sonin.mn

АНУ-ын Принстоны их сургуулийн профессор Стивен Коткин “Foreign Affairs” сэтгүүлд “Оросын ирээдүйн 5 сценар” гэсэн нийтлэл хэвлүүлсэн нь судлаач эрдэмтэд, шийдвэр гаргагчдын дунд ихээхэн шуугиан тарьж байна. Ер нь бол Оросын ирээдүйн ямар ч сценарт АНУ бэлэн байж, ирээдүйд ямар зөв стратеги тактик хэрэглэх талаар энэ профессор саналаа буулгасан хэрэг юм. Оросын бөөрөнд байдаг бидний хувьд Оросын ирээдүйн элдэв сценарт бэлэн байх нь Америкаас дутуугүй чухал, бидний хувьд энэ хэвээрээ оршин тогтнох үгүйн тухай асуудал гэхэд хилстэхгүй учир энэхүү 5 сценарын тухай байр сууриа хуваалцая.


Сценар № 1: Орос улс Франц болж хувирах 


Анх сонсоход жаахан үнэмшилгүй санагдах ийм нэгэн сценар байна. Гэхдээ зохиогчийн бодлоор Орос болон Франц аль алин нь хэмжээгүй эрхт хаант засаглал, асар том төрийн хүнд суртлын аппаратын түүхэн уламжлалтайн дээр аль алин нь хувьсгал хийж байсан том гүрнүүд. Дээр нь аль алин нь газар нутгаа алдаж үзсэн, хөршүүд рүүгээ довтолж байсан түүхтэй. Тиймээс энэ утгаараа Франц, Орос хоёр тун төстэй. Франц ийм уламжлалтай ч амжилттай шинэчлэл реформ хийж өнөөдрийн төрхтэй болсон учир Орос ч ингэж хувирах боломжтой юм. Франц улс одоо ч их гүрний үзлээ алдаагүй, бусдыг дорд үздэг зэрэг дутагдлаа гээгээгүй. Тиймээс Оростой хамгийн төстэй орон бол Франц юм. Гэхдээ Франц өнөөдрийн дүр төрхөө олох гэж ямар их шинэчлэл өөрчлөлт хийж, ямар урт зам туулсан болохыг бид мэднэ. Тэр замыг туулахын тулд Орост мөн л их хугацаа орно. Тиймээс энэ сценарыг хамгийн магадлал муутай гэж зохиогч үзжээ.


Сценар №2: Суларсан Орос


Путины оронд түүн шиг авторитари үзэл бодолтой ч дайны эсрэг байр суурьтай, үндсэрхэг үзэлтэй лидер гарч ирж болзошгүй. Оросын элитүүд дотор дайны эсрэг байр суурьтай хүмүүс нэлээд байдаг бөгөөд тэд дайны үр дагавар Орост ямар хүнд тусахыг мэдэж байгаа. Оросын хүн ам эрчимтэй багасч байхад дайн хийснээрээ энэ асуудлыг улам гүнзгийрүүлж, одоо Орос орон ажиллах хүчний томхон дутагдалд орсон нь бодит факт.



Үүнийг эдийн засгаа автоматжуулах, технологийн шинэчлэл хийх замаар шийдэж болох ч Орос улс үйлдвэрлэлийн автоматжуулалтаараа дэлхийд бараг сүүлийн байранд яваа.



Санкцаас болоод барууны шилдэг технологиудыг нэвтрүүлэх боломжгүй болсон нь Оросын хөгжлийг улам хойш татах нь ойлгомжтой болсон. Энэ нь Орос орондоо хайртай, үндсэрхэг үзэлтэй хүмүүст таалагдахгүй байгаа. Тэд Путиныг өөртэйгээ хамт Орос орныг булшлах вий гэж болгоомжилдог. Тэд Орос оронд урт хугацааны дайн хийх боломж байхгүй гэдгийг мэддэг. Тиймээс Путины оронд ийм лидер гарч ирвэл дайн зогсож Орос оронд эдийн засгийн бүтцийг дахин өөрчлөх оролдлого хийгдэх нь тодорхой.   


