sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай ням гарагт утсаар ярих үеэрээ Газын зурвасын Рафах хот руу довтлохтой холбоотой асуудлаар "байр сууриа дахин илэрхийлэв" гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ. 

Хүмүүнлэгийн найдвартай төлөвлөгөөгүйгээр Рафахт цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөг дэмжих боломжгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна. 

Израилын тал ажиллагааг эхлүүлэхээсээ өмнө АНУ-ын байр суурийг сонсохыг зөвшөөрсөн гэж АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохицуулагч Жон Кирби өмнө нь мэдэгджээ.




Ираны тал Израилд цохилт өгсний дараа дөрөвдүгээр сарын 13-нд Ж.Байден, Б.Нетаньяху нар бүс нутагт үүссэн нөхцөл байдлыг хэлэлцсэн юм. 




Ж.Байден, Б.Нетаньяху нар ХАМАС бүлэглэлийн барьцаанд буй хүмүүсийг суллах, мөн Газын зурваст нэн даруй гал зогсоох хэлэлцээний явцын талаар ярилцжээ. Тэд мөн Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэх хурдыг нэмэгдүүлэх, тэр дундаа шинэ боомтуудыг нээх бэлтгэлийг хангах асуудлыг хэлэлцжээ. 

“Энэ үйл ажиллагааг хүмүүнлэгийн байгууллагуудтай уялдуулан үргэлжлүүлж, өргөжүүлэх ёстой гэдгийг Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв” гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна. 


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг