Уг нь өгүүлэмжийн сэдвийг бодитоор «Түргэн тусламжийн тус» эсвэл «Хээрийн хагалгаа» гэсэн ч болох байв. Гэвч сэдвээс илүү үйл явдал нь онцгой байлаа. Хэрэв уг үйл явдал нь эдүүгээ тохиолдсон сан бол... тэр дор нь цахимаар улс, дэлхий даяар цацагдан олон зуун мянган хүний хүртээл болж, эмч нарын хувьд нэр төртэй мэдээлэл дамжуулсан блогер нар ч нэг жаргах байсан биз. За, тийм хэмжээгээр дэвэргэчихээр юу юм бэ, гэж эрхэм уншигч бодож байгаа болохоор тохиолдсон бүхнийг өчүүхэн ч зүйлийг орхилгүй өгүүлье.
Миний бие хүний эмч байсан тэртээ нэгэн жилүүдэд биеэрээ туулж, гараараа барьж, нүдээрээ харж санаандаа үлдээсэн зөндөө олон зүйл байж билээ. Харин, тэднээс хамгийн мартагдашгүйг өгүүлэх гэж байна.
Үд дөнгөж хэвийх алдад сумын төвийн эмнэлэгийн эргүүлдэг хар утсаар Ёлт хэмээх бригадаас «Олон хүүхэд төрүүлсэн, дөч гаруй настай, төрөхөд хугацаа хараахан болоогүй жирэмсэн эх цус алдаж байна» гэсэн дуудлага ирлээ. Түргэн тусламжийн машин эмнэлгийн хашаан дотор үргэлж бэлэн зогсож байх ёс байв. Би түргэний жолооч
Булагд: «Хамгийн дээд хурдаар Ёлт руу түргэлье!» гэв. Жилийн бусад улиралд машины дугуйд тээр болдог энхэл донхол чулуурхаг зам өвлийн цагт цас дарж нягтарснаас «цасан засмал зам» болон хувирдаг нь бидэнд тус боллоо. Замын баруун талаар хөх мөс болж хөлдсөн Булган голыг хөвөөлөн эгнэсэн хөгшин хар модод нүдний булангааар цувран жирэлзэж хоцорч байв. Түргэний тэрэг маань хэвгий газраар хажуулдах шахаж зүтгэнэ. Онхол донхол газраар үсэрч байгаа гэмээр хурдлах үед онхолдохын наана цаана болж арай осолдолгүй явсаар дуудлага өгсөн бригадын бараа харагдав. Бригадын хойт талдаа оршдог хаяа энгэр нь өргөн элсээр хучигдсан эгц хадтай улаан уул, өмнө талдаа жижиг толгод шиг эртний түрэгийн овоо ихтэй бөглүү нутагт бид хүрч ирлээ.
Эгнүүлэн барьсан модон байшингуудын урдуур зүүн тийшээ урсдаг Ёлт голын мөсөн дээгүүр машины дугуй гулсах шахуу л өнгөрөв. Би цагаа хартал 30 минутын дотор 30 километр зам туулсан нь бидний хувьд хамгийн дээд амжилт байлаа. Бригадын эмнэлэг гэх авсаархан өрөөнүүдтэй байшинд орж ирлээ. Түүний нэгэн тасагт нь хэвтсэн жирэмсэн эмэгтэй намайг хармагцаа цонхийсон нүүр царайдаа улаахан гэгээ тодров.
Улмаар аврагчаа угтсан мэт нулимстай нүдэнд нь баяр баясгалан нэмэгдэв. Тус тасгийн сувилагч нь эмэгтэйд шингэн залгажээ. Даруй гадуур хувцасаа тайлж, халаатаа өмсөөд үзлэг хийхэд жирэмсэн эмэгтэйн хүнд байдлыг мэдлээ. Үнэндээ миний тавьсан онош маань намайг мухардалд оруулах шиг болов. «Ихэс умайн амсарт маш ойрхон байрлалтай учир дунших үед ихэсийн хэсэг ховхорч умайн цус алдалт эхэлсэн. Бие дэхь цусны хэмжээ буурах гиповолемийн эрсдэлтэй. Умайд орших нярай нь гипокси-хүчилтөрөгчийн дутагдалд орох аюул тулгарсан. Мөн, жирэмсэн эх өмнө нь олон удаагийн төрөлттэй байсан учир биеийн ерөнхий байдал онц биш». Тоо томшгүй олон бодол толгойд минь цахилгаан цахих мэт эргэлдэнэ. Ийм түгшүүртэй үед мөч бүр нь амьсгал агаараас дутуугүй үнэтэй байлаа. Алдсан хором бүр жирэмсэн эхийг үхэл рүү ойртуулана. Хэрэв сумын төвийн эмнэлэгт байсан бол тэгтлээ сандрахгүй л байх байсан. Тэнд яаралтай кесар хагалгааны тусгай мэс заслын өрөөтэй, бүх багаж хэрэгсэл бэлэн, тэнд би хичнээн удаа амжилттай мэс засал хийж туршилгажсан билээ. Одоо бол яах ч аргагүй тэндээс бид гучин километрийн зайтай хол байна.
Ер нь манай улсаас мөрддөг эрүүл мэндийн журмын дагуу бол алс хөдөө суудаг жирэмсэн мальчин эхчүүдийг төрөхөөс хоёр долоо хоногийн өмнө төв газарт тусгай амрах байранд авчирдаг байлаа. Харамсалтай нь энэ эмэгтэйн тус хугацаа нь болоогүй байхад ийм хүнд байдалд тулгарсан байна.
