sonin.mn

Цахим хөгжил, харилцааны холбооны сайд Н.Учралын урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн тэргүүн дэд сайд Тулеушин Каныш тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 2024 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 02-ны хооронд ажлын айлчлал хийж байна.


Айлчлалын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн тэргүүн дэд сайд Тулеушин Канышийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч уулзан, хоёр орны цахим засаглал, мэдээллийн технологи, сансрын технологи зэрэг салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Уулзалтын дараа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон Казахстаны Үндэсний мэдээллийн технологийн хувьцаат компани хооронд “Харилцаа холбооны технологийн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав. 


Энэ үеэр Цахим хөгжил, харилцааны холбооны сайд, УИХ-ын гишүүн Н.Учрал: "Казахстан улстай цахим нотариатыг бэхжүүлэх ажил дээр хамтран ажиллана. Мөн өнөөдөр нэг цэгийн үйлчилгээн дээр 470 гаруй үйлчилгээ байгааг нэмэгдүүлж, хүнээс хамаарахгүй шийдвэр гаргах асуудлыг бүрдүүлж байна. Казахстан улсын хувьд цахимжилт дээр Монгол улстай нэг гараанаас эхэлсэн ч богино хугацаанд үр шимийг нь хүртэж байгаа учраас тэр үр дүн гарсан шийдвэрүүдийг нь бид нэвтрүүлбэл бид хурдацтай явна. Гэхдээ иргэдийн шүүмжлэх зүйлс, сорилтууд зөндөө бий. Үүнийг давж, асуудлаа шийдэж байж үр дүн гарч байна.



Гэсэн хэдий ч өчигдөртэй харьцуулбал өнөөдөр асар их өөрчлөлт гарсан. Та бүхэн ч үр шимийг нь хүртэж байгаа. Бид алдаагаа засаж залруулаад зөв зам руу явж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. " гэсэн юм.



Айлчлалын үеэр хоёр орны хооронд цахим салбарын туршлага солилцох, хамтын ажиллагааны хамтарсан төлөвлөгөө хэрэгжүүлж ажиллах асуудлаар санал солилцох өргөтгөсөн уулзалт, хувийн хэвшлийн байгууллагууд хооронд хэлхээ холбоо тогтоох, хамтын ажиллагааг идэвхжүүлэх “B2B” уулзалт, төрийн үйлчилгээний “Хур”, “Дан” систем болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдтэй танилцах зэрэг арга хэмжээг зохион байгуулна.



М.Чой