sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /AP/. Бүгд найрамдах намаас /БНН/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудатай лхагва гарагт Нью-Йорк хотод уулзжээ. А.Дудатай уулзаж буй дүрс бичлэгээ Д.Трамп өөрийн "Truth Social" нийгмийн сүлжээнд нийтэлсэн байна.


Польшийн Ерөнхийлөгч дөрөвдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд АНУ-д ажлын айлчлал хийж байгаа юм. Хоёр улстөрчийн уулзалтыг Варшавт АНУ-ын Элчин сайдаар ажиллаж байсан Жоржетте Мосбахер зохион байгуулж байна гэж өмнө нь “Wirtualna Polska” цахим хуудсанд мэдээлж байв. 


"Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудаг Нью-Йоркт угтан авч байгаадаа баяртай байна" гэж Д.Трамп нийтэлсэн дүрс бичлэгийнхээ дор тайлбар хийжээ. Барууны эвслийг Д.Трамп удаа дараа шүүмжилсэн явдалд Европын улсуудын удирдагчид санаа зовниж буй энэ үеэр уг уулзалт боллоо. 


Польш бол Украинтай хиллэдэг НАТО-гийн гишүүн улс юм. Бүрэн эрхийн хугацаа нь 2025 онд дуусах барууны популист улстөрч А.Дуда Оросын түрэмгийллийг сөрөн зогсохын тулд Украинд өмнөхөөс илүү хэмжээний мөнгө илгээхийг АНУ-д уриалж байв.


Харин Трамп ийм санхүүжилтийг эсэргүүцдэг боловч өнгөрсөн долоо хоногт "хэрэв зээл хэлбэрээр олгобол нэмэлт санхүүжилт гаргахыг дэмжиж болох юм" гэж мэдэгджээ.  Д.Трамп энэ долоо хоногт Нью-Йоркт байх бөгөөд түүний эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хурал тус хотод эхлээд байгаа юм. Тэрбээр АНУ-ын түүхэнд эрүүгийн хэрэгт татагдсан анхны Ерөнхийлөгч болсон билээ




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг