КАБУЛ, 2026 оны наймдугаар сарын 26 /Kazinform/. Цагдаагийн газрын тухай саяхан батлагдсан хуулийн дагуу “Талибан” хөдөлгөөний эрх баригчид Афганистаны нутагт дэвсгэрт ямарваа жагсаал цуглаан хийхийг албан ёсоор хоригложээ. Энэ тухай KabulNow цахим сонинд бичсэнийг эш татан Kazinform агентлаг мэдээллээ.
Бүх төрлийн жагсаал цуглааныг хориглосон хууль батлагдсанаар тайван замаар эсэргүүцлээ илэрхийлэх эрхзүйн үндэс үгүй болж, Талибаны тогтоосон дүрэм журамд нийцээгүй гэж үзсэн жагсаал цуглааныг тараах өргөн эрх мэдлийг аюулаас хамгаалах байгууллагуудад олгож байна. Тодруулбал, 53 зүйл заалт бүхий хууль нь цагдаагийн газар болох “шурта”-гийн эрх мэдэл нэмэгджээ. Тухайлбал, үймээн самуун дэгдэх эсвэл зэвсэг хэрэглэсэн гэмт хэрэг гарах үед буу хэрэглэхийг цагдаа нарт зөвшөөрсөн байна.
Үүний сацуу сэжигтнүүдийг дуудан авчрах, баривчлах, хорихтой холбоотой дүрэм журмыг энэхүү хуулиар шинэчлэн зохицуулжээ. Нэмэлт өөрчлөлтийн дагуу “шурта”-гийн ажилтнууд сэжигтнийг 10 хүртэлх хугацаагаар саатуулан хорьж болох ба үүнээс илүү олон хоногоор хорих бол шүүхээс зөвшөөрөл авах ёстой.
Мөн цагдаагийн ажилтнууд хоригдож буй хүмүүсийг зодох, цохиур модоор цохих, ташуураар ороолгох, тамлан яргалахыг хоригложээ. Сүүлийн таван жилийн хугацаанд талибанчууд хоригдож буй хүмүүсийг эрүүдэн тамлаж, тэдэнтэй харгис хэрцгий хандаж байгааг хүний эрхийг хамгаалах байгууллагууд мэдээлсээр байгаа юм.
Өмнө нь мэдээлснээр, ухаалаг гар утас хэрэглэхийг Афганистаны төрийн албан хаагчдад хоригложээ.
Б.Адъяахүү
Лхагва - 08 сарын 26,
2026
Сэтгэгдэл0