sonin.mn

БЕРЛИН, 2024 оны зургаадугаар сарын 11 /VOA/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Германы Канцлер Олаф Шольцтой хэлэлцээ хийж, Украиныг сэргээн босгох асуудлаарх бага хуралд оролцохоор даваа гаргийн орой Берлинд хүрэлцэн ирснээ мэдэгджээ. “Канцлер Шольцтой Украиныг батлан хамгаалахад үзүүлэх цаашдын дэмжлэгийн талаар, түүнчлэн агаарын довтолгооноос хамгаалах системийг хөгжүүлэх, зэвсэг хамтран үйлдвэрлэх асуудлуудыг хэлэлцэж, мөн Энх тайвны дээд хэмжээний уулзалт, Европын зөвлөл, НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө байр сууриа нэгтгэх талаар ярилцана” гэж В.Зеленский олон нийтийн Х сүлжээнд бичсэн байна. 


Германы эрх баригчид Украины дайныг хурцатгах вий гэж болгоомжлон Германы зэвсгийг Орос дахь байд цохилт өгөхөд ашиглахыг Киевт татгалзсаар ирсэн хэдий ч саяхан зөвшөөрсөн юм. 


2022 оны хоёрдугаар сард Оросын цэргүүд Украин руу довтолсны дараа Герман улс энх тайвныг дэмжигч байр сууриасаа хэлбийж, АНУ-ын дараа Киевт цэргийн техник хэрэгсэл нийлүүлэгч хоёр дахь орон болжээ. Мягмар, лхагва гарагт В.Зеленскийн Украиныг сэргээн босгох асуудлаарх бага хуралд оролцох аж. Уг бага хуралд 10 улсын Ерөнхий сайд нар болон төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцоно.


В.Зеленский мэдэгдэхдээ "Оросын тал агаараар террорист ажиллагаа явуулж буй нөхцөлд Украины эрчим хүчний асуудлыг яаралтай шийдвэрлэх нь бидний нэн тэргүүний чиглэл байх болно" гэжээ.


“Миний бие мөн Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, Бундестагийн ерөнхийлөгч Бербел Бас нартай уулзаж, манай цэргүүдийг сургаж буй цэргийн баазад очно” гэж тэрбээр нэмж дурдсан байна. Германаас В.Зеленский Украинд энх тайван тогтоох арга замуудыг хэлэлцэх бага хуралд оролцохоор Швейцар улсыг зорих ажээ. Тус бага хуралд 90 гаруй улс орон, байгууллага оролцох юм. Хятад улс уг хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд ОХУ-д оролцохыг санал болгоогүй юм. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг