- МАХН-ын Төв Хорооны 1954 оны дүгнэлт
- “БНМАУ дахь анги ба ангийн тэмцлийн тухай” сэдэв
- Ю.Цэдэбалаас М.А.Сусловт бичсэн захидал
- МАХН-ын Төв Хорооноос ЗХУКН-ын Төв Хороонд ирүүлсэн хаалттай баримт бичиг
- Энэ бүгдийг Зөвлөлтийн (ОХУ-ын) архиваас ил болгожээ
- Энэ бүхнийг товчлон буулгахдаа өөрийн тайлбараа энд тэнд нь хавчууллаа
Ингэхэд 1954 оны МАХН-ын Төв Хорооны тэрхүү дүгнэлтийг албан ёсоор хүчингүй болгосон уу? Үгүй л болов уу гэж би таагаад байна. “БНМАУ дахь анги ба ангийн тэмцлийн тухай” сэдэв бол “МАХН-ын Түүх” номын угтвар төсөл байсан ба түүнийгээ Москвад хянуулж дүгнүүлэхээр (зөвлөлгөө авахаар) илгээж байжээ. Зөвлөгөө авах нь бүү хэл зөвлөлдөх санал тавьсны хариуд ЗХУКН-ын Төв Хороонд МАХН-ын Төв Хорооны гишүүн Д.Төмөр-Очирыг урьж хариуг нь бичгээр ба амаар өгчээ. Уг сэдэв нь оросоороо 138 хуудас томхон түүхийн өгүүлэл юм.
Ингэхэд пролетарийн диктатур гэж нэг ойлголт байсныг манай залуу хойч үеийнхэн гадарлахгүй. Миний өвөг дээдэс биеэрээ амссан. Бидний үеийнхэн айхтар амсаад мэдрээд байсан нь үгүй. Гэхдээ тэр онол нь 1990 он хүртэл амь бөхтэй байсан даа.
Тэртээх 1954 онд МАХН-ын Төв Хорооноос намын гишүүд ба иргэдээ гэгээрүүлэх үүднээс түүхийг нь бичиж өгч ухуулна хэмээн Зөвлөлтийн коммунист намын нөхдөд хандаж туслалцаа хүсчээ. 1954 оны БНМАУ-д нийгмийн ямар ямар анги давхарга байна вэ гэдэгтээ ах нараасаа тайлбар авах гэжээ. Манайхны дүгнэлт ноцтой. Тэр 138 хуудас дотор 1954 оны байдлаар Монгол нь дотроо ард иргэний дайны босгон дээр байгаа мэт уур амьсгалыг тусгажээ. “Ангийн дайсан” хэмээн бүлэг бүлгээр нь заримыг нэр устай нь түүхчлэн бичжээ.
БНМАУ-ын ангийн бүтэц: ажилчин анги, хөдөлмөрчин ард, феодал ба хөрөнгөлөг этгээдийн үлдэгдэл гэжээ. Ангийн дайсан 1954 онд социалист Монголд байсан болж таарлаа. Тэдний чармайлт нь ардын ардчилсан байгууллын эдийн засгийн үндэс-социалист өмчийг сүйтгэх, улс төрийн үндэс-ажилчин, малчны холбоог эвдэхэд чиглэж байна гэжээ.
1940 оноос БНМАУ нь хөгжлийнхөө социалист шатанд орсон, тиймээс тэр мөчөөс БНМАУ-д пролетарийн диктатур хэрэгжиж эхэлсэн, гэтэл 14 жилийн дараа феодал ба хөрөнгөлөг этгээдийн үлдэгдэл сөнөөгүй үлдчихсэн байдаг, сонин л дүгнэлт байна. Капиталист хүрээллээс аюул учирна гэдгийг 1954 онд ноцтой авч үзжээ.
