sonin.mn

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!


Монголбанкны Мөнгөний бодлогын хороо инфляцын хүлээлт нэмэгдэж, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн дам нөлөө өргөжих эрсдэл үүсэж болзошгүй байгааг харгалзан мөнгөний бодлогын төлөвийг чангаруулах шийдвэр гаргалаа. Тодруулбал, Мөнгөний бодлогын хороо 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдөр мөнгөний бодлогын асуудлаар ээлжит бусаар хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа.


Бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэх,

Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 0.5 нэгж хувиар өсгөж, 14.5 хувьд хүргэх шийдвэрийг тус тус гаргалаа.

Энэхүү шийдвэр нь инфляцыг зорилтот түвшинд буцаан тогтворжуулах, инфляцын хүлээлтийг удирдах, үнийн өсөлтийн хоёрдогч нөлөөг хязгаарлах зорилготой. Шийдвэр гаргахдаа гадаад, дотоод эдийн засгийн өнөөгийн нөхцөл, инфляцын эрсдэлийн төлөв болон бодлогын хариу арга хэмжээний шаардлагыг нухацтай үнэллээ.


Олон улсын орчинд геополитикийн хурцадмал байдал, эрчим хүчний үнийн хэлбэлзэл нь гадаад инфляцын дарамтыг нэмэгдүүлж байна. Үүний эсрэг олон төв банкууд бодлогын хүүгээ цаашид өсгөх хүлээлттэй байна.


Дотоодод шатахууны үнэ болон нийлүүлэлтийн доголдол нь шууд үнийн өсөлтөөс гадна тээвэр, үйлчилгээ, бусад барааны өртгөөр дамжин суурь инфляцад нөлөөлөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.


Дотоод орчинд нийлүүлэлтийн шокоос шалтгаалсан инфляц сүүлийн 5 сарын турш нэмэгдэж, 2026 оны 7 дугаар сард улсын хэмжээнд 13 хувьд хүрлээ.


Нийт инфляцын 6.5 нэгж хувийг дотоодын хүнсний үнэ, 1.2 нэгж хувийг шатахууны үнэ, 0.8 нэгж хувийг төрийн зохицуулалттай бүтээгдэхүүний үнийн өсөлт тус тус бүрдүүлж байна.


Суурь инфляц 2026 оны 7 дугаар сард өмнөх сараас 0.8 нэгж хувиар нэмэгдэж, 6.9 хувьд хүрсэн нь нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт зөвхөн тодорхой барааны үнээр хязгаарлагдахгүй, үйлчилгээ болон бусад барааны өртөгт дамжин нөлөөлж эхэлж болзошгүйг харуулж байна. Ийм дам нөлөө өргөжвөл инфляцын хүлээлт тогтворгүйжиж, үнийн өсөлт илүү удаан хадгалагдах эрсдэлтэй тул бодлогын урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байна.


Махны үнийн хувьд Үндэсний их баяр наадмын дараа нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор буурч эхлээд байна. Энэ сараас мах болон хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэх, хүнсний инфляц буурч, тогтворжих хүлээлттэй байна.


Дотоодын шатахууны үнэ 2026 оны 7 дугаар сард нэмэгдэж, АИ-92 автобензин 250 төгрөгөөр, АИ-92 Евро автобензин 200 орчим төгрөгөөр, АИ-95 автобензин 63 төгрөгөөр тус тус өссөн. Цаашид Ойрх Дорнодод үүссэн геополитикийн зөрчилдөөн 2026 оны сүүлээс аажмаар намжиж, газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнэ алгуур буурсаар 2028 онд зөрчилдөөнөөс өмнөх түвшиндээ ойртоно гэсэн хүлээлттэй байна.


Бидний тооцооллоор нэмэлт нийлүүлэлтийн шок үүсэхгүй тохиолдолд инфляц алгуур буурч, ирэх онд зорилтот хүрээнд орж тогтворжих төсөөлөл хэвээр байна.


Гэхдээ өмнө дурдсанаар геополитикийн тодорхой бус байдлаас шалтгаалан шатахууны нийлүүлэлтийн хязгаарлалт удаан үргэлжлэх, гадаад үнэ эрчтэй өсөх тохиолдолд инфляц төсөөлснөөс эрчимжих эрсдэлтэй.


Эдийн засгийн өсөлт 2026 оны эхний 5 сард 7.3 хувьтай гарлаа. Уул уурхайн салбар болон түүнийг дагасан тээврийн салбарын идэвхжил өндөр байгаа нь эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэж байна. Харин уул уурхайгаас хамаарал багатай салбаруудын өсөлт харьцангуй нам түвшинд хадгалагдаж байна.


Экспортын орлого нэмэгдсэнээр төлбөрийн тэнцэл оны эхний хагаст 567 сая ам.долларын ашигтай гарч, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд 7.9 тэрбум ам.долларт хүрч, хүрэлцээт байдал сайжраад байна. Тодруулбал, экспортын орлого оны эхний хагаст жилийн 58 хувиар өссөн бөгөөд нүүрсний экспорт 51 хувиар, зэсийн баяжмалын экспорт 97 хувиар нэмэгдээд байна. Харин энэ оны эхний улиралд агшсан импорт II улиралд эргэн эрчимжлээ. Үүнд нефтийн бүтээгдэхүүний төлбөр, уул уурхайн машин механизм болон хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн.


Цаашид геополитикийн нөхцөл, түүхий эдийн үнэ, гадаад эрэлт, төсвийн бодлого болон дотоод бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилт хэрхэн өөрчлөгдөхөөс эдийн засгийн төлөв ихээхэн хамаарахаар байна.


Иргэдийн инфляцын хүлээлт 6 дугаар сард явуулсан түүвэр судалгаагаар инфляцын гүйцэтгэлтэй уялдан нэмэгдсэн байна. Энэ нь үнийн өсөлт тодорхой бараа, үйлчилгээний хүрээнээс давж, ирэх 12 сарын инфляцыг зорилтоос өндөр байна гэсэн болгоомжлол иргэдийн дунд нэмэгдэж байгааг харуулж байна.


Инфляцын хүлээлт ийнхүү өсөх нь аж ахуйн нэгж, өрхийн үнэ, цалин, хэрэглээний шийдвэрт нөлөөлж, нийлүүлэлтийн гаралтай анхны шокыг илүү өргөн хүрээтэй, удаан үргэлжлэх инфляц болгон хувиргах эрсдэлтэй. Иймээс мөнгөний бодлогын хариу арга хэмжээ нь зөвхөн одоогийн инфляцыг бууруулах бус, инфляцын хүлээлтийг зорилтот түвшинд тогтворжуулахад чиглэж байгаа юм.


Ийм нөхцөлд Мөнгөний бодлогын хороо нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлт өргөн хүрээний инфляц болж даамжрах, инфляцын хүлээлт тогтворгүйжих эрсдэлээс сэргийлэхийн тулд бодлогын төлөвийг чангаруулах шийдвэр гаргасан болно.


Монголбанк инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах бодлогын зорилтоо тууштай хэрэгжүүлнэ. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл болон үнийн өсөлтийн дам нөлөөг анхааралтай үнэлж, шаардлагатай тохиолдолд бодлогын дараагийн арга хэмжээг цаг тухайд нь авах болно.


Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа!


 


2026-08-12