Арав дахь жилдээ эмчээр ажиллахдаа олон хэцүү нөхцөл бүрийг даваад гарсан туршилга цөөнгүй билээ. Харин энэ удаа «араас түймрийн гал хөөж, урдаас гүн хар ангал тоссон» гэмээр энэ бол надад учирсан хамгийн хэцүү мөч аж. Хот суурин газруудад бол ийм тохиолдолд эмч нар шуурхай зөвлөлдөөд эмнэлгийн хэрэгсэл багаж сайтайгаар яаралтай тусламжийг хамтран үзүүлэх боломжтой учир эрсдэл бага, амжилт өндөр байдаг юм. Түүнтэй харьцуулбал би өөрөө бүгдийг орлон хүний амь аврах хамгийн хүнд үүрэг хариуцлагыг ганцаараа үүрч байгаа даа. Зөвлөлгөө авах хэн ч байхгүй, аймгийн нарийн мэргэжлийн эмч нартай холбоо барих ямар ч боломжгүй «ёстой амь наана, там нь цаана» гэх байдалд орлоо. Миний нүдний өмнө бяцхан хүүхдүүд нь уулын мухарт гэртээ хоцорсон өрөвдөлтэй мальчин эх над руу аврал эрсэн нүдээрээ харж байлаа. Гадаа тэр эмэгтэйн дотно хүмүүс бүгд цугларчээ, тэдний айдастай царайг хараад зүрх шимширч, ийм олон хүний надад гэсэн итгэл найдвар сэтгэлийг минь улам чангаав. Ажлын хариуцлага болон хувийн хүн чанар гэх хоёр гялалзсан сэлмийг зэрэг атгаж, энэхүү мухардлаас яаж гарах арга замаа заавал олохыг чармайн зогсоно. Хэдийгээр миний толгойд яаралтай эх барихын онол байгаа ч амьдралын практикт ийм тохиолдол бүр ховор шүү дээ. Гэвч ямар ч гэсэн хурдан бөгөөд зөв шийдвэр гаргах нь зайлшгүй мөн өчүүхэн ч алдаагүй шуурхай, оновчтой арга хэмжээ авах шаардлагатай. Хэрэв би яаран шийдэж, жирэмсэн эмэгтэйг «түргэн тусламжийн» машины арын суудалд хэвтүүлж сумын төв рүү авч явбал машины хүчтэй донсолгоо, сэгсчээн дунд ихэс улам ховхорч цус алдалт улам ихэсч эхийг ч, гэрэлт хорвоод хараахан мэндлээгүй нярайг ч үхэл рүү түлхэнэ гэсэн үг. Ингэж хэрхэвч болохгүй! Энд байгаа эх барихын тасагт нь байгалийн жамаар яаралтай төрүүлэх арга хэмжээ авбал хамгийн хялбар байлаа. Гэсэн хэдий ч жирэмсэн эх цус их алдсанаас болж ингэж төрөхөд түүнд хүч чадал үлдээгүй байлаа. Мөн төрөх үед ч цус алдалт үргэлжлэх тул хэвлийд байгаа нярай нь амьд үлдэхгүй, төрөхөөс өмнө умайдаа бүтэж үхнэ. Одоо яах хэрэгтэй вэ!?
Зөвхөн дээр дурдагдсан арга хэмжээний дундаас яаралтай кесар хагалгаа хамгийн тохиромжтой бөгөөд оновчтой шийд болох байлаа. Цорын ганц зөв зам бол энд яаралтай мэс заслыг чадвартай хийх явдал юм. Гэвч энэхүү эзгүй хээрт мэс засалын туслахчгүй, мэдээ алдуулалтын эмчгүй байх нь мянган дайсны эсрэг ганцаараа зогсож байгаа өрөвдөлтэй эрийн байдлыг санагдуулах шиг.
Ийнхүү тухайн мөчид толгойд минь эргэлдэж буй хурц бодлууд нүдний минь өмнө үүлэн дундаас гарах нарны гэрэл шиг тодров. Цогтой шийдвэр гаргав. Би эрсдэл гэдгийг үгүйсгэж, бүхнийг ялахын төлөө зүрх сэтгэл болон бие цогцосоо бэлэн байдалд оруулав. Юуны өмнө түргэний жолооч Булагд офицертээ үүрэг өгч буй генерал шиг товчхон даалгавар өгөв. «Булаг аа, энэхүү жирэмсэн эмэгтэйн одоогийн амьдрал яг бид хоёрт тулгарч байна!» гэв. Энэ үгийг сонсоод жолооч маань ч нүд нь томорч «За даа, юунд ч бэлэн байгаа юм шүү!» гэсэн шиг над руу найдвар хүлээсэн харцаар анхааралтай ширтэв. «Алив, ирсэн замаараа сумын эмнэлэг рүү тас шувуу мэт дүүлэн нис! Зам зуур гараа өргөх хэнийг ч бүү анхаар! Шууд эмнэлгийн үүдэнд хүрч зогс. Үүдэнд Бямба сувилагч гартаа хагалгааны бикс багажуудыг барьчихсан хүлээж байх болно.
Хоорондоо илүү юм ярихгүй Бямба эгчийг бушуухан урд суудалдаа суулгаж, багажаа машинд тавилцаад тэнд хүлээж буй хүүхдийн их эмч Аманжолыг аваад наашаа давхи! Замдаа очсон эрчээрээ эргээд ниснэ шүү!» гэлээ. Булаг жолоочийн «За» гэх дуутай зэрэгцэн «УАЗ-69»-ийн дөрвөн дугуй цас шаржигнуулан эргэж, зүүн зүгийн сүүмийсэн хар уулын тэртээд бий сумын төв рүүгээ харвасан сум шиг одов.
Дараа нь бригадыг сумын төвтэй холбодог хар утасаар сумын эмнэлэг рүү залгаж мэс засалын сувилагч Бямбаад «Та, маш хурдан хагалгааны бүх багажыг мөн цагаан халаадуудыг ариутгаарай! Шингэний хоёр хоосон шилэн сав нэмээд ариутгаарай үүнийг эхийн өөрийн цусыг сэлбэхэд хэрэглэнэ. Аманжол эмчийг та хажуунаасаа бүү холдуул! Нярайг амьсгалуулах маскаа бүү мартаарай! Одоо бид Ёлт дээр кесар хагалгаа хийх гэж байна. Булаг жолооч очих хүртэл бэлэн болгох хэрэгтэй, түрэний машин ч гучин минутын дараа очно!» гэж зааварлаж мөн тэвдүүлэсэн юм. Ёс суртахуун, хариуцлагаараа бид бүгдэд үлгэр дуурайлал болдог сайхан аш зантай Бямба эгч маань утсаар хариулахдаа: «За эмчээ, бүх зүйл таны хэлснээр бэлэн болно!» гэв. Миний бие жаахан ч болов уужуурсан даа. Дараа нь эндхийн эмнэлгийн хэдэн ажилчдыг цэргийн дэглэмд оруулав. Тэднээр хагалгаа хийх өрөөг хлорт усаар угаалгаж, хоолны том ширээг ч мөн адил цэвэрлүүлэн, бүх цагаан даавууг хар ширмэн халуун индүүгээр ариутган бэлтгүүлэв. Гар угаах усыг хамгийн цэвэр паалантай түмпэнд хийж зууханд буцалгуулав. Жазира, Каухар нар уг ажлаа маш шалавхан хийж орхив. Эдгээр нямбай цэвэрлэгээний арга хэмжээ нь хагалгааны үеийн болон дараа үеийн антисептик ба асептик аргууд байв мөн шархны түргэн эдгэрэх ганц боломж гэсэн үг. Үүний дараа би бригадын эмнэлэгийн гадаа бөөгнөрч буй хүмүүст бас юм даалгах хэрэгтэй болов. Хөдөөд зөвхөн оройдоо хагас дутуу гэрэл түгээдэг хуучны дизель хөдөлгүүр байдаг сан. Гэтэл тэр нь хоёр өдрийн нэгэнд эвдэрч тог тасардаг нь эндэхийн дассан амьдрал ажээ. Би нөхцөл байдлыг тэдэнд тайлбарлаж, энд эрсдэлтэй хагалгаа хийх гэж байгаа тухай дуулгав. Жирэмсэн эх сумын төвд хүрэх боломжгүй, зөвхөн энд бүх зүйлийг ашиглан хагалгаа хийхээс өөр арга зам байхгүй, гэв. Намайг тойрон зогсож буй хөдөөгийн малчид маань салхинд борлосон ядрангуй царайтай, биедээ өмссөн том үслэг дээлтэй, хөлдөө эсгий гутал угласан, толгойдоо үнэгэн малгайтай цөм дуулгавартай эгэл хүмүүс билээ.
Миний үгийг сонсонгуут бүгд шуугилдан яриа хөрөө болон: «Абай эмч минь ээ, бурхан өршөөгтүн! Бид эхлээд бурхан тэнгэрт дараа нь өөрт чинь итгэж байгаа шүү! Рысханы маань амийг аврахад тус болвол нярайн төлөө санаа зовохгүй байна!» гэж уйлагнан захицгаана. Тэдний ийнхүү итгэлд гүнээ талархахын цацуу энэхүү байдлаас амжилттай гарахад тэдний тус ч хэрэгтэйг хэлж билээ. Тэд «Өө, эмч минь ээ, бид юу хэлсэн ч бэлэн!» гэж нэгэн дуугаар дэмжив. Цаг алдалгүй миний үүрэг болгосон ёсоор эндхийн айлуудаас Японы хоёр уamaha мотор олж, тогийн утас, чийдэнгийн хамт авчирч, хагалгааны өрөөг гэрэлтэй болгох нөхцөлийг зэхэв. Бас тасалгааны зууханд хангалттай хуурай түлээ, түлш авчирцгаав. Энэхүү бэлтгэл ажил бүхэн арав, арван таван минутаас хэтрэхгүй хугацаанд бүтлээ. Булаг маань эмч нарыг аваад энд ирэх үеэр бүх зүйл жин тан бэлэн болж байлаа. Хээрийн хагалгаа хийхээр нэгэнт шийдсэн болохоор би сэтгэл зүйн хувьд ч бэлэн болж, хагалгааны явц бүрийг сэтгэлдээ эгцлэн бодож зоригтой алхам хийхэд яг таг болсноо гүнээ мэдэрлээ.
Бидэнд дуудлага хүрснээс хойш мөч бүрийг тооцоолон хөдөлсөн байлаа. «Бид энд үдийн нэг цаг хагаст хүрч чадсан бөгөөд Булагыг эргээд хоёр цагаас өмнө явууллаа. Одоо гурван цаг гэхэд хагалгааны бэлтгэлд гучин минут шаардлагатай байх. Тэгтэл дөрвөн цаг орчимд хагалгаа эхэлбэл баримжаагаар таван цагт дуусах ёстой...» гэж дотроо тооцож байлаа.
Тэгээд Ёлтын өмнө зүгийн хянган дээрээ цөөхөн хар модон ойтой хар уулын хярыг ажиж харвал оройн сүүдэр ойртон иржээ. Арван хоёрдугаар сар дундаа орсон өвлийн богино нар яг л миний 1964-онд 1-р ангид орж байсан хуучин сургуулийнхаа намхан байшингийн дээгүүр сүүдрээ сунган одоогийн хуучин эмнэлгийн хаяаанд дөхөжээ. Уралдах морьд гараандаа хүрэх шиг догдлоод ч гэмээр хагалгааны үеийн бүх нарийн явцаа хэрхэн удирдан ямархуу дарааллаар ажиллахаа оюун ухаандаа байн байн давтан тооцож тогтоогоод, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг нэг бүрчлэн үзээд, бүх зүйл яг миний хэлснээр хийгдсэн эсэхийг дахин шалгаж, ёстой байж ядан тэвдэж байлаа. Яг энэ үед Булаг жолооч маань гайхалтай нь аргагүй давхисаар хүрч ирлээ л дээ. Олон жилийн туршлагатай Бямба сувилагч маань агшин зуур буцалсан ус, шинэ савангаар өөрийн гараа сайтаар угааж, ариутгасан гараар маск малгайгаа, ариутгасан халатаа өмсч, тун шаламгай хөдлөж байгаа нь цаана нэг урамтай. Тэгээд Аманжол эмч бид хоёрт ч гараа угаалгаад амны хаалт, халаатаа өмсгөөд л өнөө спирт шатааж цэвэрлэсэн паалантай саванд гараа буцалсан усаар дахин угааж, спирт шингэсэн бээлийгээ углаж өгөв. Энэ хооронд тус тасгийн бага эмч нар жирэмсэн эмэгтэйг хагалгааны ширээн дээр хэвтүүлээд хоёр гарын судсанд нь полиглюкин хэмээх шингэн залгасан байлаа. Бямба эгч хажуугийн ширээн дээр цэвэрхэн цагаан даавуугаар хучсан олон тооны хагалгааны багаж хэрэгслийг зэгцэн байрлуулав. Мэдээ алдуулах новокаин, цус сэлбэх дөрвөн зуун граммын хоёр шилэн сав, ариутгасан шарик хэмээх цусыг арчих юмс бүгд бэлэн байв. Тасалгааны буланд нярайг авангуут манцуйлах жижиг ширээг тавихаа ч гярхай сувилагч мартсангүй.