БНМАУ нь Зөвлөлт Холбоот Улс ба БНХАУ-тай хил залгаа бөгөөд харин нэг ч капиталист улстай хиллэдэггүй. Гэхдээ капиталист хүрээлэл БНМАУ-д байхгүй гэсэн үг биш юм, манай намын олон гишүүд идэвхтнүүд өнөө үед ангийн тэмцэл капиталист хүрээлэлтэй нягт холбоотойг нэлэнхүйдээ мартаж, амарлингуй, өөрийгөө тайвшруулах байдалд орж буй нь улс төрийн ноцтой алдаа, капиталист хүрээлэл оршин буй цагт империалистүүд өөрийн тагнуул, туршуул, хорлон сүйтгэгчдийг манай улс орнуудад хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаар илгээсээр байх болно гэдгийг санах хэрэгтэй. Үүний хамт Монгол улс нь Зөвлөлт Холбоот Улс ба БНХАУ-тай хиллэж байгаа нөхцөлд уг асуудлаар үл ойлголцол, будлиан үүсэхээс зайлсхийхийн тулд капиталист хүрээлэл гэдэг нь газар зүйн ойлголт биш гэдгийг намын гишүүдэд сурталчлан таниулах хэрэгтэй гэж тэр сэдэвт анхааруулжээ.
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал ба түүний дараахи Орос, Хятадын хуйвалдааны тухай хэсэгт “Монголд нэвтэрсэн империалистүүд” гэсэн ноцтой сүржин үгс олон байна. Монгол нь гурван дайсны талхин дор:–Харийн империализм, гадаадын худалдаачид ба мөнгө хүүлэгчид, дотоодын феодалуудын эрхшээл дор тэсвэр тэвчээрээ барж байв гэжээ. Сүм хийдийн мөлжигч дээд давхарга-шар феодалууд гээд бас нэг дайсан нэмжээ.
Дэлхийн хувьсгалт хөдөлгөөний төв Орост шилжиж 1905 оны анхдугаар хувьсгал хийсний шууд нөлөөгөөр эхлээд 1911 онд Хятадад хувьсгал дэгдсэн нь Монгол дахь үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд хүчтэй түлхэц үзүүлж манай хувьсгал ялжээ гэж дүгнэжээ.
Нэгэнтээ тэр үеийн Хаант Орос нь Монголын дайсан гэж үздэг коммунист өнцгөөс бол зөв дүгнэлт хийсэн гэмээр ийм мөр байна. Гэхдээ хар шар феодалыг үзэн ядах өнцгөө орхиогүйгээр. “Гэвч Монгол орон тусгаар тогтнолоо олж чадаагүй юм. Манжийг эсэргүүцсэн ард олны тэмцлийг толгойлсон ноёд лам нар Хаант Оросын ивээл, тусламжтайгаар автономит Гадаад Монголыг тунхагласнаар үнэн хэрэгтээ Хаант Засгийн хараат (протекторат), Хятадын нэр төдий захирах эрхийн (сюзеренитет) дор оржээ” гэжээ. Богд гэгээн тэргүүтэй монголын феодалуудын дээд хэсэг ард түмнээ мөлжсөн, Октябрийн хувьсгалыг хорсон үзэн ядсан гэсэн санаа нэвт бичигджээ.
Тэгж тэгж Японы империализмын төлөөлөгчид–эхлээд Сүй Шужан, дараа нь Барон Унгерний дээрэмчид зэвсгийн хүчээр Монгол орныг эзлэн авснаар 1921 оны ардын хувьсгалын тохироо бүрдэв гэжээ. Ингээд Ардын хувьсгалын үйл явцыг нэгд нэгэнгүй бичжээ.
