sonin.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 8 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 476 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 297 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 179 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Стандарт, хэмжил зүйн газар, Хэнтий аймгийн музей, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Эрчим хүчний зохицуулах хороо, Геологийн судалгаа шинжилгээний төв, Дундговь аймгийн Луус сумын Мал эмнэлгийн тасаг, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс, СУИС зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар хариу мэдэгдэв.


Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 98 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 19 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг өөрийн охинд эзэмшүүлэх шийдвэр гаргуулсан, хууль бус баримтад үндэслэн тусгай зөвшөөрөл олгож бусдад давуу байдал бий болгосон, ой тэмдэглэн өнгөрүүлэхээр цуглуулсан хандивын хөрөнгийг хяналтгүйгээр зарцуулсан зэрэг гомдол, мэдээллийг хянан шалгаж, хуульд заасан хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүллээ.


Төлөвлөгөөт хяналтаар 10 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.