Хэдийгээр энэ бүхэн уншигчдад хагалгааны талаархи анхан шатны мэдээлэлийг өгөх зорилготой ч хамгийн энгийн зүйлээс ч бүх юм шалтгаалдаг гэдгийг анхааруулж буй хэрэг дээ. Бага зэргийн алдаа өчүүхэн ч буруу хийгдвэл хагалгааны явц эвдэрч хүний амь нас эрсдэх аюултай гэдгийг хэлэх гэсэн юм шүү.
Ер нь хээрийн нөхцөлд үхлийн ирмэг дээр байсан хоёр хүний амийг аврахын төлөө хичнээн их хүчин чармайлт гаргасныг одоо санахад надад үргэлж баяр баясгалан төрдөг. Тухайн үед залуу цагийн гал цогоор уг явдлыг онцлон тоогоогүй явж билээ. Одоо үүнийг бичиж суухад эмч миний бие тэр үед хээрийн эмнэлгийн ерөнхий командлагч шиг бүх юм надтай шууд холбоотой байсныг санав. Үнэндээ сумын олон түмний итгэл, хагалааны онцгой хариуцлага маш чухал боловч эх үрсийн амь насыг аварна гэдэг нь бүхнээс илүү гэдгийг гүн ухаарсан байлаа. Хагалгааны явцын амь өрсөдсөн тэмцлийн эхэн үед миний бүх анхаарал гар, нүд урьдаа байгаа хагалгааны явцтай уяатай байсан ч «өвчтөний зүрхний цохилт, даралт нь хэд байна, тэр тариаг судсанд нь тарь, түүнийг булчинд нь хий» гэсээр хагалгаанаас гадуур байгаа сувилагч, бага эмч нарт анхааруулж байлаа. Би өөрөө мэс заслын ахлагч, Бямбаа хагалгааны туслах бөгөөд мэс заслын сувилагчийн үүрэгтэй, хүүхдийн залуу эмч Аманжол эхийн хэвлий, умайг нээхэд багаж барьдаг туслах эмч. Тэгээд нярайг эхийн хэвлийгээс гармагц нэг сувилагч түүнийг хүүхдийн ширээн дээр аваачиж ам, хамрын хөндийг нь тусгай насосоор соруулан, хиймэл амьсгал хийж, сэхээн амьдруулах давхар үүрэгтэй ч билээ. Гадаа зөөлөн дуугардаг «ямаха» мотор асаж, өрөөг цэлийтэл гэрэлтүүлсээр байгаа нь бидний ажил үйлсэд амжилт хүргэж байгаа мэт сэтгэл баясгана.
Жирэмсэн эхийн шинэрсэн гэдсийг спирт, иодоор цэвэрлэж байх үед багажийн үзүүрт ирээдүйн гэрэлт орчлон руу тэмүүлэх улаан нялцгай нярайн ялимгүй хөдөлгөөн мэдрэгдэнэ. Нярай: «Ах нар минь ээ хурдлаад үзээч!» гэх шиг болов. Энэ нь миний сэтгэл санааг маш их хөдөлгөсөн. Үл мартагдах тэр агшин, миний сэтгэлд одоо ч хэвээр хадгалаастай. Амьдрал хэмээх нь ямар үнэ цэнтэй болохыг үүнээс илүү яаж мэдрэх билээ дээ!? Коран сударт жирэмсэн эхийн хэвлийг «гурван давхар харанхуй ертөнц» хэмээн нэрлэсэн ишлэл байдаг сан. Уг нь би тэр үед Коран сударын талаар ямар ч мэдлэгэгүй байсан болохоор хожим үнэнийг олж уншаад гайхсан. Анатомын хувьд хэвлийн арьс, арьсан доорхи өөхэн эд, булчинлаг давхаргаа, дараа нь гялтан гэх гурван давхаргаас бүрддэг. Умай нь гялтан хайлс, булчин, эндометрийн салст бүрхэвч гэж хуваагддаг. Энд дурдсан бүх давхаргыг маш түргэн нээж амжсан. Тэгээд хүүхдийн толгой багтахуйц хэмжээний зүсэгдсэн умайн хөндийгөөс нярайг хөлөөс нь барьж цээж, толгойг нь сугалан гаргаад ирэв. Энэхүү агшинд Баямба нярайн хүйг хоёр талаас нь багажаар хавьчиж хайчаар таслан орхив. Тэр даруй сувилагч Болтайн дэлгэж ариутгасан цагаан даавуун дээр тавьж өгөв, нярай уйлаагүй бүтэлттэй төрсөн ч үе мөчнийх тонус сайтайг гараараа мэдрээд гүн бүтэлтгүйдээ би баярлав. Үүний дараа би ихсийг умайн хөндийгөөс маш хурдан гаргаж аваад гартаа цэвэр цагаан даавуу барьсан асрагчид өглөө. Кесар хагалгааны үеийн хамгийн хэцүү мөч бол умайг зүсэж, нярайг гаргах сүүлчийн агшин юм. Умайн булчин давхаргааны цусны судас маш өргөн тул урсах цусыг хурдан зогсоохгүй бол эмэгтэй шоконд орж, зүрх нь гэнэт зогсох магадал өндөр байдаг аж. Ийм үед хурдан, авхаалжтай, хичээнгүй байх хэрэгтэй. Ийм хэцүүхэн мөчид надад зүү сүвлэн, оёх утсыг няхуур уяж буй Бямба эгч, багажуудыг барьж байсан Аманжол хоёрын тусламж үнэхээр гайхалтай байсан. Хагалгаанд тусалж байсан Аманжол эмчийн командаар ажиллаж байгаа сувилагч Сайлаугийн өмнө нялх үрийн сулхан уйлах дуу гарахад өрөөн дотор баяр хөөрийн хөгжим мэт гайхалтай уянгат уур амьсгал гэнэт үүслээ.