Сценар №3: Хятадын вассал Орос


Хамгийн ойлгомжтой сценар. Орос, Хятад хоёрыг тэдний барууны болон америкийн эсрэг үзэл санаа нь нэгтгэдэг. НАТО-гийн тэлэлт, барууныхан тэдний нөлөөний хүрээний бүсийн улсуудын хэрэгт оролцдог зэрэг нь тэдэнд таалагддаггүй. Тиймээс Орос, Хятад хоёрын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хамтын цэргийн сургууль зохион байгуулж, хоорондын худалдаагаа 230 тэрбум долларт хүргэсэн нь энэ хоёр улс энэ цаг үед ямар дотно болсныг илтгэнэ. Гэвч өмнө нь том ах байсан Орос эдүгээ бага дүүгийн байр сууринд очсон нь ч үнэн. Хятад нь Оросоос байгалийн түүхий эдээс гадна байлдааны онгоцны хөдөлгүүр зэрэг цөөхөн бараа авдаг бол Орос нь Хятадаас бүх юмаа авч байна. Оросын машины зах зээл Хятадад бүрэн эзлэгдсэн. Нөгөө талдаа Хятад нь Оросоос эрчим хүчний хувьд хараат бус байхын тулд Монголоор дайрах хийн хоолойн гэрээг зураагүй л байх жишээтэй. Энэхүү тэгш бус харилцаа цаашид улам гүнзгийрч, улмаар Орос нь Хятадын вассал улс (хараат, дагуул) болох нь цаг хугацааны асуудал болоод байна. Гэхдээ хэнийг вассал болгохоо Хятад шийднэ. Учир нь вассал улсынхаа өмнөөс тэд хариуцлага хүлээх хэрэг гарна. Харин Орос тийм ч хариуцлагатай улс биш. Тиймээс энэ сценар нь аль аль улсад нь тааламжтай бус.


Сценар №4: Орос улс Хойд Солонгос болох


Орос улс Хойд Солонгосоос 142 дахин том газар нутагтай, Ким шиг үе залгамжилсан дэглэм байхгүй ч Хойд Солонгосыг үлгэр жишээ болгон харж байж магадгүй юм. Хятадаас хэт хараат, цөмийн зэвсэгтэй, дотооддоо дарангуйлалтай, гадаад ертөнцөөс хаалттай Орос улс асар том Хойд Солонгос болоход гайхах зүйлгүй. Орос яг л Хойд Солонгос шиг Хятадыг эвгүй байдалд оруулж чадна. Нэг жишээ. Тэд цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэсэн ам хятадуудад өгөөд хятадууд европчуудын өмнө энэ тухайгаа ярьж хөөрч явахад нь араар нь Беларусьт тактикийн цөмийн зэвсэг байршуулахаа мэдэгдэж эвгүй байдалд оруулсан. Өөрөөр хэлбэл Хятадаас хэт хараат ч бас Хятадын үгэнд ордоггүй байдал нь түүнийг Хойд Солонгосын зүгт явж байгааг илтгэнэ.


Сценар №5: Хаос


Хэдийгээр Оросыг унагаах зорилгоор санкц тавьсан ч тэр нь үр дүнд хүрэхгүй байгааг Коткин хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Орос улс сүүлийн 100 гаран жилд хоёр удаа задрахдаа огт санаандгүйгээр нуран унасныг сануулж байна. Хэн ч задралыг яг хэзээ болохыг хэлж чадаагүй. Энэ удаа ч гэсэн ямар нэгэн гэнэтийн гамшиг, эсвэл дотоод үймээн самуун, лидерүүдийн үхэл гэх мэт стресс-тестийг Оросын ялзарсан, легитим чанараа алдсан институциуд дийлэхгүй нуран унаж болох юм. Гэхдээ СССР-ээс ялгаатай нь ОХУ тэгж ихээр задрах боломжгүй, учир нь Зөвлөлт Холбоот Улсын үед хамт байсан бүгд найрамдах улсууд нь яг л шоколадны набор шиг хоорондоо холбоогүй шахам, өөр өөрийн үндэстнээс тогтсон, салахад бэлэн субьектууд байсан бол одоо Орост байгаа бүгд найрамдах улсууд нь дийлэнхдээ Орос үндэстнээс бүрдсэн учир салж явах магадлал тун бага. Байгаа хэдэн үндэстэн улсууд нь Оросын төвд байршилтай учир салаад явахад хэцүү. Харин Калининград, Хойд Кавказ гэсэн цөөхөн газар салан тусгаарлаж магадгүй юм.


Энэ тохиолдолд Хятад нь Амар мөрний сав газрыг, Япон Курилын арлуудыг, Финланд нь Карелыг буцаан авч болзошгүй. Хамгийн аюултай нь Орост байгаа цөмийн болон биологийн зэвсгүүд янз бүрийн бүлгүүдэд тархах, улмаар тэд түүнийг хэрэглэж дэлхийг сүйрүүлж чадах л улс. Үүнийг хэн ч урьдчилан хэлж чадахгүй.

 

Монгол яах вэ дээрхи тохиолдлуудад?


Ямар ч сценар хэрэгжсэн бидэнд шууд нөлөөлөх нь мэдээж. Чухам яаж гэдэгт л хэргийн учир оршино. Хорлонтойгоор уу, эсвэл хал балгүй юү? Монголчууд бид Монголдоо хичнээн лоббидож, Монгол-Зөвлөлтийн найрамдлыг магтан дуулаад, Барууныг Украинтай нь үзэн ядаад Оросын уналтыг зогсоох хөг нь өнгөрсөн. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин Орос хэрхэх тухай дээрхи зохиомжуудад бид бэлэн байх ёстой. Судлаачийн хувьд дээрхи сценар бүр манай улсад ямар нөлөө үзүүлж болохыг урьдчилж харахыг хичээлээ. Үүнд:






С.Энхтөр

Аюулгүй байдал Судлалын Хүрээлэн