sonin.mn

Н.Нямдорж: Хэзээ ч битгий харамсаарай. Хэлэх гэсэн үг ердөө л энэ...

ГАНБААТАРЫН НЯМДОРЖ (1973-2026)


Бидний эрхэм анд Ганбаатарын Нямдорж 2026 оны наймдугаар сарын 29-ний өдөр өвчний улмаас гэнэт таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, ах дүүс, анд нөхөд, түүнийг таньж, хайрлаж, хүндэлж явсан хүн бүхэнд хүнд гарз тохиолоо. Г.Нямдорж нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981-1989 онд Ерөнхий боловсролын 24-р дунд сургуульд 8-р ангийн суурь боловсрол эзэмшсэн ба 1990 онд Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний 167-р ангид цэргийн алба хаасан юм.


Тэрбээр бага наснаасаа чөлөөт бөхөөр хичээллэн, Өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлсэн, Монгол Улсын чөлөөт бөхийн Спортын мастер тамирчин байлаа.


Түүний хүүхэд нас спорттой хамт байсныг үе тэнгийн алдар цуутай тамирчид, дасгалжуулагчид гэрчлэх билээ.

Г.Нямдоржийн залуу нас анд болсон эрчүүдийн нөхөрлөл, амьдралын хатуу ширүүнтэй нүүр тулсан он жилүүдтэй хамт байсан. Түүнийг мэддэг, хамт өсөж, хамт нөхөрлөж явсан анд нөхөд нь өнөөдөр “Спортын замналаа тууштай үргэлжлүүлсэн бол тамирчнаар бол тивийн аварга, бөхөд бол найраагүй начин, боловсрол нэмж эзэмшсэн бол компани удирдах хэмжээний бизнесмэн болох байлаа” хэмээн дурсаж сууна. Энэ үгс түүний амьдралд байсан боломж, авьяас, зан чанарыг мэдэх хүмүүсийн чин сэтгэлийн дурсамж, анд нөхдийнх нь үнэн сэтгэлийн үнэлгээ юм. Хүн болгонд хүссэн бүхэн тэгш дүүрэн заяадаггүйн тавилангаар залуу насандаа алдаж, эндэж явсан цаг хугацаа түүнд маань бий.


Анд минь ард олны нүдэнд ил алдаж, ил амьдрахдаа Мунзуй хэмээх нэр түшиж, энэ нэрийг дагасан сайн, муу яриа, алдаа оноо, маргаан тэмцэл, хатуу ширүүн цаг хугацаа амьдралынх нь нэг хэсэг болон үлджээ.


Энэ нэрний цаана түүний омог бардам зан, шулуун шударга төрх, эр хүний зангараг, амьдралын хатуу ширүүнтэй нүүр тулж явсан он жилүүд нь ч хамт оршиж ирсэн нь үнэн. Тэглээ гээд бидний анд олонд танигдаж, оноо, алдаан дундуур туучиж явахдаа ядарсныг дээрэлхэж, задарсанд дулдуйдаж явсангүй ээ. Тэр шударга бус гэж үзсэн зүйлтэйгээ эвлэрч чаддаггүй нэгэн байв. Хуучны шилийн сайн эрс гэдэг шиг өнөө цагийн нийгэм, зах зээлийн золиос болж, хууль зөрчсөн гадны компаниудын үйл ажиллагаанаас хохирч, дээрэлхүүлсэн монгол иргэдийнхээ хөрөнгийг салгаж өгөх гэж яваад хэрэгт орж, тэр замдаа алдаа зэм үүрсэн түүх ч түүнд бий. Гэсэн хэдий ч Мунзуй тэр бүхнийг хэзээ ч өөрөөсөө салгаж, бусдад тохож явсангүй. Өнгөрсөн, үүрч дүүрсэн амьдралаа нууж ч байсангүй. Алдаагаа бусдын мөрөн дээр хэзээ ч тавьж байсангүй ээ. Өөрийн туулсан амьдралаа өөрөө дүүрч ирсэн аавын хүү, сайн эрсийн нэг байлаа. Тэр бол өөрийн цаг үедээ өөрийнхөөрөө амьдарсан эр хүн байлаа.


Эх орон, газар шороо, ард түмнээ гэсэн сэтгэлээ өөртөө бүтээж, түүндээ үнэнч явсан эгэл жирийн иргэн байлаа.


Мунзуй маань эрчүүдийн нөхөрлөлийг чандлан эрхэмлэж, нөхдийнхөө төлөө бат зогсдог, өмгөөлж нөлөөлдөг, амиараа, алдар нэрээрээ хана хэрэм мэт нөмөрлөдөг ховор зан чанартай, дүүрэн зүрхтэй эр хүн байлаа. Нэгэнт анд болсон бол Мунзуй нөхрөө орхиж байсангүй. Зөв гэж бодсон хүнийхээ төлөө дуугарч чаддаг, буруу гэж үзсэн хэнээс ч зам салж чаддаг шулуухан зан түүнд байлаа. Заримдаа үг нь хатуу. Заримдаа зан нь омогтой. Гэхдээ ард нь худал байдаггүй. Түүний хувьд нөхөрлөл гэдэг хамт инээж, хамт суухын нэр биш. Хүнд үед нь хамт зогсох хүн чанар байлаа. Өөрөө хохирох байсан ч дотны хүнээ орхихгүй байхыг эр хүний мөн чанар гэж үздэг байлаа. Зөөлөн сэтгэлтэй, хатуу үгтэй анд минь тийм л хүн байлаа. Бидний анд 2021 онд зүрхний стент буюу титэм судсан дотуурх эмчилгээ хийлгэж эхэлсэн юм. Өнгөрсөн жил зүрхэндээ дахин нэг удаа хагалгаа хийлгэсэн ч өнөөдрийн энэ өдрийг хүрээд, орчлонг өөрийнхөөрөө, билэг танхай, омог бардам туулсан түүний минь зүрх зогслоо. Гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгал дунд, бага хүүгээ мэндлэхийг хүлээн, тэгширч явсан жаргалтай амьдралынхаа голомт дотор найз минь сүүлчийн амьсгалаа татлаа. Алдаж, эндэж явсан ч энэ орчлонд өөрийн гэсэн тодхон ул мөрийг үлдээн, өөрийнхөө гудиггүй зангаар, өөрийнхөө зоргоор, өрөөлд өчүүхэн ч саадгүйгээр дээд тэнгэрт дэвшин одлоо.


Андын маань хэлэх дуртай “Хэзээ ч битгий харамсаарай” гэсэн үг өнөөдөр бидэнд түүнийг насан туршдаа дурсах хүч болон үлдэж байна. Амьдралыг өөрийнхөөрөө туулсан хүн л ийм үгийг зүрхнээсээ хэлж чаддаг байх. Харамсахгүйгээр амьдар. Итгэсэн зүйлээ хамгаал. Хайрласан хүнтэйгээ хамт бай. Өөрийнхөөрөө бай…


Хүн явдаг. Мөр үлддэг. Тийм ч болохоор хэдэн бор найз нар нь өнөөдөр андыгаа алдсан хүний хувиар нь биш, амьдралд мөрөө үлдээсэн эр хүн хэмээн чин сэтгэлээс хүндэтгэн үдэж байна. Сайхан анд нөхрийн минь амьдралын мөр, нөхөрлөлийн хүч, хэлсэн үг, төрүүлсэн ээж, төрөл садан, түшсэн хүмүүс, хамгаалсан нөхөд, ханилсан бүсгүй, заяасан дөрвөн сайхан хүү нь бидний зүрх сэтгэлд Мунзуй хэмээх гудиггүй эрийн гуниггүй дүр төрхийг үүрд дурсан сануулж, андыгаа хүндлэх хүндлэл мөнхөд хадгалагдах нь дамжиггүй ээ. Анд чамайгаа хайрлаж чаддаг зүрхээр нь, нөхөрлөж чаддаг сэтгэлээр нь, хамгаалж чаддаг эр зоригоор нь, өөрийнхөөрөө амьдарч чадсан зангарагаар нь дурсан санах болно. Эрхэм андынхаа гэр бүл, төрөл төрөгсөд, хань, үр хүүхэд, түүний амьдралын мөн чанарыг хүндэтгэн, нөхөрлөж ирсэн бүхий л хүнд гүн эмгэнэл илэрхийлье. Хэзээ ч харамсаагүй туулсан энэ амьдралдаа, гэр бүлдээ эргэн төрөөрэй, найз минь



АНДУУДААС НЬ