Хэдхэн минутын өмнө Болтай сувилагч: «Эхийн цусны даралт ная болж буурч байна!» гэж хэлэнгүүт, би шалавхан «Системийг хурдан урсга, шингэнд кордиамин нэмээрэй, одоо бид эхийн өөрийн цусыг таван минутын дотор өгнө!» гэж миний дуу чангарч байх шиг санагдсан билээ.
Нярай анх сулхан гиншэж байснаа хоромхон хугацааны дараа тасралтгүй уйлж эхлэв. Болтай сувилагч «Эвий дээ, ээжийнх нь цусны даралт зуу хүрч сайжарч байна!» гэж баярлан дуугарав. Энэ үед бид умайн гурван давхаргыг оёж дуусаж байлаа. Одоо айх зүйлгүй бид түр тавширлаа. Бямба бид хоёр зүсэлгийн үед хэвлийн хөндийд урсаж гарсан эмэгтэйн өөрийн цусыг ариутгасан марли салпеткад шингээж, ариутгасан саванд хийж амжсан.
Нэг бүтэн шил дахиад хагас шил цус бэлэн боллоо. Судастай холбогдсон дуусах дөхсөн шингэний бэлэн системээр одоо эхийн өөрийн цус дусаж эхэлсэн. Энэ нь эмэгтэй хүний өөрийнх нь цус байсан тул хамгийн эгзэгтэй тусламж байлаа. Цусыг марлиар шүүж шилэнд хийсэн тул цус бөглөх тромбын аюул байхгүй, мөн системийн утас ч нарийн шүүлттэй билээ. Энэ нь хоёр литр орчим цус алдсан эмэгтэйг хурдан тэнхэрүүлэх цорын ганц үр дүнтэй арга хэмжээ байв. Тэгэхгүй бол «хагалгааны дараах байдал» гэмээх үеийг давах амаргүй болох байсан. Мэдээж бид хэвлийн гялтан хайлс, булчин, арьсан давхаргаа гээд олон оёдол хийж, онц яаралгүй, маш болгоомжтой мэс ажилбараа дуусгалаа. Хүнд хагалгаанаас гарсан эхийн биеийн байдал сайжирч байлаа. Харин амьсгал нь бага зэрэг боогдонгуй нярай улам орилж, уйлж байна. Шархыг сайтар оёж дууссаны дараа бид тусгай ариутгасан материалаар боолтоо хийв. Гэхдээ ийм төвөгтэй хагалгааны үед зүү, салпетка, шарик, мэс заслын том жижиг багажууд хэвлийн хөндийд үлддэг нь практикт тааралддаг гэдгийг бид маш их анхаардаг тул хэвлийн хөндиийг хаахаас өмнө дор бүрнээ тоолж, шалгадаг хатуу заншлтай билээ. Хорь гаруй жилийн хашир туршлагатай, авхаалжтай Бямба эгчийнхээ сурч занчисанаар хэвлийн хөндийг хаахаас өмнө хэрэглэж орхисон марли зүйлийг нэг нэгээр нь тоолж, ашиглаагүй үлдсэнтэй харьцуулан үзнэ. Энэ нь хайч, зүү, бусад хэрэглэгдэхүүнийг бүрэн болохыг илтгэнэ. Үүнийг бид ёсоор нь хийсэн тул мэс заслын дараа эргэлзэх зүйлгүй сэтгэл тайвширна. Бямба эгч үүнийг маш хичээнгүйлэн хийсэн байв. Ийнгээд бид бүгд хүнд хагалгааг маш амжилттай дуусгав. Энэ нь сэтгэлд хурсан хар үүл шувтарч, үүлийн цаанаас нар гялбааж байгаа шиг бид бүхэн жарган тайвширч байлаа.
Юуны өмнө хагалгааг эсэн мэнд давсан эрхэм эхэд баяр хүргэхэд, түүний нүдэнд нь дүүрсэн баярын нулимс нь миний хувьд үнэнч зүтгэсний минь төлөө олгосон жинхэнэ шагнал юм шиг санагдлаа. Ийм эгзэгтэй цаг үед үүргээ үнэнчээр гүйцэтгэсэн хээрийн мэс заслын баг хамт олондоо би хувиасаа таалархал илэрхийлэв. Тэд бүгд хуримын ёслолд оролцож буй хүмүүсийн адил нүүрэнд нь онцгой баяр баясгалан тодорчээ!
Олон жил өнгөрсөн хойно амьдралын минь тэмцэл, уйтгар гунигтай мөчүүдэд тэрхүү баяр баясгалантай хүмүүсийн инээмсэглэл, итгэл найдвараар тодорсон тэрхүү агшин үргэлж намайг улам дээш уриалж байх шиг санагддаг. Хагалгааны дараа гадаа гарахад тас харанхуй өвлийн гайхам шөнө намайг угтав. Нялх ахуйгаас минь санаанд үлдсэн халуун дотно нутгийнхаа тэнгэрт одод хүртэл намайг хараад баярласан мэт гялтганан анивчих нь нэг л таатай. Алтайн уулсын тэс хүйтэн жавартай агаар ч намайг хучин тэвэрч, алжаасан биеийг минь сэргээж байгаа нь илт. Ёлтын жижигхэн суурингийн оршин суугчид, хүүхэд хөгшид бүгд цугларан, баярлаж байгаагаа илэрхийлэв. Тэд миний өсөн өндийсэн балчир цагаас сэтгэлд минь гүн хоногшсон эцэг эх, ах эгч нар шиг санаандаа үргэлж дулаахан санагдадаг эгэлхэн түмэн минь билээ.
