sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Дэлхийн мисс-2018” тэмцээний оролцогч Э.Энхриймаагийн хэрэгжүүлж буй “Сүрьеэгүй Монгол” хүмүүнлэгийн төсөлд БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Лиюань 100 мянган юань хандивлажээ. "Сүрьеэгийн эсрэг хамтдаа тэмцэцгээе-Хятад, Монголын найрамдал" төслийг хэрэгжүүлэхээр энэхүү хандивыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин өнөөдөр “Энхрий Эрдэнэ" санд гардуулав.
Дэлхийн миссийн тэмцээнд хүмүүнлэгийн ажлаараа "Шилдэг-20”-д шалгарсан тэрбээр энэхүү төслийг санаачлан, өнгөрсөн оны 10 дугаар сараас сайн дурын ажлыг явуулж буй юм. Энэ хүрээнд сүрьеэ өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааг улс орон даяар нэвтрүүлж, НҮБ-ын индрээс мэдэгдэл хийсэн БНХАУ-ын тэргүүн хатагтай ДЭМБ-ын Сүрьеэгийн сайн санааны элч Пэн Лиюань хатагтайд хандан, төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцахыг хүссэн захидал хүргүүлжээ.
Тэргүүн хатагтай Пэн Лиюань “Сүрьеэгүй монгол" төслийг дэмжиж, мисс Э.Энхриймаад хариу захидал илгээн, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
Хэдийгээр сүрьеэ өвчний эсрэг эмийг Монгол Улсын Засгийн газраас хангаж, нийт өвчтөний 85 хувийг амжилттай эмчилж байгаа боловч энэ өвчин аюулын харанга дэлдсээр байна. Монгол Улсад жил бүр 4000 гаруй хүн сүрьеэгээр өвчилж, 200 гаруй хүн амьдралыг үүрд орхин, 400 гаруй хүүхэд энэ өвчнөөр өвчилдөг. Сүрьеэгийн өвчлөлийн 65 хувийг ид хийж бүтээж, нийгмийн баялаг үйлдвэрлэдэг 15-44 насныхан эзэлж байгаа нь туйлын харамсалтай баримт болоод байна.
 
 
Энэ үеэр мисс Э.Энхриймаа хандивын мөнгөөрөө Монгол Улсдаа сүрьеэ өвчнийг эсрэг төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран нэн шаардлагатай ажилд зарцуулж, эргэн тайлагнах болно гэдгийг хэллээ.
Түүний санаачлан байгуулсан “Энхрий Эрдэнэ” сангийн үйл ажиллагааны хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, тэрбээр Монголын миссүүдтэй хамтран "Сүрьеэгүй Монголын төлөө” видео сурталчилгаа хийж, нийтийн хүртээл болгожээ. Мөн “Сүрьеэгүй гэр бүл” сэдэвт гap зургийн уралдааныг ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулж, шилдэг 5 зураач хүүхдийг шалгаруулснаас гадна бүтээлүүдээр цуврал үзэсгэлэн гаргажээ. Түүнчлэн ард иргэдийн дунд “100+ төгрөг" аян өрнүүлж, цуглуулсан мөнгөөр сүрьеэ өвчтэй  2500 хүнд хэрэглэх аминдэм, элэг хамгаалах бэлдмэлийг ХӨСҮТ-д гардуулсан юм.
Манай улсын өмнө тулгамдаад байгаа сүрьеэгийн тархалтыг бууруулахад туслах зорилгоор өөрийн хувь нэмрийг оруулахаар ажиллаж буй мисс Э.Энхриймаа цаашид олон ажил хийхээр төлөвлөжээ.
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг