Хятадын бүс нутаг дахь гол зорилгууд болох хилийн аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн төвлөрсөн байдлыг бэхжүүлэх, эргэн тойронд нь гаднын цэргийн оролцоог хязгаарлах зэрэг нь өөрчлөгдөөгүй хэвээр байна. Өөрчлөгдөж буй зүйл бол тэдгээрийг хэрэгжүүлэхэд ашигладаг арга хэрэгслүүдийн хослол юм.


Боловсон хүчний өөрчлөлтүүд геополитикийн бодит байдлыг дахин бичдэггүй боловч тэдгээр бодит байдлыг хэрхэн зохицуулахыг үндсээр нь тодорхойлдог. Азийн ирээдүйн төлөөх урт хугацааны өрсөлдөөнд тактикийн нарийн боловсронгуй байдал нь үндэсний хүчин чадлын дутуу үнэлэгдсэн хэрэгслүүдийн нэг байж болохыг Бээжин мэргэжлийн өндөр ур чадвартай, харилцааг чухалчилдаг албан хаагчийг азийн асуудал хариуцсан газрын тэргүүнээр томилсноороо харууллаа. Монгол зэрэг хөрш орнуудын хувьд улс орны гадаад бодлогын бие даасан байдлыг хадгалахын сацуу практик хамтын ажиллагааны боломжуудыг ашиглаж, энэхүү шинэчлэгдсэн нөхцөл байдлыг илүү өргөн өнцгөөс харах нь чухал юм.

Тус өгүүлэл The Diplomat сэтгүүлд 2026 оны наймдугаар сарын 08-нд "China’s Asian Affairs Reshuffle – The Diplomat" нэртэйгээр англи хэл дээр нийтлэгдсэн.



Судлаач Ч.Сумъяа