ЁЛТЫН ТУХАЙ ДУРСАМЖ БӨГӨӨД ТӨГСГӨЛ
Ёлт нутгийн минь энэхүү хууч маань эмнэлгийн тусламж авч амь аврагдсан эх үр хоёрын тухай ярианаас үүдэн гарсан тул үргэлж санаж явдаг төрсөн нутгийн тухай хүүрнэх завшаан гэж бодлоо. Ухаан орсон тэр цагаас гайхан ширтсэн улаан хаганд бүрхэгдсэн улаан хадтай уулс, түүний дээгүүр цэлмийсэн хөх тэнгэр, намайг үүрч явахдаа үзэгдсэн юм болгоныг таниулж хэлдэг эмээгийн минь «Мыкийн өргөө» гэж нэрлэдэг толгод шиг нууцлаг овоонууд, усанд нь орж тоглодог Ёлт голын тунгалаг урсгал, нар тойрдог өмнө талдаа үргэлжлэх хар модон ой шугуйтай уулс болон бүр эгэл зүйл хүртэл санаанд үүрд хадгалагдан үлдсэн үл мартагдах хамгаас үнэтэй өлгий буюу... миний хүйсээр холбогдсон нутаг минь билээ! Ийнхүү өөрийн нутгийн талаар товчхон яриа өрнүүлбэл зарим хүмүүс гайхацгааж «Үнэндээ, ийм нутгийг магтаад байх зүйлгүй хэцүү газар биш үү!» гэж хэлэх байх.
Тиймээ, өвөл, зунгүй үргэлж салхилж байдаг Монголын өндөрлөгт оршдог нутаг болохоор хар салхи нь өвлийн цагт цасан шуургатай шавхардуулавч, зуны улиралд хонгор салхиар нь эрхлүүлдэг нь сайхан биш гэж үү!? Бас миний төрсөн нутаг маань Монгол Алтайн хамгийн их өндөрлөгөөр тооцогддог Баян-Өлгий аймагт оршдог бөгөөд Мөнххайрхан хэмээх хамгийн өндөр мөсөн уулын өвөрт буй Булган сум юм.
Тус бүс нутаг нь Монголын хамгийн баруун хязгаарт, нийслэл Улаанбаатараас 2000 км орчим зайтай алслагдсан. Мөн аймгийн төв Өлгийгөөс 300 км хол. Аймгийн төвийн гол замаар Булганы чиглэлд гарвал сумын баруун хязгаараас үүл шүргэж буй Улаагчин хэмээх өндөр даваа урьдаас угтаж авна. Морьтой хүн амарч байж арай гэж давна, машин тэргүүд мотор нь халж, хэд хэдэн удаа хөргөөж байж давлаа гэхэд цаашаа уруудахдаа барагтай жолоочийг айлгадаг эгц өндөрлөг дөө! Замын хэцүү үүгээр дуусахгүй, мөн дөч шахам гаруй үргэлжилдэг нарийн замтай доошоо эгц гүн хавцал бас бий! Энэхүү хавцал нь их цастай жил замыг бүр хаачдаг тохиолдол ч бишгүй байдаг билээ. Ийм урт үргэлжилсэн хэцүү замаар аймгаас гарсан машин тэрэгүүд бүтэн өдөр явах буюу замдаа хонож өнжиж байж хүрдэг нь жирийн хэрэг. Мөн сумын зүүн бүс нь Мөнххайрханы өвөрт оршдог тул өвөл нь ширүүн жавартай, их цастай байдаг учраас сумын малчид жил бүр малаа Ховд аймгийн нутагт оторлуулж өвөлжин нүүж, хавар нь хээлтэй малтайгаа нутагтаа буцаж нүүж ирдэг онцлог нь бас бий. Хойт талаараа цусан улаан өнгөтэй улбар хагтай хадтай уулсын хэлхээ тэртээ тэнгэрийн хаяанд сунан харагддаг Ховд аймагтай залгана. Сумын өмнө тал нь эгц оргил, цавчим хад, нарийхан хэц бүхий хавцал, гүн жалгаар бүтсэн бөгөөд тэнд хар модон нуга ой шугуйтай, зүсэн бүрийн өвс ургамлаар бүрхэгдсэн тунгалаг горхи дүүрэн сайхан зусалан ихтэй. Хятад улстай шууд хиллэдэг, хилний зурвас нь асар өндөр хэрэм шиг бүтүү эгц хадан уултай тул байгалын бат хамгаалалттай гэмээр. Энэ талаас эх авдаг Булган гол урагшаагаа 200 км гаруй урсаж улсын хил даваад Өвөр Алтайн Өлөнгөр нуурт цутгадаг, эрэг нь үргэлж бургасан болон харгана шугуйтай эмжээрлэсэн харагдана. Ийм байгалийн битүү тогтоцтой, төвөөс дэндүү алслагдсан, бартаа ихтэй Булган сумд хүний эмч нар барагтай удаан тогтохгүй нь мэдээж билээ. Гэвч, тус сумд 1930-аад оноос эхлэн цэргийн албанаас анхны эмчлэх арга сурч ирсэн Хайсаагийн Закерия, Сейтжагыпар, Сепдолдагийн Сахария, Нургалийн Жулдызбай нараас эхлээд жараад оны эхээр их эмчийн мэрэгжил олж ирсэн Жабений Икранбек, Сагсайбайгийн Киналган, Сайполдагийн Карилхан, Сахариягийн Мизан, Халбалаагийн Аятхан, Жанабилийн Төрехан, Ескермесийн Зауреш, Аябайн Кулдари, Ховдахан, Шакретийн Аманжол, Жумабайн Жүнис томилогдон ирж эмчийн үүргээ гүйцэтгэж байлаа. (Эдгээрээс Монгол улсын гавъяат эмч Жумабайн Жүнис бүх насаараа энэ суманд үлдсэн билээ.)