Бидний мэдэх, олонтаа заалгасан тэр сэдэв байх нь байна. Ангийн тэмцлийн онолоороо түүхчилсэн байдлаар Тангарагийн гэрээгээр Богдын эрх мэдлийг хязгаарласан гэж явснаа 1921 оны 10 дугаар сард Саж лам тэргүүтэй түвд худалдаачид, лам нараас Унгерний балмад явдалд оролцогсдын дэмжлэгээр зохион байгуулсан Ардын Засгийн эсрэг хуйвалдаан, тэдний зэвсгийг хадгалсан Богд хааны ордон гээд анхны эсэргүү хөдөлгөөнийг илчлэн бичсэний дараа залгуулаад “Ардын Засгийн эсрэг бас нэгэн томоохон хуйвалдаан 1922 оны 8 дугаар сард илэрсэн нь Ардын Засгийн газрын Ерөнхий сайд асан, америк, японы тагнуулын төлөөлөгч, Хаант Засгийн үзэлтэн Бодоогийн толгойлсон хуйвалдаан байв. Энэ хуйвалдаанд Хаалган хот дахь америкийн консул Сокобин холбогдсоныг тэмдэглэх хэрэгтэй” гэжээ. Бүр америк, японы хоёулангийнх нь хослосон тагнуулч Бодоо болж хувирлаа.
Цаашаа бичжээ. Хуйвалдагчдын улс төрийн шугам нь Монголд феодал-шашны байгууллыг сэргээх, улс орноо империалистүүдэд колонийн дарлалын үнэ цэнээр захируулах, Зөвлөлт Оростой найрамдал холбоотой байхаас татгалзахад оршиж байв. Бодоо Засгийн газар, МАХН-ын Төв Хороонд өндөр алба, байр суурьтай байсан нь түүний ард зогссон дотоод гадаадын харгисуудад ихээхэн найдвар төрүүлжээ. МАХН, Ардын хувьсгалт Засгийн газар өөрсдийг нь талархагч ард олны хүчинд тулгуурлан хуйвалдааныг илрүүлэн устгаж, санаачлагчдыг хатуу ширүүнээр цээрлүүлжээ гэжээ. Оросын архивт байгааг буулгалаа. Ганц нэг тайлбар дагалдууллаа.
Үргэлжлэл бий
Д.Баярхүү
Лхагва - 08 сарын 26,
2026
Сэтгэгдэл4
МАХН намын сандал суудалын дотоод хэрүүл шүү дээ бодоо гэдэг энэ гар хэт барууны либерал үзэлтэй нөхөр байж тэгээд нөгөөдүүл урвагч гэж цоллоод алчиж ойлгож ядаад цөхөөд түм буман юм бичээд байх шаарлдлагагүй. Одоогоор бол бараг х.нямбаатар ухааны юмуу даа тухайн үед нямбаатар байсан бол буудуулаад үхчихсэн гуншин хятадын урвагч байж гэх байсан. Одооч гэсэн бодоо шиг алчмаар хүмүүс байгаа биз дээ ялгаагүй адилхан байсан. Албан тушаалын төлөө тэмцэл өөр юуч биш.
Бичсэн зүйлээс юу ч ойлгохгүй хүмүүс том том дүгнэлт хийжэээ монголчуудын нилээд хувь нь иймэрхүү сэтгэцтэй болсым бна даа
Бичсэн зүйлээс юу ч ойлгохгүй хүмүүс том том дүгнэлт хийжэээ монголчуудын нилээд хувь нь иймэрхүү сэтгэцтэй болсым бна даа
Иймэрхүү хуурамч жинхэнэ урвагчдын түүх аль ч улсад байдаг шүү дээ жишээ нь алтан ордны үед монголыг дагасан Оросууд албан тушаал ахихад тустай байдаг барууны болон тусгаар тогтнолын төлөө байдаг ноёдуудаа монголчуудад матдаг тэгээд тушаал ахихдаг байсан шүү бас Солонгосчууд тусгаар санаатай ноёдуудаа монголчуудад матаж албан тушаал эд хөрөнгөтэй болсон олон жишээ бий манайхан ч одоо тэр жишгээр яваа олон жишээ бий эрдэнэ бидон хоёр женког Оросын бууны нохой гээд л Америкийн элчин сайдын яаманд очоод матаад явж байсан шүү дээ дотроо асуудлаа шийдэж чадахгүй новшнууд олон байна аа