Миний бие энэ нутгийн уугуул учраас Анагаахын дээд сургуулийг (АУДС) 1980-онд төгсөөд Сэлэнгэ аймгийн Орхон-Туул, Баян-Өлгий аймгийн Алтай сумд томилогдон ажиллаж байгаад, эмэгтэйчүдийн мэс заслын эмчийн тусгай мэргэжлийг эзэмшээд өөрийн хүсэлтээр Булган сумдаа ирсэн юм. Миний ирэх үед Булганы төвд орчин үеийн эмчилгээ, тоног төхөөрөмжөөр хангагдсан эмчилгээний төв, амбулатори шинээр байгуулагдсан байлаа.
Тус сумын зургаан бригадад хүний бага эмч нар ажиллаж малчдад эмнэлгийн анхны тусламж үзүүлдэг байв. Ёлт болон Шүвтэрт эмнэлгийн зарим тоног төхөөрөмжтэй тусгай пункт-цэг ажилладаг байсан. Бригадууд нь сумын төвөөс хэт алслагдсан, хамгийн ойр нь гучин километр, хамгийн хол нь зуун километрээс багагүй зайтай байлаа. Тэнд хүрэх зам ч дардан биш, өвөлдөө цас дарсан бөглүү өвөлжөө, зун нь догшин урсгалт гол мөрөн, замгүй хавцалтай зуслангууд гээд зовлон багагүй дээ. Яаралтай дуудлагууд ирэхээр шөнө дөлөөр, өглөө үүрээр ч хамаагүй Уаз-469 хэмээх «жаран ес» машинаар үргэлж давхина. (Зарим их цастай өвөл том дугуйт Белорусь трактораар болон «цэрэгийн 66» машинаар явсан тохиолдол ч бишгүй бий) Дээр миний өгүүлсэн «Хээрийн хагалгаа» хэмээх нь ийм дүр зурагтай нутагт 1989-оны хахир хүйтэн өвлийн эхэн сард болсныг дахин сануулья. Уг өгүүллэгийнхээ эцсийн дүн болгож дурьдах зүйл гэвэл, он жилүүдийн үр өгөөж буюу ган гачиг нь дээд удирдлагтай шууд холбоотой гэж хэлэх гэсэн юм.
Жишээ дурдья, бид нүүдэлчин улс ороноо эхлээд зөв чиглүүлж чадсан учраас зөвхөн дөрөв-таван жил гэхэд иргэншсэн орны анхны шатанд маш түргэн хүрч чадсан билээ. Миний бие мэндлэх үед сумын айл өрх бүхэн уулын ам бараадсан эсгий гэрт ил гал түлж амь зоодог нүүдэлчний доорд амьдралтай байжээ. Хэдэн жилийн дараа миний ухаан орох цагт сумын төвд захиргааны байшин барилгатай, бага сургуулийн байртай, эмнэлгийн анхны байгууллага бий болжээ.
Манайх ч гэсэн өвөлдөө суудаг нэг өөрөөтэй модон байшинтай түүнийг «ыстық үй»(халуун гэр) гэж нэрлэдэг нь санаанд орж байна. Хужирт нэртэй тухайн сумд анх байгуулагдсан бидний «хээрийн хагалгаа» хийсэн эмнэлгийн энэхүү хэдэн өрөөтэй байшинд жараад оноос Хайсагийн Закерия, Мырзаханы Шаме сүүлд Абдихалыхын Сайлау, Ахыны Баймурат, Хабдылхазын Силамхан, Мухайсын Мамила, Ескермесийн Зауреш, Хайрашийн Болат, Тутаны Болтай зэрэг эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллажээ. Гэтэл яг энэ суманд намайг тав, зургаан настай байхад манай гэрийн хажуу айл байсан бидний садан Насидолдагийн эхнэр Риза хоёр дахь төрөлтийн үеэр эмнэлгийн тусламж авч чадахгүйгээр гэртээ цус алдаж нас барсныг санав. Мөн тэр жилдээ манай том эгч Мауей хоёр дахь удаагаа жирэмсэн байхдаа зулбаж хорин таван настайдаа буруу хийсэн мэс ажилварын улмаас нас барж, төрсөн охиноо зуурдаар алдсан Нургайша эмээ маань хэдэн сарын дотор сэтгэл санаагаар унасанаас бөхдийж хөгширсэн өрөвдөлтэй дүр төрх нь миний балчир сэтгэлд хар толбо болон үлдэснийг хэлэх юун. Тэр үе болон намайг төрснөөс хойш гучин хэдэн жилийн дараа нүүдэлчин орон иргэншиж анагаахын шинжлэх ухаанд хүрснийг өөрийн биеэр гэрчилж хүнд нөхцөлд ч гэсэн ийм амжилттай мэс засал хийснээ зөвхөн хувийн амжилт бус эх орныхоо хөгжил дэвшил гэж үзлээ. Дээрхи өгүүлсэн энэхүү түүхийн эгэл баатар Тапия ахын эхнэр Рысхан (зураг дээр) (хэдэн жилийн өмнө нас барсан) гэр бүлээрээ Казахстан руу нүүж ирцгээсэн юм. Хэнз хүүгээ нөгөө түргэн тусламжийг дурсах гэж Жардембек (Түргэн тус) гэж нэрлэжээ. Жардембек ч бас эрийн цэнд хүрч Турк улсаас багшийн мэргэжилтэй болж одоо Алматы хотод эхнэр үр хүүхэдтэй хамт амьдарч байна. (зураг дээр) Энэ дашрамд дурьдахад аймгийн бусад сумуудаас Булган нутгийн түүх ч бас онцлогтой тал бий. Учир нь нутаг орон нь хил дээр байсан явдал ч их нөлөөлжээ.
Мөн Сталин-Чойбалсангийн улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед бусад сумаас илүү имам-молда, лам нар баригдан шүүгдэж, буудуулсан түүхтэй. Зохиолч, түүхийн ухааны доктор Рахметийн Сураганы судалгаагаар «Хұжырты құрбандары» (Хужиртын хэлмэгдэгчид) хэмээх номд энэ талаар дэлгэрэнгүй бичигдсэн байдаг. Гэвч эсэргүүгийн удам угсаанаас эцэггүй өнчин өссөн залуус бүгд орчин үеийн мэрэгжилийн боловсрол эзэмшиж, улс орондоо үнэнчээр зүтгэж нэр төртэй болжээ.
Харин, өвөө нараа огт үзээгүй хэлмэгдэгсдийн ач нар болох бид ч гэсэн эх орон, эцэг эхийн найдварыг эвдээгүй. Дашрамд хэлэхэд ерээд оны эхээр эх орон даяар өрнөсөн ардчилсан хөдөлгөөнд миний бие идэвхтэй оролцож «Монголын Ардчилсан Хувьсгалын ахмад зүтгэлтэн» алдар хүртсэндээ сэтгэл тэнүүн явдаг билээ. Буянтай Булган нутгаас маань Монгол Улсын баатрууд, төр нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолчид олон төржээ. (Монгол Улсын Баатар Икей, анхны Хөдөлмөрийн Баатрууд жолооч Солтан, Чоя нар, Төрийн шагналт мэдрэлийн эмч Ж.Хайруулла, жүжигчин алиалагч Латиф, зохиолч Х.Ислам, эрдэмтэн С.Харжаубай, урлаг судлаач С.Жанатхан...гэж олоноор дурьдаж болно) Харин эмчийн ажлаас хойш эзэмшиж гучаад жилийн нүүр үзсэн туршлагтай сэтгүүлчийн хувьд хэн ч бичиж байгаагүй эмнэлгийн сэдвийг товчхон бичсэн минь энэ буюу...
Сэтгүүлч, зохиолч АБАЙ МАУХАРА
Зохиолчийн тухай товчхон:
Баян-Өлгий аймгийн Булган сумд төрж өссөн, 1980-онд Улсын Анагаах Ухааны дээд сургуулийг төгсөн Сэлэнгэ аймгийн Орхонтуулд, Баян-Өлгий аймгийн Алтай, Булган сумд их эмчиийн ажил хийж байгаад 1991-онд Казахстан улсад хөдөлмөрийн гэрээгээр нүүж, өдгөө Алматад хотод амьдардаг.
Казахстаны Зохиолчдын Эвлэлийн болон Монголын Казах зохиолчдын Холбооны гишүүн.
1984-онд Д.Мягмарын «Үер» туужийг орчуулж Өлгийд хэвлүүлсэн мөн О.Дашбалбарын «Уулс минь», Баабарын «Бүү март!» зэрэг зохиолыг орчуулсан. Монголын Ардчилсан Хувьсгалын ахмад зүтгэлтэн. Лувсанданзангийн «Алтан товчыг» орчуулж 1998-онд болон 2009-онд Алмата хотод хэвлүүлсэн. 2004-онд «Сувашид» зохиолыг Астана хотод хэвлүүлж гаргасан, 2010-онд Ц.Доржготовын «Улаан орхимжны давалгаа» романыг, 2018-онд Зян Руны «Чонон сүлд» зэрэг романыг казах хэлнээ орчуулж тухайн улсын хэд-хэдэн уран зохиолын сэтгүүлээр уншигч олонд хүртээжээ. 2013-онд Түрк гаралтай эрдэмтэн Саид Нурсийн Гэгээн Кураны тайлбар болох «Гүн утгатай үгс» хэмээх томоохон зохиолыг орчуулж Улаанбаатар хотноо хэвлүүлэн Ислам шашиныг сонирходог олоны хүртээл болгожээ.
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл11
Сонирхолтой дурсамж байна шүү. Танд эрүүл энхийг хүсье!
Сайхан дурсамж туух бн одооч Монгол Казахын ард тумний дунд сайн зууч хийж зохиол бутээл орчуулж явдаг аргагуй сайн сэхээтэн хун бн манай хоер ард тумэн бол шашин еер болохоос дэндуу адилхан хумуус гэж би боддог баяраллаа
Маш сайхан нийтлэл болжээ үнэхээр сайхан дүрсэлж бичсэн байна. Яг хажууд нь очсон мэт боллоо.
Абай ахдаа эрүүл энх урт удаан наслахыг ерөөе. Эрдэм мэдлэгтэй, залуучуудтай үлгэр дууриалтай сайн хүн шүү Та. Зав чөлөөндөө илүү олон нийтлэл бичиж байгаарай
Zurag n alga. mash sonirholtoi bailaa
сайн үйлс бадаран дэлгэртүгэй
сайн үйлс бадаран дэлгэртүгэй
сайн үйлс бадаран дэлгэртүгэй
сайн үйлс бадаран дэлгэртүгэй
Манай Абаи эмч үнэхээр мундаг чадварлаг эмч шүү бид танаар бахархаж явдаг шүү
Сәлем, Демократ! Мен осының қазақшасын оқыған сияқтымын. Өзіңе де рахметімді айтып жазған еді. Өте керемет жазылған естелік-эссе екен. Қиыр жайлап мұз төсеніп, өмірдің не бір қиыншылығын басынан өткеріп, жан -тәнімен сезініп жүрген ауыл адамдарының өмірін көз алдыңа әкеліп қойдың ғой. Адам жанының арашашысы дәрігердің жұмысы қандай қиын, қандай ауыр! Дер кезінде дұрыс шешім шығарып өте керемет нәтижеге жетіп, екі бірдей тіршілік иесінің жанын арашалап қалу деген сенің ьұл үлкен ерлігің екен. Алладан қайтсын! Моңғолшасы да қазақшасы да өте шебер жазылған екен. Шығармашылығың шарықтай берсін! Қаламың жүгіре берсін! Жаман ағаңды да ұмытпай, атын атап еске алып жүресің, рахмет!